Saturday, September 2, 2017

Тамын Марафон

Тэгэхээр, энд 1904 онд зохиогдсон Сэйнт Лоуисын Олимпын Марафон Гүйлтийн талаар өгүүлэх болно. Харамсалтай нь энэ бол кино зохиол биш, харин энэ явдал үнэнгээсээ болж өнгөрсөн юм. Надад итгээрэй, тэнд үнэхээр ГАМШИГ болсон! Зүгээр л уншаад үз гэмээр байна ... Ок, ингээд нийтлэлээ олон долоон үггүйгээр шууд эхлүүлье.

Юун түрүүнд бүгдээрээ өөрсдийн эхний баатар болох Кубын шууданч Феликс Карвахальтай танилцацгаая. Хаа холын Кубаас АНУ~ын Сэйнт Лоуис хотыг зорин ирсэн тэрбээр замынхаа сүүлийн 650 милийг "явган" туулахад хүржээ. Тэр замын унаанд дайгдаж, галт тэргэнд хулгайгаар сууж, уул толгод өөд мацаж байлаа. Учир нь Сэйнт Лоуис руу ирэх замдаа ноён Карвахаль Нью Орлеанс хотоор дайрч өнгөрсөн ба тэнд хамаг байдаг мөнгөө мөрийтэй тоглоомонд алдаж орхисонтой холбоотой. Засгийн газрынх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлээгүйн улмаас Олимпын тэмцээнд оролцох зардлаа тэр хандив цуглуулан байж босгосон юм шүү дээ, бүр Кубыг хөндлөн гулд туулж, нийтдээ 700 миль буюу 1126 орчим км газар гүйснийхээ ачаар!

Олимпын Марафон гүйлт ойролцоогоор 15:00 цагт эхэлсэн бөгөөд гадаа Фаренгейтийн 90 хэм буюу бидний хэмжээсээр бол 32 градус цельсийн халуун байлаа. Харин Бостоны Марафон гүйлтийн аварга Жон Лордан гараанаас гараад ердөө 2 блок газар гүйв үү, үгүй юу бөөлжиж эхэлжээ! Ер нь бол Марафон гүйлтэнд тохирсон стандарт температур гэж байдаг, мэдээж хэрэг. Энэ нь Фаренгейтийн 45~с 50 буюу 7~с 10 градус цельс байх ёстой аж. Тэгвэл дээд хязгаар нь 21 градус. Гэтэл тэнд 32 градус байсан шүү дээ ... зөвхөн сүүдэрлэгдсэн газруудад. Харин нартай хэсгүүдэд нь ойролцоогоор 37~с 40 байсан гээд бод доо! Ийнхүү гүйлтийн аваргыг наранд цохиулан унаж байх хооронд манай Кубын шууданч Карвахаль дэргэдүүр нь салхи татуулан гүйж одсон нь лавтай. Тийм ээ, тэр эцсийн мөчид энд ирж амжсан байлаа! Гэвч зориулалтын өмсгөл байгаагүйн улмаас өмдөө хайчилж, шорт шиг болгосон байна.

Бидний баатар Феликс Карвахаль гэгээн дүрээрээ.
Тэнд байсан цорын ганц асуудал температур байсангүй. Мөн усны нөөц байлаа. Марафоныг зохион байгуулагчдын зүгээс замын дунд хэсэгт буюу 12 дахь миль орчимд ердөө ганц л худгийг байрлуулсан байна. Тэгээд үлдсэн 13 милийг гүйгчид ямар ч усгүйгээр худаг хүртэл гүйж ирсэн шигээ адил дусал ч усгүйгээр туулахаас өөр арга байсангүй. Итгэж байна уу?! Тэнд ердөө ганцхан худаг л байсан ...

Харин замын 19 дэх миль хэсэгт Америкын гүйгч Виллъяам Гарсиа цусаар ханиалгаж эхэлжээ! Хэрэв дэргэдүүр нь машин явж өнгөрөөгүй бол тэр тэндээ хэвтсээр, удалгүй үхэхээр байсан юм! Наранд цохиулснаас, аль эсвэл шингэний дутагдалд орсноос болсонгүй. Тэгэхээр шалтгаан нь юу байсан байж таарах вэ? Гүйгчдийн гүйж явсан замаар тэдний дасгалжуулагчид болон Олимпын мэргэжилтнүүдийн сууж явсан машинууд давхилдаж байсан нь гүйгчдэд хангалттай хэмжээний орон зайг олгохгүй байсан гэдэг. Мөн машинаас үүдэлтэй боссон замын тоос шороонууд гүйгчдийн үзэгдэх орчныг халхалж байсан байна. Тэгэхээр ... үгүй ээ, энэ таны бодож байгаа шиг автомашины осол байгаагүй. Виллъяам Гарсиа асфальтан зам дээгүүр биш багадаа л гэхэд 1 инч орчим зузаан шороонд хучигдсан зам дээгүүр гүйж явсан ба түрүүн хэлсэн шиг машинуудын босгосон тоос шороог их хэмжээгээр амьсгалж байснаас болоод гэдэсний мембранууд нь гэмтэж, дотуур цус алдаж эхэлжээ.

Бас болоогүй, замын тоос тортоггүй хэсгүүд нь ихэнхидээ хайрга, чулуунуудаас бүтсэн байсан нь зарим нэг гүйгчдэд нэмэлт сорилт болж байв. Учир нь гүйлтэнд оролцсон бүх тамирчдыг гуталтай байсан гэж та бодож байна уу? Үгүй ээ. Цвана омгийн төлөөллүүд болох Лен Тауниане болон Жан Машиани нар нь Олимпын наадамд оролцсон анхны Африк гаралтай тамирчид байсан юм. Тэд гуталгүй байлаа. Гэхдээ, эхлээд тэдний талаар ярихаасаа өмнө өөр нэг зүйлийн талаар ярих хэрэгтэй ...

[Цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн дараах хэсгийг заавал уншихгүй байсан ч болно, магадгүй таныг уйдааж мэдэх юм ... ]

1904 оны Олимп уг нь Чикаго хотод зохиогдох ёстой байсан аж. Харин 1903 онд Лоуизиана мужийг Француудаас худалдаж авсны 100 жилийн ойн баяр тохиосон ба тэд үүнийг Олон Улсын Үзэсгэлэн Яармагтай хослуулан тэмдэглэхээр 1904 оныг хүртэл хойшлуулж л дээ. Тэгэхээр, Олимп, Олон Улсын Үзэсгэлэн Яармаг ... энэхүү хоёр арга хэмжээ нь нэгэн зэрэг, ойролцоох хотуудад зохиогдохоор болсон юм. Тийм учраас энэ нь үзэгчдийн тоог талцуулан хуваах эрсдэлтэй тулгарсан байна. Ингээд улстөрчдийг хахуульдсаны ачаар Сэйнт Лоуис хотынхон Олимпын наадмыг зохиох эрхийг Чикагочуудаас булааж дөнгөжээ. Гэвч тэд Олимпын наадмыг өөрсдийн World's Fair үзэсгэлэн яармагтай эн тэнцүү авч үзээгүй тул 1904 оны Олимпын наадам цар хүрээ муутай болж өнгөрсөн юм. Тэгээд ч тэр үед дэгдээд байсан Орос, Японы хоорондох дайны улмаас Европын ихэнхи улс орнууд өөрсдийн тамирчдаа илгээгүй байна. Мэдээж хэрэг Сэйнт Лоуисчууд өөрсдийнхөө баяр наадмыг илүү сүр дуулиантай тэмдэглэсэн нь лавтай. Ерөнхийдөө бол цэвэр империализм болон расизмыг хөхүүлэн дэмжсэн арга хэмжээ байсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ер нь л дэлхий нийтээр Сэйнт Лоуисын Олимпын наадмыг тийм ч их ойшоохгүй байсны дээр бүр Олимпын Хорооны ерөнхийлөгч нь хүртэл тэнд очоогүй гээд бод доо? Тэгээд ердөө 14 орон л Америк руу өөрсдийн тамирчдаа илгээжээ. Тиймээс тэдэнд оролцогчид юу юунаас илүү хэрэгтэй байлаа. Ингээд Хоёрдугаар Боерын Дайны ахмад дайчид болох Тауниане, Машиани нарыг тэд тэмцээнд оролцуулсан байна, шууд Үзэсгэлэн Яармаг дээрээс.

Тауниане 9~р байранд орсон бол Машиани 20~р байранд орсон байна. Хар арьстнууд хурдан гүйдэг шүү дээ гэж үү? Машианид ямар чөтгөр нь тохиолдсоныг мэдэхгүй ч Таунианег илүү өндөр амжилтыг үзүүлж чадах байсан гэдэгт би итгэдэг ... хэрэв гүйх замдаа зэрлэг нохдод хөөгдөж 2 миль замаасаа хазайсныг эс тооцвол шүү дээ, lol. Ингэхэд, түүнийг хөл нүцгэн байсан гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.


Тэгэхээр, тэнд чухам болж өнгөрөв? 40 градусын халуун, усны хангалтгүй нөөц, хүнийг бараг үхэлд хүргэх шахсан тоос шороо ихтэй замууд, зэрлэг ноход ... Гэхдээ, бүх зүйл ингээд дууссангүй ээ.

Одоо эргээд Кубын шууданч, хайрт Феликс Карвахалийнхаа талаар дахин ярихыг минь зөвшөөрвөл, түүнд урьд өмнө гүйлтийн тэмцээнд оролцож байсан туршлага үнэндээ байсангүй. Мөн тэмцээний үеэр замдаа орон нутгийн иргэдтэй танилцаж, машинаас нь тоор жимс хулгайлж идсэн нь хангалттай байсангүй. Учир нь тэр бараг л сүүлийн 48 цагийн туршид юм идээгүй явсан ба ходоод нь хонхолзохын эрхэнд замын дэргэдэх талбайгаас алим хулгайлж идсэн нь гай таарч, муудсан алим байж таарав. Мэдээж хэрэг гэдэс нь өвдсөн. Карвахаль тэгээд хэсэг зуур дуг хийчихжээ. Дараа нь нойрноосоо сэрээд, цааш үргэлжлүүлэн гүйсээр 4~р байранд орсон юм даа!

Одоо энэхүү артиклын маань хамгийн ГАЛЗУУ хэсэг нь эхлэх гэж байна!

Усны хангамж хангалттай байгаагүйн улмаас маш олон гүйгчдийн хөлийн булчин татаж байлаа. Фред Лорз тэдний нэг нь байсан юм. Тэр замын 9 дэх милиэс замын унаанд суучихжээ. Тэгээд гэртээ харихаар явсан байна. Хаха, итгэж байна уу? Харин энэ мөчид 16 дахь миль хэсэгт бидний хоёр дахь баатар Томас Хикс бусдаасаа илт тасран гүйж явлаа. Гэвч түүний хоолой ам нь хатаж, цааш гүйхэд улам хүндрэлтэй болж байсан ба доош гулдайн унахад юу юугүй бэлэн болоод байв. Мөн түүний ард дасгалжуулагч нарынх нь сууж явсан машин түүнийг дагаж явсан юм.

Томас Хикс ус өгөхийг хүссэн ч дасгалжуулагч Люкас нь татгалзсан хэвээр л байлаа. Тийм ээ, тэр жинхэнэ эргүү өгзөг байсан! Оронд нь парлонд шингээсэн уснаас аманд нь бага зэрэг хийж, толгой дээр нь шавшиж байв. Тэгээд тэр Хиксд өндөгний цагаан өгсөн бөгөөд араас нь ... хархны хор уулгасан юм!! Ммхм, та зөв уншсан. Хархны хор! Удалгүй 0.016 гран strychnine~ий сулфатыг өгсөн байна! Strychnine бол нитрогенийг агуулсан маш хүчтэй хор бүхий органик нэгдэл бөгөөд тунг нь хэтрүүлбэл үхэх аюулд хүргэдэг ч тохируулж хэрэглэвэл сэргээшийн үүргийг гүйцэтгэж болдог байх нь, гэхдээ л хүний биед хортой.

Харин энэ үед Фред Лорзын суусан машин альхэдийнэ 10 миль замыг туулаад байлаа. Гэвч машин нь замдаа эвдэрч орхижээ. Гадаа халуунд, тусламж ирэхийг хүлээж суух нь түүнд утгагүй хэрэг мэт санагдав. Тэгээд ч бие нь дээрдэж эхэлсэн тул эргээд тэмцээндээ оролцохоор шийдсэн байна.

Энэ үед 20 миль хэсэгт Томас Хикс маань бахардаж унасан байлаа. Дасгалжуулагч нь түүнд дахиад strychnine өгч, хэд хэдэн өндөг идүүлжээ. Бас болоогүй, Люкас дээр нь нэмээд түүнд Бренди дарс уулгасан байна. Хархны хор, түүхий өндөг, Бренди дарс ... заримдаа толгой дээр нь парлонтой ус асгаж байсан ч Хиксийг ус уухыг нь тэр зөвшөөрөөгүй юм! Хөөрхий Хикс гуйсаар л байлаа, амармаар байна гэж. Гэвч Люкас түүнийг цааш гүйхийг ятгасаар л байв. Энэ мөчид тэдний дэргэдүүр Фред Лорз чавхдаад өнгөрчээ. Үүнийг харсан Хикс бууж өгч, доош гулдайн уналаа. Харин Лорзыг булхайцсан гэдгийг дасгалжуулагч нар нь мэдэж байлаа. Энэ нь Хикст шинэ итгэл найдварыг төрүүлсэн юм. Гэвч Хиксийн царай нь цонхийн цайж, нүд нь сүүмэлзэж, гар нь биеийнхээ дэргэдүүр сул унжиж, хоёр хөлөө арай ядан өргөж байсан гэдэг. Харин хоёр доз strychnine~ий дараагаар Хикс хөл дээрээ босч дөнгөжээ! Түүнд уулгаж байсан Бренди лонхны ёроол нь гарсан тул тэд хөндлөнгийн үзэгчдээс дахиад нэг шил Бренди авсан байна. Хикс үнэхээр тэсэхээ больж эхэллээ! Удалгүй нүдэнд нь хий юм харагдаж эхэлсэн ба дасгалжуулагчаасаа хоол, болон ус өгөхийг хүссээр л байлаа. Мэдээж хэрэг тэд түүнд хүссэн юмыг нь өгсөнгүй ... муу эргүү өгзөгнүүд. Тэгээд Люкас, мөн өөр нэг дасгалжуулагч болох МкГратын хамтаар түүнийг түшиж явсан ба бариа руу дөхөж явахдаа тэд Олимпын хорооны мэргэжилтнүүдийг Фред Лорз~д цом гардуулахаар зэхэж байгааг олж харжээ!

Мэдээж хэрэг тэр үед радио, ТВ зэрэг зүйлс байсангүй. Үзэгчид стадионоос тамирчдыг гарч гүйхийг нь хараад, 3 цаг 30 минутын дараа тэднийг нөгөө талаас эргэж ирж, барианд орцгоохыг нь л харж сууцгаасан юм. Харин барианд орсон эхний хүн мэдээж хэрэг Фред Лорз байлаа. Түүнийг хараад үзэгчид бөөн баяр болсон нь тодорхой. Хиксийн багийнхныг стадионд ирэх хүртэл Лорз ялагчийн дүр эсгэж байсан юм. Бас нэгэн эргүү өгзөг! Тэгээд сая л нэг юм, булхайцсан тухайгаа хүлээн зөвшөөрчээ. Тэр үзэгчдийг дөнгөсөн байна. Энэ нь хөгжилтэй байх болно гэж тэр бодож л дээ. Лав л ингэж тайлбарласан байдаг, гэхдээ л хялбар аргаар ялагч болохыг хүсч байсан гэдэгт би эргэлзэхгүй байна ... хмм. Үүнээс болоод Лорз бүх насаараа гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ хасуулсан боловч хэдэн сарын дараагаар цуцлагдсан төдийгүй 1905 онд тэрбээр Бостоны Марафон Гүйлтийн ялагч болсон билээ.

Ингээд Олимпын хорооныхон ялагчийн цомыг бараг л үхэх дөхсөн, мөн хархны хор ууж, Бренди дарсанд согтож, тэгээд юу болоод байгааг ч мэдэлгүйгээр хагас солиорлын байдалтай гүйж явсан Хиксд гардуулахаар болжээ. Хөөрхий Томас Хикс, тэр барианы шугамыг давмагцаа л менежерийнхээ гар дээр бахардан унасан байна. Түүнд цомоо гардаж авах ч тэнхэл байсангүй. Тэд түүнийг машинд суулгаад, эмнэлэг рүү шууд хүргэжээ. Томас Хикс нийтдээ 3 цаг 28 минут, 53 секунд гүйх явцдаа 8 паунд буюу 3.6 кг жин хассан байдаг!

Томас Хикс дасгалжуулагч нарынхаа хамт.
Одоо артиклаа төгсгөхөөс өмнө түрүүн бичиж байсан цэвэр усны нөөцийн талаар нэг зүйлийг бичье. Ингэхэд, яагаад тэнд ердөө ганцхан усны нөөц байсныг мэдэж байна уу? Хожим нь АНУ~ын Олимпын Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Жэймс Эдвард Салливан, энэ эрхэм тэнд тамирчдыг усгүйгээр хэр хол замыг туулах чадвартайг нь судлахаар туршилт хийсэн байдаг ... үүнд итгэж байна уу?! Марафонд оролцсон тамирчид өөрсдийгөө лабораторийн харх болж байгаагаа ч мэдэлгүй гүйцгээж байсан юм ...

Өө тийм, манай Феликс Карвахаль яасан бол оо гэж үү? Засгийн газрынх нь зүгээс түүний энэ амжилтыг үнэлж, Грекийн Афин хотноо зохиогдсон дараагийн Марафон тэмцээнийг нь санхүүжүүлсэн байна. Гэвч тэрбээр Италид буумагцаа сураггүй алга болчихсон байна. Мэдээж хэрэг Олимпын тэмцээнд оролцоогүй. Куба орон даяар түүнийг үхсэн хэмээн бодож байлаа. Харин тэр жилийн дараа Хавана хотноо Испаний уурын хөлөг онгоцоор ирсэн байдаг, ичгүүргүйгээр. Тэгээд тэр мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн ба 1907 онд Америкын холын зайн гүйлтийн тамирчин Хенри В. Шелтонтой хийсэн 6 цагийн гүйлтийн тэмцээнд ялалт байгуулжээ.

2 comments: