Monday, October 7, 2013

eBay дээрх сүнстэй зураг.

2000 оны 2-р сард  eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг. Түүнчлэн үүнийг жинхэнэ түүх байсан гэж үзэх хүмүүс одоог хэр нь байхад ердөө маркетингийн сурталчилгаа байсан гэж дүгнэх өөр бусад хүмүүс ч бас байсаар л байна. Гэхдээ үнэн худлыг ялгах эрхийг таны гарт үлдээе. 251789217 - энэ бол eBay дээрх уг зурагны дугаар юм. Хэдий тийм ч интернет хэрэглэгчдийн дунд 'eBay дээрх хараалтай/сүнстэй зураг' гэдэг нэрээрээ алдаршсан билээ.

Ингээд eBay дээрх уг зурагны тайлбарыг танд бүрэн эхээр нь хүргье :

Анх авч байх үедээ бид уг зургийг маш сайн зураг байна л гэж бодсон. Бас энэ зургийг ажиллахаа болиод удаж буй хуучин шар айрагны үйлдвэрээс олсон гэж 'олсон хүн' нь хэлж байсан юм. Тэгээд яагаад ийм сайн зургийг хэн тийм газарт тэгж хаядаг байнаа гээд бид их гайхацгааж байлаа. (Харин өнөөдөр бол тийм биш!!!) Нэгэн өглөө манай 4 нас 6 сартай охин маань бидэнд уг зурган доторх хүүхдүүд хоорондоо зодолдсон, тэгээд шөнө зурагнаасаа гарч ирж өрөөн дотуур алхсан гэж хэлсэн юм. Иймэрхүү зүйлст би итгэдэг хүн биш байсан л даа. Харин нөхөр маань энэ бүхнийг жаахан хүндхэн хүлээж авсан. Тэгээд тэр камер бэлтгээд тэрхүү зургийг шөнөжин ажиглаж, бичлэг хийсэн юм. Мөн бид уг зурагтай холбоотой хэд хэдэн гэрэл зурагнуудыг тайлбарт хавсаргасан байгаа.

Тэгээд, зурган дээрх хүүгийн байр байдал үнэхээр онцгүй болж ирсэн тул уг зургийг бид даруйхан худалдахаар шийдсэн юм. Хэрхэх эсэхийг та нар өөрсдөө л шийдэцгээ. - Гэхдээ юун түрүүнд та дараах анхааруулгыг уншина уу.  - Анхааруулга : Хэрвээ та зүрхний өвчтэй бөгөөд эмзэг мэдрэмтгий бол, мөн иймэрхүү ер бусын үзэгдлүүдэд танил дасал болоогүй бол уг зурган дээр үнэ хаялцах гэсний хэрэггүй. Харин зургийг худалдан авсны дараагаар тохиолдож мэдэх элдвийн үйл явдлуудад худалдагсдын зүгээс хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ бүхэн уг зурагтай холбоотой болохыг анхаарна уу. Мөн уг зураг нь өөртөө далдын хүчийг агуулж байж болох ч, эсвэл үгүй байлаа ч энэ нь таны амьдралд нөлөөлж болохыг бас анхаарна уу. Үнэхээр уг зурагны талаарх анхааруулга болон мэдээнд хавсаргасан сүүлийн хоёр зургийг тоолгүйгээр уг зургийг уран бүтээл талаас нь үнэ хаялцан худалдаж авахаар шийдсэн бол худалдагсдын зүгээс хожим гарч болох элдвийн үр дагаварт хариуцлага хүлээхгүй гэдгийг дахин мэдэгдье. - Энэ бол зөвхөн таны л мэдэх хэрэг. Одоо eBay-чид та бүхнээс асуух ганцхан асуулт байна. Уг зургийг гэрээсээ гаргасантай холбогдуулаад бид байшингаа ариутгамаар байна. Иймэрхүү зан үйл хийдэг хэн нэгнийг мэдэхгүй биз?

Тэнд ингэж бичсэн байлаа. Удалгүй бас доорх тайлбарыг нэмж бичсэн нь үнэхээр хачирхалтай. Зураг нь ашиг олох хандлагатай болоод ирсэн тул ингэв үү, аль эсвэл анхнаасаа тэдний төлөвлөсөн өнөөх 'маркетингийн сурталчилгаа' нь амжилттай болсон болохоор тэгж бичив үү?

Зургийн хэмжээ 24-ийг харьцах нь 36 инч, их том гэсэн үг.  Мөн сонирхож байгаа хүмүүсийн асуултанд хариулахад, өрөөнд маань ямар нэгэн хачирхалтай зүйлс тохиолдож байгаагүйэ, ямар ч дуу чимээ гарч, дарийн үнэр үнэртээгүй. Ханан дээр гутлын мөр юмуу эсвэл хачин дүрснүүд ч бас үзэгдээгүй. Энэ чиглэлд ерөнхийд нь хариулт өгөхөд энэ ертөнц дээр сүнс гэж байхгүй, ямар ч далдын хүч гэж байхгүй. Энэ чинь ердөө л уран зураг шүүдээ, харин гэрэл зурагны тухайд гэвэл гэрлийн нөлөөнөөс болж тэгж авагдсан байх. Сүүлийн хоёр зургийг та тоох хэрэггүй шүү. 

eBay дээрх эх сурвалж 
[Зурагнуудыг нь би мэдээндээ хавсаргасан байгаа.]

Мөн уг зургийн доор тэд өөрсдийн авсан 8 гэрэл зургийг хавсаргасан байлаа. Зургийн гол хэсэгт 5 юмуу 6 орчим насны жаалхүү зогсох агаад урагш тэр хөмсөг зангидан ширтэх аж. Өмссөн хувцасных нь тухайд гэвэл 20-р зууны дунд орчим үед тэр үеийн хөвгүүдийн өмсдөг байсантай ижилхэн хувцас байлаа : цэнхэр футболка, ногоон шорт, богино оймс бас гутал. Толгойн хэлбэр нь ерөнхийдөө дөрвөлжин бөгөөд шаргал өнгийн үстэй уг хүүгийн төрх яг л харь гаригийнхныг санагдуулах аж. Ууртай бөгөөд дүнсгэр харцаар хөмсөг зангидан ширтэх тэрбээр яг л, 'Чи энд байх ёсгүй' гэж хэлээд ч байгаа юм шиг. Зураач нь иймэрхүү сэтгэгдлийг хүмүүст төрүүлэх гэсэн байж болох юм.


Харин түүний баруун гар талд нь хүн шиг хэмжээтэй хүүхэлдэй зогсож байна. Хөх өнгийн даашинзтай уг хүүхэлдэйн хоёр нүдний оронд онгойн харлах нүхнүүд үзэгдэх бөгөөд ам нь хаалттай харагдах (эсвэл бага зэрэг нээлттэй) аж. Мөн гартаа тэр ямар нэгэн төрлийн лонх гэмээр зүйлийг барьжээ. Үзүүр хэсэгтээ цахилгаан дамжуулах утаснуудтай ба магадгүй энэ нь томоохон хэмжээний баттерэй байж болох талтай.

Тэдний ард буй шилэн цонхтой хаалганы цаадах орчин харанхуй байгааг та харж байгаа байх. Мөн харанхуйгаас цухуйх тэдгээр олон гарнуудын зарим нь том байхад, зарим нэг нь жижигхэн байна. Гэхдээ тэдний аль нь ч хүү болон хүүхэлдэйн хоёроос дээш гараагүй байхыг бодоход зураач уг зурагтаа хүүхдүүдийн гарыг дүрсэлсэн байж болох юм.

Эдгээр 8 зурагны 4 дээр нь жаалхүү хийгээд хүүхэлдэй хоёрын зургийг тун ойроос авч үзүүлжээ. Cүүлийн хоёр зурагны тухайд гэвэл motion-triggered камерын тусламжтайгаар авсан байна. Гэхдээ өдрийн цагаар авснаас арай өөр харагдаж байгаа биз. Зургийг авах үед жаалхүү гэрэлд өртсөн бол, харин хүүхэлдэй сүүдэр хэсэгт халхлагдсан байна. Гэхдээ ам нь нээгдсэн байгааг та харж болно!




Харин уг зураг сайтад тавигдсаны дараахан зургийг үзэж сонирхсон хүмүүсийн дунд хачирхалтай зүйлс олон тохиолдож эхэлсэн байна. Нүүр ам нь халуу оргиж, даралт нь ихэсч, толгой нь эргэж, ухаан санаа нь самуурцгаахаас эхлээд тэр бүү хэл элдэв янзын дуу чимээг олж сонссон гэнэ шүү. Миссиссипи мужид амьдардаг уугуул Америкын нэгэн иргэн, өөрийгөө зөн билэгч гэж нэрлэсэн хүн уг зурган дотор чөтгөр байгаа болохыг мөн мэдэгджээ. Тэгээд тэрбээр веб хөтчөөр дамжуулж уг зургийг үзсэнийхээ дараагаар цагаан бургас шатааж, гэрээ ариутгасан гэдэг.

Зурган дээр нийтдээ арван гурван мянга орчим хүн үнэ хаялцсан ба нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм (eBay дээрх Login нэр нь ionia7) уг зургийг $1025 америк доллараар худалдан авжээ. Түүний хэлж буйгаар бол тэрээр уг зурагны талаарх элдвийн яриаг тоогоогүй бөгөөд өндөр үнээр эргүүлж зарахын тулд худалдаж авсан гэнэ. Мөн тэрээр уг зургийг 1965-с 1975 оны хооронд зурагдсан гэж үзсэн бөгөөд зурагны нэрийг 'The Hands Resist Him' болохыг мэдэгджээ. Ямартай ч одоогийн эзэн нь уг зурагны талаар элдэв мэдээлэл хийхээс татгалзаж байгаагаас гадна ямар нэгэн ер бусын үзэгдлийн гэрч болоогүй гэдгээ хэлсэн байдаг аж.

Гэхдээ л уг зургийг үзэж суусан хүмүүст яг л халуун зуухны урд сууж буй гэлтэй нүүрээр нь халуу оргих, даралт нь ихсэх, чих шуугих, тэр бүү хэл элдэв янзын зүйлсийг олж сонсох зэрэг итгэмээргүй явдлууд тохиолдож эхэлсэн байна.

Тухайлбал, уг зургийг үзэж суусан хоёр найзын бие гэнэт тавгүйрхэж энэ бүгдийг зүгээр болох хүртэл уйлж суусан гэдгээ сэтгэгдэл дээр бичиж үлдээжээ.

Уг зургийг татаж аваад шинэ Epson принтерээр хэвлэх гэсэн боловч хэвлэгч машин нь цаасаа зажилсан хэрэг бас гаржээ.

Харин өнөөх уугуул америк эрийн хэлж буйгаар уг зургийг жаахан хүүхдүүдэд үзүүлж хэрхэвч болохгүй гэнэ.

Өөр нэгний баталж буйгаар зурагнууд шөнө үдэш амь орж хөдөлдөг гэх бөгөөд заримдаа тэр зурагнаасаа гарч өрөөн дотуур сэлгүүцдэг гэсэн байна.

Мөн бусад хүмүүсийн хэлснээр бол зурган дээрх охины гарт байгаа зүйл нь гар буу болж хувирдаг ба жаалхүүг тэр сүрдүүлдэг гэжээ. Энэ нь тэгээд зурган дээрх жаалхүүг зурган дотроосоо гарч явахад хүргэдэг аж.

Энэ мэт олон хачирхалтай явдлууд гарч байсан байна. 
________________________________________________________________

Хэрэг дээрээ уг зургийг Bill Stoneham гэгч Калифорни мужийн Оакландын нэгэн зураач 1972 онд зурсан байна. Зурган дээрх жаалхүүг тэрбээр өөрийн 5 настай байх үеийн төрхнөөс сэдэвлэж зурсан бөгөөд хаалгаар зүүд болон бодит ертөнцийн хоорондын хил хязгаарыг дүрсэлжээ. Харин хүүхэлдэйн охин түүнийг хоёр ертөнцийн хооронд зуучилж өгдөг байх нь.

Мөн Биллийн хэлснээр бол зургийг анх олонд танилцуулсан Беверли Хиллс дэх Фэингартен Галлерийн эзэн мөн уг шоуг дүгнэж байсан Лос Аннжелес Таймс сонины сэтгүүлч хоёр жилийн дотор өөд болсон гэдэг. Анх уг зургийг жүжигчин Жон Марлэй худалдаж авсан бөгөөд түүнийг нас барсны дараагаар уг зураг яаж яваад хуучин шар айрагны үйлдвэрт явж очсоныг мэдэх хүн өнөөг хир нь байхгүй байгаа юм.


Жич : Юмыг яаж мэдэхэв, уг зурагруу удаан ширтэхгүй байхыг хүсье. Мөн татаж авах гэсний хэрэггүй байх. Тэгээд бас, уг мэдээг уншсаныхаа дараагаар веб хөтчийнхөө History-г цэвэрлээрэй.

Эх сурвалж : http://en.wikipedia.org/wiki/The_Hands_Resist_Him
http://www.stonehamstudios.com/haunted.html
http://www.spokesmanreview.com/news-story.asp?date=103102&ID=s1244540
http://www.castleofspirits.com/hauntedpainting.html

7 comments:

  1. Ёооо бүр дотор эвгүйрчихлээ, та энийг өмнөх блогтоо бас нийтлэж байлуу ?

    ReplyDelete
  2. тх өмнөх дээр байсаншдээ

    ReplyDelete
  3. гайгүй л бна

    ReplyDelete
  4. эхлээд уншихад жаахан дотор эвгүй мэдрэмж төрсөн боловч, хамгийн сүүлд бүтэн зургийг хэсэг ажиглаад арай тайвширлаа. Ямар нэгэн онцгой юм юу ч алга, зөвхөн уг зураачын дотоод айдас болон сэтгэлийн гүн зөрчил харагдаж байна. Энэ бол цэвэр уг зураачын дотоод мэдрэмжийн илрэл гэж бодож байна. Зураачын бага насны түүхийг олж мэдмээр санагдаж байна.

    ReplyDelete
  5. Энэ зураглуу сарын өмнө хоер минут орчим ширтэж үзсэн яг тэгэн үзсэн бол цаанаа байгаа гарууд цөөрөхийг та нар ажиглах байх

    ReplyDelete
  6. Энэ зураглуу сарын өмнө хоер минут орчим ширтэж үзсэн яг тэгэн үзсэн бол цаанаа байгаа гарууд цөөрөхийг та нар ажиглах байх

    ReplyDelete
  7. https://www.stonehamstudios.com/haunted

    ReplyDelete