Friday, August 25, 2017

Агуй Судлаач Тед (10~р хэсэг: Хаалт)

2001 оны 5~р сарын 19~н.

Бидний сүүлийн аяллаас хойш 3 долоо хоног өнгөрчээ. Би өөрийнхөө нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөө болон өнгөрөгч хэдэн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын талаар бичихийг хүсч байна. Дуудлаганд чинь хариу өгөөгүйд уучлаарай. Гэхдээ би та бүгдийн мессежинд хариу бичиж байсан шүү. Би зүгээр л ярихыг хүсээгүй юм, уучлаарай. Стив, Марк, та хоёрын дуут мессежинд үлдээсэн халуун дулаан урмын үгэнд маш их баярласан! Та хоёрыг надад санаа тавьж явдгийг би мэднэ ээ. Та нар бол гайхалтай сайн найзууд. Марк, манайд удаа дараа ирснийг чинь би мэднэ, харин хаалгаа нээгээгүйд уучлаарай. Гэхдээ л чамайг ирсэнд би маш их баяртай байсан. Эгч ээ, надад дахиад битгий санаа зов, би зүгээр байна. Харин зээ дүү нарыг минь сайн харж хандаж байгаарай.

Сүүлийн гурван долоо хоногт их зүйл болж өнгөрлөө. Ингээд би аль болох бүгдийг нь багтаан бичихийг хичээе. Тэгэхээр, юуны түрүүнд хамгийн сүүлд орхисон газраасаа эхлэх хэрэгтэй байх гэж бодлоо. Тэмдэглэлийн сүүлийн бүлгийг бичихэд би нилээд хэдэн өдрийг зарцуулсан. Гэртээ эсэн мэнд ирсэн ч толгой дотроос минь тэнд болж өнгөрсөн зүйлс огт гарч өгөхгүй байлаа, дэмий л сууж, бүгдийг бодож эргэцүүлэхээс өөрийг хийж чадахгүй байсан юм. Тэгээд би ажлаасаа урт хугацааны чөлөө авсан. Тэр үйл явдлаас хойш би нэг их удалгүй ажилдаа очих гэж оролдсон ч дарга маань гэртээ харихыг санал болгосон юм. Би их таагүй харагдаж байснаас гадна анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсантай холбоотой. Мөн эмч дээр очих шаардлагатай болсон, гэхдээ түүнд юу ч хэлээгүй ээ, зүгээр л маш их стресст орсон гэсэн. Тэр надад сайн унтаж амрахыг зөвлөөд, тайвшрахад минь зориулаад хэдэн эм бичиж өгсөн. Ммммм! Сайн үйлчилгээтэй эмнүүд байсан шүү!

Агуйг орхих үедээ би бараг шокын байдалтай байсан. Ухаан санаа минь орж гараад, чухам юу болоод өнгөрснийг тунгаан бодоход, ойлгоход их хүндрэлтэй байлаа л даа. Би нойр, хоолондоо муудсан. Харин болсон үйл явдлуудыг сайн санаж байсан дээрээ тэмдэглэлдээ бичиж оруулсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд бичсэн зүйлээ эргээд уншиж байхад, би тэр өдөр тэнд болж өнгөрсөн зүйлсийн талаар зөв бичсэн юм шиг санагдсан тул өөрчлөх зүйлс бараг байгаагүй. Хэдийгээр ердөө гуравхан өдөр өнгөрөөд байсан ч тэднийг бичсэний дараагаар сэтгэл санаа минь багагүй онгойсныг хэлэх байна. Энэ нь нэгэн төрлийн терапия эмчилгээ болсон байх л даа, би тэгж бодож байна. Харамсалтай нь энэ нэг их удаагүй. Яг үнэнийг хэлэхэд, бүх зүйл түүнээс хойш улам дордож эхэлсэн.

В бид хоёр аяллаас хойш уулзалдгүй явсаар өчигдрийг хүрсэн. Би түүнтэй уулзах гэж хичээгээгүй, тэр ч надтай ярилцах хүсэлгүй байх шиг байсан. Мөн бидний хэн нь ч Жоетой холбоо барих гэж оролдоогүй. В аяллын дараагаар намайг гэрт маань буулгасан бөгөөд би дараах өдрүүдэд нь гэрээсээ хамраа ч цухуйлгалгүй өнжсөн. Юм идэх дуршил маань алга болсон байснаас гадна өөрийнхөө ухаан санааг сатааруулчих зүйлийг эрээд олоогүй. Энэ үед л би бичих хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Дээр хэлсэн шиг энэ нь надад багагүй тус болсон, гэхдээ тийм ч их удаагүй. Маргааш нь ажилдаа очсон, дарга маань харихыг зөвлөсөн. Харин дараах өдөр нь миний сэтгэл түгшиж, тун тогтворгүй болж эхэлсэн. Би сэтгэлээр унаж, бас эргэлзэж эхэлсэн ба сэтгэл доторхоо хуваалцчих хүн харамсалтай надад байсангүй. Яахав, янз бүрийн дуудлагууд ирж байсан л даа, гэхдээ би утсаа автомат хариулагч дээр нь тавьчихсан байсан. Сүүлдээ бүр өөрийгөө зүгээр байгаа гэж хүртэл хариулагчийн мессежийг өөрчилсөн шүү. Ингээд бараг долоо хоногийн турш иймэрхүү нөхцөл байдалтайгаар явсан. Үүний дараа бүх зүйл илүү хачин болж ирсэн.

Эхлээд би байшин дотроосоо элдэв янзын чимээнүүдийг сонсч эхэлсэн. Хөлийн чимээ, хаалга хяхтнан онгойх зэрэг гээд л аймшгийн кинонууд дээр гардаг өнөөх чимээнүүд. Ялгаа нь гэвэл их ойроос сонсогдож байсан. Тэгээд би сонссон гэж бодсон зүйлээ үнэхээр сонссон эсэхдээ эргэлзэж эхэлсэн. Юм идэж байгаад, аль эсвэл шүршүүрт орж байх үедээ хүртэл би ямар нэгэн зүйл сонссон гэж бодвол хийж байгаа зүйлээ зогсоогоод чимээ чагнадаг болсон. Гэхдээ чимээнүүд өөрсдийгөө давтдаггүй. Энэ нь намайг илүү их эргэлзүүлдэг боллоо. Гэхдээ л намайг хангалттай айлгаж дөнгөж байсан юм, яг л өнгөрсөн долоо хоногт аалзны торонд орооцолдсонтой адил бодит мэдрэмжийг төрүүлж байсан. Сэтгэл түгшил, айдас түгшүүр амьдралыг минь удалгүй дүүргэж эхэллээ. Дараа нь хий зүйлсийг харж эхэлсэн.

Яг л хий юм сонсохтой адил тэднийг хардаг болсон. Зүгээр л нүдний минь буланд ямар нэгэн зүйл торно. Тэгээд эргээд харахад, тэнд юу ч байхгүй байна. Үүнээс хойш гэрлээ асаалттай унтах болов. Одоо бол бүр бүх гэрлээ орой нар жаргахаас өглөө нар мандах хүртэл асаалттай байлгадаг болсон шүү. Би үргэлжлүүлэн хий юм харсаар л байлаа, үүнээс болоод буу худалдан авахад хүртэл хүрсэн. Зөвшөөрөл олгохыг хүлээхгүйн тулд сонингийн зар дээрээс харж байгаад л авчихсан. Удалгүй би эмч дээр очсон, гэхдээ нарийн тодорхой зүйлсийг яриагүй л дээ. Зүгээр л түүнд сайн амарч чадахгүй байна гэж хэлсэн, эмч надад эм бичиж өгсөн. Аз болоход, энэ үед миний ихэнхи шарх, шалбархайнууд эдгэрсэн байлаа. Нуруу маань гэхдээ бага зэрэг өвдсөн хэвээр л байв, тэгээд бага зэрэг эмчилгээ хийлгэсэн юм байна. Харин эмнүүдийг хэрэглэж эхлэх үед бие хөнгөрөөд их дажгүй болдог, гэхдээ би үлдсэн амьдралаа мансуурч өнгөрүүлэхийг хүсээгүй. Тийм болохоор зөвхөн хүнд өдрийн төгсгөлд л заримдаа хэрэглэж байх нь тэр дээр юм байна гэж бодсон. Харамсалтай нь хий зүйл харах минь улам дордсон, тиймээс дахиад нарийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.

Нүдний маань буланд юм гялсхийх нь үргэлжилсээр л байсан, тэгээд удалгүй дүрс болон сүүдрүүдийг харж эхэлсэн. Заримдаа шөнө цонхны маань гадна байх шиг үзэгддэг. Яг тодорхойлоод хэлчих боломжгүй тийм бүдэг бадаг зүйлс. Хий юм харахаа багасгахын тулд би хөшигнүүдээ үргэлж хаалттай байлгах боллоо. Ингэснээр бага зэрэг дээрдсэн ч амьдрал маань авах юмгүй хэвээр л байлаа. Миний өдөр хоногууд их хоосон өнгөрөх болсон. Заримдаа би их олон цагаар унтана, тэгсэн хэр нь ядарсан байдалтайгаар сэрнэ. Дараа нь усанд орж, юм идэхийг хичээнэ. Миний жин их хасагдсан. Тэгээд би бага зэрэг дасгал хийх гэж оролдоно, ядарсандаа дуг хийхийг хүснэ, болж л өгвөл. Өнгөрсөн хоёр долоо хоногт гэхэд л би гэрээсээ хэдхэн удаа л гарсан байх. Дэлгүүр орох гэж, эмч дээр очих гэж, бас буу худалдан авах гэж. Би бараг ТВ үзээгүй ээ, яагаад гэвэл төвлөрч өгөхгүй байсан юм чинь. Би интернетэд маш их цаг зарцуулсан. Ингэхдээ агуй болон агуйн нууцуудын талаар судалж байлаа. Энэ сэдвийн дагуу миний олсон цорын ганц артикл гэвэл Ходагийн талаарх агуйчдын явган яриа байсан. Ходаг гэдэг нь агуйд тэнүүлчилдэг нэгэн төрлийн амьтан юм билээ л дээ.

Агуйгаас гарснаас хойш 2 долоо хоногийн дараа буюу хий юм сонсч эхэлснээс хойш нэг долоо хоногийн дараа би хар дарж эхлэх болсон. Тун бодьтой зүүд. Ямар нэгэн тодорхой хэлчихээр зүйлс, үйл явдал байхгүй гэж хэлж болно. Зүгээр л сэтгэл түгшээмээр тийм зүүднүүд. Заримдаа би гэртээ сууж байна, тэгээд хэн нэг нь намайг барих гэж оролдоно. Харин би түүнээс зугатааж чадахгүй, надад хөл байхгүй учраас. Заримдаа би ваннан дотор сууж байна, энэ үед хэн нэгэн нь сироп шиг чихэрлэг маягийн шингэнийг дээрээс минь хийж, ванныг дүүргэхийг хичээнэ. Тэгээд л би сэрдэг. Дараагаар нь эргээд нойрсох хүртлээ нойр минь сэрвэлзэнэ. Хэцүүхэн хэмнэл шүү. Энэ хэмнэл цааш нилээд хэдэн өдөр үргэлжилсэн, 6 дахь өдөр (өчигдөр) дээд цэгтээ хүрэх хүртлээ. Зүүд маань үнэхээр бодит байсан учраас би зүүдэлж байна уу, сэрүүн байна уу гэдгээ хүртэл ялгахгүйд хүрсэн. Хамаг байдаг чадал тэнхээ минь шавхагдсан. Би оройхон зочдын өрөөнөөсөө унтлагын өрөө рүүгээ явж байхдаа корридорын төгсгөлд хар дүрс байхыг олж харсан. Би түүнийг хулгайч байна гэж бодсон, тэгээд аажим гэгч нь ухарсан. Тэр хөдөлсөнгүй. Энэ үед гэрэлнүүд анивчиж эхэлсэн. Биеийн маань бүх булчин чангарч, надад дороо зогсоод дэмий л түүнийг ширтэхээс өөр хийж чадах зүйл байсангүй. Яг энэ үед утас дуугарсан! Би цочсондоо сандал дээр эвхрэн унасан. Тэгээд би эргэж өндийгөөд хонгил руу харах үед тэнд юу ч харагдсангүй. Би түлхүүрээ аваад, байшингаас шалавхан гэгч нь гарсан. Тэгээд машиндаа суугаад, машинаа асаах гэж байх үед зүрх минь маш хүчтэй цохилж байсан! Би шөнийн хотыг харахаар Overlook~руу очихыг хүссэн. Яагаад тэнд очих хэрэгтэй байсныг би ойлгоогүй, гэхдээ л би тэнд очих ЁСТОЙ гэдгээ мэдэж байлаа. Ойртох тусам тэнд хүрэх хүсэл улам нэмэгдэж байлаа, яагаад ч юм. Харин намайг хавцал дээр очих үед, тэндээс олж харсан зүйл намайг үнэхээр цочоолоо, удалгүй тэр дүр зураг намайг тайвшруулах шиг болов. Энэ Жое байлаа! Тэр машинаасаа буучихсан, мөн л хотын гэрэлнүүдийг ажиглаад зогсч байв. Бид нэг нэгэн рүүгээ харцгаасан. Яг л надтай адилхан нөхцөл байдалд амьдарч байсан бололтой түүний царайнаас би түүнийг ямар их ядарсныг төвөггүй олж харсансан. Тэр ч мөн адил намайг хараад өөртэй нь адил зүйлтэй тулгарсныг хэлж болохоор байлаа. Бидний харилцан яриа итгэмээргүй товч байсан. "Чи эргэж ирээ юу?", хариултыг нь мэдсээр байж тэр ингэж асуусан. "Тийм ээ", "Бид буцах хэрэгтэй" гэж тэр хэлсэн, "Маргааш байвал яаж байна?" гэж би асуув. "Тэгье ээ, үдээс хойш", гэж хэлээд тэр машиндаа суусан, би ч мөн адил. Бас түүний үзэж харсан зүйлсийн талаар асуух сонирхол надад байсангүй. Тэр ч мөн адил минийхийг мэдэх сонирхолгүй байсан нь илт байв. Дараа нь би В~ийн гэр рүү явсан.

Түүнийг хаалгаа тайлах үед би В~г давгүй байдалтай байгаа юм байна гэж бодсон шүү, тэр бүр баяр хөөртэй байх шиг харагдсан. Харин над руу харах үед бүх зүйл өөрлөгдсөн. Бидний харилцан яриа ч мөн адил товч бөгөөд тодорхой болж өнгөрсөн. "Би Жоетой уулзсан, тэгээд маргааш үдээс хойш буцаж очихоор болцгоолоо." В над руу их л нухацтай харав. Тэр зүгээр л толгойгоо дохисон. Дараа нь би гэрт нь хонож болох уу гэж түүнээс асуухад тэр намайг дуртайяа оруулсан. Би сүүлд нь анзаарсан л даа, гэрт нь байсан бүх гэрэл асаалттай байсныг. Тэгээд тэр илүү өрөөндөө намайг орууллаа. "Өөртөө үйлчлээрэй", "Баярлалаа". Би угаалгын өрөөнөөс гарахдаа жаал эм хэрэглэсэн, тэгээд урьд шөнө ойрын үед унтаагүйгээрээ тавтай нойрссон. Өнөө өглөө би эртлэн боссон, тэгээд аялалдаа бэлтгэхээр гэртээ эрт ирээд байгаа минь энэ. Энэхүү тэмдэглэлийг оруулах юм бол хүмүүс надад юу болоод байгаа талаар гайхахгүй болно гэж бодсон юм. Гэхдээ та нарын ихэнхи нь намайг гэртээ эргэж ирсний дараа үүнийг унших байх л даа. Би ярих гайхалтай түүхийн хамт эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна! Одоо цаг өглөөний 10:00 болж байна, 19~ний Бямба гариг. Харин бид хоёр ойролцоогоор хоёр цагийн дараа агуй руу явах болно.

Энэхүү аялалд бэлтгэх нь өмнөх аяллуудынхаас нэг их ялгарахгүй. Гэхдээ анх удаагаа би агуй руу буу авч явах гэж байна. Бас хутга, тэгээд анхны тусламжийн хайрцаг, хангалттай хэмжээний хоол, ус, гол нь камер авч явна. Энэ удаад нилээд хэдэн гэрэл авч явахаа мартахгүй шүү, бас цаас, харандаа. В өөрийнхөө олсыг агуйд алдсан болохоор би өөрийнхөө олсыг авч явах шаардлагатай боллоо. Мөн Флойдын Бунханы цаана хэрэглэхийн тулд өөр нэг урт гэгч нь олс авч явах болно (Флойдын Бунхан ... гурван долоо хоногт анх удаа л энэ нэрийг хэлж байх шив. Бичихэд л надад айдас төрж байна.)

Өнөөдрийг хүртэл ирэхдээ хийж амжуулахыг хүссэн их олон зүйл надад байсан. Хүмүүсийн нүднээс далд орших уг жижигхэн гарцны талаарх олон арван хариултнуудыг олох нь жагсаалтны магадгүй эхэнд бичигдэж байгаа байх. Өнөөдрийг хүртэл болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудыг бодох тусам дотор минь эвгүйрхэж байна, одоо ч гэсэн. Энэ бүхэн бүгд зүгээр л хар дарсан зүүд байсан юм болов уу? Харамсалтай нь би сэрүүн байна, тэгээд бүр хэдхэн цагийн дараа эргээд хар дарсан зүүдтэйгээ учрах болно! Тэгээд гарц руу өөр хүний хамтаар явна гэсэн бодол минь айдсыг минь огтхон ч үргээсэнгүй. Бас өөрийнхөө хүүхэд шиг бодолд инээд ч хүрэх шиг: Хэн Бунхан руу түрүүлж орох вэ? Хэн харанхуйд замчилж, эхэнд нь явах вэ? Хэн хэзээ буцах цаг болсныг хэлэх вэ? Гэвч энэ олон асуултуудын дундаас нэг асуулт намайг өөрийн эрхгүй татна, миний орхисон видео камер. Энэ харанхуйд бичлэг хийх зориулалттай камер байсан. Маргаан байхгүй би түүнийг унтраалгүй орхисон. Бичлэг дээрээс бид юуг олох бол? Илүү ноцтой асуултнууд гарч ирлээ ~ Хэрэв камер алга болсон байвал яах уу? Хэрэв эвдэрсэн байвал яах вэ?

Хэдийгээр өөрийн энэхүү мотивацияд тохирсон нэр олоход хүндрэлтэй байгаа ч үүнийг би "Хаалт" гэж нэрлэсэн нь илүү тохирно гэж бодож байна. Агуйн талаар дахиад хэд хэдэн зүйлсийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Гол зүйл буюу, итгэнэ үү, байна уу өөрсдөө л мэд, би агуйн төгсгөлийг эрж олох болно! Би үнэхээр агуйн төгсгөлд очиж үзэхийг хүсч байна. Түүнчлэн, өөр бусад зүйлсийг тооцоолох хэрэгтэй. Хэрвээ би гарцны төгсгөлд тулж очлоо гэхэд, хэн нэгэн нь түүнийг чулуугаар таглаж орхисон байвал яана, тэгэх юм бол би хэзээ ч гарц руу, бас агуй руу эргэж очиж чадахгүйд хүрнэ. Хэзээ ч!

Магадгүй харанхуй руу хөтөлсөн давчуу нүх рүү толгойгоо шургуулна гэдэг энгийн зүйл биш байх л даа. Яг л зугаацахын тулд хадан цохио өөд авирах, эсвэл онгоцноос үсэрч агаарт хөвөхтэй л адил. Гэвч бидэн шиг хүмүүс эдгээр зүйлсийг адал явдлаар өлссөн өөрсдийн өлсгөлөнг дарахын тулд л хийцгээдэг. Далд ухамсарт орших энэхүү дур хүсэлдээ бид өөрсдийн гэсэн бяцхан Эверестийг эзэгнэхийг хүсцгээдэг. В~ийн хэлдэгчлэн, "Агуйд аялна гэдэг нь эгэл хүний нээлт хийх эцсийн боломж." гэдэг юм. Энэ үнэн. Хөдөө нутагт, хаашаа л бол хаашаа жаахан жолоодоход л судлаж болохуйц агуйтай та таарах болно. Тэрчлэн, тухайн агуй нь олонд бүрэн танигдсан газар байх ч тэнд адал явдал эрэлхийлж, анх удаагаа ирж буй нэгний хувьд давж гарах ёстой цоо шинэ сорилт болдог. Яагаад гэвэл үнэхээр л тийм юм чинь.

Та нарын олонхи нь агуйтай холбоотойгоор хийсэн сонголтуудтай минь санал нэгдэхгүй байгаа байх. Энэ хүмүүсээс хүлээн авсан мессежнүүдээс л тодорхой харагдаж байсан. Гэхдээ надад сонголт байхгүй хэмээн эмээж байна. Санаа амар, бөх гэгч нь нойрсдог болохын тулд, би буцах хэрэгтэй. Өөрийнхөө гэр дотор амар амгалан алхахын тулд, би буцах хэрэгтэй. Эгэл орчлон хорвоогоос тасарч, агуйн гүний нууц ертөнцөд дахин хөл тавихын тулд, би буцах хэрэгтэй. Надад өөр сонголт байхгүй. Би буцах ЁСТОЙ.

Үүнийг уншиж байгаа найз нөхөд болон гэр бүлийнхэндээ хандаж хэлэхэд, сайн сууцгааж байгаарай. Би энэ агуйг эзэгнэх болно. Тэгээд эргэж ирсэн даруйд сайтдаа шинэ тэмдэглэл оруулна аа. Өнөөдөр агуйд авах зурагнуудаасаа мөн оруулна. Хэрэв гэрээр минь зочилбол би тэнд хийсэн дүрс бичлэгнүүдээ сонирхуулж бас болох юм. Би өнөө шөнө гэртээ эргээд ирнэ ээ, үгүйдээ л гэхэд маргааш.

Удахгүй олон хариултуудын хамтаар уулзацгаая!
Тед.

Ок, энэ хүрээд Тедийн тэмдэглэл төгсгөл болж байна. Ямартай ч танд нэг асуулт гарч ирсэн гэдэгт итгэлтэй байна: Яагаад Тед гэнэтхэн эргээд явахаар болчихов? Яах аргагүй Тедийн ухаан санаа орон гаран болсонтой холбоотой, сүүлийн энэ тэмдэглэл дээрээс нь л бүх зүйл тод харагдаж байна шүү дээ. Хэн ч гэсэн тиймэрхүү зүйлтэй тулгарсны дараа PTSD буюу ослын дараах сэтгэлзүйн цочролд орох болно.

Мөн таны мэдэж байгаачлан, үүнээс хойш Тед сайтдаа нэмж нэг ч тэмдэглэл оруулаагүй юм ...

Бас та эргэлзэж байгаа байх. Тийм ээ, магадгүй энэ түүх зохиомол байж болно, аль эсвэл жинхэнэ байж мэднэ. Чухам ийм л учраас уг түүхийг улам илүү сонирхолтой болгож өгч байгаа юм!

Орчуулгыг маань уншсанд баярлалаа!
Khusley.

6 comments:

  1. Сонирхолтой л юм. Үнэхээр л олон асуултууд үлдэж байна. Агуйн байрлалаас авахуулаад л...
    Зохиомол ч бай болсон үйл явдал ч бай үнэхээр сонирхолтой байлаа баярлалаа khusley.
    Дахиад сонирхолтой мэдээллүүд оруулаарай. Алга болчихов оо хаха

    ReplyDelete
  2. Wooow yunii umnu orchuulaad duusgasand bayarlalaa. Bichleg ni oldson bol gj bodood duusgalaa. Buun onisogo dund uldeelee dee

    ReplyDelete
  3. Хүслээн, яагаад 3 жил хүлээлгэвээ? Бас яагаад гэнэтхэн гурван жилийн дараа орхилгүй, марталгүй орчуулж оруулав аа?
    бас цаашдаа блогоо хөтлөх гэж бгаа юм уу?

    ReplyDelete
  4. Ene temdegleliig orchuulj oruulsand unexeer ix bayarllaa mash sonirxoltoi bailaa

    ReplyDelete