Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

eBay дээрх сүнстэй зураг

2000 оны 2~р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Wednesday, October 9, 2013

Ла Мүэрто Бланко.

Энэ бол нэгэн Мексик охины тухай түүх юм. Гэхдээ маш эмгэнэлтэй бөгөөд их гунигтай түүх .... ГЭВЧ .... өөрийнх нь талаар олж мэдсэн хэн бүхний араас уг охины сүнс ангуучилдаг юм гэнэ!

Мэдээж хэрэг уг цуу ярианд би итгээгүй болоод л орчуулахаар шийдсэн хэрэг. Тэгээд ч ийм хөгийн зүйлд хэн итгэх билээ дээ? .... Хэрвээ ... юмыг яаж мэдэхэв, үнэхээр энэ бүхэн үнэн бол ... таныг цааш нь уншихгүй байхыг хүсье! Ямартай ч би уг түүхийг бүрэн бүтнээр нь биш талын талын талыг нь л оруулж байгаа юм шүү .... бас их товчлоод. Тийм болохоор гайгүй байх гэж бодож байна. Мөн хамгийн 'чухал' зүйл болох мексик охины нэр-ийг би энд бичээгүй орхисон байгаа. Харин өөрөө би тэр нэрийг бодохгүй байж чадахгүй нь ...

Ингээд маргааш орой би хариу хэлнээ .... амьд байгаа гэдгээ мэдэгдэх гэж, хэх. Тэгээд бүх зүйл зүгээр өнгөрвөл уг түүхийг бүрэн бүтнээр нь оруулах болно.

Аанхан, үүнийг би хаанаас олж уншсан юм бэ гэж үү? .... тусгай гишүүнчлэл шаарддаг, маш нууц нэгэн веб сайтаас. Улсаасаа анх удаагаа бүртгүүлсэн гээд тэд надад хөнгөлөлт үзүүлсэн юм л даа. Тэгээд уг форумын гишүүд юу ч болж байсан энэхүү түүхийг цааш нь хэнд ч дамжуулахгүй гэж андгай тангараг өргөдөг юм байна. Ихэвчилэн аз турших гэсэн хүсэлтэй хүмүүс. Мөн гишүүдийн мэдээллийн санд нэвтрэх нь хориотой тул тэдний бусад сэтгэгдэл постуудыг унших нь бараг л боломжгүй хэрэг байв. Тэдний ихэнх нь мексикчүүд бөгөөд уг хараал ч гэх юмуу энэ хачин 'зүйл' зөвхөн Мексик хүмүүст голдуу нөлөөлдөг гэнэлээ. Бас форум дээрх бүх бичлэгүүд нь Испани хэл дээр байсан болохоор миний хувьд Google Translate-ыг ашиглахаас өөр арга байсангүй.

Цагаан үхэл.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тэр бол их олон жилийн өмнө өөд болсон нэгэн Мексик охин билээ ... Гэхдээ тэр өөрөө өөрийнхөө гарт амь үрэгдсэн гэдэг юм .... цор ганцаархнаа ... бас хэний ч хайр халамжийг мэдэрч чадалгүй байсаар .... Мөн амьдралыг үнэн голоосоо үзэн яддаг байсан тул нэгэнтээ тэр өөрийн бүхий л ул мөрийг газрын хөрснөөс арчихаар шийджээ. Өөртэйгөө холбоотой дурсамж дурдатгал бүхнийг устгахыг туйлын ихээр хүсч байсан болохоор үхлээс тэр эргэн ирсэн юм гэдэг ... өш хонзон санасан аймшигт нэгэн сүнс болж хувираад! Тэгээд өөрийг нь амьдарч байсан гэдгийг мэдсэн хүн бүрийн араас ангуучилдаг болсон аж.

Тэр бол охин, гэхдээ охин гэхэд яг ч охин биш. Тэр бол үхсэн, гэвч үхсэн гэхэд яг ч үхсэн биш ...  Хүйтэн хийгээд харанхуй нүд нь үргэлж цусаар уйлж байдгаас гадна биеэ тэр нэг инч ч болов хөдөлгөдөггүй хирнээ явж чаддаг. Харин хохирогчдынхоо араас тэр яг л зэрлэг араатан амьтан гэлтэй эцсийн мөч хүртэл нь элдэн хөөж бас дөнгөдөг .... уул толгодыг давж, гол мөрнийг гаталж .... эцэстээ тэднийг гэртээ хүрч очих хүртэл нь ангуучилдаг гэнэ. Гэвч чи түүнийг араас чинь хөөж буйг хэзээ ч олж мэдэхгүй .... зөвхөн түүнийг гэрийн чинь үүдэнд хүрч ирээд хаалгыг чинь тогших хүртэл .... Тэр тэгээд долоон удаа тогших болно.

Чиний арьсыг өвчиж аваад өөрийн унжсан махыг ороох гэж - нэг удаа. Удахгүй шүдээрээ тасчин хаях туг үсний чинь төлөө тэр - хоёр удаа. Ясыг чинь мулталж аваад муна хийхийн тулд - гурван удаа. Цээжнээс чинь ухаж гаргах зүрхний чинь төлөө - дөрвөн удаа. Зүлгэж арчлаад хайрцганд хийж хадгалахын тулд шүдний чинь төлөө - таван удаа. Нэг нэгээр нь аяганаас нь суга татаж авах хоёр нүдний чинь төлөө - зургаан удаа. Тэгээд эцэст нь бүхлээр нь залгиж орхих сүнсний чинь төлөө - 7 удаа.

Чи хаашаагаа ч зугатлаа гэсэн цагаан үхэл чамайг хаа явсан газарт чинь мөшгих болно. Тэгээд тэр чиний дэргэд ирэх үед гэрийн чинь хаалгыг тогших болно. Чи түүнээс зугтах гэж хичнээн их хичээвч цагаан үхэл ямар ч хүнээс илүү хурдан хөлтэй гэж мэд. Хаалгыг чинь тогшиж байх үед зугтаж чи болно гэж бодож байна уу? Тэгсэн ч гэсэн үргэлжлүүлэн тэр чиний араас хөөсөөр л байх болно ... чамайг үхэн үхэх хүртэл чинь ... 

'FALLOUT 3' ирээдүйг зөгнөсөн үү?

Гурван жилийн өмнө ийм нэгэн мэдээлэл интернетэд тархаж, тухайн үедээ видео тоглоомын ертөнцийг багагүй сандаргаад авсансан. Мэдээж хэрэг үүнд итгэхэд их хэцүү л дээ. Гэхдээ л тоглоомын ертөнцөд хүмүүсийг олноор нь хуйлруулж дөнгөсөн цуу яриануудын жагсаалтыг нэгээр нэмж чадсан юм. Bethesda-ын зүгээс ч гэсэн тэд ердөө тоглоом тохуу хийгээд л өнгөрсөн гэдэг. Гэвч мэдээгүй нэгэнд нь зориулаад уг сонирхолтой мэдээллийг оруулж байна.

Ингээд тэр үед FalloutWiki форум дээр нийтлэгдэж байсан доорх постыг орууллаа. Мөн бүрэн эхээр нь орчуулсан байгаа болохоор томруулдаг шил хайх гэсний хэрэггүй шүү :)

Fallout 3. Уг тоглоом дотор хэд хэдэн радио станцууд бий. Тэдний дундаас хамгийн чухал бөгөөд голлох үүргийг Галакси Ньюс Радио гүйцэтгэдэг юм. Тэгээд бас уг станцын хөтлөгч Трий Догийг хөнөөж орхивол түүнийг Маргарет гэдэг өөр нэгэн хөтлөгч орлодгийг санаа муутай тоглогчид альхэдийнээ анзаарсан байх. Гэхдээ тэр Три Догийг бодвол сэтгэл хөдөлгөөн багатай, бусдын анхаарлыг татах тал дээр маруухан шигээ мөн дүнсгэр бас уйтгартай нь аргагүй ярьдаг байлаа. Яг л тэрээр өөрийн шинэ ажилдаа дургүй байгаа юм шиг л. Мөн Маргерат нь биеэрээ гарч ирдэггүй болохоор түүнийг хөнөөнө гэдэг боломжгүй хэрэг юм. Ингээд нэгэнт Три Дог нас барсан бол та үүрд мөнх, өөрөөр хэлбэл үлдсэн тоглолтынхоо туршид Маргаретын уйтгартай хоолойг сонсох болж байна даа.

Гэхдээ зарим нэг тун онцгой тохиолдолд GNR радио нь 'number station' (өөрөөр хэлбэл дуут дохио дамжуулдаг) станц болон хувирдгийг тоглогчид тэр бүр мэддэггүй. Ийм станцууд нь сонссон хэн бүхний тайлж уншиж чадахааргүй нууцлаг дохионуудыг дамжуулж байдаг юм. Бодит амьдрал дээр ч гэсэн иймэрхүү станцууд олон байдаг шүүдээ, тэдний зарим нь цөмийн пуужингийн удирдлагын сүлжээтэй холбогдсон байдаг ч гэж ярьдаг юм билээ. Энэ талын мэдээллүүдийг авахыг хүсвэл та бүхэн Wikipedia-аас сонирхоорой. (Мөн миний блог дээрх УВБ-76 нийтлэлийг уншиж бас болно шүү). Одоо харин Fallout 3-руугаа эргэн орцгооё ...

Тэгэхээр, яг ямар тохиолдолд ийм төрлийн дуут дохиог сонсч болохыг тоглогчид сайн мэдэхгүй байгаа юм л даа. Ямартай ч Три Догийг эхлээд хөнөөх хэрэгтэй болж байна, учир нь түүнийг амьд байх явцад ийм дохиог олж сонссон тоглогчид байдаггүй аж. Мөн 'Galaxy News Radio' гэдэг quest-ийг алгассан тохиолдолд, заримдаа уг дохио сонсогддог гэнэ. Уг даалгаврын тухайд бол та ердөө л харилцан яриандаа анхаарлаа хандуулснаар аль эсвэл FalloutWiki-ийн тусламжтайгаар алгасах бүрэн боломжтой юм. За тэгээд цааш нь тоглоомын үндсэн даалгаврыг биелүүлж явсаар хамгийн эцэст нь Равен Рокыг устгах хэрэгтэй болно. Энэ бол GNR станцыг үлдсэн тоглолтын туршид дохио дамжуулах станц болгоход нөлөөлдөг гол хүчин зүйл болдог нь сонирхолтой. Гэхдээ дээрх гурван үйлдлийг (Три Догийг хөнөөх, 'Galaxy News Radio' quest-ийг алгасах, Равен Рокыг устгах) хийсэн ч гэлээ GNR радио урьдын адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэсэн гомдол тоглогчдын зүгээс цөөнгүй ирсэн юм. Тэгэхээр, хийх шаардлагатай өөр зүйлс байж таарах нь дээ, мөн удахгүй тоглогчид үүнийг олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв таныг аз дайрч бүх зүйлийг зөв хийсэн бол, Равен Рокыг устгасны дараагаар танд 'Radia signal lost' гэсэн мессеж ирэх ёстой. Тэгээд хэдхэн секундын дараагаар 'Radio signal found' гэсэн бас нэгэн мессеж ирнэ. Нэгэнт та GNR-ийн тавган антеннийг Вашингтоны хөшөөн дээр суурилуулаагүйгээс хойш Равен Рокын үүднээс та GNR-ийн радио долгионыг барьж авч чадахгүй. Гэхдээ аз болоход Равен Рок өндөр уулсын дунд байдаг тул дээш авирч гараад өндөрлөг газраас радио долгионыг барьж авч бас болох юм.  Ингээд GNR-ын нууц дохио бүхий долгионуудыг илрүүлж болох байрлалуудыг бичье :

1. DC орчмын газрууд, энэ бол гарцаагүй ...
2. Нэг арал дээр байдаг Феррис Виилийн орой дээрээс барьж авах боломжтой. Гэхдээ нэрийг нь би сайн санахгүй байна. (Магадгүй тэр газар нь 'Point Lookout' DLC дээр гардаг алсын харагч байж мэдэх юм.)
3. Газрын зургийн баруун хойд хэсэгт байрлах Ситком антеннуудын орой дээрээс.
4. Тенпеннийн Цамхагийн орой дээрээс. Уг газар нь станцийн дундаж хамрах хүрээнд багтдаг юм. Гэхдээ та нар шалгаж үзээд надад хариу хэлээрэй.
5. Арефу хавийн эвдэрхий гүүр ... гэхдээ энэ газар нь станцийн өргөн хамрах хүрээнд байрладаг болохоор эндээс дохиог олж сонсох нь бас л эргэлзээтэй.
6. Равен Рокын ойр орчмын уулс толгодуудын дотроос хамгийн өндөр хэсэгт нь авирч гарснаар дохиог барьж авч болдог нь их сонин шүү. Мөн GNR станцын долгионыг та хамгийн хялбараар мөн хамгийн түрүүнд эндээс л сонсох боломжтой.

Ингээд та долгионыг барьж авангуут, эргээд танд танил дуу хоолойг сонсогдох болно ... Три Дог! ... уг нь бол та түүнийг хөнөөсөн шүүдээ. Гэхдээ, та түүнийг нэг л өөр болсон байгааг анзаарч бас болох юм, дүрдээ ороогүй гэх юмуудаа. Мэдээж хэрэг дуу оруулагч жүжигчин нь Эрик Деллумс өөрөө мөн байлаа. За энэ ч яахав, тэр тэгээд хэдэн тоонуудыг хэлэх болно. Мөн түүний хоолой нэгэн хэвийн мөртлөө их л дарамттай сонсогдож байгааг мөн анзаарч болох юм. Нэг оронтой тоонуудыг тэр 9-12 удаа давтан хэлнэ. Тухайлбал : 'ес-гурав-долоо-ес-нэг-долоо-хоёр-тэг-гурав-дөрөв.' гэх мэт. Харин 'арван нэг' ч юмуу эсвэл 'дөч' зэрэг олон оронтой тоонуудыг ер хэлэхгүй шүү. Тэгээд дараагаар нь Морс дохио явж эхэлнэ. Ингээд дараагаар нь 'I Don't Want To Set The World On Fire.' дуу эгшиглэж эхэлнэ дээ. Өөр бусад ямар ч дуунууд эдгээр дохиот станцууд дээр гарахгүй гэж мэд.

Морз кодны тухайд бол энэхүү тааврын хамгийн хялбархан хэсэг нь байсан юм. Мэддэг хүмүүс ч их олон байдгаас гадна цээжээрээ хүртэл мэддэг хүмүүс цөөнгүй байлаа. Ингээд удалгүй бид тэдгээр кодуудыг хөрвүүлж үзэхэд, 'Өнөөдөр би машинаа угаалаа, оройн хоолонд Хятад хоол идэх үү' эсвэл 'Чи Youtube-ийн бичлэгийг маань үзэв үү, тэнд би хэн нэгний өгзгийг өшиглөж байгаагаа оруулсан' гэх зэрэг инээдмийн өнгө аястай өгүүлбэрүүд гарч ирсэн юм.

Магадгүй та, 'Хүлээгээрэй, Fallout-ын ертөнцөд Youtube байхгүй шүүдээ' гэж гайхаж байж болох юм, таны зөв. Миний ойлгосноор бол тэдгээр мессежүүд нь бидний одоогийн амьдарч буй энэ цаг үетэй холбоотой юм шиг санагдсан.

Мөн зарим мессежүүд нь жаахан муу ёрын гэмээр санагдсан шүү, тухайлбал, 'Өнөөдөр хатан хаан нас барлаа. Дэлхий даяараа гашуудаж байна, Британичууд бид цөм эмгэнэн гашуудаж байна.' эсвэл 'Тэд үнэхээр үүнийг хийсэн гэдэгт итгэх арга алга. Тэсч чадахгүйнээ, энэ дуу чимээг. Би үнэхээр тэсч чадахгүй нь. Дээврийн хөндийд надад гар буу бий.' гэсэн мессежүүд гарч ирж байсан юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тун саяхан, WikiForums-ын нэгэн тоглогч Морз кодноос англи хэлрүү эдгээр мессежүүдийг хөрвүүлж байх явцдаа нэгэн хачирхалтай давхцлыг олж ажигласан байна. Тэрхүү мессеж нь, '1-2-5-5-2-8-2-0-1-0. Чи ингэхэд юу яриад байнаа? Чи алдах болно шүүдээ.' гэсэн мессеж байсан юм. Энэ нь саяхан нас барсан жүжигчин Гари Көүлмэний нас барсан он сар өдөр, бас цаг минуттай нь яг таг давхцаж таарсан нь үнэхээр хачирхалтай. Тоглоомын хувьд тэр явдлаас бараг л жилийн өмнө худалдаанд гарсан шүүдээ.

(Жүжигчин Гари Көүлмэний үхэл : эх сурвалж)

Тэгээд тэр тоглогч дараагийн мессежийг тайлж уншаад бүр шоконд орсон гэдэг. Мессеж : '9-4-5-4-2-0-2-0-1-0. Тэнгисийн буланд осол гарлаа, олон хүн нас барлаа. Газрын тосны цооног цоорсон, тос асгарч байна.' гэсэн байлаа. Гэтэл энэ өдөр буюу 2010 оны 4-р сарын 20-ны 9 цаг 40 минутанд 'Deepwater Horizon'-нд дэлбэрэлт болсон юм шүүдээ.

(Deepwater Horizon-ы осол : эх сурвалж)

Энэхүү постоос хойш эдгээр тоонууд нь он сар өдрийг илэрхийлж байна гэдэг нь тодорхой болов. Мөн тэмдэглэгээний хувьд тэд бүгдээрээ цэргийн форматаар тэмдэглэгдсэн байлаа.

Мэдээж хэрэг тоглогчдын хувьд дээрх постоос хойш уг мессежүүдийг илүү нарийвчлан судлах болсон юм. Харин мессежүүд дээрх ихэнх үйл явдлууд тоглоомыг худалдаанд гарснаас хойшхи цаг хугацааг заасан байхад зарим нэг нь өнгөрсөн үеийг хэлж байлаа. Тухайлбал, '22:15, 4-р сарын 15, 1865. Тэр үхчихлээ, одоо хүмүүсийн хараал зүхэл өнөөх жүжигчин Бүүт дээр ирнэдээ. Жонсон төлбөрөө төлөлгүй намайг мэхлэх хэрэггүй л байсан юмдаа.' гэсэн мессеж байв. Энэ нь Линкольны нас барсан өдөртэй таарч байгаа нь мөн сонирхолтой.

Удалгүй форумын гишүүдийн дунд уг цуурхал салхи шуурга шиг л тарж эхэлсэн ба энэ талаар мэдээ нийтэлсэн байтугай уншсан гишүүдийг хүртэл модераторууд нь ялгалгүй бандаж эхэлсэн байна. Тэгээд FalloutWiki дээрх тэдгээр станцуудтай холбоотой бүхий л мэдээ, постуудыг устгаж эхэлсэн ба дахиж энэ талын мэдээлэл оруулахаас нь сэргийлж шүүлтүүр тавьсан байлаа. Үүний дараагаар форумын зарим гишүүд э-мэйлээр мэдээлэл солилцож үлдсэн мессежүүдийн заримаас нь тайлсан юм.

'Өнөөдөр хатан хаан нас барлаа. Дэлхий даяараа эмгэнэн гашуудаж байна, Британичууд бид цөм гашуудаж байна.' 4:02 цаг, 3-р сарын 19, 2014 он.
'Бритни Оскар авсанд итгэж чадахгүй нь.' 21:33 цаг, 2-р сарын 27, 2023 он.
'Тэд үүнийг хийсэн гэдэгт итгэх арга алга. Уг нь тэдэнд анхааруулсан юмсан, гэтэл тэд шинжлэх ухааны хил хязгаарыг давж гарлаа. Дуу чимээ. Энэ дуу чимээг тэсэх арга үнэхээр алга. Бас энэ гэрэл, тэнгэр минь! Ертөнц биднийг тойроод нуран унаж байна. Үхлээ би хүлээж чадахгүй нь ээ. Надад дээврийн хонгилд гар буу бий.' - Энэ мессежний хувьд ямар нэгэн тоогүй дангаараа бичигдсэн байна.

Харин мессежнүүдийн хамгийн сүүлчийн он сар өдөр нь 1:27 цаг, 7-р сарын 6, 2027 он гэсэн байжээ.

Эх сурвалж : http://message.snopes.com/showthread.php?t=62673
http://img33.imageshack.us/img33/3845/strangefalloutinfoforwa.jpg

Monday, October 7, 2013

eBay дээрх сүнстэй зураг.

2000 оны 2-р сард  eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг. Түүнчлэн үүнийг жинхэнэ түүх байсан гэж үзэх хүмүүс одоог хэр нь байхад ердөө маркетингийн сурталчилгаа байсан гэж дүгнэх өөр бусад хүмүүс ч бас байсаар л байна. Гэхдээ үнэн худлыг ялгах эрхийг таны гарт үлдээе. 251789217 - энэ бол eBay дээрх уг зурагны дугаар юм. Хэдий тийм ч интернет хэрэглэгчдийн дунд 'eBay дээрх хараалтай/сүнстэй зураг' гэдэг нэрээрээ алдаршсан билээ.

Ингээд eBay дээрх уг зурагны тайлбарыг танд бүрэн эхээр нь хүргье :

Анх авч байх үедээ бид уг зургийг маш сайн зураг байна л гэж бодсон. Бас энэ зургийг ажиллахаа болиод удаж буй хуучин шар айрагны үйлдвэрээс олсон гэж 'олсон хүн' нь хэлж байсан юм. Тэгээд яагаад ийм сайн зургийг хэн тийм газарт тэгж хаядаг байнаа гээд бид их гайхацгааж байлаа. (Харин өнөөдөр бол тийм биш!!!) Нэгэн өглөө манай 4 нас 6 сартай охин маань бидэнд уг зурган доторх хүүхдүүд хоорондоо зодолдсон, тэгээд шөнө зурагнаасаа гарч ирж өрөөн дотуур алхсан гэж хэлсэн юм. Иймэрхүү зүйлст би итгэдэг хүн биш байсан л даа. Харин нөхөр маань энэ бүхнийг жаахан хүндхэн хүлээж авсан. Тэгээд тэр камер бэлтгээд тэрхүү зургийг шөнөжин ажиглаж, бичлэг хийсэн юм. Мөн бид уг зурагтай холбоотой хэд хэдэн гэрэл зурагнуудыг тайлбарт хавсаргасан байгаа.

Тэгээд, зурган дээрх хүүгийн байр байдал үнэхээр онцгүй болж ирсэн тул уг зургийг бид даруйхан худалдахаар шийдсэн юм. Хэрхэх эсэхийг та нар өөрсдөө л шийдэцгээ. - Гэхдээ юун түрүүнд та дараах анхааруулгыг уншина уу.  - Анхааруулга : Хэрвээ та зүрхний өвчтэй бөгөөд эмзэг мэдрэмтгий бол, мөн иймэрхүү ер бусын үзэгдлүүдэд танил дасал болоогүй бол уг зурган дээр үнэ хаялцах гэсний хэрэггүй. Харин зургийг худалдан авсны дараагаар тохиолдож мэдэх элдвийн үйл явдлуудад худалдагсдын зүгээс хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ бүхэн уг зурагтай холбоотой болохыг анхаарна уу. Мөн уг зураг нь өөртөө далдын хүчийг агуулж байж болох ч, эсвэл үгүй байлаа ч энэ нь таны амьдралд нөлөөлж болохыг бас анхаарна уу. Үнэхээр уг зурагны талаарх анхааруулга болон мэдээнд хавсаргасан сүүлийн хоёр зургийг тоолгүйгээр уг зургийг уран бүтээл талаас нь үнэ хаялцан худалдаж авахаар шийдсэн бол худалдагсдын зүгээс хожим гарч болох элдвийн үр дагаварт хариуцлага хүлээхгүй гэдгийг дахин мэдэгдье. - Энэ бол зөвхөн таны л мэдэх хэрэг. Одоо eBay-чид та бүхнээс асуух ганцхан асуулт байна. Уг зургийг гэрээсээ гаргасантай холбогдуулаад бид байшингаа ариутгамаар байна. Иймэрхүү зан үйл хийдэг хэн нэгнийг мэдэхгүй биз?

Тэнд ингэж бичсэн байлаа. Удалгүй бас доорх тайлбарыг нэмж бичсэн нь үнэхээр хачирхалтай. Зураг нь ашиг олох хандлагатай болоод ирсэн тул ингэв үү, аль эсвэл анхнаасаа тэдний төлөвлөсөн өнөөх 'маркетингийн сурталчилгаа' нь амжилттай болсон болохоор тэгж бичив үү?

Зургийн хэмжээ 24-ийг харьцах нь 36 инч, их том гэсэн үг.  Мөн сонирхож байгаа хүмүүсийн асуултанд хариулахад, өрөөнд маань ямар нэгэн хачирхалтай зүйлс тохиолдож байгаагүйэ, ямар ч дуу чимээ гарч, дарийн үнэр үнэртээгүй. Ханан дээр гутлын мөр юмуу эсвэл хачин дүрснүүд ч бас үзэгдээгүй. Энэ чиглэлд ерөнхийд нь хариулт өгөхөд энэ ертөнц дээр сүнс гэж байхгүй, ямар ч далдын хүч гэж байхгүй. Энэ чинь ердөө л уран зураг шүүдээ, харин гэрэл зурагны тухайд гэвэл гэрлийн нөлөөнөөс болж тэгж авагдсан байх. Сүүлийн хоёр зургийг та тоох хэрэггүй шүү. 

eBay дээрх эх сурвалж 
[Зурагнуудыг нь би мэдээндээ хавсаргасан байгаа.]

Мөн уг зургийн доор тэд өөрсдийн авсан 8 гэрэл зургийг хавсаргасан байлаа. Зургийн гол хэсэгт 5 юмуу 6 орчим насны жаалхүү зогсох агаад урагш тэр хөмсөг зангидан ширтэх аж. Өмссөн хувцасных нь тухайд гэвэл 20-р зууны дунд орчим үед тэр үеийн хөвгүүдийн өмсдөг байсантай ижилхэн хувцас байлаа : цэнхэр футболка, ногоон шорт, богино оймс бас гутал. Толгойн хэлбэр нь ерөнхийдөө дөрвөлжин бөгөөд шаргал өнгийн үстэй уг хүүгийн төрх яг л харь гаригийнхныг санагдуулах аж. Ууртай бөгөөд дүнсгэр харцаар хөмсөг зангидан ширтэх тэрбээр яг л, 'Чи энд байх ёсгүй' гэж хэлээд ч байгаа юм шиг. Зураач нь иймэрхүү сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх гэсэн байж болох юм.


Харин түүний баруун гар талд нь хүн шиг хэмжээтэй хүүхэлдэй зогсож байна. Хөх өнгийн даашинзтай уг хүүхэлдэйн хоёр нүдний оронд онгойн харлах нүхнүүд үзэгдэх бөгөөд ам нь хаалттай харагдах (эсвэл бага зэрэг нээлттэй) аж. Мөн гартаа тэр ямар нэгэн төрлийн лонх гэмээр зүйлийг барьжээ. Үзүүр хэсэгтээ цахилгаан дамжуулах утаснуудтай ба магадгүй энэ нь томоохон хэмжээний баттерэй байж болох талтай.

Тэдний ард буй шилэн цонхтой хаалганы цаадах орчин харанхуй байгааг та харж байгаа байх. Мөн харанхуйгаас цухуйх тэдгээр олон гарнуудын зарим нь том байхад, зарим нэг нь жижигхэн байна. Гэхдээ тэдний аль нь ч хүү болон хүүхэлдэйн хоёроос дээш гараагүй байхыг бодоход зураач уг зурагтаа хүүхдүүдийн гарыг дүрсэлсэн байж болох юм.

Эдгээр 8 зурагны 4 дээр нь жаалхүү хийгээд хүүхэлдэй хоёрын зургийг тун ойроос авч үзүүлжээ. Cүүлийн хоёр зурагны тухайд гэвэл motion-triggered камерын тусламжтайгаар авсан байна. Гэхдээ өдрийн цагаар авснаас арай өөр харагдаж байгаа биз. Зургийг авах үед жаалхүү гэрэлд өртсөн бол, харин хүүхэлдэй сүүдэр хэсэгт халхлагдсан байна. Гэхдээ ам нь нээгдсэн байгааг та харж болно!




Харин уг зураг сайтад тавигдсаны дараахан зургийг үзэж сонирхсон хүмүүсийн дунд хачирхалтай зүйлс олон тохиолдож эхэлсэн байна. Нүүр ам нь халуу оргиж, даралт нь ихэсч, толгой нь эргэж, ухаан санаа нь самуурцгаахаас эхлээд тэр бүү хэл элдэв янзын дуу чимээг олж сонссон гэнэ шүү. Миссиссипи мужид амьдардаг уугуул Америкын нэгэн иргэн, өөрийгөө зөн билэгч гэж нэрлэсэн хүн уг зурган дотор чөтгөр байгаа болохыг мөн мэдэгджээ. Тэгээд тэрбээр веб хөтчөөр дамжуулж уг зургийг үзсэнийхээ дараагаар цагаан бургас шатааж, гэрээ ариутгасан гэдэг.

Зурган дээр нийтдээ арван гурван мянга орчим хүн үнэ хаялцсан ба нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм (eBay дээрх Login нэр нь ionia7) уг зургийг $1025 америк доллараар худалдан авжээ. Түүний хэлж буйгаар бол тэрээр уг зурагны талаарх элдвийн яриаг тоогоогүй бөгөөд өндөр үнээр эргүүлж зарахын тулд худалдаж авсан гэнэ. Мөн тэрээр уг зургийг 1965-с 1975 оны хооронд зурагдсан гэж үзсэн бөгөөд зурагны нэрийг 'The Hands Resist Him' болохыг мэдэгджээ. Ямартай ч одоогийн эзэн нь уг зурагны талаар элдэв мэдээлэл хийхээс татгалзаж байгаагаас гадна ямар нэгэн ер бусын үзэгдлийн гэрч болоогүй гэдгээ хэлсэн байдаг аж.

Гэхдээ л уг зургийг үзэж суусан хүмүүст яг л халуун зуухны урд сууж буй гэлтэй нүүрээр нь халуу оргих, даралт нь ихсэх, чих шуугих, тэр бүү хэл элдэв янзын зүйлсийг олж сонсох зэрэг итгэмээргүй явдлууд тохиолдож эхэлсэн байна.

Тухайлбал, уг зургийг үзэж суусан хоёр найзын бие гэнэт тавгүйрхэж энэ бүгдийг зүгээр болох хүртэл уйлж суусан гэдгээ сэтгэгдэл дээр бичиж үлдээжээ.

Уг зургийг татаж аваад шинэ Epson принтерээр хэвлэх гэсэн боловч хэвлэгч машин нь цаасаа зажилсан хэрэг бас гаржээ.

Харин өнөөх уугуул америк эрийн хэлж буйгаар уг зургийг жаахан хүүхдүүдэд үзүүлж хэрхэвч болохгүй гэнэ.

Өөр нэгний баталж буйгаар зурагнууд шөнө үдэш амь орж хөдөлдөг гэх бөгөөд заримдаа тэр зурагнаасаа гарч өрөөн дотуур сэлгүүцдэг гэсэн байна.

Мөн бусад хүмүүсийн хэлснээр бол зурган дээрх охины гарт байгаа зүйл нь гар буу болж хувирдаг ба жаалхүүг тэр сүрдүүлдэг гэжээ. Энэ нь тэгээд зурган дээрх жаалхүүг зурган дотроосоо гарч явахад хүргэдэг аж.

Энэ мэт олон хачирхалтай явдлууд гарч байсан байна. 
________________________________________________________________

Хэрэг дээрээ уг зургийг Bill Stoneham гэгч Калифорни мужийн Оакландын нэгэн зураач 1972 онд зурсан байна. Зурган дээрх жаалхүүг тэрбээр өөрийн 5 настай байх үеийн төрхнөөс сэдэвлэж зурсан бөгөөд хаалгаар зүүд болон бодит ертөнцийн хоорондын хил хязгаарыг дүрсэлжээ. Харин хүүхэлдэйн охин түүнийг хоёр ертөнцийн хооронд зуучилж өгдөг байх нь.

Мөн Биллийн хэлснээр бол зургийг анх олонд танилцуулсан Беверли Хиллс дэх Фэингартен Галлерийн эзэн мөн уг шоуг дүгнэж байсан Лос Аннжелес Таймс сонины сэтгүүлч хоёр жилийн дотор өөд болсон гэдэг. Анх уг зургийг жүжигчин Жон Марлэй худалдаж авсан бөгөөд түүнийг нас барсны дараагаар уг зураг яаж яваад хуучин шар айрагны үйлдвэрт явж очсоныг мэдэх хүн өнөөг хир нь байхгүй байгаа юм.


Жич : Юмыг яаж мэдэхэв, уг зурагруу удаан ширтэхгүй байхыг хүсье. Мөн татаж авах гэсний хэрэггүй байх. Тэгээд бас, уг мэдээг уншсаныхаа дараагаар веб хөтчийнхөө History-г цэвэрлээрэй.

Эх сурвалж : http://en.wikipedia.org/wiki/The_Hands_Resist_Him
http://www.stonehamstudios.com/haunted.html
http://www.spokesmanreview.com/news-story.asp?date=103102&ID=s1244540
http://www.castleofspirits.com/hauntedpainting.html

Saturday, October 5, 2013

Шатаж буй охин.

1908 онд юм гэнээ. Энэ явдал Алабама мужийн Охидын Аж үйлдвэрийн Сургуульд болж өнгөрсөн юм. Харин уг сургуулийн дотуур байрны 4-р давхарт Конди Каннингхэм гэдэг охин амьдардаг байлаа.

Нэгэн шөнө Конди хэсэг найзуудынхаа хамтаар халуун шоколад хийх зорилгоор өрөөндөө нууцаар зуух авч орж л дээ. Мэдээж хэрэг энэ нь сургуулийн дотоод дүрмэнд харшилж байсан нь тодорхой. Охидууд цөм унтлагынхаа хувцастай байсан бөгөөд Кондигийн орон дээр тэд цуглаж суугаад шоколадаа хийж эхэлсэн байна. Гэвч энэ үед тэдний нэг нь санамсаргүйгээр тогоог хөмөрч орхижээ!

Тун удалгүй ор хөнжилд гал авалцаж эхэлсэн гэдэг ... Кондигийн унтлагын хувцсанд ч мөн адил. Айж сандарсандаа хөөрхий охин тусламж эрж, байдаг чадлаараа бархирсаар корридороор тэр гал улалзуулан гүйж гарчээ. Ийм тохиолдолд газарт өнхөрч галыг унтраах хэрэгтэй бөгөөд харин гүйх нь галыг улам илүү өрдөж орхидог гэнэ. Гэвч Конди охин үүнийг мэдсэнгүй.

Охин хашгираад л байлаа, бас гүйгээд л байлаа, гүйгээд л. Удалгүй хувцсанд нь ассан гал бүх биеийг нь бүрхэж эхэлсэн байна. Найзуудынх нь хувьд Кондиг хэрхэн шатаж байгааг, мөн хэрхэн аймшигтай үхлээр үхэж байгааг нь харж зогсохоос өөр арга байсангүй ...

Харин тэр цагаас хойш Конди охины сүнс төв байрны энэхүү 4-р давхарт хоргодож үлдсэн гэдэг. Шөнө оройн цагаар хэн нэгэн охины аймшигтайгаар орилон хашгирах дуу коридороос сонсогддог болохыг тэндхийн оюутан сурагчид бэлхнээ гэрчлэх биз. Мөн хэн ч байхгүй атал хэн нэгний гүйх хөлийн чимээ хонгилоос дуулддаг юм гэнэ. Зарим нэг нь бүр 'Надад туслаач.' гэж хэлэх Кондигийн үг яриаг хүртэл сонссон гэдэг байна.

Нэгэн шөнө Кондигийн хуучин өрөөнд байрлаж байсан охин хаалганых нь гадна ямар нэгэн чимээ гарахыг олж сонсжээ. Харин хаалгаа нээж үзээд тэр юуг олж харсан гэж санана, коридорт утаа униар татуулан эгээтэй л хүн бамбар гэлтэй хамаг бие нь дүрэлзэн шатах охины гүйж байхыг харсан байна. Айсандаа өнөөх охин түргэхэн гэгч нь хаалгаа хаагаад эргэж өрөөндөө орвол ор хөнжил нь мөн гал авалцан шатаж байсан гэдэг. Ингээд маргааш өглөө нь тэр охин их сургуулиас шилжсэн аж.



Энэ мэт олон хачирхалтай үзэгдэл уг байрны 4-р давхарт тохиолдох болсон бөгөөд энэ дундаас хамгийн хачин явдал бол Конди охины хуучин өрөөний хаалга байлаа. Кондиг нас барсны дараахан түүний найзууд нь Кондигийн царай хаалган дээр нь гарч ирсэн байсныг олж харсан байна!

Сургуулийн удирдлагын зүгээс уг өрөөний хаалгыг солиулсан боловч удалгүй шинэ хаалган дээр мөн л Кондигийн царай гарч ирсэн гэдэг. Түүнээс хойш хаалгыг удаа дараа солисон ч гэлээ охины царай төрх гарч ирсээр л байлаа.

Охидууд энэ хаалганаас маш их айцгаах болсон тул хаалгыг авч хаяахаас өөр арга байсангүй. Одоо эдгээр хаалганууд нь сургуулийн агуулахын өрөөнд хадгалагдаж байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар Монтевалло их сургуулийн ямар ч оюутан уг өрөөнд байрладаггүй төдийгүй 4 давхрын оюутан охид өрөөнийх нь хаалга үүд өөрсдөө нээгдэж бас хаагддаг болох тухай ам уралдуулан ярьцгаадаг гэнэ. Мөн Кондигийн сүнс ихэвчлэн угаалгын өрөө хавиар эргэлддэг гэх бөгөөд заримдаа түүний хашгирах дуу хоолойг хонгил коридороос сонсч болох гэнэ.

Эх сурвалж : http://www.scaryforkids.com/girl-on-fire/

Thursday, October 3, 2013

Эмч цэрэг.

1944 оны өвөл. Арденнийн ойд фашистууд Америкчуудын эсрэг өршөөлгүйгээр тулалдаж байсан энэ үед Германы армийн нөөц хангамж нь нэгэнтээ дуусаад байсан үе билээ. Мөн тэнд үүрэг гүйцэтгэж явсан нэгэн эмч цэрэгт шархдагсдын шархыг боох боолт, ариутгагч бодис болон сэлбэх цус ер үлдсэнгүй гэнэ. Гэвч гай таарч нэгэн удаагийн бөмбөгдөлтөөр тэдний байрлал минамётын галд өртөж л дээ. Хаа сайгүй цэрэг эрс шархдан унаж байсан бөгөөд тэдний орилон бархирах дуу тэсрэх бөмбөгийн чимээнээс ч давж гарч байсан гэдэг.

Харин салааны эмч цэрэг энэ үед үүргээ гүйцэтгэж байлаа, яг л урьдын адил, түнэр харанхуйд. Гэвч энэ удаагийнх шиг хангамж нөөц нь дуусч байсан эгзэгтэй тохиолдол өмнө нь гарч байсангүй. Гэсэн ч тэр үүргээ гүйцэтгэсээр л байлаа.

Удалгүй бөмбөгдөлт фронтын шугамын нөгөө хэсэгрүү шилжжээ. Харин энэ үед ядарч сульдсан цэргүүдэд амсхийх боломж гарсан байна. Удалгүй өглөө болов гэнэ. Гэхдээ гадаа харанхуй бүрэнхий бөгөөд хараахан үүр цайж эхлээгүй байсан үе юм. Энэ бол 1945 оны зул сарын баярын өглөө байлаа. Гэгээ ормогц цэргүүд нойрноосоо сэржээ, тэгээд өөрсдийн олж харсан зүйлсээс тэд айцгааж хашгиралдаж гарсан байна. Учир нь тэдний шархыг боосон боолтнууд энгийн нэгэн боолт биш байлаа. Харин энэ бол хүний мах байсан байна! Мөн цусны хангамж байхгүй атал хэд хэдэн цэргүүдийн цусыг сэлбэсэн байсан нь үнэхээр хачирхалтай. Түргэн тусламж авсан бүх хүмүүс толгойноосоо хөлийн өлмий хүртлээ тэдний хувцас мөн бие нь цусанд будагдсан байсан нь бас гайхалтай.

Гэвч удалгүй сум, зэвсгийн майхан дотроос өнөөх эмч цэргийг хоосон газарруу цоо ширтээд сууж байхыг нь цэргүүд олжээ. Нэг цэрэг түүнрүү дөхөж очоод мөрөн дээр нь дартал биеийг нь хучаастай байсан хөнжил доош мултран унасан байна. Харин түүний цээж, гуя гээд олон газраас түүний махнууд нь хэсэг хэсгээрээ байхгүй болсон байлаа! Мөн бие нь цонхийж цайгаад цусгүй болсон байсан нь илт байв. Мөн нэг гартаа тэр мэс заслын хутга, харин нөгөөхдөө цус юүлэх сав барьсан байсан юм. Тэр шөнө хэн ч тэдгээр эрсийг эмчилсэнгүй. Улмаар тэд 1945 оны 1-р сарыг хүртэл эмчгүйгээр тулалдсаар дайныг дуусгасан юм гэдэг.

Эх сурвалж : http://www.scaryforkids.com/combat-medic/

Мексик Автобус

Хэрэв та Мексикрүү аялах гэж байгаа бол, тэр дундаа Толука хот болон Икстапан де лэ Сэл суурингийн хооронд зорчихоор болбол таны аяллыг ойрхон бөгөөд хялбар болгож өгөх хурдны зам тэнд бий билээ. Хэдий тийм боловч уг замаар явсан хэн бүхэн өндөр уулыг тойрон бүсэлсэн тун аюултай хэсэг газрыг туулж өнгөрөөс өөр арга байдаггүй нь харамсалтай. Уг нарийхан замын нэг талд эгц ханан хад байдаг бол нөгөө талд нь ёроолгүй мэт гүнзгий хавцал байдаг байна.

Харин энэ явдал маш олон жилийн өмнө болсон гэдэг. Нэгэн үдэш Икстапан де ла Сэл суурингаас тогтсон хуваарийн дагуу автобус хөдөлж Толука хүрэх замдаа гарсан аж. Шөнийн аялал байсан тул автобусны зорчигчид эхнээсээ эхлээд унтаж эхэлжээ.

Автобус явсаар удалгүй өнөөх ууланд тулж ирсэн байна. Тэгээд өндөр бас налуу зам өөд явж гарахдаа хэдий удаан явж байсан ч гэлээ ямар нэгэн асуудалгүй гарч дөнгөжээ. Автобусны ихэнх зорчигчид уг замаар урьд өмнө олон удаа явж байсан тул тэдэнд энэ бүхэн сонирхолтой биш байлаа. Гэвч автобусыг явсаар уулын замын хамгийн өндөр хэсэгт гарч ирэх яг тэр үед бороо дусалж эхэлсэн байна! Жолооч эр доош явах эсэхдээ эргэлзэж байсан ч эцсийн мөчид тэр цааш явахаар сэтгэл шулууджээ. Бороог эс дурьдвал гэгээн цагаан өдрөөр хүртэл уг замын энэ хэсэгт айхавтар осол аваариуд олон гарч байсан гашуун түүх байдаг аж.

Удалгүй автобус аажим аажмаар доошилж эхлэв гэнэ. Зам нойтон бөгөөд халтиргаатай байлаа. Харин автобусны хурд улам бүр нэмэгдэж байгаад зорчигчдын ихэнх нь санаа зовж эхэлжээ. Энэ бол энгийн нэгэн хэрэг байсангүй. Тэдний зарим нь айж сандарсандаа жолоочруу хашгирах боловч тэр огтхон ч хариу хэлсэнгүй. Автобусны хурд улам бүр нэмэгдэж, улам илүү аймар болж байлаа!

Гэнэтхэн жолооч эр, 'Тормоз эвдэрчихлээ!' гэж орилох нь тэр.

Ийм хурдтай яваа автобусыг жолоодно гэдэг бараг л боломжгүй хэрэг болов. Замд огцом эргэлт таарч, жолооч хүрдээ амжиж мушгисан боловч удалгүй тэд харанхуй хавцалруу нисцгээсэн байна.

Чулуун хавцал дундуур тэдний автобус өнхөрч, цонх нь шил нь хагарч байлаа ... Харин тэр шөнө тэнд байсан зорчигчдын ихэнх нь газар дээрээ нас барсан юм. Үлдсэн нэг нь ухаангүй болж, зарим нэг нь цусанд хутгалдсан хэвтэж байв. Удалгүй автобусанд гал авалцаж, минутын дотор дүрэлзэн шатаж эхэлжээ. Харанхуй хавцлын гүнээс аврал эрэн орилж, хэний ч төсөөлөхөөргүй аймшигтай үхлээр үхэж буй тэдгээр зорчигчдыг хэн ч олж сонссонгүй.

Дараах өдөр нь орон нутгийн нэгэн цагдаа энэ бүхнийг илрүүлж, эмнэлэгийн машиныг дуудсан боловч харамсалтай нь дэндүү оройтсон байлаа. Ямар ч зорчигч эсэн мэнд үлдсэнгүй. Зарим нэгнийх нь цогцос чулуун хавцлаас олдсон бол үлдсэн бусдынх нь хүүр эвдэрч хэмхэрсэн автобусан дотроос олджээ.

Харин уг өдрөөс хойш Икстапан де ла Сел болон Толука хоорондын замд шөнийн цагаар нэгэн автобус үзэгддэг болсон гэх яриа орон нутгийнхны дунд салхи шуурга шиг л тарж эхлэв гэнэ. Тэдний ярьж байгаагаар бол хэрэв чи гараа өргөвөл автобус зогсох болно. Тэгээд чамайг ойртож очих үед хаалга нь нээгдэнэ. Мөн автобус хуучирсан ч гэлээ бүрэн бүтэн байгааг нь анзаарч бас болох нь. Автобусанд дүүрэн хүнтэй байсан ч заавал ч үгүй сул суудал нэг ширхэг гардаг байсан гэдэг.

Тэгээд чи сандал дээр суух үедээ ямар нэгэн зүйл тэнд болохгүй байгааг гадарлах болно. Зорчигчид цөм унтаагүй сэрүүн байх бөгөөд тэд зөвхөн урагшаагаа л ширтэх аж. Бас тэд ямар ч үг хэлэхгүй гэж мэд. Тиймээс тэнд ер бусын чимээ аниргүй байх болно.

Хэдхэн минутын дараагаар тасалбар түгээгч босч ирээд зорчигчдын тасалбарыг шалгах бөгөөд чиний дэргэдүүр тэр зүгээр л яваад өнгөрөх болно.

Удалгүй чи Толукад саадгүй явж ирэх ба автобус буудлаас нилээд наана зогсоно. Тэгээд жолооч эр чамруу эргэн хараад автобуснаас хурдан буухыг сануулна. Аялал хэдий дуусаагүй ч яагаад гэдгийг нь мэдэх гэсний хэрэггүй. Үгэнд нь чи орох л хэрэгтэй.

Чамаас бусад зорчигчид цөм автобусандаа үлдэх болно. Харин чи жолооч эрд мөнгө төлөх гэж оролдвол тэр татгалзах бөгөөд 'Ямар ч үнэгүй' гэж хариулна. Тэгээд, 'Одоо та эндээс хурдан буу, тэгээд арагш битгий хараарай, үгүй бол та автобусыг хэзээ ч орхиж чадахгүй шүү' гэж сануулна.

Жолоочийн үгэнд орж арагш хараагүй хүмүүст удалгүй автобусны хаалга ард нь хаагдаж, хөдөлгүүр асч, автобус цааш явах нь дуулдана. Хэрэв чи арагш харвал, автобус аймшигтайгаар эвдэрч хэмхэрсэн харагдах бөгөөд доторх зорчигчдынх нь араг яснууд цонхоор нь цухуйн үзэгдэх болно. Удалгүй гэнэт автобус алга болох ба хэд хоногийн дараагаар чи замын осолд орж нас барна! Тэгээд чиний сүнс автобусанд суух бусад зорчигчид дээр нэмэгдэх болно.

Тийм болохоор хэрэв та Икстапан де ла Сэл болон Толука хоорондын замд аялахаар болбол хэзээ ч битгий шөнийн цагаар яваарай. Хэрэв автобустай тааралдвал жолоочийн үгийг үг дуугүй биелүүлэхийг мартав аа. Үгүй бол та үүрд автобусан дотор түгжигдэх болно ....


Эх сурвалж : http://www.scaryforkids.com/mexican-bus/

Monday, September 9, 2013

Solway Firth-ийн сансрын нисгэгч.

1964 оны 5-р сарын 23-ны өдөр гал сөнөөгч Jim Templeton гэгч эр өөрийн эхнэр болон 5 настай охиныг дагуулан Solway булангийн ойролцоох Burgh Marsh гэдэг газарруу аялахаар авч явжээ. Уг газар нь Английн Cumbria мужид байдаг байна. Ингээд Жимийн хэлснээр бол тухайн өдөр тэнд намгийн цаад талд машин дотроо сууж буй хэдэн хөгшин хатагтай нарыг эс тооцвол өөр хүн тэнд байгаагүй гэдэг аж. Энэ тухайгаа тэрбээр 2002 онд Daily Mail сонинд илгээсэн захидалдаа : "Би охин Элизабетынхаа зургийг нэг байрлалаас гурван удаа авсан юм. Харин дараагаар нь зургийн голд сансрын нисгэгч шиг хувцастай хүний зураг гэнэтхэн гараад ирсэнд үнэхээр их цочирдсон." гэж бичжээ. Тэрээр энэхүү зургийг угаалгасныхаа дараагаар л олж харсан гэх бөгөөд мэргэжилтнүүдийн үзэснээр уг зураг хуурамч биш болох нь тогтоогдсон юм.

Уг "сансрын нисгэгч"-ийг Жимийн эхнэр Энни байсан гэх бөгөөд тэрээр уг зургийг эхнэрийнхээ зурагтай хамтад нь боловсруулснаар зурагнууд давхардаж ийм байдалд хүрсэн гэж үзэх хүмүүс ч бас гарч иржээ. Энни тухайн өдөр цайвар хөх өнгийн даашинз өмссөн байсан нь зарим нэг зурагнууд дээр цагаан өнгөтэй болж гарсан байна. Түүнчлэн тэрээр хар үстэй бөгөөд үсээ боосон байжээ. Дараагаар нь мэргэжилтнүүдийн зүгээс өнөөх "сансрын нисгэгч"-ийг тусгай програмаар шинжилж үзэхэд түүний хэлбэр дүрс нь жирийн хүний араас нь харуулсан байрлалтай тун их дөхөж очсон гэдэг.

Гэхдээ л энэ бүх таамаглалуудыг Жим үгүйсгэсээр л байсан юм.

Мөн өөр нэгэн хачирхалтай баримт байдаг нь Өмнөд Австрали дахь Woomera Test Range пуужин туршилтын талбайгаас хөөрөх ёстой байсан Blue Streak пуужин нь туршилтын талбайд үзэгдсэн хоёр хүнээс болж саатсан тохиолдол тэр үед гарч байжээ. Харин Австралийн хэвлэлд нийтлэгдсэн өнөөх хоёр хүний дүрс Темплтоны зурган дээрх хүнтэй тун адилхан байсан гэдэг.

Эх сурвалж : http://en.wikipedia.org/wiki/Solway_Firth_Spaceman

Monday, September 2, 2013

УВБ-76

УВБ-76, мөн түүнийг өөрөөр The Buzzer ч гэж нэрлэдэг байна. Өдөр шөнийн 24 цагийн туршид, 4625 кгц-ийн үелзэл дээр минутанд 25 удаагийн давтамжтайгаар хэлбэлздэг уг монотон дохиог анх 1970-аад оны сүүл үе болон 1980-аад оны эхээр 'барьж' авсан гэдэг. Гэвч одоог хүртэл уг дохионы эх сурвалжийг хүмүүс олж чадахгүй байгаад л хамаг учир байгаа юм. Мөн хэн, хаанаас, бас яах гэж энэхүү дохиог илгээдэг вэ? гэсэн дараагийн асуултууд ч мөн адилгүй хариултгүй хэвээр л байна.

Нэрний тухайд ...

Англи хэлтэй сонсогчдын дунд уг радио станц нь дээр дурьдсан 'the Buzzer' нэрээрээ алдаршсан бол дохиог хамгийн анх олж сонссон Оросууд түүнийг жужжалка буюу алх гэж нэрлэсэн байна. Учир нь уг хачирхалтай станцын зүгээс дамжуулдаг авинаас нь үүдээд ийнхүү нэрлэсэн хэрэг. Харин түүний албан ёсны нэрний тухайд гэвэл хэн ч тодорхой сайн мэддэггүй нь сонирхолтой хэрэг шүү. 2010 оны 9-р сарыг хүртэл уг станц өөрийгөө УВБ-76 гэх кодоор тодорхойлж байсан бол мөн сараас хойш МДЖБ гэх болжээ. Гэхдээ зарим сонсогчид станцын жинхэнэ нэрийг УЗБ-76 хэмээн үздэг аж. Ихэнх дохио дамжуулалтынхаа өмнө тэд дээрх хоёр кодыг хэлдэг бөгөөд чухам эдгээр нь уг станцын нэр үү аль эсвэл таних код уу гэдгийг хэн ч мэдэлгүй байсаар мөн өдийг хүргэжээ.

Формат.

Станц нь Амплитуд-Модуляци техникийг ашиглан side band (R3E) дохиог илгээдгээс гадна заримдаа бүтэн хос-sideband бүхий AM (A3E) долгионыг дамжуулдаг байна. Дохио нь 1.2 секунд үргэлжилдэг дүнгэнэсэн авиаг дамжуулдаг бөгөөд дундаа 1-1.3 секундын давтамжтайгаар, өөрөөр хэлбэл минутанд 21-34 удаа илгээгддэг байна. Гэхдээ түүний хэлбэлзэл далайц үе үе өөрчилөгддөг нь нэн хачирхалтай. Тухайлбал 2010 оны 11-р сараас өмнө уг дохионы давтамж арай богино буюу 0.8 секунд байж л дээ. Түүнчлэн ямар нэгэн цагт нэг минут дутуу байхад уг дохио нь тасралтгүй үргэлжилсэн хэлбэрээр илгээгддэг байсан ба энэхүү зүй тогтол нь 2010 оны 6-р сарыг хүртэл ажиглагдсан аж.

1982 оноос 1990 оныг хүртэл зөвхөн бип-бип гэсэн сигналыг дамжуулж байгаад түүнээс хойш дүнгэнэсэн авиаг илгээдэг байгаад 2003 оны 1-р сарын 16-наас эхлээд арай өндөр өнгөөр, илүү урт хэлбэрээр илгээгддэг болсон байна (ойролцоогоор минутанд 20 давтамжтайгаар).

Дуут дохио.

Уг станцыг зөвхөн авиа дамжуулдаг байсан гэж бодож байна уу? Тэгвэл тэд маш ховор тохиолдолд дуут дохиог илгээдэг байсан байна! Орос хэлээр дамжуулж байсан эдгээр мессежүүдийг та бүхэнд хүргье.
  • 1997 оны 12-р сарын 24-ний 21:00 цагт : "Яа УВБ-76, Яа УВБ-76. 180 08 БРОМАЛ 74 27 99 14. Борис, Роман, Олга, Михаил, Анна, Лариса. 7 4 2 7 9 9 1 4."
  • 2002 оны 12-р сарын 9-ний 04:18 цагт : "УВБ-76, УВБ-76. 62 691"
  • 2006 оны 2-р сарын 21. 07:57 цагт : "УВБ-76, УВБ-76. 75-59-75-59. 39-52-53-58. 5-5-2-5. Константин-1-9-0-9-0-8-9-8-Татьяна-Оксана-Анна-Элена-Павел-Шука. Константин 8-4. 9-7-5-5-9-Татиана. Анна Лариса Ульяна-9-4-1-4-3-4-8"
2010 оны дундуур уг станцын үйл ажиллагаа урьд урьдынхаасаа илүүтэйгээр эрчимчиж ирсэн бөгөөд сонсогчдод өөрсдийн зүгээс илгээж буй дохиог 'барьж авах' боломжийг олгох гэсэн мэт дуу дохио дамжуулах нь ихэссэн байна. Гэвч дамжуулсан нууцлаг код болоод мессежүүдийн учрыг олсон хүн гараагүй л байгаа аж. Харин мөн оны 6-р сарын 5-нд УВБ нь ойролцоогоор 24 цаг чимээгүй байж байснаа 6-р сарын 6-ны өглөөнөөс эхлээд эргээд хэвийн ажиллагаандаа оржээ. Тэдний ийнхүү чимээ аниргүй 'алга болсон' нь мөн л ховор үзэгдэл байлаа. Ингээд 2010 оны 8-р сарын 23-ны 13:35 цагт дараах дуут дохиог дамжуулсан байна.

"УВБ-76, УБВ-76. 93 882 НАИМИНА 74 14 35 74" (8-р сарын 23-ны бичлэгийг сонсох)

Дээрх дохиог илгээснээс хойш хоёр хоногийн дараа буюу 8-р сарын 25-ны 07:43 цагт станцаас дохио дамжуулах нь мөн л зогссон байна. Энэ үед микрофоныг цохин шалгаж буй чимээ тэрхүү дамжуулалтын өрөөнөөс сонсогдсоны дараахан цахилгаан шуугиан орж ирсэн ба үүний дараагаар дохио эргээд урьдын адил дамжуулагдаад эхэлсэн гэнэ. Мөн энэ өдөр дохионы цаана хүмүүсийн ярилцах чимээ дуулдсан байна. 9-р сарын 7-ны 16:48 цагт тэд мөн дуут дохио илгээсэн нь :

"Михаил Дмитрий Зеня Борис. Михаил Дмитрий Зеня Борис. 04 979 Д-Р-Э-Н-Д-О-У-Т. T-Р-Э-Н-Э-Р-С-K-И-Я."

байсан бөгөөд энэ бол 9-р сарын 30 хүртэл дамжуулагдсан 25 дуут дохионы эхнийх нь байжээ. Харин 10-с 12-р сард бүр 56 ийм дохио ирсэн бөгөөд 9-р сарын 10-наас танил болсон УВБ-76 кодыг МДЖБ болгож өөрчилсөн байна. Түүнчлэн 2011 оны 1-р сарын 5-с, 2-р сарын 5-н хүртэл дахиад 14 дуут дохио дамжуулагджээ.

Ердийн бус дамжуулалтууд.

Дүнгэнэсэн авианы хажуугаар өрөөн доторх бусдынх нь ярилцах чимээ дуулдаж байсан явдал нь уг сигнал ямар нэгэн төхөөрөмжөөс шууд биш харин өрөөнд байрлуулсан төхөөрөмжөөс дамжуулагдаж байгааг баталж өгжээ! Тэгэхээр микрофоныг үргэлж нээлттэй байлгаад тухайн нууцлаг төхөөрөмжөөс гарсан чимээг сонсогчдод сонсгож байсан гэсэн үг юм. Мөн тэрхүү нууц байгууллагад тэд микрофоныг санамсаргүйгээр нээж орхисон гэж үзэх хүмүүс ч гарч ирж байлаа.  Харин 2001 оны 11-р сарын 3-нд, Оросоор ярих үл мэдэгдэх хүний яриа тод гэгч нь дуулджээ.

"Я - 143. Не получаю генератор." "Идёт такая работа от аппаратной."

Тэгж явсаар 2010 оны 9-р сарын 1-нд Чайковскийн "Хунт Нуур"-ын хэсгээс 38 секунд тоглогдсон нь үнэхээр ховорхон тохиолдол болсон юм. Дөрвөн хоногийн дараа буюу 9-р сарын 5-ны 12:30-д үл мэдэгдэх эмэгтэй Оросоор 1-9 хүртэл тоолсон бол цагийн дараа (13:39-д) сигнал хэсэг хугацаанд завсарласан ба эрэгтэй хоолойгоор мөн дуут дохио дамжуулагджээ.

2010 оны 11-р сарын 11-ны 14:00 цагт бүхэл бүтэн 30 минут хэртэй үргэлжилсэн телефон утасны яриа санамсаргүй дамжуулагдсаныг нэгэн сонсогч бичиж авжээ. [Энд дараад дэлгэрэнгүй мэдэж аваарай.] Тэнд "Бригадын үүрэгт офицер үүрэг гүйцэтгэж байна", "Дебют", "Судак", "Надежда" болон "Вулкан" зэрэг үгсийг харилцааны код үг болгон хэрэглэж байсан гэдэг.

Мөн 2011 оны 4-р сарын 9-нд өнөөх нууцлаг авиа гаргагч төхөөрөмжийг сааталд орсон хэмээн сонсогчид үздэг бөгөөд 10-р сарын 27-нд бас ийм тохиолдол бүртгэгдэж сигналд шуугиан илэрч байжээ.

Байрлал.

Энэхүү станцыг засгийн газар болоод томоохон радио ФМ-үүдээс өөрсдийн биш гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.  Литуанын харилцаа холбооны хуучин сайд хүртэл нэгэнтээ уг станцын талаар мэдээлэл хийж магадгүй бидэнд ямар нэгэн зүйлийг анхааруулж байж мэдэх юм гэжээ. Мөн цэрэг армийнхан тэдний дохиог алдалгүй цаг үргэлж хянаж байдаг гэсэн мэдээлэл тархжээ. Энэ ч тодорхой байх. Түүнчлэн Оросын шинжлэх ухааны сэтгүүл дээр уг станцыг дэлхийн ионосферийн өөрчлөлтийг дохио хэлбэрээр дамжуулж байж мэдэх юм гэж бичсэн байна.

Өөр нэгэн таамаглал гарсан нь энэ бүхнийг Оросын армийн зүгээс хийж буй ажил гэх бөгөөд хүмүүсийн анхаарлыг ямар нэгэн зүйлээс сатааруулах үүднээс ийм дохиог дамжуулах болсон ч гэдэг юм.

Хүмүүс, сонсогчид тэдний байрлалыг олохыг маш их хүсч байсан нь тодорхой, тэгээд дохионы сонсогдсон газруудад дүн шинжилгээ хийсээр эцэстээ Оросын Поварово-д, тодруулж хэлбэл уртраг өргөрөгийн  56°5′0″N 37°6′37″E дээр байрлаж байсныг нь тогтоожээ. Энэ нь Москвагийн дэргэдэх Ложки суурингаас баруун хойд зүгт 40 км-ийн зайд байрлах Солнечного́рск болон Зеленоград хотуудын хооронд гэсэн үг юм. Гэвч станцын байрлалыг яг таг олж чадалгүй байсаар 2011 онтой золгожээ. Харин 2010 онд дамжуулагчийн байршил өөрчлөгдөж Псков-ын зүгээс сонсогдох болсон гэнэ.

2011 онд хэсэг бүлэг сайн дурын хайгуулчид Поваровод нэгэн эзэнгүй байшинг олсон ба тэд үүнийг цэргийн бааз байсан гэдгийг баталж байгаа юм. Мөн тэндээс тун сэжиг бүхий баримтууд ч бас олдсон байна. Ингээд уг газар УВБ-76-ын хуучин байршил мөн болох нь батлагджээ!

Ингээд тэдний байрлаж байсан хуучин станцтай танилцана уу.



Илүү ойроос авсан гэрэл зурагнуудыг доорх линкээр ороод сонирхоорой.

Одоог хүртэл УВБ-76 станцын зүгээс дохио ирсээр байгаа бөгөөд хүмүүсийг төөрөгдүүлсэн хэвээр л байна. 

Эх сурвалж : www.wikipedia.com

Saturday, August 31, 2013

Чарли Нөүнаны хамгийн сүүлчийн сурвалжлага.

Charlie Noonan бол XX зууны эхэн үед амьдарч байсан Америкийн домог судлаач юм. Гэхдээ, энгийн нэгэн домог үлгэрүүдийг биш ер бусын гэх тодотголтой нууцлаг зүйлсийн эрэлд гардаг байж л дээ. Тэрээр нэгэнтээ судалгаа хийхээр Нэгдсэн Улсын өмнөд болон баруун өмнөд мужуудаар аялсан бөгөөд тийнхүү аялж явахдаа сураггүй алга болсон билээ. Эхнэр Элли нь хожим өгсөн мэдүүлэгтээ, нөхөр Чарлид нь Оклахамо мужийн нэгэн тариачин эр орон нутагт нь амьдардаг хачирхалтай гуйлгачин эмэгтэйн талаар хэлсэн гэдэг байна.

Мөн өнөөх тариачин эр тэрхүү учир битүүлэг эмэгтэйн талаар дүрслэн хэлэхдээ, түүнийг эмэгтэй хүн гэж бодохгүй байгаа талаараа ярьсан байна. Харин тэр эмэгтэй [энэ хэсгийг бичиж байтал цонхон доор нохой хуцаад эхэллээ ... :O :O] харин тэр эмэгтэй яагаад ч юм царай төрхөө үргэлж бусдаас нууцалж, арчуураар далдалдаг байснаас гадна дэргэдээ үргэлж том хар нохой дагуулан явдаг байсан гэнэ. Ингээд Чарли Нөүнан уг эмэгтэйн талаар судалгаа хийхээр явсан бөгөөд ... түүнээс хойш түүнээс ямар ч сураг ажиг дуулдаагүй юм.

Удалгүй эхнэр Элли нь Тулса гэх нэгэн ломбардны эзний тухай сонин дээрээс олж уншаад, түүн дээр очиж нөхрийнхөө гэрэл зургийн аппаратыг олж авчээ. Харин тэрхүү камерыг нэгэн хэрмэл хүн Тулсад авчирч өгсөн бөгөөд аппаратыг Чарлигийнх байсан гэдгийг тэр үедээ мэдээгүй тул нарийн зүйлсийг асууж сураглалгүй өнгөрсөн байна. Ингээд хатагтай Нөүнан нөхрийнхөө байгаа газрыг олж магадгүй гэсэн найдлага тээсээр аппаратны хальсыг угааж үзсэн байна. Гэтэл дотор нь миний доор үзүүлсэн энэ зурагнаас өөр зураг байгаагүй гэнэ. Мөн Нөүнаны тэмдэглэлийн дэвтэр олдсон боловч тэнд зурган дээрх газрын байршил болоод өөрт нь өнөөх хачин эмэгтэйн талаар дуулгасан тариачны нэрийг бичээгүй байжээ.


Friday, August 30, 2013

Мадхауз гэх нэгэн харш.

Mudhouse-ын харш. Уг байшин нь Охаёо мужийн Ланкастерт байрладаг бөгөөд орон нутгийн архивт хадгалагдан үлдсэн мэдээллийн дагуу иргэний дайны дараахан буюу 1800-аад оны үед засгийн газрын эрх нөлөө бүхий нэгэн эрхмийн захиалгаар баригдсан гэдэг. Хэдий хуулиар хориглогдсон ч гэлээ тэрбээр гэртээ боолчуудыг үргэлжлүүлэн ажиллуулж байсан төдийгүй тэднийг шөнө оройн цагаар оргохоос нь сэргийлж байшингийнхаа гаднах жижиг амбаарт түгждэг байж гэнэ.


Түүний боолууд маш муу нөхцөл байдалд амьдарч бас ажиллаж байсны дээр өлсч цангах зэргээс эхлээд тэдний эрх олон зүйлээр зөрчигддөг байж л дээ. Харин энэ бүгдийг тэсвэрлэж чадалгүй тэдний нэг нь газар доогуур нүх ухаж эхэлсэн байна. Мэдээж хэрэг эдлэн газрын эзэнг гэр бүлийнхээ хамтаар унтахаар хэвтэж, байшингийн бүх гэрэл унтарсан үед л өнөөх боол уг ажлаа үргэлжлүүлдэг байлаа. Тэгээд тэр бага багаар мөн уйгагүй гэгч нь ухсаар байгаад нэг л шөнө хананы нөгөө талд гарч чаджээ.

Ингээд харанхуй шөнөөр тэр харшруу гэтсэн байна. Тэгээд арын хаалганых нь түгжээг мулталж ороод, чимээгүй гэгч нь дээд давхарруу гарч тэнд унтаж байсан бүх хүнийг хөнөөжээ! Маргааш өглөө нь орон нутгийн иргэд аймшигт аллага болсон уг харшийн дэргэд олноороо цуглаж, тэр хавиар бөөн шуугиан дэгдэв гэнэ. Гэвч эдлэн газрын эзэн хууль зөрчиж байсныг мэдсэн цагдаа нар энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод тэр чигт нь орхисон төдийгүй оргосон боолчуудын араас хэн ч эрэл сурал болсонгүй.  

Харин хэдэн жилийн дараагаар эзэнгүй болсон уг байшингаас элдвийн хачин чимээ анир гарах боллоо хэмээн айл хөршүүд нь гомдоллох болж гэнэ. Удалгүй эдлэн газрын эзэн болоод түүний гэр бүлийнхний сүнс уг байшинд хоргодож үлдсэн гэх яриа салхи шуурга шиг тарж, хэн ч тийшээ ойртох нь бүү хэл дэргэдүүр нь өнгөрөхөөсөө хүртэл эмээх боллоо.

Тэгж явсаар 1892 онтой золгоход уг байшинг худалдан авах хүн гарч ирсэн байна. Эхнэр болон гурван хүүхдээ дагуулсаар шинэхэн хөрш нь ачаа тээшээ буулгаж, байшинд зөөн оруулж байхыг айл хөршүүд нь амьсгаа даран харж суулаа.

Гэтэл ... тэрнээс хойш хэн ч тэднийг олж харсангүй. Байшинд орсон цагаасаа хойш тэд ахин гарч ирээгүй байна. Тавын таван хүнтэй гэр бүлийн хувьд байшиндаа дотроо ийнхүү бүгэнэ гэдэг үнэхээр хачирхалтай хэрэг байлаа.

Удалгүй нэгэн хөрш нь унтлагын өрөөнийхөө цонхоор өнөөх байшинруу хараад золтой л ухаан алдаад уначихсангүй гэнэ. Мадхаузын байшингийн хоёр давхрын цонхоор цагаан даашинзтай нэгэн эмэгтэй хараад зогсч байсан байна! Тэр эмэгтэй хөдлөлгүй тэгээд тэндээ л зогсоод байж.

Маргааш нь дахиад л өнөөх хөрш эмэгтэй Мадхаузын байшинруу харахад өнөөх цагаан даашинзтай бүсгүй тэнд зогссон хэвээр л байлаа. Ингээд өдөр бүр хэрэг гаргаж тэрхүү байшингийн хоёр давхрын цонхруу харах бөгөөд өнөөх цагаан хувцастай бүсгүй зогссон хэвээрээ л байдаг байв.


Харин аравдахь өдрөө өнөөх эмэгтэй цагдаа нарыг дууджээ. Ингээд цагдаа нар байшингийн цоожийг эвдлэн ороод хоёр давхрын өнөөх өрөөнд явж очтол юуг харсан гэж санана!

Гэр бүлийн бүх 5 гишүүдийг таазнаас нь өлгөөд дүүжилсэн байсан гэнэ. Тэд бүгдээрээ цагаан өнгийн унтлагын хувцастайгаа байсан байна. Шинжээчид энэ бүгдийг судалж үзээд тэднийг амиа хорлцгоосон байна гэх дүгнэлтэд хүрэв. Харин өнөөх цонхны дэргэд зогсч байсан бүсгүй уг айлын эхнэр нь байсан төдийгүй арван хоног тийнхүү дүүжлэгдээд, хөршийнхөө байшинруу ширтэж байсан байх нь!

Тэр үйл явдлаас хойш уг байшингийн дэргэдээс бүх хөршүүд нь нүүж одсон бөгөөд одоог хүртэл уг газар эл хуль хэвээрээ байгаа аж. Мөн уг байшинг худалдаж авсан хүн өөрөө тэнд амьдардаггүй ба байшинг сонирхож очсон хүмүүст хандаж дотогш орохгүй байхыг сануулдаг гэсэн. Учир нь тийш ороод эргэж гарч ирэхгүй байхвий гэж эмээсэн хэрэг.

Орон нутгийн хүүхдүүд уг байшинг "Меригийн Байшин" гэж нэрлэжээ. Мөн тэрхүү газрын дэргэдүүр шөнө оройн цагаар явж өнгөрөхөд хоёр давхрынх нь цонхоор өнөөх цагаан даашинзтай бүсгүйн сүнс үзэгддэг гэх аж.

Эх сурвалж : http://www.scaryforkids.com/mudhouse/

Байшинг илүү сайн харахыг хүсвэл доорх бичлэгийг үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=TOGkSjgkWfI

Wednesday, August 28, 2013

Томас Эдисоны ярьдаг хүүхэлдэй.

Уг хүүхэлдэйн хувьд хэдий зохион бүтээгдэх хүртлээ сааргүй урт замыг туулсан ч гэлээ 1890 онд худалдаанд гарсан эхний хэдхэн долоо хоногтоо л зарагдсан гэдэг байна. Энэхүү бүтээлийн талаарх санаагаа Томас Эдисон тэртээх 1877 онд бодож олсон бөгөөд Виллъям В.Жакуис гэх өөр нэгэн зохион бүтээгч Эдисоны тугалган цаас бүхий понограф аппарат дээр суурилж хүүхэлдэйн анхны загварыг нь бүтээжээ. Удалгүй ноён Жакуис өөрийн түнш Ловелл Бриггстэй хамтраад 1887 онд Эдисоны зөвшөөрөлтэйгөөр компани байгуулсан ба 'Edison Phonograph Toy Manufacturing Company' гэж нэрлэжээ. Гэвч үйлдвэрлэлт эхлэхээс өмнөхөн нь Эдисон компанийг мэдэлдээ авахыг санаархаж эхэлсэн ба энэ бүхэнтэй холбоотой шүүх хуралалдаан их удаан үргэлжилсэн гэдэг. (Ер нь их янзын нөхөр байсан юм шиг байгаа юм :D)

Хэдий тийм ч Эдисоны ярьдаг хүүхэлдэй нь урьдчилж бичлэг хийсэн цилиндр бүхий энтертайнмент чиглэлээр ашиглах боломжтой анхны понограф гэдэг утгаараа понографын түүхэнд тодоор бичигдсэн юм. Хүүхэлдэйн хувьд 22'' өндөр бөгөөд ойролцоогоор 4 паунд жинтэй аж. Эх бие нь металиар бүтсэн уг хүүхэлдэйний гар хөлнүүдийг модоор хийсэн ба үсийг нь 'Simon and Halbig' хүүхэлдэйн үйлдвэрээс авсан байна (#719). Үнийн хувьд анхандаа $10-оор зарагдаж байсан ба хүүхэлдэйн хувцаснаас хамаарч $20-$25 болж нэмэгджээ. Энэ бол тэр үеийн дундаж иргэний хоёр долоо хоногийн цалинтай тэнцэхүйц маш их мөнгө байв. Хүүхэлдэйн дотор суурилуулсан понографын тухайд яривал хэмжээгээр маш жижиг бөгөөд цилинд эх биед нь залгасан бүрээг хүүхэлдэйн цээжний хөндий хэсэгт байрлуулсан байв. Цилиндрт пүршин мотор байгаагүй тул хөгжмийг тоглуулахдаа гараараа эргүүлэх хэрэгтэй байлаа. Мэдээж хэрэг энэ бол асуудал биш байсан нь тодорхой. Харин хөгжмийн хувьд "Twinkle Twinle Little Star" бүүвэйн дууг 6 секундын давтамжтайгаар бичиж хадгалсан байна. (Хожим нь Эдисон хэлэхдээ, "Энэ бяцхан чөтгөрүүдийн дуу их эвгүй сонсогдох юм", гэж өөрөө хэлсэн байдаг гэнэ.) Өөр нэгэн харамсалтай зүйл гэвэл уг хүүхэлдэйн доторх тус механизмууд нь дэндүү хэврэг байсан тул эдэлгээ даах чадвар маш муу байж л дээ.

Хамгийн анхны хүүхэлдэйг 1890 оны 4-р сарын 7-нд, Нью Йоркын Ленокс Лисеумд худалдаанд оруулсан байна. Түүнээс арай өмнө буюу 3-р сард гэхэд 2,500 хүүхэлдэй урьдчилсан захиалганд хамрагдсан бөгөөд тэдний 500 гаруй нь гүйцэт хөгжүүлэгдээгүй байсны улмаас худалдан авагсдын гараас буцаагдахад хүрч байжээ. Ингээд 5-р сар гэхэд хүүхэлдэйн худалаалалт бүрэн зогссон байна. Үйлдвэрлэлтээс үлдсэн бусад хүүхэлдэйнүүдийн тухайд бол доторх фонограф аппаратыг нь аваад дангаар нь мөн маш хямдаар зарж эхэлсэн гэдэг. Одоо бол Эдисоны хүүхэлдэйнүүд их ховор болжээ, харин понографын тухайд бол бүр ч ховор болсон нь мэдээж юм.

Эх сурвалж : http://www.edisontinfoil.com/doll.htm



Хүүхэлдэйн гаднах хайрцган дээр ашиглагдах гэж байсан шошго. Энэхүү шошгоны хувьд 1889 оны 10-р сарын 1-ний өдөр 'Edison Phonograph Toy Manufacturing Co.' компаний хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалд хавсаргасан байж.


                                              (зурган дээр дараад томруулж үзээрэй!)

Дээрх зургийг 1890 оны 5-р сарын 29-нд, Массачусетсийн Спрингфиелдэд өглөөний 4:30-д авсан байна! Улаан сумаар заасан хэсэгт хүүхэлдэйн сурталчилгааны самбарыг үзүүлсэн байна. Гэхдээ энэ үед үйлдвэрлэлт болон худалдаалалт альхэдийнээ зогсчихоод байсан үе юм.



Харин уг хүүхэлдэйн хөгжмийг сонсохыг хүсвэл :

Санчир гаригийн чимээ

Яг одоо та компьютерийнхээ ард өгзгөн дээрээ сууж байгаа хэрнээ дэлхийгээс 1.2 тербум км-ийн тэртээд орших өөр нэгэн гаригийн дуу чимээг сонсох гэж байна шүүдээ! Энэхүү радио долгионыг 2002 оны 4-р сард 'The Cassini' гэх NASA-ын сансрын хөлөг тус гаригаас 374 сая км (234 сая миль)-ийн зайнд нисч байхдаа илрүүлсэн байна. Тэгэхээр арав гаруй жилийн өмнөх дуу чимээ болж таарлаа, тун догь! Мөн Санчир гаригийн туйлын туяа орчмын соронзон талбайгаас бичиж авсан уг долгион нь спектрийн хувьд дэлхийнхтэй тун төстэй байсан гэнэ.


Дууг сонсохыг хүсвэл : http://www.nasa.gov/wav/123163main_cas-skr1-112203.wav

Эх сурвалж : http://www.nasa.gov/mission_pages/cassini/multimedia/pia07966.html