Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

eBay дээрх сүнстэй зураг

2000 оны 2~р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Showing posts with label Хий Үзэгдэлтэй Газар. Show all posts
Showing posts with label Хий Үзэгдэлтэй Газар. Show all posts

Saturday, October 5, 2013

Шатаж буй охин.

1908 онд юм гэнээ. Энэ явдал Алабама мужийн Охидын Аж үйлдвэрийн Сургуульд болж өнгөрсөн юм. Харин уг сургуулийн дотуур байрны 4-р давхарт Конди Каннингхэм гэдэг охин амьдардаг байлаа.

Нэгэн шөнө Конди хэсэг найзуудынхаа хамтаар халуун шоколад хийх зорилгоор өрөөндөө нууцаар зуух авч орж л дээ. Мэдээж хэрэг энэ нь сургуулийн дотоод дүрмэнд харшилж байсан нь тодорхой. Охидууд цөм унтлагынхаа хувцастай байсан бөгөөд Кондигийн орон дээр тэд цуглаж суугаад шоколадаа хийж эхэлсэн байна. Гэвч энэ үед тэдний нэг нь санамсаргүйгээр тогоог хөмөрч орхижээ!

Тун удалгүй ор хөнжилд гал авалцаж эхэлсэн гэдэг ... Кондигийн унтлагын хувцсанд ч мөн адил. Айж сандарсандаа хөөрхий охин тусламж эрж, байдаг чадлаараа бархирсаар корридороор тэр гал улалзуулан гүйж гарчээ. Ийм тохиолдолд газарт өнхөрч галыг унтраах хэрэгтэй бөгөөд харин гүйх нь галыг улам илүү өрдөж орхидог гэнэ. Гэвч Конди охин үүнийг мэдсэнгүй.

Охин хашгираад л байлаа, бас гүйгээд л байлаа, гүйгээд л. Удалгүй хувцсанд нь ассан гал бүх биеийг нь бүрхэж эхэлсэн байна. Найзуудынх нь хувьд Кондиг хэрхэн шатаж байгааг, мөн хэрхэн аймшигтай үхлээр үхэж байгааг нь харж зогсохоос өөр арга байсангүй ...

Харин тэр цагаас хойш Конди охины сүнс төв байрны энэхүү 4-р давхарт хоргодож үлдсэн гэдэг. Шөнө оройн цагаар хэн нэгэн охины аймшигтайгаар орилон хашгирах дуу коридороос сонсогддог болохыг тэндхийн оюутан сурагчид бэлхнээ гэрчлэх биз. Мөн хэн ч байхгүй атал хэн нэгний гүйх хөлийн чимээ хонгилоос дуулддаг юм гэнэ. Зарим нэг нь бүр 'Надад туслаач.' гэж хэлэх Кондигийн үг яриаг хүртэл сонссон гэдэг байна.

Нэгэн шөнө Кондигийн хуучин өрөөнд байрлаж байсан охин хаалганых нь гадна ямар нэгэн чимээ гарахыг олж сонсжээ. Харин хаалгаа нээж үзээд тэр юуг олж харсан гэж санана, коридорт утаа униар татуулан эгээтэй л хүн бамбар гэлтэй хамаг бие нь дүрэлзэн шатах охины гүйж байхыг харсан байна. Айсандаа өнөөх охин түргэхэн гэгч нь хаалгаа хаагаад эргэж өрөөндөө орвол ор хөнжил нь мөн гал авалцан шатаж байсан гэдэг. Ингээд маргааш өглөө нь тэр охин их сургуулиас шилжсэн аж.



Энэ мэт олон хачирхалтай үзэгдэл уг байрны 4-р давхарт тохиолдох болсон бөгөөд энэ дундаас хамгийн хачин явдал бол Конди охины хуучин өрөөний хаалга байлаа. Кондиг нас барсны дараахан түүний найзууд нь Кондигийн царай хаалган дээр нь гарч ирсэн байсныг олж харсан байна!

Сургуулийн удирдлагын зүгээс уг өрөөний хаалгыг солиулсан боловч удалгүй шинэ хаалган дээр мөн л Кондигийн царай гарч ирсэн гэдэг. Түүнээс хойш хаалгыг удаа дараа солисон ч гэлээ охины царай төрх гарч ирсээр л байлаа.

Охидууд энэ хаалганаас маш их айцгаах болсон тул хаалгыг авч хаяахаас өөр арга байсангүй. Одоо эдгээр хаалганууд нь сургуулийн агуулахын өрөөнд хадгалагдаж байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар Монтевалло их сургуулийн ямар ч оюутан уг өрөөнд байрладаггүй төдийгүй 4 давхрын оюутан охид өрөөнийх нь хаалга үүд өөрсдөө нээгдэж бас хаагддаг болох тухай ам уралдуулан ярьцгаадаг гэнэ. Мөн Кондигийн сүнс ихэвчлэн угаалгын өрөө хавиар эргэлддэг гэх бөгөөд заримдаа түүний хашгирах дуу хоолойг хонгил коридороос сонсч болох гэнэ.

Эх сурвалж : http://www.scaryforkids.com/girl-on-fire/

Thursday, October 3, 2013

Мексик Автобус

Хэрэв та Мексикрүү аялах гэж байгаа бол, тэр дундаа Толука хот болон Икстапан де лэ Сэл суурингийн хооронд зорчихоор болбол таны аяллыг ойрхон бөгөөд хялбар болгож өгөх хурдны зам тэнд бий билээ. Хэдий тийм боловч уг замаар явсан хэн бүхэн өндөр уулыг тойрон бүсэлсэн тун аюултай хэсэг газрыг туулж өнгөрөөс өөр арга байдаггүй нь харамсалтай. Уг нарийхан замын нэг талд эгц ханан хад байдаг бол нөгөө талд нь ёроолгүй мэт гүнзгий хавцал байдаг байна.

Харин энэ явдал маш олон жилийн өмнө болсон гэдэг. Нэгэн үдэш Икстапан де ла Сэл суурингаас тогтсон хуваарийн дагуу автобус хөдөлж Толука хүрэх замдаа гарсан аж. Шөнийн аялал байсан тул автобусны зорчигчид эхнээсээ эхлээд унтаж эхэлжээ.

Автобус явсаар удалгүй өнөөх ууланд тулж ирсэн байна. Тэгээд өндөр бас налуу зам өөд явж гарахдаа хэдий удаан явж байсан ч гэлээ ямар нэгэн асуудалгүй гарч дөнгөжээ. Автобусны ихэнх зорчигчид уг замаар урьд өмнө олон удаа явж байсан тул тэдэнд энэ бүхэн сонирхолтой биш байлаа. Гэвч автобусыг явсаар уулын замын хамгийн өндөр хэсэгт гарч ирэх яг тэр үед бороо дусалж эхэлсэн байна! Жолооч эр доош явах эсэхдээ эргэлзэж байсан ч эцсийн мөчид тэр цааш явахаар сэтгэл шулууджээ. Бороог эс дурьдвал гэгээн цагаан өдрөөр хүртэл уг замын энэ хэсэгт айхавтар осол аваариуд олон гарч байсан гашуун түүх байдаг аж.

Удалгүй автобус аажим аажмаар доошилж эхлэв гэнэ. Зам нойтон бөгөөд халтиргаатай байлаа. Харин автобусны хурд улам бүр нэмэгдэж байгаад зорчигчдын ихэнх нь санаа зовж эхэлжээ. Энэ бол энгийн нэгэн хэрэг байсангүй. Тэдний зарим нь айж сандарсандаа жолоочруу хашгирах боловч тэр огтхон ч хариу хэлсэнгүй. Автобусны хурд улам бүр нэмэгдэж, улам илүү аймар болж байлаа!

Гэнэтхэн жолооч эр, 'Тормоз эвдэрчихлээ!' гэж орилох нь тэр.

Ийм хурдтай яваа автобусыг жолоодно гэдэг бараг л боломжгүй хэрэг болов. Замд огцом эргэлт таарч, жолооч хүрдээ амжиж мушгисан боловч удалгүй тэд харанхуй хавцалруу нисцгээсэн байна.

Чулуун хавцал дундуур тэдний автобус өнхөрч, цонх нь шил нь хагарч байлаа ... Харин тэр шөнө тэнд байсан зорчигчдын ихэнх нь газар дээрээ нас барсан юм. Үлдсэн нэг нь ухаангүй болж, зарим нэг нь цусанд хутгалдсан хэвтэж байв. Удалгүй автобусанд гал авалцаж, минутын дотор дүрэлзэн шатаж эхэлжээ. Харанхуй хавцлын гүнээс аврал эрэн орилж, хэний ч төсөөлөхөөргүй аймшигтай үхлээр үхэж буй тэдгээр зорчигчдыг хэн ч олж сонссонгүй.

Дараах өдөр нь орон нутгийн нэгэн цагдаа энэ бүхнийг илрүүлж, эмнэлэгийн машиныг дуудсан боловч харамсалтай нь дэндүү оройтсон байлаа. Ямар ч зорчигч эсэн мэнд үлдсэнгүй. Зарим нэгнийх нь цогцос чулуун хавцлаас олдсон бол үлдсэн бусдынх нь хүүр эвдэрч хэмхэрсэн автобусан дотроос олджээ.

Харин уг өдрөөс хойш Икстапан де ла Сел болон Толука хоорондын замд шөнийн цагаар нэгэн автобус үзэгддэг болсон гэх яриа орон нутгийнхны дунд салхи шуурга шиг л тарж эхлэв гэнэ. Тэдний ярьж байгаагаар бол хэрэв чи гараа өргөвөл автобус зогсох болно. Тэгээд чамайг ойртож очих үед хаалга нь нээгдэнэ. Мөн автобус хуучирсан ч гэлээ бүрэн бүтэн байгааг нь анзаарч бас болох нь. Автобусанд дүүрэн хүнтэй байсан ч заавал ч үгүй сул суудал нэг ширхэг гардаг байсан гэдэг.

Тэгээд чи сандал дээр суух үедээ ямар нэгэн зүйл тэнд болохгүй байгааг гадарлах болно. Зорчигчид цөм унтаагүй сэрүүн байх бөгөөд тэд зөвхөн урагшаагаа л ширтэх аж. Бас тэд ямар ч үг хэлэхгүй гэж мэд. Тиймээс тэнд ер бусын чимээ аниргүй байх болно.

Хэдхэн минутын дараагаар тасалбар түгээгч босч ирээд зорчигчдын тасалбарыг шалгах бөгөөд чиний дэргэдүүр тэр зүгээр л яваад өнгөрөх болно.

Удалгүй чи Толукад саадгүй явж ирэх ба автобус буудлаас нилээд наана зогсоно. Тэгээд жолооч эр чамруу эргэн хараад автобуснаас хурдан буухыг сануулна. Аялал хэдий дуусаагүй ч яагаад гэдгийг нь мэдэх гэсний хэрэггүй. Үгэнд нь чи орох л хэрэгтэй.

Чамаас бусад зорчигчид цөм автобусандаа үлдэх болно. Харин чи жолооч эрд мөнгө төлөх гэж оролдвол тэр татгалзах бөгөөд 'Ямар ч үнэгүй' гэж хариулна. Тэгээд, 'Одоо та эндээс хурдан буу, тэгээд арагш битгий хараарай, үгүй бол та автобусыг хэзээ ч орхиж чадахгүй шүү' гэж сануулна.

Жолоочийн үгэнд орж арагш хараагүй хүмүүст удалгүй автобусны хаалга ард нь хаагдаж, хөдөлгүүр асч, автобус цааш явах нь дуулдана. Хэрэв чи арагш харвал, автобус аймшигтайгаар эвдэрч хэмхэрсэн харагдах бөгөөд доторх зорчигчдынх нь араг яснууд цонхоор нь цухуйн үзэгдэх болно. Удалгүй гэнэт автобус алга болох ба хэд хоногийн дараагаар чи замын осолд орж нас барна! Тэгээд чиний сүнс автобусанд суух бусад зорчигчид дээр нэмэгдэх болно.

Тийм болохоор хэрэв та Икстапан де ла Сэл болон Толука хоорондын замд аялахаар болбол хэзээ ч битгий шөнийн цагаар яваарай. Хэрэв автобустай тааралдвал жолоочийн үгийг үг дуугүй биелүүлэхийг мартав аа. Үгүй бол та үүрд автобусан дотор түгжигдэх болно ....


Эх сурвалж : http://www.scaryforkids.com/mexican-bus/