Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

eBay дээрх сүнстэй зураг

2000 оны 2~р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Tuesday, September 26, 2017

Таня Савичевагийн Өдрийн Тэмдэглэл

Анна Франкын талаар бүгд мэддэг ч Татьяна Савичева охиныг мэддэг нэг нь нэн ховор. Энэ бяцхан охин Дэлхийн 2~р Дайны үед, бүхэл бүтэн 900 гаруй хоног үргэлжилсэн Ленинградын бүслэлтийг давж гарч чадсан юм! Ммхм, тэр ч бас тэмдэглэл хөтөлдөг байсан ...

1941 оны зуныг хөдөө нутагт амарч өнгөрүүлэх гэсэн Татьяанагийн гэр бүлийн төлөвлөгөөг нацистууд нурааж орхижээ (Германчууд ЗХУ~руу 1941 оны 6~р сарын 22~нд довтолсныг та мэднэ). Энэ үед ах Мишагаас бусад нь Ленинград хотдоо үлдсэн байлаа. Дайн ч эхэлж, мэдээж хэрэг Танягийн гэр бүлийнхэн армид өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулж эхэлсэн нь лавтай. Марии Игнатьевны Фёдоровой цэргийн дүрэмт хувцас оёж, Лёха Адмиралти~д онгоцны оператор хийж, Зеня зэвсгийн үйлдвэрт буу угсарч, Нина хотын бэхлэлтэнд зориулсан байгууламжууд дээр ажиллаж байсан бол авга ах нар болох Вася, Лёша нар нь агаарын довтолгооноос хамгаалах үүрэгт ажлуудыг хариуцан авсан байна. Татьяна эхээс 5~уулаа. Тэр ээжтэйгээ, өөрийн хоёр ах болох Миша болон Лёка, мөн хоёр эгч Зеня, Нина хоёртой хамт амьдардаг байлаа. Эцэг нь түүнийг 6 настай байхад өнгөрчээ. Харин дайн эхлэхэд Ленинградын гадна байсан Мишагийн хувь тавилан гэр бүлийнхнийх нь хувьд тодорхойгүй үлдсэн ба хамгийн сүүлд түүнийг партизанчуудтай нэгдсэн гэдэг хэл сургийг л тэд олж сонссон аж.

Аанха, Татьяна охин. Ердөө 11 настай байхдаа тэр окоп ухаж, галт бөмбөгнүүдийг салгах ажлыг хийж явсан гэвэл та итгэх үү?

Өдрийн Тэмдэглэл.

Таняд өдрийн тэмдэглэл байдаг байлаа. Том, зузаан гэгч нь уг дэвтэрт тэр дайнаас өмнөх үеийн өдөр тутмынхаа амьдралыг тэмдэглэн бичдэг байв. Харин бүслэлтийн эхний саруудад, зууханд гал ноцоох түлээ байгаагүйн улмаас гэрийнхэн нь дулаацахын эрхэнд тэмдэглэлийн дэвтрийг нь шатаажээ. Гэвч удалгүй Таня эгч Нинагаас нэгэн жижигхэн дэвтрийг авсан нь хожим нь түүнийг алдаршуулсан өдрийн тэмдэглэл нь болох байсныг тэр хэрхэн мэдэх билээ. Жижиг тулдаа галын дөлнөөс хэвтрүүлэгдсэн уг дэвтэрт Нинагийн завод дахь уурын тогооны ажиллагааны талаарх зааврууд бичээстэй байлаа. Орос цагаан толгойн үсэгнүүд бүхий уг тэмдэглэлийн дэвтрээс Таня Ж үсэгтэй хуудсыг сонгон авчээ.

Татьянагийн эхний тэмдэглэл 12~р сарын 28~нд бичигдсэн байдаг.

"Женя 1941 оны 12~р сарын 28~ний үд дундын 12 цагийн үед өнгөрлөө."

Зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан Зеня тэжээлийн дутагдлаас болж таалал төгссөн байна. Зеня гэрээсээ завод хүртэл өдөрт 7 км алхана. Заримдаа өдөрт 2 ээлжээр ажиллаж, тэсрэх бөмбөгний гэр хийнэ. Харин ажлын дараагаар тэр цусаа хандивладаг байлаа. Энэ үед Ленинград хотод нэг хүнд ноогдох хүнсний ноогдол хэмжээ улам багасч байсан ба мөстсөн Ладога нуурын дээрх Дорога Жизни буюу Амьдралын Зам хэмээх жимээр орж ирсэн хоол хүнсний нөөцөөс насанд хүрсэн хүн өдөрт 250 гр, харин хүүхэд болон хөгшчүүл түүний талтай тэнцэх хэмжээний хүнсийг хүртдэг байсан гэдэг. Харин Зенягийн хувьд ... энэ бүх ачааллыг давж чадаагүй ба Ленинградад сар тутамд өлбөрч үхэж байсан 100.000 иргэдийн нэг болох тавилантай байж.

Үүнээс хойш сарын дараа, Танягийн 12 насны төрсөн өдрөөс хойш хоёр хоногийн дараа ... эмээ нь өнгөрсөн байна. Энэ үедээ Евдокии Арсеньевой биеийнхээ жингийн 1/3 хэсгийг алдаад байсан бөгөөд ор хүрэлцээ муутайн улмаас эмнэлэгт очихоос татгалзжээ.

Энэ удаад Таня Б үсгийг сонгосон байна.

"Эмээ 1942 оны 1~р сарын 25~нд, 3 цагийн үед таалал төгслөө."

Тэд эмээгийнхээ хүнсний ноогдол картыг ашиглахын тулд түүний үхлийг сарын төгсгөл хүртэл нууцалжээ. Ийнхүү Евдокий нь 1942 оны 2~р сарын 1~нд амьсгал хураасан хэмээн албан ёсоор тэмдэглэгдсэн байдаг.

2~р сарын 28~нд Нина сураггүй алга боллоо. Энэ үед Ленинград хот артиллерийн хүчтэй бөмбөгдөлтөнд өртөж байсан үе тул түүнийг нас барсан гэж бүгд итгэцгээхээр шийдэв. Хэрэг дээрээ Нина Савичева гэрийнхэндээ хэлэлгүйгээр Ладога нууран дээрх Амьдралын Зам мөсөн жимээр гарч, Ленинградаас дүрвэсэн байна. Нинад гэрийнхэнтэйгээ холбоо тогтоох боломж гарсангүй. Түүний бие удалгүй хүндээр өвдөж, мөн хот руу буцаж чадалгүй явсаар 1945 онтой золгожээ. Харин Танягийн өдрийн тэмдэглэлийг олсон хүн нь Нина байсан юм.

Эмээгийнх нь үхлийг залгуулаад ах Лёка нь 3~р сард өөд болов. Тэр армид элсэхийг ихэд хүсч байсан ч хараа муутай гэх шалтгаанаар буцаагдсан байдаг. Лёка төдий л удалгүй өөрийгөө чадварлаг инженер болохоо харуулж эхэлсэн байна. Лёка мөн авъяаслаг хөгжимчин байлаа. Тэр 3~р сарын 17~нд боомтын эмнэлэгт таалал төгсөх хүртлээ Адмиралти боомтод шөнийн ээлжээр ажилладаг байсан юм.

Энэ удаад Таня Л үсгийг сонголоо.

"Лёка 1942 оны 3~р сарын 17~ны өглөөний 5 цагт нас барлаа."

4~р сарын 13~нд авга ах Вася нь 56 насандаа өөд болжээ. Дайнаас өмнө Савичевагийн гурван ч авга ах нь хамтдаа амьдардаг байсан төдийгүй дайн эхэлснээс хойш тэдэн дээр ирж хамт байх болсон байна. Вася Дэлхийн 1~р Дайнд оролцож байсан туршлагатай нэгэн байсан ч наснаасаа шалтгаалаад цэрэгт элсч чадаагүй юм. Вася, Таня хоёр хоорондоо маш ойр байсан. Таня Васягийн байранд очиж цагийг өнгөрүүлэх дуртай байсан нь тэнд маш олон ном байдаг байсантай холбоотой.

Энэ удаад Таня В үсгийг сонгов. Тэр дүрмийн алдаатай бичсэн байлаа.

"Авга ах Вася 1942 оны 4~р сарын 13~ний шөнийн 2 цагт таалал төгслөө."

Харин хамгийн том авга ах Лёша нь 5~р сард 71 насандаа тэжээлийн дутагдлаас болж нас барлаа. Мөн л армид элсэхийг хичээж байсан ч нас хэтэрхий өндөр гэх шалтгаанаар тэд саналыг нь түтгэлзсэн байна. Хэдийгээр хөгширсөн ч гэсэн тэрбээр өөрийн хувь нэмрийг чадах чинээгээрээ л нэмэрлэхийг хичээдэг байв.

Таня Л үсгийг сонгожээ. Гэвч "нас барсан" гэдэг үгийг бичээгүй байна.

"Авга ах Лёша 1942 оны 5~р сарын 10~ны оройн 4 цагт."

Эцэст нь 5~р сарын 13~ний өглөө Танягийн ээж нь нас барлаа. Марии Игнатьевна Савичева нь 1989 онд төрсөн, хөгжимд дуртай эмэгтэй байсан ба хүүхдүүдээ гэр бүлийн ансамбальд тоглохыг нь ихэд дэмждэг байсан гэдэг.

Таня М үсгийг сонголоо. Тэр дүрмийн алдаатай бичсэнээс гадна мөн л "нас барсан" гэдэг үгсийг бичээгүй байна.

"Ээж 1942 оны 5~р сарын 13~ний өглөөний 7:30 цагт."

Ээжийнхээ үхлээс хойш Таня бүх л итгэл найдвараа алджээ. Тэр С, У, болон О үсэгнүүд бүхий хуудаснууд дээр дараах үгсийг бичсэн байдаг:

« Савичевы умерли » / "Савичевүүд нас барцгаалаа."
« Умерли все » / "Бүгд үрэгдсэн."
« Осталась одна Таня » / "Ганцхан Таня л үлдлээ."




Ээжийгээ нас барсны удаах шөнө Таня хөршийндөө хоносон ба маргааш нь гэрт үлдсэн цөөн хэдэн зүйлсээ аваад авга эгч Дусягийнд очжээ. Харин авга эгч нь түүнийг эмнэлэгийн тусламж авна хэмээн найдаж, Смольный дахь өнчин хүүхдүүдийн 48~р нийтийн асрамжийн газарт хүргэж өглөө. Харин 1942 оны 8~р сард Таня Ленинградаас аврагдсан 140 хүүхдийн нэг болсон ба Красный Бор сууринд хүргэгдсэн юм. Асрамжийн газрын багш Анастасия Карпова Танягийн ах Михайл руу захидал бичсэн байдаг: "Таня амьд байна, гэхдээ тэр өвдсөн. Эмч түүнийг ойр ойрхон эргэж тойрч байгаа, тэгээд түүнийг их хүнд өвдсөн байна гэсэн. Түүнд амралт, хүнс тэжээл, хамгийн гол нь онцгой халамж анхаарал хэрэгтэй байна."

1944 оны 5~р сард Таня Шатки дахь эмнэлэгт хүргэгджээ. Тэгээд сарын дараа буюу 7~р сарын 1~нд сүрьеэ өвчний улмаас өөд болсон юм ...

Нина, Михайл хоёр Дэлхийн 2~р Дайны дараа Ленинградад эргэн ирсэн байдаг. 1944 онд хүнд шархадсны улмаас Михайлыг тэд Ленинград руу буцаасан нь энэ байлаа.

Танягийн тэмдэглэл одоо Ленинградын Түүхийн Музейд хадгалагдаж байгаа бөгөөд Пискарёвскын Оршуулгын Газарт дурсгалын цогцолбор хөшөө болгон олны өмнө толилуулсан байдаг.


Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Tanya_Savicheva

Friday, September 22, 2017

Lucid толгой тасдалт

Кинон дээрээс бид олонтаа хардаг, тэд цаазаар авахуулсан ялтны толгойг үсдэж өргөөд, үзэгчдэд, харин зарим тохиолдолд өөрсдийнх нь амьгүй болсон бие рүү нь харуулан тавьдаг. Гэхдээ, энэ бол таны төсөөлж байгаагаас ч илүү харгис үйлдэл гэдгийг та энэхүү нийтлэлийг уншсаныхаа дараагаар ойлгох болно ...

Мянга, мянган жилийн туршид хүний толгойг хүчээр тасдан авах нь шийтгэлийн капитал буюу хамгийн дээд хэлбэрүүдийн нэг байсаар ирсэн. Капитал ... capital. Англи хэлэнд мөн хүний толгойг таслахыг decapitation гэдэг бөгөөд мэдээж хэрэг өмнөх өгүүлбэрт бичигдсэн capital хэмээх үгнээс үндэстэй. Харин capital нь caput гэх Латин үгнээс гаралтай ба утга нь "толгой" болно. Ок, одоо гол зүйл рүүгээ орцгооё ...

Хүний толгойг тасалсны дараагаар толгой чухам хэдий хэр хугацааны туршид lucid буюу сэргэг байдаг вэ гэдэг бол яах аргагүй маргаантай сэдвүүдийн нэг. Зарим нь толгойгоо тасдуулсан хүний тархин дахь цусны даралт огцом унаснаас болж, аль эсвэл толгой таслах төхөөрөмжийн хүчтэй цохилт, доргилтоос болж тэр дор нь ухаан санаагаа алддаг хэмээн үздэг. Гэвч түүхэнд үүнийг үгүйсгэсэн гэрч нарын мэдүүлгүүд цөөнгүй бий.

Харин хүний тасарсан толгой нь үхэх хүртлээ хэсэг хугацаанд сэргэг байж, өвдөлтийг мэдэрдэг хэмээн сэжиглэгдэж байсны улмаас энэ төрлийн шийтгэлийг оноохыг дэлхийн олон улс орнуудад хориглож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш энэ талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаанууд хийгдээгүй нь лавтай. Гэхдээ, толгойгоо таслуулсан амьтад дээр хийсэн ажиглалтууд нь бидний энэхүү хачирхалтай таамгийг улам баттай болгосоор байна.

Олон анекдот баримтууд дээр тасарсан толгой нь нүдээ цавчих, харцаа шилжүүлэх, мөн уруулаа хөдөлгөсөн талаар тэмдэглэгдсэн байдаг. Ер нь тасарсан мөч нервийн рефлексийн нөлөөгөөр татганан хөдлөх нь ховор үзэгдэл биш. Гэвч ... хүний нүүрэнд илэрсэн хувирлуудыг энэхүү нервийн рефлекстэй холбон тайларлах нь учир дутагдалтай. Зарим гэрч нарын мэдүүлэгт толгойгоо тасдуулсан хэрэгтнүүдийн нүүрэнд сүүлийн хэдэн хоромд нэг бус хувирал илэрсэн талаар дурьдагдсан байдаг ... өвдөлт, эргэлзээ, харуусал болон айдас гэх мэт!

1905 оны 6~р сарын 28~ий өглөөний 05:30 цагт цаазаар авахуулсан Languille гэгч эрхмийг Доктор Beaurieux судалсан байдаг. Ингээд, Archives d’Anthropologie Criminelle~д тэмдэглэгдсэн тус эмчийн дүгнэлтийг хүргье:

Түүний зовхи болон уруулны ажиллагаа нь 5 юм уу, 6 секундын хугацаанд жигд бус хэмнэлээр удааширч байсан ... мөн би нэмж хэдэн секунд хүлээсэн. Үүний дараагаар татганалах хөдөлгөөн нь зогссон. Нүүрний булчингууд суларч, зовхи нь нүдний болрыг хагас анисан ба зөвхөн нүдний салст бүрхэвчний цагаан хэсэг нь л харагдаж байлаа. Иймэрхүү дүр зураглалуудыг бид үхэж байгаа болон үхсэн хүмүүсээс өдөр бүр хардаг. Харин би тод бөгөөд хурц өнгөөр: 'Лангуилле!' гэж хэлэх үед, түүний зовхи нь удаанаар нээгдсэн ... дараа нь Лангуиллийн нүд нь намайг чиглэн харсан, энэ үедээ хоёр хүүхэн хараа нь нэг нэгэн дээрээ төвлөрч, солир харсан байлаа ... харин хэдэн секундын дараагаар, зовхи нь удаанаар анигдаж эхэлсэн, тун алгуур гэгч нь, тэгээд толгой түрүүний бичсэн байдал руу шилжсэн. Би дахиад түүний нэрийг дуудахад, зовхи нь татвалзахгүйгээр дахиад удаан гэгч нь нээгдэж, хоёр нүд нь намайг чиглэн харсан, солир хэвээр. Энэ удаад эхнийхээсээ илүү хурц байдлаар ширтэх шиг санагдсан. Ингээд зовхи нь дахин анигдаж эхэлсэн. Би түүний нэрийг гурав дахь удаагаа дуудах гэж оролдсон, гэвч энэ удаад ямар ч хөдөлгөөн ажиглагдсан, хоёр нүд нь яг л үхсэн хүмүүсийн адилаар гөлийсөн байлаа.

Би дөнгөж сая судалсан зүйлээ яг таг болж өнгөрсний дагуу сийрүүлэн бичлээ. Энэ бүхэн 25~с 30 секундэд үргэлжилсэн.

Мөн, Crucibles: The Story of Chemistry номонд Antoine Lavoisier гэгч химичийн цаазаар авахуулсан нэр нь үл мэдэгдэх зарцын талаар бичигдсэн байдаг. Зохиолчийн бичсэнээр бол, Lavoisier зарцынхаа толгойг тэр дор нь шүүрч аваад, хэрэв ойлгож байвал нүдээ цавчхыг сануулсан байдаг. Харин тэр нүдээ цавчжээ. Түүнчлэн Lavoisier~ийн 1794 онд өөр дээрээ хийсэн ийм төрлийн туршилтын талаарх яриа байдаг! Гэхдээ энэ нь түүний хувийн намтартай нь харшилдаг учраас итгэхэд бэрх ч түүний туслахын хэлснээр бол тэр толгойгоо тасдуулснаасаа хойш нүдээ аль болох олон цавчхыг оролдоно гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр 15~с 20 секунд орчим нүдээ цавчсан гэдэг.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдүүлгийг бүгдээрээ сонирхоцгооё. Энэ автомашины осолтой холбоотой хэрэг. 1989 оны 6~р сард, Солонгосын дайнд оролцож явсан Нэгдсэн Улсын нэгэн ахмад дайчин найзтайгаа хамт таксигаар явах үедээ ачааны тэрэгтэй мөргөлджээ. Найзынх нь эх бие нь сандал дээрээ бэхэлгээтэй хэвээр байсан ч толгой нь тасарсан байлаа.

Миний найзын толгой миний суусан өнцгөөс уруугаа харсан байдалтай харагдаж байсан. Эхлээд тэр амаа доод тал нь хоёр ч удаа нээж, бас хаасан. Нүүрэнд нь эхлээд цочрол юм уу, эргэлзээ, дараа нь айдас, харуусал тодрох шиг болсон. Тэр ийш тийшээ харж байсан гэж би тодорхой хэлж чадахгүй нь, гэхдээ яах аргагүй нүд нь надаас харцаа шилжүүлж өөрийнхөө биеийг харж, бас эргээд намайг харах шиг болсон. Тэгээд мэдээ алдах хүртлээ намайг ширтсээр байсан ... тэгээд л үхсэн дээ.

Энэ тал дээр хийсэн туршилтууд бүгд амжилттай болж байсангүй. 1836 онд Lacenaire гэгч эрхэм цаазаар авахуулсныхаа дараагаар нүдээ цавчих болно гэж зөвшөөрсөн байдаг. Гэвч тэр тэгээгүй юм. 1879 онд Prunier гэгч өөр нэгэн зандалчин мөн стимулд хариу үзүүлж чадаагүй байна. Үүнээс үзэхэд, зарим хүмүүс толгойгоо тасдуулсныхаа дараагаар тэр дороо амьсгал хураадаг гэж хэлж болох ч өвдөлт болон уй гашуудаа автсан тэд даалгаврыг гүйцэтгэж чадах нь туйлын эргэлзээтэй.

Одоо эцсийн асуулт. Үнэхээр хүний толгой биенээсээ тасарснаас хойш хэсэг хугацаанд ухаан сэргэг хэвээр байдаг уу? Хариулт нь тодорхой бус. Мөн цаашид шинжлэх ухааны үндэстэй судалгаанууд хийгдэх эсэх нь эргэлзээтэй. Тийм болохоор энэ асуулт ирээдүйд ч гэсэн тодорхой хариултгүй хэвээр хоцрох болно, хэдийгээр гэрч нарын олон арван мэдүүлгүүд гарч ирсээр байх боловч ...

Эх сурвалж: https://www.damninteresting.com/lucid-decapitation/

Tuesday, September 5, 2017

Дэлхийн хамгийн залхуу хvн

"Нэгэн удаа би Нэгдсэн Улсын армийн хөлөг онгоцонд байрлаж байх үедээ офицеруудын хоолны газарт өглөөний цайгаа ууж суулаа. Энэ үед тэнд нэгэн Operations Officer (OPS) орж ирсэн юм. Тэр залуу бол яахын аргагүй өглөөний хүн БИШ гэдгийн үнэнхүү тодорхойлолт болсон нэгэн байлаа; хагас унтаа байдалтай, нуухтсан нойрмог нүдтэй ... ерөнхийдөө бол цагирган боов барьсан зомби л гэсэн үг. Тэгээд тэр цагирган боовоо идэхээр миний эсрэг талд суусан ба амьтай голтой байна уу л гэлтэй харагдаж байсансан. Би нуруугаа цонх руу харуулан суусан байлаа. Удалгүй нарны алтан туяа хөлөг онгоцны цонхнуудын нэгнээр нэвтлэн орж ирэхтэй зэрэгцээд, том дугуй гэрэл бараг л ухаангүй шахуу түүний нүүрний арьсыг шарж эхэлдэг юм байна. Тэр хялайсаар, бас зажилсаар л, тэгээд өнөөдөр хэрхэн амьд байх вэ гэсэн аятай суух аж. Үнэндээ энэ бүгдийг харах нь надад үнэхээр зовиуртай байсныг нуух юун.

Удалгүй зомби ОПС зажлахаа зогсоолоо, тэгээд утсаа удаан гэгч нь аваад, хөлгийн удирдлагын төв рүү залгав. Яг л миний гадарлаж байсан шиг би~унтаа~хэвээрээ~л~байна гэсэн хоолойгоор, "Хэээээйй. ОПС байна. Чи ... өөрсдийн barpat~г хөдөлгөөд өгөөч ... тийм ээ, нэг зургаа тав. Баярлалаа." гэж хэлээд утсаа доош нь тавив. Тэгээд тэр тэндээ суусан хэвээр л байлаа. Хялайсаар, бас хүлээсээр.

Харин энэ үед би, цонхоор туссан нарны тод дугуй гэрэл зомбигийн царайнаас үл ялиг холдож, удалгүй түүний арын хана руу аажим аажмаар шилжиж байгааг анзаарсан юм. Хэсэг хугацааны дараагаар нарны гэрэл түүний нүүрнээс бүрэн холдсон ба тэр нүдээ хэд хэдэн удаа удаанаар цавчлаа. Энэ мөчид, миний дөнгөж саяхан гэрч болсон хосгүй үзэсгэлэнт зүйл альхэдийнэ хамаг биеийг маань бүрхэн авч эхлээд байв. Удирдлагын төвд хөлгийн хойд болон урд патролыг 15 хэмээр өөрчлөх тушаалыг өгснөөр, хөлгийн чиглэлийг үл ялиг өөрчилсөн нь өөрийнхөө нүүрэнд туссан нарны гэрлийг холдуулахад хангалттай байлаа. Товчхондоо бол тэр хэдэн мянган тонны жинтэй аварга том ган төмөр хөлөг онгоцны чиглэлийг, дээр нь сууж явсан зуу зуун хүний хамтаар өөрчилж орхисон юм, цагирган боовоо идэх зуураа нарны гэрлийг нүүрнээсээ холдуулахын тулд шүү дээ. Би бүр алмайрч орхисон.

Тэгээд тэр цагирган боовоо алгуур гэгч нь авлаа, энэ мөчид, түүний суу билэг түүнээс сарниад алга болчихов уу, үүнээс болж өөрийнхөө яруу алдарт залхууралд магадгүй тэр хэзээ ч талархахгүй байх вий гэсэн бодлууд маань намайг айлгаж байлаа (Яагаад гэвэл тэр дахиад хэдэн цаг сэрэхээргүй харагдаж байснаас хойш). Гэвч тэр дараагийнхаа хазалтан дээрээ түр зогсоод, над руу харсан юм. Тэгээд маш сул бөгөөд овжноор жуумалзаад, эргээд өөрийнхөө цагирган боовыг удаан гэгч нь хэмлэх ажилдаа орсон доо."

Энэ гайхалтай коммент 3 жилийн өмнө reddit~ийн /r/AskReddit буланд тавигдсан "Чиний амьдралдаа хийж байсан хамгийн залхуу зүйл юу вэ?" гэсэн асуултын дор бичигдсэн нь тухайн үедээ жинхэнэ цахиур хагалж чадсан!

Эх сурвалж: 
https://www.reddit.com/r/AskReddit/comments/1rgpdf/what_is_the_laziest_thing_youve_ever_done/cdnafqe/

Нэмэлт тайлбар: Barpat = Barrier Patrol


Saturday, September 2, 2017

Тамын Марафон

Тэгэхээр, энд 1904 онд зохиогдсон Сэйнт Лоуисын Олимпын Марафон Гүйлтийн талаар өгүүлэх болно. Харамсалтай нь энэ бол кино зохиол биш, харин энэ явдал үнэнгээсээ болж өнгөрсөн юм. Надад итгээрэй, тэнд үнэхээр ГАМШИГ болсон! Зүгээр л уншаад үз гэмээр байна ... Ок, ингээд нийтлэлээ олон долоон үггүйгээр шууд эхлүүлье.

Юун түрүүнд бүгдээрээ өөрсдийн эхний баатар болох Кубын шууданч Феликс Карвахальтай танилцацгаая. Хаа холын Кубаас АНУ~ын Сэйнт Лоуис хотыг зорин ирсэн тэрбээр замынхаа сүүлийн 650 милийг "явган" туулахад хүржээ. Тэр замын унаанд дайгдаж, галт тэргэнд хулгайгаар сууж, уул толгод өөд мацаж байлаа. Учир нь Сэйнт Лоуис руу ирэх замдаа ноён Карвахаль Нью Орлеанс хотоор дайрч өнгөрсөн ба тэнд хамаг байдаг мөнгөө мөрийтэй тоглоомонд алдаж орхисонтой холбоотой. Засгийн газрынх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлээгүйн улмаас Олимпын тэмцээнд оролцох зардлаа тэр хандив цуглуулан байж босгосон юм шүү дээ, бүр Кубыг хөндлөн гулд туулж, нийтдээ 700 миль буюу 1126 орчим км газар гүйснийхээ ачаар!

Олимпын Марафон гүйлт ойролцоогоор 15:00 цагт эхэлсэн бөгөөд гадаа Фаренгейтийн 90 хэм буюу бидний хэмжээсээр бол 32 градус цельсийн халуун байлаа. Харин Бостоны Марафон гүйлтийн аварга Жон Лордан гараанаас гараад ердөө 2 блок газар гүйв үү, үгүй юу бөөлжиж эхэлжээ! Ер нь бол Марафон гүйлтэнд тохирсон стандарт температур гэж байдаг, мэдээж хэрэг. Энэ нь Фаренгейтийн 45~с 50 буюу 7~с 10 градус цельс байх ёстой аж. Тэгвэл дээд хязгаар нь 21 градус. Гэтэл тэнд 32 градус байсан шүү дээ ... зөвхөн сүүдэрлэгдсэн газруудад. Харин нартай хэсгүүдэд нь ойролцоогоор 37~с 40 байсан гээд бод доо! Ийнхүү гүйлтийн аваргыг наранд цохиулан унаж байх хооронд манай Кубын шууданч Карвахаль дэргэдүүр нь салхи татуулан гүйж одсон нь лавтай. Тийм ээ, тэр эцсийн мөчид энд ирж амжсан байлаа! Гэвч зориулалтын өмсгөл байгаагүйн улмаас өмдөө хайчилж, шорт шиг болгосон байна.

Бидний баатар Феликс Карвахаль гэгээн дүрээрээ.
Тэнд байсан цорын ганц асуудал температур байсангүй. Мөн усны нөөц байлаа. Марафоныг зохион байгуулагчдын зүгээс замын дунд хэсэгт буюу 12 дахь миль орчимд ердөө ганц л худгийг байрлуулсан байна. Тэгээд үлдсэн 13 милийг гүйгчид ямар ч усгүйгээр худаг хүртэл гүйж ирсэн шигээ адил дусал ч усгүйгээр туулахаас өөр арга байсангүй. Итгэж байна уу?! Тэнд ердөө ганцхан худаг л байсан ...

Харин замын 19 дэх миль хэсэгт Америкын гүйгч Виллъяам Гарсиа цусаар ханиалгаж эхэлжээ! Хэрэв дэргэдүүр нь машин явж өнгөрөөгүй бол тэр тэндээ хэвтсээр, удалгүй үхэхээр байсан юм! Наранд цохиулснаас, аль эсвэл шингэний дутагдалд орсноос болсонгүй. Тэгэхээр шалтгаан нь юу байсан байж таарах вэ? Гүйгчдийн гүйж явсан замаар тэдний дасгалжуулагчид болон Олимпын мэргэжилтнүүдийн сууж явсан машинууд давхилдаж байсан нь гүйгчдэд хангалттай хэмжээний орон зайг олгохгүй байсан гэдэг. Мөн машинаас үүдэлтэй боссон замын тоос шороонууд гүйгчдийн үзэгдэх орчныг халхалж байсан байна. Тэгэхээр ... үгүй ээ, энэ таны бодож байгаа шиг автомашины осол байгаагүй. Виллъяам Гарсиа асфальтан зам дээгүүр биш багадаа л гэхэд 1 инч орчим зузаан шороонд хучигдсан зам дээгүүр гүйж явсан ба түрүүн хэлсэн шиг машинуудын босгосон тоос шороог их хэмжээгээр амьсгалж байснаас болоод гэдэсний мембранууд нь гэмтэж, дотуур цус алдаж эхэлжээ.

Бас болоогүй, замын тоос тортоггүй хэсгүүд нь ихэнхидээ хайрга, чулуунуудаас бүтсэн байсан нь зарим нэг гүйгчдэд нэмэлт сорилт болж байв. Учир нь гүйлтэнд оролцсон бүх тамирчдыг гуталтай байсан гэж та бодож байна уу? Үгүй ээ. Цвана омгийн төлөөллүүд болох Лен Тауниане болон Жан Машиани нар нь Олимпын наадамд оролцсон анхны Африк гаралтай тамирчид байсан юм. Тэд гуталгүй байлаа. Гэхдээ, эхлээд тэдний талаар ярихаасаа өмнө өөр нэг зүйлийн талаар ярих хэрэгтэй ...

[Цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн дараах хэсгийг заавал уншихгүй байсан ч болно, магадгүй таныг уйдааж мэдэх юм ... ]

1904 оны Олимп уг нь Чикаго хотод зохиогдох ёстой байсан аж. Харин 1903 онд Лоуизиана мужийг Француудаас худалдаж авсны 100 жилийн ойн баяр тохиосон ба тэд үүнийг Олон Улсын Үзэсгэлэн Яармагтай хослуулан тэмдэглэхээр 1904 оныг хүртэл хойшлуулж л дээ. Тэгэхээр, Олимп, Олон Улсын Үзэсгэлэн Яармаг ... энэхүү хоёр арга хэмжээ нь нэгэн зэрэг, ойролцоох хотуудад зохиогдохоор болсон юм. Тийм учраас энэ нь үзэгчдийн тоог талцуулан хуваах эрсдэлтэй тулгарсан байна. Ингээд улстөрчдийг хахуульдсаны ачаар Сэйнт Лоуис хотынхон Олимпын наадмыг зохиох эрхийг Чикагочуудаас булааж дөнгөжээ. Гэвч тэд Олимпын наадмыг өөрсдийн World's Fair үзэсгэлэн яармагтай эн тэнцүү авч үзээгүй тул 1904 оны Олимпын наадам цар хүрээ муутай болж өнгөрсөн юм. Тэгээд ч тэр үед дэгдээд байсан Орос, Японы хоорондох дайны улмаас Европын ихэнхи улс орнууд өөрсдийн тамирчдаа илгээгүй байна. Мэдээж хэрэг Сэйнт Лоуисчууд өөрсдийнхөө баяр наадмыг илүү сүр дуулиантай тэмдэглэсэн нь лавтай. Ерөнхийдөө бол цэвэр империализм болон расизмыг хөхүүлэн дэмжсэн арга хэмжээ байсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ер нь л дэлхий нийтээр Сэйнт Лоуисын Олимпын наадмыг тийм ч их ойшоохгүй байсны дээр бүр Олимпын Хорооны ерөнхийлөгч нь хүртэл тэнд очоогүй гээд бод доо? Тэгээд ердөө 14 орон л Америк руу өөрсдийн тамирчдаа илгээжээ. Тиймээс тэдэнд оролцогчид юу юунаас илүү хэрэгтэй байлаа. Ингээд Хоёрдугаар Боерын Дайны ахмад дайчид болох Тауниане, Машиани нарыг тэд тэмцээнд оролцуулсан байна, шууд Үзэсгэлэн Яармаг дээрээс.

Тауниане 9~р байранд орсон бол Машиани 20~р байранд орсон байна. Хар арьстнууд хурдан гүйдэг шүү дээ гэж үү? Машианид ямар чөтгөр нь тохиолдсоныг мэдэхгүй ч Таунианег илүү өндөр амжилтыг үзүүлж чадах байсан гэдэгт би итгэдэг ... хэрэв гүйх замдаа зэрлэг нохдод хөөгдөж 2 миль замаасаа хазайсныг эс тооцвол шүү дээ, lol. Ингэхэд, түүнийг хөл нүцгэн байсан гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.


Тэгэхээр, тэнд чухам болж өнгөрөв? 40 градусын халуун, усны хангалтгүй нөөц, хүнийг бараг үхэлд хүргэх шахсан тоос шороо ихтэй замууд, зэрлэг ноход ... Гэхдээ, бүх зүйл ингээд дууссангүй ээ.

Одоо эргээд Кубын шууданч, хайрт Феликс Карвахалийнхаа талаар дахин ярихыг минь зөвшөөрвөл, түүнд урьд өмнө гүйлтийн тэмцээнд оролцож байсан туршлага үнэндээ байсангүй. Мөн тэмцээний үеэр замдаа орон нутгийн иргэдтэй танилцаж, машинаас нь тоор жимс хулгайлж идсэн нь хангалттай байсангүй. Учир нь тэр бараг л сүүлийн 48 цагийн туршид юм идээгүй явсан ба ходоод нь хонхолзохын эрхэнд замын дэргэдэх талбайгаас алим хулгайлж идсэн нь гай таарч, муудсан алим байж таарав. Мэдээж хэрэг гэдэс нь өвдсөн. Карвахаль тэгээд хэсэг зуур дуг хийчихжээ. Дараа нь нойрноосоо сэрээд, цааш үргэлжлүүлэн гүйсээр 4~р байранд орсон юм даа!

Одоо энэхүү артиклын маань хамгийн ГАЛЗУУ хэсэг нь эхлэх гэж байна!

Усны хангамж хангалттай байгаагүйн улмаас маш олон гүйгчдийн хөлийн булчин татаж байлаа. Фред Лорз тэдний нэг нь байсан юм. Тэр замын 9 дэх милиэс замын унаанд суучихжээ. Тэгээд гэртээ харихаар явсан байна. Хаха, итгэж байна уу? Харин энэ мөчид 16 дахь миль хэсэгт бидний хоёр дахь баатар Томас Хикс бусдаасаа илт тасран гүйж явлаа. Гэвч түүний хоолой ам нь хатаж, цааш гүйхэд улам хүндрэлтэй болж байсан ба доош гулдайн унахад юу юугүй бэлэн болоод байв. Мөн түүний ард дасгалжуулагч нарынх нь сууж явсан машин түүнийг дагаж явсан юм.

Томас Хикс ус өгөхийг хүссэн ч дасгалжуулагч Люкас нь татгалзсан хэвээр л байлаа. Тийм ээ, тэр жинхэнэ эргүү өгзөг байсан! Оронд нь парлонд шингээсэн уснаас аманд нь бага зэрэг хийж, толгой дээр нь шавшиж байв. Тэгээд тэр Хиксд өндөгний цагаан өгсөн бөгөөд араас нь ... хархны хор уулгасан юм!! Ммхм, та зөв уншсан. Хархны хор! Удалгүй 0.016 гран strychnine~ий сулфатыг өгсөн байна! Strychnine бол нитрогенийг агуулсан маш хүчтэй хор бүхий органик нэгдэл бөгөөд тунг нь хэтрүүлбэл үхэх аюулд хүргэдэг ч тохируулж хэрэглэвэл сэргээшийн үүргийг гүйцэтгэж болдог байх нь, гэхдээ л хүний биед хортой.

Харин энэ үед Фред Лорзын суусан машин альхэдийнэ 10 миль замыг туулаад байлаа. Гэвч машин нь замдаа эвдэрч орхижээ. Гадаа халуунд, тусламж ирэхийг хүлээж суух нь түүнд утгагүй хэрэг мэт санагдав. Тэгээд ч бие нь дээрдэж эхэлсэн тул эргээд тэмцээндээ оролцохоор шийдсэн байна.

Энэ үед 20 миль хэсэгт Томас Хикс маань бахардаж унасан байлаа. Дасгалжуулагч нь түүнд дахиад strychnine өгч, хэд хэдэн өндөг идүүлжээ. Бас болоогүй, Люкас дээр нь нэмээд түүнд Бренди дарс уулгасан байна. Хархны хор, түүхий өндөг, Бренди дарс ... заримдаа толгой дээр нь парлонтой ус асгаж байсан ч Хиксийг ус уухыг нь тэр зөвшөөрөөгүй юм! Хөөрхий Хикс гуйсаар л байлаа, амармаар байна гэж. Гэвч Люкас түүнийг цааш гүйхийг ятгасаар л байв. Энэ мөчид тэдний дэргэдүүр Фред Лорз чавхдаад өнгөрчээ. Үүнийг харсан Хикс бууж өгч, доош гулдайн уналаа. Харин Лорзыг булхайцсан гэдгийг дасгалжуулагч нар нь мэдэж байлаа. Энэ нь Хикст шинэ итгэл найдварыг төрүүлсэн юм. Гэвч Хиксийн царай нь цонхийн цайж, нүд нь сүүмэлзэж, гар нь биеийнхээ дэргэдүүр сул унжиж, хоёр хөлөө арай ядан өргөж байсан гэдэг. Харин хоёр доз strychnine~ий дараагаар Хикс хөл дээрээ босч дөнгөжээ! Түүнд уулгаж байсан Бренди лонхны ёроол нь гарсан тул тэд хөндлөнгийн үзэгчдээс дахиад нэг шил Бренди авсан байна. Хикс үнэхээр тэсэхээ больж эхэллээ! Удалгүй нүдэнд нь хий юм харагдаж эхэлсэн ба дасгалжуулагчаасаа хоол, болон ус өгөхийг хүссээр л байлаа. Мэдээж хэрэг тэд түүнд хүссэн юмыг нь өгсөнгүй ... муу эргүү өгзөгнүүд. Тэгээд Люкас, мөн өөр нэг дасгалжуулагч болох МкГратын хамтаар түүнийг түшиж явсан ба бариа руу дөхөж явахдаа тэд Олимпын хорооны мэргэжилтнүүдийг Фред Лорз~д цом гардуулахаар зэхэж байгааг олж харжээ!

Мэдээж хэрэг тэр үед радио, ТВ зэрэг зүйлс байсангүй. Үзэгчид стадионоос тамирчдыг гарч гүйхийг нь хараад, 3 цаг 30 минутын дараа тэднийг нөгөө талаас эргэж ирж, барианд орцгоохыг нь л харж сууцгаасан юм. Харин барианд орсон эхний хүн мэдээж хэрэг Фред Лорз байлаа. Түүнийг хараад үзэгчид бөөн баяр болсон нь тодорхой. Хиксийн багийнхныг стадионд ирэх хүртэл Лорз ялагчийн дүр эсгэж байсан юм. Бас нэгэн эргүү өгзөг! Тэгээд сая л нэг юм, булхайцсан тухайгаа хүлээн зөвшөөрчээ. Тэр үзэгчдийг дөнгөсөн байна. Энэ нь хөгжилтэй байх болно гэж тэр бодож л дээ. Лав л ингэж тайлбарласан байдаг, гэхдээ л хялбар аргаар ялагч болохыг хүсч байсан гэдэгт би эргэлзэхгүй байна ... хмм. Үүнээс болоод Лорз бүх насаараа гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ хасуулсан боловч хэдэн сарын дараагаар цуцлагдсан төдийгүй 1905 онд тэрбээр Бостоны Марафон Гүйлтийн ялагч болсон билээ.

Ингээд Олимпын хорооныхон ялагчийн цомыг бараг л үхэх дөхсөн, мөн хархны хор ууж, Бренди дарсанд согтож, тэгээд юу болоод байгааг ч мэдэлгүйгээр хагас солиорлын байдалтай гүйж явсан Хиксд гардуулахаар болжээ. Хөөрхий Томас Хикс, тэр барианы шугамыг давмагцаа л менежерийнхээ гар дээр бахардан унасан байна. Түүнд цомоо гардаж авах ч тэнхэл байсангүй. Тэд түүнийг машинд суулгаад, эмнэлэг рүү шууд хүргэжээ. Томас Хикс нийтдээ 3 цаг 28 минут, 53 секунд гүйх явцдаа 8 паунд буюу 3.6 кг жин хассан байдаг!

Томас Хикс дасгалжуулагч нарынхаа хамт.
Одоо артиклаа төгсгөхөөс өмнө түрүүн бичиж байсан цэвэр усны нөөцийн талаар нэг зүйлийг бичье. Ингэхэд, яагаад тэнд ердөө ганцхан усны нөөц байсныг мэдэж байна уу? Хожим нь АНУ~ын Олимпын Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Жэймс Эдвард Салливан, энэ эрхэм тэнд тамирчдыг усгүйгээр хэр хол замыг туулах чадвартайг нь судлахаар туршилт хийсэн байдаг ... үүнд итгэж байна уу?! Марафонд оролцсон тамирчид өөрсдийгөө лабораторийн харх болж байгаагаа ч мэдэлгүй гүйцгээж байсан юм ...

Өө тийм, манай Феликс Карвахаль яасан бол оо гэж үү? Засгийн газрынх нь зүгээс түүний энэ амжилтыг үнэлж, Грекийн Афин хотноо зохиогдсон дараагийн Марафон тэмцээнийг нь санхүүжүүлсэн байна. Гэвч тэрбээр Италид буумагцаа сураггүй алга болчихсон байна. Мэдээж хэрэг Олимпын тэмцээнд оролцоогүй. Куба орон даяар түүнийг үхсэн хэмээн бодож байлаа. Харин тэр жилийн дараа Хавана хотноо Испаний уурын хөлөг онгоцоор ирсэн байдаг, ичгүүргүйгээр. Тэгээд тэр мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн ба 1907 онд Америкын холын зайн гүйлтийн тамирчин Хенри В. Шелтонтой хийсэн 6 цагийн гүйлтийн тэмцээнд ялалт байгуулжээ.