4~р сарын 28~н, 2001 он.
Энэ удаагийн тэмдэглэлдээ би B бид хоёрт яг энэ мөчид ямар санагдаж байгааг дэлгэрэнгүй бичмээр санагдаж байна. Мөн өөрсдийн дараагийн алхмыг төлөвлөж буй энэ үед би та бүхэнтэй өөрсдийн санаа бодлыг, басхүү өөрсөддөө төрж буй тэдгээр мэдрэмжүүдийн тухай хуваалцахаар шийдлээ. Ямартай ч ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй сайхан бичнэ байх гэж найдая. Эс бөгөөс, жирийн уншигчдын хувьд бид зүгээр л хийх юмаа олж чадсан тэнүүлчид, эсвэл гэнэн тэнэг хүмүүс шиг санагдана шүү дээ.
Ингээд нөгөө агуйнхаа талаарх сэдвийг дахин сөхөхөд, уг агуйд бидний олон долоо хоногийн хүнд хүчир хөдөлмөр, мөн бидний тэнд ажиллаж байх хугацаандаа мэдэрсэн бүхий л мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлүүд нэвт шингэсэн байгаа. Гайхшрал, догдлолоос эхлээд айдас, дарамтыг хүртэл. Баяр хөөр, аз жаргалаас эхлээд өвдөлт, шаналалыг хүртэл. Цөхрөл бүтэлгүйтлээс эхлээд ер бусын нээлтийг хүртэл. Яг одоо бид маш том урам хугаралт, бүтэлгүйтэл, бүр гамшиг аль эсвэл хараахан мэдэгдэхгүй байгаа боловч биднийг хүлээх агуу үйл хэргийн тэг дунд нь ирчихээд байна. Мөн түүнтэй яг адил, бид нөхөж боломгүй гарз хохирол, аль эсвэл ямар нэгэн гайхалтай үйл явдал, аль алинийх нь гэрч хараахан болоогүй л байна. Зүйрлүүлж хэлбэл бид яг л зөрүүд хүүхдийн эцэг эх нь юм шиг л санагдаж байх чинь. Үл мэдэгдэх шалтгаанаас болоод, түүнээс айсан айдсаас болоод бид "хүүхэд"~ээ ер орхиогүй. Харин ч уг агуй альхэдийнээ бидний нэгэн хэсэг болсон л гэж мэд. Гэхдээ, одоо бид өөрсдийн аяллын төгсгөлд хүрч ургацаа хураах цаг нэгэнт болжээ. Мөн товчхон гэгч нь дүгнэж хэлэхэд, энэ бүхий л хугацаанд бидний дотроос өөрсдийн маань сониуч зан биднийг амьдаар нь идэцгээж байлаа! Түүнчлэн хачин жигтэй тэдгээр олон үйл явдлуудын дараагаар бид ЭРГЭЭД агуй руу очихоор шийдсэн юм. Учир нь бид асуултын хариуг олох ёстой байсан учраас тэр билээ. Чухам юу тэрхүү нүргээнт цуурайг гаргаад байв? Яг ямар гээчийн зүйл салхины урсгалыг өөрчлөөд байдаг билээ? ... Жоед тохиолдсон явдлыг хүртэлх энэ бүх асуултанд бид хариулах шаардлагатай байна. Ингэхэд түүнд юу тохиолдсон байж таарах вэ? Тэр юу харсан бэ? Эсвэл юутай тулгарав? Мөн бид өөрсдийн дараагийн алхам юу байж болох талаар их олон удаа ярилцаж үзлээ. Хэдий санал зөрөлдөх нь олон байсан ч тэр бүх ярианууд маань эцэстээ ганц л шийдвэрт хүргэж байсан нь: Бид агуй руу эргэн очих ёстой гэх сонголт байлаа. Агуйн гүнд байгаа тэдгээр олон оньсогын хариуг олох цорын ганц арга зам бол агуйг бид эзэгнэх явдал юм! Бид дахин нууцлаг агуй руу хүрч очих болно!
Жоетой хамт явсан аяллаас хойш даруй хоёр долоо хоног өнгөрсний дараагаар бид дахин агуйн зүг замдаа гарлаа. Ингээд уг аялалд бэлтгэхийн тулд бид орон нутгийн агуйд осолдсон хүмүүст туслах газартай холбоо тогтоож, тэдний зөвшөөрөлтэйгөөр бага хүчдэлийн хоёр замтай радио харилцуур утсыг авч явсан юм. Утасны тухайд бол маш урт бөгөөд зузаан кабелиар холбогдсон хүлээн авагчдаас бүрдэж байлаа. Тийм болохоор би агуйд явж байх үедээ цаг үргэлж B~тэй холбоотой байж чадна гэсэн үг. Мөн бид агуйн шинэ хэсэгт видео камер авч орох нь тун оновчтой санаа болно гэж үзлээ. Тиймээс би камераа агуйн тоос шорооноос хамгаалахын тулд гэр худалдан авлаа. Бас энэ нь хатуу, хурц үзүүртэй чулуунуудаас ч хамгаалж дөнгөх юм байна. B~д агуйн шинэ хэсгийг найдвартай харуулахын тулд би мөнгөндөө огт гар татсангүй.
Толгойны маань тухайд гэвэл зүгээр болсон байлаа. Гэхдээ мэдээж хэрэг сорви үлдэлгүй яахав, дээрээс нь одоог хүртэл үл ялиг хөндүүрлэсэн хэвээр л байна. Сүүлд хийсэн тэрхүү аяллын дараагаар би эмчид хандаагүй юм. Гэхдээ л яггүй өвтгөж байсан шүү. Мөн өнгөрсөн энэ өдрүүдэд, хэрвээ Жоетой хамт явсан бол чухам юу тохиолдох байсан бол гэх бодол толгойноос минь огт салж өгсөнгүй. Гарч ирэхдээ тэр огт өөр хүн болоод гараад ирсэн шүү дээ. Түүнээс хойш холбоо тогтоох гэж өдөр бүр гэр рүү нь утасдаж байсан боловч тэр харилцуураа ер авсангүй. Харин B ажлынх нь газар руу утас цохиход түүнийг хоёр долоо хоногийн өмнө чөлөө авснаасаа хойш үзэгдээгүй гэсэн байна. Жое өөрийнхөө даргад хандаж нэг хэсэгтээ ажил дээрээ ирж чадахгүй боллоо гэж хэлсэн гэнэ. Би бүр гэрийнх нь гадна явж очоод хаалгыг нь тогшиж үзлээ. Эхний удаад дотор нь хэн нэгэн байх шиг байсан боловч хэн ч хаалга тайлж өгсөнгүй. Хоёр дахь удаад явж очиход байшингийнх нь гэрэлнүүд унтраалттай байснаас гадна машин нь байхгүй байлаа. Мөн энэхүү аяллаасаа өмнө түүнтэй ярилцах гэж үзсэн боловч, харамсалтай нь бас л бүтэлтэй болсонгүй.
Харин агуй руу орохоор доош олсоор бууж байх үедээ би урьд өмнө тэндээс мэдэрч байгаагүй нэгэн зүйлийг мэдэрсэн юм. БИ АГУЙН ГҮН РҮҮ ЯВЖ ОРОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙЛАА! Энэ гэхдээ ямар нэгэн зөн совин байсангүй. Аль эсвэл ямар нэгэн мухар сүсгийн шинжтэй дохио ч биш байв. Би зүгээр л Нууцлаг Агуйн цаадах шинэ ертөнц рүү орох ямар ч хүсэл сонирхолгүй болчихсон байв. Ингээд өөрт төрсөн тэр мэдрэмжээ би тухайн үед B~тэй хуваалцсангүй. Агуйн шинэ хэсэг рүү орох ямар ч сонирхол надад төрөөгүй боловч бид тийш орох ЁСТОЙ гэдгийг би мэдэж байсан юм. Би тоног хэрэгслэлүүдээ давхар шалгаад, удалгүй ангалын ирмэгээс доош зүүгдэн буулаа.
Агуй руу явж орсон мөчөөс эхлээд л агуй биднийг тэнд байлгахыг хүсэхгүй байгаа нь илт байв. Үнэндээ тэнд ямар нэгэн асуудал үүсгээгүй зүйл гэж байсангүй. Бид олсоо зангидаж, дэгээгээ гогцоолдох зэрэг үйлдлүүдээ хоёр, гурван ч удаа хийж байж амжилттай болгож байлаа. Тиймээс бид доош буухынхаа өмнө бүр өөрсдийн тоног хэрэгслүүдийг ахин дахин шалгацгааж байв. Тэгээд доошлохдоо бид агуйн ханатай мөргөлдөн шүргэлцэж, газарт алхаж байхдаа хүртэл бүдэрч, аль эсвэл юмаа газарт алдан унагааж байв. Хэдий бид ачаа тээш багатай явж байсан ч нүх рүү хүрч очих гэж их л удаан явсан шүү. Яг л энэ бүхэн үүрд үргэлжлэх юм шиг л санагдаж байлаа. Тийнхүү явсаар эцэстээ бид нүхэн дээрээ хүрч ирэв.
Замдаа гэмтээгүй байгаа хэмээн бид хоёр камер болон утаснуудаа шалгаж үзэв. Ингээд бүгдийг шалгасныхаа дараагаар нүх рүү авч орох хэрэгслүүдээ бэлтгэж эхлэв. Цаг боллоо. Бид хоёр нэг нэгэн рүүгээ харцгаав, гэвч хоорондоо юу ч дуугарсангүй. Үүний дараа би нүх рүү орохоор эргэсэн юм. Тэгээд Бунхан руу орохоор өөрийн биеийг эргүүлж байх зуураа энэ давчуу хар дарсан зүүд рүү хамгийн сүүлийн удаагаа орж байна хэмээн найдаж байсан юм.
Флойдын Бунханаар дайрч өнгөрөхөд, ямар ч саад гарсангүй, сониноос. Харин В~г надад шаардлагатай хэрэгслүүдийг дамжуулж авахад хэдэн минутыг зарцуулав. Би хувцаслаж аваад, тоноглолуудаа бүгдийг нь шалгав (Хамаг ухаан санаа минь камер, утас хоёртоо явчихсан байсан болоод ч тэр үү би В~с нэмэлт гэрэл авахаа мартсан байсандаа хожим нь маш их харамссан!). Утас гайхалтай сайн ажиллаж байлаа. Би өөрийн гарч ирсэн нарийхан нүхийг, дараа нь шинэхэн гарцны үүд хэсгийг камертаа буулгалаа. Гарцны дараагийн хэсэгт зай багатайн улмаас бичлэгээ түр зогсооход хүрлээ. Энэ мэт явсаар, товчхондоо бол хаашаа орох гэж байгаагаа, тэгээд хаанаас гарч ирснээ л бичиж авч байсан хэрэг л дээ. Удалгүй сэтгэл санаа минь сэргэж ирдэг юм байна. Өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг В~д харуулах боломжтой болсондоо сэтгэл минь хангалуун болж байлаа. Харин мөлхөж байх зуураа гартаа камераа бариад, тэгээд утасны кабельнуудын орооцолдоог гаргаж явах нь төвөгтэй байсан шүү. Гэхдээ л ингэж явсны ашиг гарах нь дамжиггүй.
Тэнд байсан гэрлийн цорын ганц үүсгүүр нь миний каскан дээрх чийдэн байсан тул агуйн доторх зарим хэсгүүдийг камерт буулгахад хүндрэлтэй болж ирэв. Том хэмжээтэй байсных, харин кристал чулуун гадаргуунууд дажгүй бичигдсэн шүү. Тэгээд бичлэг хийх боломжгүй болсон үедээ би утсаа хэрэглэж байлаа. Агуйн энэ гүнзгий хэсэгт хэн нэгний хоолойг тод сонсох нь хань болно гэж жигтэйхэн. Би В~тэй хэсэг яриад утсаа тасаллаа, тэгээд цааш явахдаа бэлтгэв. Утасны хувьд жирийн гар утасны томруулсан хувилбар л гэсэн үг, хэмжээгээрээ. Ийм утаснуудыг та нар дайны сэдэвтэй кинонууд дээрээс лав олон үзсэн байх. Хэрэв В~тэй ярих шаардлагатай болбол би кабелийн үзүүр дэх холбогчийг харилцуурандаа залгахад л хангалттай, угаасаа цэнэг нь В~ийн талд байсан учраас үргэлж л асаалттай байх болно. Түүнчлэн яг л энгийн утсаар ярьж байгаа мэт тод сонсогдогдож байсан нь догь хэрэг байв.
Би их удаан явж байсан ч бүх зүйл хэвийн байсан, дугуй чулуунд хүрч очих хүртэл. Харин энэ үед л яг сүүлийн удаагийнхтай адил жигтэй мэдрэмж төрж билээ. Би эргэн тойрноо гярхай гэгч нь харсан боловч тэнд сэжигтэй зүйлс ер байсангүй. Удалгүй би камераа гаргаж ирээд дугуй чулууг бүх өнцгөөс нь бичиж эхлэв, мөн агуйн тасалгааны ханыг, адрыг, шалыг, бүгдийг нь. Мэдээж хэрэг ханан дахь дүрснүүдийг авахаа мартсангүй. Видео дээрээс чухамхүү юу байгааг нарийн тод харахад хүндрэлтэй байсан ч тэнд ямар нэгэн зүйл байгааг төвөггүй харж болно. Ингээд би бүгдийг ханатлаа бичиж авсны дараагаар тасалгааны төгсгөл рүү явлаа, шинэ газрыг нээхдээ бэлтгэхээр.
Том тасалгааны төгсгөлд түнэр харанхуй руу хөтөлсөн гарц байж таарав. Надаас нэг фут орчим нам бөгөөд бөхийж харвал энэ хэвээрээ цааш үргэлжлэх аж. Би тонгойгоод шинэ гарцыг сайтар ажиглав, яагаад ч юм хананууд нь агуйн бусад хэсгүүдээс илүү бараан байх шиг санагдлаа. Шалны хувьд бусад гарцнуудын адил бутарсан чулуунуудын хэлтэрхийнүүдээс тогтоно. Тааз нь Нууцлаг Агуйн хуучин секторууд дахь аркын адил бараг л төгс харагдаж байлаа. Би зөвхөн урдах 30 фит орчмын хэсгийг харж явсан ба удалгүй гарц баруун гар тийш эргэж эхэлснийг анзаарлаа. Харин энд би В~тэй ярилцах хэрэгтэй гэж үзэв.
Харилцуураа В тэр дор нь авсангүй, гэхдээ түүний хоолой урьдын адил тодхон сонсогдоно. Тэр зүүрмэглэж эхэлсэн бололтой (Ингэхэд би тийм удаан явсан гэж үү?). Тэр бүх юм зүгээр гэж хэлээд намайг яаралгүйгээр, тааваараа явахыг хүслээ. Би түүнд талархаад, харилцуураа таслав. Энэ бүх ажиллагааны туршид тэр үргэлж л тэвчээртэй загнасаар ирсэн. Намайг агуйн шинэ хэсгийг судлахаар явсан байх хооронд тэр багагүй цагийг намайг хүлээхэд зарцуулсан даа. Үүнд нь би маш их талархдаг. Тэгээд камераа гаргаж ирээд, шинэ гарцыг бичиж эхэлтэл нэг зүйл боллоо ...
Миний ард чимээ гарлаа! Тод. Бас ойрхон сонсогдов!! Энэ дөнгөж саяхан миний ардаа орхисон том тасалгааны зүгээс гарч байлаа! Айж цочсондоо ухаан минь самуурч, би өөрийн мэдэлгүй хоёр хөл дээр өндийн бослоо, маш хурдан. Ингэхдээ би каскаа хонгилын таазанд цохиж орхив. Чийдэн маань шатаж, намайг харанхуйд үлдээсэн ба толгойдоо авсан доргилт, өвдөлтийг ч анзаарах сөхөө үнэндээ над байсангүй. Дуулга толгойг минь хамгаалж дөнгөсөн ч хүзүү, нуруу хоёрыг маань хамгаалж чадсангүй, тэр тусмаа нуруундаа мэдэрдсэн өвдөлт тэсвэрлэхийн аргагүй байлаа! Харин нүдэнд минь од маналзаж эхлэх үед л би сая нэг сэхээ орж, аажуухан гэгч нь доошилсоор камераа газарт тавив. Айдас хүйдэс намайг бүрэн эзэмдэж, хоёр өвдөг минь хаймар шиг л сул болсон байв. Хачирхалтай чимээ ердөө секунд орчим л үргэлжилсэн байх, гэвч одоо би зөвхөн өөрийнхөө айдсаар дүүрэн амьсгааг түг түг хийн цохилох зүрхнийхээ хамтаар л олж сонсоно. Түнэр харанхуй намайг эрхшээлдээ оруулан дарангуйлж байсан шигээ адил эргэн тойрноос минь довтлох боломжийг олгож байлаа. Би ар талаа харахыг хүсч байв, би хажуу талаа шалгахыг оролдож байв, би өмнөхөө үзэхийг хичээж байв. Гэвч хаашаа л харна, бүх зүйл хав харанхуй! Эцэст нь би өөрт байгаа өөр гэрлийн үүсгүүрийг саналаа. Ингээд гараа сунгасаар каскан дээрх нэмэлт гэрлээ асаах үедээ би золтой л уйлчихсангүй! Шинэ баттерэй хийхээ мартсан байсны улмаас би ойрын хэдхэн фит газрыг л харж байв. Яагаад каскныхаа гэрлийг шатчихаж магадгүй гэж санаагүй юм бол оо? Гэхдээ л энэ юу ч үгүй байснаас дээр байсан нь мэдээж. Би том тасалгаа руу аль байдгаараа л гэрлийг тусгахыг оролдож, тэндээс ямар нэгэн хөдөлгөөн олж харахыг хичээж байлаа. Тэнд юу ч байсангүй.
Чухам юу хийхээ шийдэж ядан суухдаа би галзуу юм шиг л чичирч байснаа тод санаж байна. Ухаан санаа маань нэг орж, нэг гарч, огт тогтож өгөхгүй байсан ба би үнэхээр өөрийгөө тэнд үхэх нь л гэж бодож байсан шүү! Хэрэв надад тийм зүйл тохиолдсон бол В үүнийг хэрхэн мэдэх байсан бэ хэмээн бодож эхлэх үед нэг зүйл толгойд минь зурсхийн орж ирэв: УТАС! Ухаан санаа минь над дээр бага багаар эргэн ирж байлаа, учир нь би гэрэлтүүлэгч савааныхаа талаар бодож байв. Ингээд би том тасалгаанаас нүдээ огт салгалгүйгээр үүргэвч дотроосоо гэрэлнүүдийг хайж эхлэв. Утас болон камер авч явсан тул үүргэвчнээсээ аль болох олон зүйлийг чөлөөлөхийг хичээж байсан бөгөөд В~тэй хамт үлдээсэн эд зүйлсийн маань дотор каскны маань нэмэлт чийдэн үлдсэн байлаа. Харин одоо надад байгаа зүйл гэвэл ердөө гэрэлтүүлэгч саваанууд л байна. Би нэгийг олж авсан даруйдаа пакетнаас нь угзран гаргаж ирэв. Тэгээд асаах үед түүний гэрэл агуйн ханануудыг бүдэг ногоон өнгөөр гэрэлтүүлэх нь дотор жихүүцүүлж байлаа! Би зөвхөн өөрийн ардах гарцыг шалгахын тулд л том тасалгаанаас харцаа холдуулж байв. Саваа ганцхан ойр орчмын хэдхэн фит газрыг л гэрэлтүүлнэ. Дахин нэг гэрэлтүүлэгч савааг гаргаж ирэхээр цүнхээ уудалж зогсохдоо ч мөн адил тасалгаанаас харцаа би огт салгасангүй. Хоёр дахь савааг олж авмагцаа түүнийг ажиллаж байгаа эсэхийг нь шалгасныхаа дараагаар би тасалгаа руу шидлээ.
Шидэлт тун оновчтой болж, хэсэгхэн зуур ч гэлээ тасалгаагаар аялах савааны бүдэг ногоон гэрэлд би ойр орчныг ажиглаж амжив, тэнд юу ч байсангүй. Гэвч энэ намайг тайвшруулж дөнгөсөнгүй. Газарт ойсон саваанд тасалгааны нөгөө төгсгөлд байсан өнөөх том дугуй чулуу хальтхан үзэгдээд өнгөрөв. Удалгүй гэрэлт саваа чулууны цаагуур орж, орчныг гийгүүлэхээ болилоо. Энэ үед би салгалан чичирсэн хэвээр л байлаа, хэдийгээр юу ч олж хараагүй байсан ч гэсэн. Гэхдээ л тэнд чимээ гарахыг би сонссон шүү дээ ...
Гэрэлт савааны тусламжтайгаар би утсаа гэрэлтүүлж, чичирсэн хуруугаараа харилцуураа кабельтай холбохыг хичээж байлаа. Тэгээд харилцуурыг авч чихэндээ наагаад сонстол ... ЮУ Ч ДУУЛДСАНГҮЙ! Ядаж л хоёр харилцуур холбогдсоныг илтгэх "бип" хийх чимээ ч гарсангүй. Кабелийг салгаад, харилцуур руу дахин шургууллаа. Чимээгүй хэвээр. Шугам огт ажиллагаагүй болсон байв. Юу болох нь энэ вэ?! САЯХАН л би В~тэй ярилцсан шүү дээ! Айснаасаа болоод нүднээс минь нулимс бөмбөрч эхлэв. Тэндээс гарах цорын ганц гарц бол ирсэн замаараа буцах гэдгийг би мэдэж байлаа. Гэвч тэнд ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ байсан! В~тэй холбоо тогтоох гэсэн гурав дахь оролдлого маань мөн талаар болов. Би өөр төлөвлөгөөний талаар бодохыг хичнээн хичээв ч харанхуйгаас олж сонссон өнөөх чимээ бодлыг минь эзэмдсэн хэвээр байлаа. Амьсгаагаа дарж би агуйн ханыг налан хэсэг суув, энэ үедээ би яг л марафон гүйлтийг дуусгасан тамирчин шиг л амьсгаадаж байсан юм. Мэдээж хэрэг харанхуй том тасалгаанаас хараагаа огтхон ч салгасангүй. Мөр маань чулуун ханыг шүргэх үед л би нуруундаа авсан гэмтлээ санав. Өвдөлт, цөхрөл бас айдас.
Тэнд би хэр удаан суусныг хэлж мэдэхгүй нь, хөл маань, өвдөг маань бадайрч эхэллээ. Нурууны маань өвдөлт намдсан ч хүзүү минь өвдсөн хэвээр байв. Энэ ёрын газраас гарахаар зоригоо би бага багаар хурцалж суухдаа энд удах тусам өөрт байгаа багахан хэмжээний гэрлийг удахгүй алдана гэдгийг би мэдэж байсан юм. Тэгээд өндийх гэж оролдсон боловч тэнхээ маань хүрсэнгүй. Ингээд том тасалгааны адагт хүрэхээр би удаан гэгч нь мөлхөж гарав, энэ үедээ би нэг гартаа үүргэвчээ чирч явлаа. Агуйн ханыг ашиглан би аажим гэгч нь өндийлөө, гэхдээ нуруугаа эгцлэн зогсоход хүндрэлтэй байв. Би амьсгаадсаар, аажим аажим урагшилсаар л. Алхам тутамд маань хананд ойх гэрэл ондоо ондоо янзын сүүдэр үүсгэсээр харцыг маань завгүй байлгаж дөнгөж байв. Цавчилгүй удсанаас болоод нүд минь хорсон аргаж байлаа. Миний хөлийн чимээ, миний амьсгаа, бас дамрандаа эвхэгдэн орох кабель, өөр чимээ тэнд байсангүй. Алхам тутамд, би Бунхан руу ойртож байлаа. Мөн В~рүү, аюулгүй газар руу.
Тасалгаагаар хийсэн энэхүү богино аялал маань надад үүрдийн мэт санагдаж байсныг нуух юун. Өнөөх дүрснүүдийн дэргэдүүр өнгөрөх үед тэд гэрэлд ойн үзэгдлээ. Тэдгээр дүрснүүд чухам ямар учиртайг мэдэхгүй ч уг бичиг ч тэр, агуй ч тэр, бүхэлдээ тавгүй мэдрэмжийг төрүүлнэ, яг л намайг энд байлгахыг хүсэхгүй байгаа мэт. Удалгүй тасалгааны төгсгөлд өнөөх дугуй хэлбэрийн чулуу байгаа нь савааны бүдэг ногоон гэрэлд үзэгдэж эхэллээ. Гэвч нэг л зүйл биш байлаа, харин би юу гэдгийг нь хэлж мэдсэнгүй. Харин хэдэн фит ойртох үедээ л би юу нь өөр харагдаад байсаныг анзаарсан юм! Чулуу байрнаасаа хөдөлсөн байлаа! Миний сонссон чимээ тэгэхээр ЭНЭ байж таарлаа шүү!! Ахиад л айдас хүйдэс хамаг биеийг минь эзэмдлээ, учир нь би ямар нэгэн зүйлтэй ойр байж мэдэх юм! Гэвч надад урагш явахаас өөр зам байсангүй. Чичирсэн гараа урагш сунгаж, гэрэлтүүлэгч саваагаа аль болох дээш өргөхийг хичээж явлаа. Тэгээд утасныхаа кабелийг татах үедээ л би яагаад харилцаа тасарсныг мэдсэн юм, кабель маань дугуй чулууны доогуур орсон байв! Утсыг хөнгөхөн татах үед тасарч, миний гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц итгэл найдвар хоёр нүдний маань өмнө бөхөх нь тэр! Би урьд өмнө хэзээ ч ийм ганцаардмал бас яахаа мэдэхээ больж, цөхөрсөн байдалд орж үзсэнгүй. Газрын гүнд, яг л би өөрийнхөө булш руу уруудаж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.
Хэтэрхий их амьсгаадсанаасаа болж хоолой ам минь хатаж эхэллээ. Дугуй чулуунаас би харцаа салгахгүй байж чадсангүй. Чулууны эргэн тойрныг ажиглаж жаал зогслоо, чулууны дээгүүр би удалгүй өндийн харлаа, мөн л юу ч үзэгдсэнгүй. Тэгээд би чулууг өнгөрөх үедээ дахин айдаст автаж орхив. Харсан зүйлдээ би өөрөө ч итгэсэнгүй! Гарцны хажуухан талд, шалан дээр нүх гарсан байв! Чулуу энэхүү нүхийг таглаж байсан болж таарлаа. ГЭВЧ ОДОО ОНГОРХОЙ БОЛСОН БАЙНА! Чулуу өөрөө хөдөлнө гэж таарахгүй шүү дээ.
Айсандаа арагш алхам ухрах үедээ би нуруугаараа агуйн ханыг мөргөлөө, энэ үед нуруунд маань мэдрэгдсэн өвдөлтийг ч мэдрэх сөхөө байсангүй. Шинэхэн нээгдсэн гарц. Ойролцоогоор 45 хэмийн налуугаар цааш үргэлжилсэн байлаа. Надаас хэдхэн фитийн зайд миний түрүүн шидсэн гэрэлтүүлэгч саваа хэвтэж байсан ба түүний гэрэлд би шинэ гарцны ханан гадаргуу нь гөлгөр чулуулгуудаас тогтсон болохыг төвөггүй олж харж байв. Шал нь мөн адил харагдаж байснаас гадна, миний харснаар лав гарцын диаметр нь 3 фит байсан бөгөөд доторхыг нь судлахад огтхон ч саад болохооргүй мэт санагдана, хэрэв надад тийш орох хүсэл байсан бол шүү дээ. Харин одоо бол би зөвхөн агуйгаас гарч, нарны гэрлийг л харахыг юу юунаас илүүтэй ихээр хүсч байна! Би нүхнээс алгуур гэгч нь холдоод, В~г чиглэн явлаа. Энэ үедээ ч мөн адил харанхуй танхимаас харцаа огт салгасангүй. Тийнхүү явахдаа золтой л кабель дээрээ гишгээд бүдрээд уначихаагүй шүү. Удалгүй каскан дээрх жижигхэн гэрэл маань аажмаар бүдгэрч, намайг гэрэлтүүлэгч саваатай минь хамт үлдээж эхэлж буйг мэдлээ. Би хар хурдаараа Флойдын Бунхан руу гүйхийг хүсч байв. Зүгээр л хэн нэгэн хүний хоолойг сонсох нь л айдсыг маань үлэмж хэмжээгээр үргээнэ хэмээн найдаж байсан юм.
Харин дугуй чулуу болон шинэ нүхийг өнгөрөөд явах үед яг л Люсифер өөрийн биеэр, түнэр харанхуйд, харанхуй нүхний гүнээс, түмэн олон чөтгөрүүдийнхээ хамтаар ширтэж байх шиг санагдаж билээ. Юу юугүй л ямар нэгэн зүйл ар нуруунаас минь довтлох юм шиг л хүчтэй мэдрэмж төрж байлаа. Би арай илүү хурдтай алхаж эхэллээ. Би кристаллуудыг өнгөрлөө. Энгийн үед байсан бол миний гэрэлний ногоон туяанд солонгорох тэдгээр байгалийн үзэсгэлэнт бүтээлүүдийг би бишрэх байсан биз ээ. Чулуунаас зайлсхийхээр тонгойх болгонд нуруунд маань өвдөлт мэдрэгдэнэ. Удалгүй гарц дээр дөхөж ирэх үед би дөрвөн мөчөөрөө шалан дээр мөлхөх шаардлагатай тулгарав. Тэгээд гараараа шалан дээрээс тулах үед гараар минь цахилгаан цэнэг дамжиж, ар нуруу руу минь гүйх шиг л болов. Энэ хар дарсан зүүд шиг газарт орсноос хойш тэсэлгүй би анх удаагаа орь дуу тавин ёоллоо. Би доош сулбайн унаж, шалан дээр хэвтсэн ба амьсгаа авах тоолонд өвдөлтийн шинэ давалгаа бүхий л биеэр минь тархана. Хэдийгээр маш их айж, бас өвдөж байсан ч би агуй доторх чимээнүүдийг чих тавин чагнасаар л байлаа. Гэвч зөвхөн аниргүй байдал л тэнд ноёлно.
Би хамаг хүчээ дайчлан байж биеэ дээш өргөлөө, тэгээд цааш мөлхөж эхлэв. Би гартаа гэрэлтүүлэгч савааг барьсан хэвээр байв, гэвч ар талаа шалгах тэнхээ үнэндээ байсангүй. Би зөвхөн эгц урдахдаа л анхаарлаа төвлөрүүлж байсан юм. Удалгүй би В~рүү хашгирч болохуйц зайнд ойртон ирэв, гэвч хоолойноос минь олигтой дуу гарч өгсөнгүй. Би цааш явсаар Флойдын Бунханд тулж ирлээ. Тэгээд нүх рүү орох үедээ би В~г дуудав. Тэр хариу өглөө. Би түүнд явахад бэлтгээд байж байгаарай хэмээн хэллээ. Тэр намайг зүгээр эсэхийг асуув (Холбоо тасарсанд санаа зовсон нь илт байлаа.). Би түүнд үгүй гэж хэлээд, явахад зориулж юмнуудаа бэлтгэхийг хүслээ. Олсонд хүрмэгцээ би дуулгаа тайлан авч үүргэвчиндээ хийв. Яг энэ мөчид би КАМЕРАА МАРТСАНАА САНАЛАА! Гэвч надад эргэлзээ огт төрсөнгүй. Яг л живж буй Титаник хөлгийн зорчигчдод малгай болон хүрэм нь ямар санагдаж байсан, надад камер маань тэгж л санагдаж байсан юм чинь. Би хэрэгслүүдээ олсонд уяад татаж авахыг түүнд хэллээ. Тэгээд олсыг татаж авмагцаа дээш гадаргуу өөд буцаад яваарай гэж хэлэв. Түүнийг яагаад гэж асуухад нь би агуйд бидэнтэй хамт ямар нэгэн зүйл байх шиг байна гэж хариулав.
Хөдлөх тоолонд ууц нуруу маань хөндүүрлэн өвдөж байлаа. Гэвч энэ нь намайг нүхээр яаравчлан мөлхөхөд садаа болсонгүй, болох ч ёсгүй юм. Харин намайг нүх рүү шурган орсны дараахан салхины урсгал нэмэгдэж эхлэхийг би анзаарав. Энэ шинэ зүйл биш ч тэндээс гарах өмхий үнэр дотор муухай оргиулж байв. Би огиулж, цамцаараа хамраа таглахад хүрлээ. В ч мөн адил үнэртжээ. "ЮУН ҮНЭР ВЭ?" гэж тэр хашгиран асуув. Тэгээд намайг хурдан гарч ирэхийг хүслээ. Би очиж байна гэдгээ хэлээд цамцныхаа цаанаас гүнзгий гэгч нь амьсгаа авав. Харин ч эсрэгээрээ В~ийн ийнхүү тэвдэх нь миний айдас, сандралыг улам дэвэргэж орхилоо. Би түүнд дээшээ өгсч бай, эндээс гарахаараа араас чинь гүйцэж очъё гэж дахин хэллээ. Тэр ч зөвшөөрлөө. Тэгээд миний гэрэлтүүлэгч савааг нүхэн дотор байрлуулаад, гадаргуу өөд буцлаа.
Нүүр ам, чих, гар, дал мөр гээд л ураагүй газар үлдсэнгүй. Нүхэн доторх инч бүр миний биенд тоймгүй олон шалбархайг үлдээж байсан ч тэднийг анзаарах сөхөө хаанаас байхав. Өвдөлтөөсөө болоод нуруу маань сүүлдээ мэдээ алдах шиг санагдлаа. Эвгүй үнэр агаарын урсгалын хамтаар дахин хамар цоргих үед миний бөөлжис хүрэв. Удалгүй Флойдын Бунханы талд хүрээд би хэсэг зуур амьсгаа авч, амрахаар шийдлээ. Би маш их ядарч байлаа! Нүхний тааз нь хацартай минь адил зөөлөн мэдрэгдэж, харин шал нь нөгөө хацарны маань эсрэг яг л хагархай шил мэт нухна. Энэхэн мөчид би агуйн гүнээс ямар нэгэн чимээ гарахыг сонслоо! Энэхүү чимээ хэдэн секунд үргэлжлээд намдлаа. Би айсандаа өөрийн мэдэлгүй уйлж эхэллээ. Ийнхүү миний сэтгэл хөдлөл хяналтнаас гарах нь намайг улам айлгаж байсан юм. Сандарсандаа би гарцаар цааш хамаг чадлаа дайчлан мөлхөж эхлэв. Тэгээд Бунханы хамгийн том хэсэгт ирмэгцээ би хоёр гараа биеийнхээ дороос гаргаж ирээд, нүхний гарцыг чиглэн мөлхлөө. Дараа нь олсонд хүрмэгцээ байдаг чадлаараа татаж эхлэв. Харин хоёр мөр минь нүхэн дотор гацаж орхидог байна шүү! Би хөлөөрөө чулуунд тулаад, нуруугаа үл ялиг эргүүллээ, дараа нь бүтэн биеэ бага зэрэг мушгиад, дахин урагшлах гэж оролдлоо. Энэ удаад би биеийнхээ дээд хэсгийг амжилттай урагшлуулж чадлаа. Энгийн үед би нүхнээс сэрэмжтэй гардагсан, нүх шалнаас 3 фут орчим өндөрт байдгаас хойш. Харин би шууд л хөлөөрөө түлхэлт өгөөд, дараа нь гарнуудаа гаргаад, тэгээд ПЛОП, би Бунханаас гарч дөнгөлөө! Гэхдээ баруун мөрөөрөө газарт унаж орхив. Өвдөлтийг багасгахын тулд өнхрөхийг хичээсэн ч тус болсонгүй. Хачирхалтай нь өвдөлт нуруунд минь биш, зөвхөн мөрөнд маань л мэдрэгдэж байв.
Би газраас өндийж, хөлөн дээрээ босч зогслоо. Гарцны гадна өнөөх үнэр арай л сул үнэртэж байв. Би гэрэлтүүлэгч саваагаа аваад каскаа хайж эхэллээ. Тэгээд каскаа өмсч байх зуураа дээш өгсөх олсыг эрж байлаа. Тэгээд олсыг гараараа атгах үедээ би савааны гэрэлд өөрийнхөө гарыг харсан юм. Хоёр гар маань бүхэлдээ шарх, шалбархай болж, зарим нэгээс нь цус дусалж байлаа. Аз болоход, гүнзгий шархнууд байсангүй. Энэ мөчид агуйд аниргүй байдал эргээд ноёлсныг би анзаарлаа. Хойдох нүхнээс ч, дээрээс ч тэр, ямар ч чимээ дуулдсангүй. Эргээд ганцаардах мэдрэмж над дээр ирсэн ба энэ нь намайг дээш гарахад хангалттай урам зоригийг өгч байсан юм. Мэдээж хэрэг эхний жижиг тавцан өөд дээш мацаж гарах нь надад их хүндрэлтэй байв. Сандарсандаа B~ээс нэмэлт чийдэнгээ авахаа ч мартаж орхиж. Гэрэлт савааг цор ганц гэрлийн эх үүсвэр болгон ашиглах нь энэхүү бэрх сорилтыг улам хүнд болгож байсан билээ. Тийнхүү би тавцан өөд гармагцаа цааш В~тэй уулзахаар үргэлжлүүлэн авирч эхэллээ. В тун хурдан авирсан байсан нь намайг гайхшруулав.
Хэдийгээр би энд физик биенийхээ нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй бичээгүй ч, би маш их өвдөж байснаа хэлмээр байна! Алхах тоолонд хүзүү болон доод нуруугаар минь өвдөж байсан юм. Хоёр гар маань зулгарч, мөр маань гүнзгий гэгч нь зүсэгдсэн байв. Хэрэв тэр үед айдсыг мэдрээгүй бол надад дээш авирч гарах тэнхээ, зориг дутагдах байсан байх гэж айж байна. Тэр үед би зөвхөн адреналины хүчээр л алхаж байсан гэж хэлж болно. Аз дутахад, адреналин маань дуусах дөхөж байлаа.
Буултын багахан талбайд хүрч очих хүртлээ би В~г харж, бас сонссонгүй явлаа. Тэр олсоор дээш аль чадахаараа л хурдан гарахыг хичээж байв. Түүнийг хурдан, хурдан хөдлөхийг, мөн амьсгаадахыг нь би сонсч байлаа. Намайг дуудах үед давхийн цочсон бөгөөд энэ нь түүний айдсыг илтгэнэ. Тэр надаас олсноос бэхлээд, дээшээ авирахыг хүслээ. Ингэх нь аюултай бөгөөд энгийн үед хийхэд нийцтэй зүйл биш гэдгийг хэн хэн маань мэдэж байсан ч энэ тохиолдолд өөр хэрэг билээ. Би дөхөж очоод харанхуй өөд замхран алга болсон олсны дэргэд очлоо. В~г өгсөхийг дагаад олс агаар дээр бүжиж байсан юм. Хэдийгээр В харагдахгүй байгаа ч түүнийг ойрхон байгаа гэдгийг би мэдэж байлаа. Энэ олс намайг гадагш, гэрэл рүү, аюулгүй газар руу хөтлөх ганц зам минь болж байв. Харин миний ард үлдсэн зүйлс гэвэл түнэр харанхуй, айдас, бас үл мэдэгдэх нууц. Энэ үед кинонууд дээр гардаг зарим нэг хэсгүүд миний санаад орж байсан нь: жүжигчид мангасуудаас зугтсаар хараалтай байшингийн төв хаалганд хүрч очоод бариулнаас нь барина, яг энэ үед ард нь чимээ гарах бөгөөд тэгээд эргэж харах үед ...
Би гэрэлт саваагаа каскандаа байсан тор руу хавчуулж оруулаад, В~д дахиад дээш жаал авирах боломжийг олгохоор шийдлээ. Энэ хооронд би доош унжсан олсыг хумиж зогслоо, ингэснээр дараа нь бид хоёрыг агуйгаас гарах үед олсоо татаж авахад хялбар болох болно шүү дээ. Гар маань их өвдөж байсан тул олсыг гартаа ороож чадсангүй, зүгээр л би түүнийг газарт давхарлан хаяж байлаа. Дээрээс В~г "Чулуу!" гэж анхааруулах үед би ойролцоох налуу чулуун гадаргуугийн дор орж нуугдлаа. Бутархай жижиг чулуунууд хөлний маань дэргэд, шалан дээр унав. Би эргээд олсоо хумих ажилдаа орж, нийтдээ 50 орчим фитийг татаад байтал олс маань ямар нэгэн зүйлд тээглэж орхих нь тэр. Түүнийг доош явж суллах ямар ч хүсэл байсангүй, мэдээж хэрэг. Би олсыг хаяхаар шийдлээ. Ингээд би өөрийнхөө аюулгүйн тэлээг олсонд бэхлэж эхлэв. Харин бэхлэгээгээ чангалахаас өмнө ямар нэгэн жигтэй чимээ хөл доор минь гарахыг би олж сонслоо! Тэгсэн яасан гэж санана? Олс доош харанхуй руу замхарч байлаа! ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ОЛСЫГ АГУЙН ГҮНЭЭС ТАТАЖ БАЙСАН!!!
Би аюулгүйн бэхлэгээ бүхий бүсээ газарт хаяад шууд л олсноос зүүгдээд авирч эхлэхээр шийдлээ! Аз болоход, би өгсөгчөөс барьсан байсан юм. Би ямар ч хамгаалалтгүйгээр дээш авирч байлаа. Өмнө нь их олон удаа өгсөгч тоноглол ашиглалгүйгээр авирч байсан л даа, гэхдээ би өөрийгөө үргэлж олсноос тэлээгээрээ бэхэлдэг байлаа, юмыг яаж мэдэхэв гэж бодоод. Харин энэ удаад тэгэх боломж гарсангүй.
Би В~д хандаж, доороос ямар нэгэн зүйл олсыг татаж байгааг хашгиран хэлэхэд тэр хурдлахыг надад санууллаа. Маш их айж, сандарсан байсан учраас хананд гар, хөлөө шалбалж гарлаа. Ямар азаар гулгалгүйгээр, мөн доош уналгүйгээр дээш гарсан юм бол? Хэрэв би унасан бол шалан дээр унах хүртлээ агуйн ханануудад нэг бус удаа ойх байсан юм. Өөрөөр хэлбэл гэмтэл маань үхлийн байж болох байсан билээ. Замдаа саатаж өгсөгчийг дээш олс өөд гулгуулахгүйгээр би дээш гарч дөнгөлөө. Удалгүй дээрээс минь агуйн үүдээр нэвтэрсэн нарны туяа тусахыг би олж харлаа.
Бидний Re~Belay цэгийн доодох "тавцан" дээр би В~г гүйцэж очлоо. Цааш яваад байгаарай гэж түүнд хэлсэн. Ердөө хэдхэн минут л түүнд хангалттай байлаа. Гэвч түүнийг дээшлэхийг хүлээсэн секунд тутам миний хувьд тамлалт мэт санагдаж байсан юм. Хэзээ мөдгүй харанхуйгаас ямар нэгэн араатан амьтан гарч ирээд, намайг үдийн зоогоо болгох юм шиг л санагдаж байв. B дээш авирч, түүнийг дагаад агаарт нэгэн хэмнэлийн дагуу эргэлдэх олсыг ширтэх зуураа би ямар нэгэн хачирхалтай зүйл болох вий хэмээн доош харж суув. Миний зүрх энэ бүх стрессийг давж гарч чадсанд гайхаж байна, урьд өмнө би ямар нэгэн зүйлд ингэж их анхаарлаа төвлөрүүлж үзээгүй юм даг. Аль болох эрүүлээр сэтгэхийн тулд би хэрэндээ амрахыг хичээж байлаа, гэвч миний хөөрхий тархи ачааллаа хэтрүүлсэн бололтой. B~г хамгийн сүүлийн авиралтаа хийж, агуйн оройд гарсны дараа би өгсөгчөө альхэдийнэ олсонд бэхэлж, өөрийн өгзгийг тэндээс авч гарахад бэлэн болсон байв. Энэ үед би олс дахин эрчлэгдэж эхэлж байгааг анзаарлаа!! Хэн нэгэн нь олсыг дороос татаж байгаа нь илт байв! Гэхдээ хөдөлгөөнгүй байгаагаас үзвэл дээш авирч байгаа шинж тэмдэг ажиглагдсангүй. Гэсэн ч гэсэн тэндээс би аль болох хурдан гарахын хүслэн болж байлаа. В альхэдийнэ агуйн үүдийг чиглэн явсан байв. Хэдхэн фит замыг туулсны дараагаар би дээш гарлаа. Тэгээд өгсөгчийнхөө бэхэлгээг салгаж аваад, олсыг ардаа орхилоо.
Намайг агуйн үүдээр гарч ирэхэд, В олсыг анх зангуу болгон бэхэлсэн газарт хүрч байв. Би дээш гарахыг маш их хүсч байсан тул энэ удаад өгсөгчийг өөрт бэхлэлгүйгээр, бараг л чөлөөт авиралт хиймээр санагдаж байсан юм. В~г гарах дөхөж байгааг хараад би өөрийгөө сүүлчийн олсонд бэхэллээ. Үнэхээр ядарч туйлдсан байсан тул сүүлийн хэдэн фит дээр өөрт үлдсэн эцсийн хүчийг шавхах хүндхэн сорилт намайг хүлээж байлаа. Тэгээд олсноос зүүгдэж эхлэх үед олс эрчлэгдэн дуугарч эхэлсэн ба би дотроо тасарч болохгүй шүү, намайг доош битгий унагаарай хэмээн залбирч явсан юм. Ийнхүү явсаар оройд хүрмэгцээ би өгсөгчөө салгалаа. В модны дэргэд сөхрөн суусан байв, харин би түүн рүү ойртож очоод дэргэд нь сулбайн уналаа. Флойдын Бунхан руу сүүлд явж орсноос хойш бид хоёр нэг нэгнээ анх удаа харж байгаа нь энэ билээ. Бид хоёр бие биенээ зүгээр л харж байв, юу ч дуугаралгүйгээр. Би их муу харагдаж байгаагаа мэднэ, гэхдээ В~г ч мөн адил тааруу харагдаж байсныг мэдээгүй юм. Түүний бие нь ил гарсан бүх л хэсэгтээ шарх шалбархай болсон байлаа. Нүүр нь цайгаад, цонхигор цагаан болсон байна. Тэр амаа том гэгч нь ангайлгаад аахилж, уухилан сууж байлаа. Бидний нэг нэгнээсээ олж харсан цочрол В~ын модонд зангуу болгон хүлсэн олс дахин эрчлэгдэн чангарч эхлэх үед замхран алга болов! Биднийг айдас эзэмдлээ! В халааснаасаа хутга гаргаж ирээд олсыг огтолж гарав.
Хүний оюун ухаан гэдэг цаг хугацааны баримжааг хэрхэн өөрчилж чаддаг нь гайхалтай. Олсыг модноос огтлоход ердөө 4 юм уу, 5 секунд болсон гэдэгт итгэлтэй байна, гэвч энэ надад яг л нэг цаг шиг л урт санагдсан. Тасарсан олсны үзүүр газарт унамагцаа хавцлын ирмэг дээр байсан чулуунуудын завсраар чимээ гарган гулслаа. Харин В хутгаа доош хаяад, нуруугаараа газарт хэвтэв. Хавцлаас доош нисэх олс миний хувьд агуй дотор мэдэрсэн мэдрэмжүүдийг маань сануулж байсан юм. Би босоод машин руугаа алхлаа. Харин В тэнд хэвтсэн хэвээр, олс нүднээс алга болсон хэсэг рүү ширтсээр л. Намайг дуудах үед тэр сая нэг сөхөө оров бололтой, хурдхан гэгч нь босоод модноос холдлоо, бас агуйгаас, мөн хар дарсан зүүднээс. Буцах замдаа бид хоёр ямар ч үг солилцсонгүй.
Агуйд хийсэн уг аяллаас хойш 4 өдөр өнгөрч байна. Харин энэ бүгдийг тэмдэглэл болгон бичих гэж 4 өдрийг зарцууллаа. Бичиж эхлэх тоолонд тэнд мэдэрсэн таагүй дурсамжууд сэдрээд их хүндрэлтэй байсан шүү. Гэхдээ л энэ бүх деталиудыг санаж байгаа дээрээ би баримтжуулан бичих хэрэгтэй байсан тул өөрийгөө багагүй дайчилсан. Гэсэн ч одоог хэр нь би тэр бүх өвдөлтийг мэдэрсэн хэвээр байна. Бас муухай өмхий үнэр. Мөн тэр бүх айдас. Уг нь би дахиад илүүг бичмээр л байна, гэвч одоо бичиж чадахгүй нь. Яагаад гэвэл одоог хүртэл бүрэн тайвширч чадахгүй байна. Анхаарал маань ч сайн төвлөрч өгөхгүй юм. Одоохондоо энэ хүргээд зогсооё доо.
Friday, August 25, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
bayrlala
ReplyDelete