Tuesday, September 26, 2017

Таня Савичевагийн Өдрийн Тэмдэглэл

Анна Франкын талаар бүгд мэддэг ч Татьяна Савичева охиныг мэддэг нэг нь нэн ховор. Энэ бяцхан охин Дэлхийн 2~р Дайны үед, бүхэл бүтэн 900 гаруй хоног үргэлжилсэн Ленинградын бүслэлтийг давж гарч чадсан юм! Ммхм, тэр ч бас тэмдэглэл хөтөлдөг байсан ...

1941 оны зуныг хөдөө нутагт амарч өнгөрүүлэх гэсэн Татьяанагийн гэр бүлийн төлөвлөгөөг нацистууд нурааж орхижээ (Германчууд ЗХУ~руу 1941 оны 6~р сарын 22~нд довтолсныг та мэднэ). Энэ үед ах Мишагаас бусад нь Ленинград хотдоо үлдсэн байлаа. Дайн ч эхэлж, мэдээж хэрэг Танягийн гэр бүлийнхэн армид өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулж эхэлсэн нь лавтай. Марии Игнатьевны Фёдоровой цэргийн дүрэмт хувцас оёж, Лёха Адмиралти~д онгоцны оператор хийж, Зеня зэвсгийн үйлдвэрт буу угсарч, Нина хотын бэхлэлтэнд зориулсан байгууламжууд дээр ажиллаж байсан бол авга ах нар болох Вася, Лёша нар нь агаарын довтолгооноос хамгаалах үүрэгт ажлуудыг хариуцан авсан байна. Татьяна эхээс 5~уулаа. Тэр ээжтэйгээ, өөрийн хоёр ах болох Миша болон Лёка, мөн хоёр эгч Зеня, Нина хоёртой хамт амьдардаг байлаа. Эцэг нь түүнийг 6 настай байхад өнгөрчээ. Харин дайн эхлэхэд Ленинградын гадна байсан Мишагийн хувь тавилан гэр бүлийнхнийх нь хувьд тодорхойгүй үлдсэн ба хамгийн сүүлд түүнийг партизанчуудтай нэгдсэн гэдэг хэл сургийг л тэд олж сонссон аж.

Аанха, Татьяна охин. Ердөө 11 настай байхдаа тэр окоп ухаж, галт бөмбөгнүүдийг салгах ажлыг хийж явсан гэвэл та итгэх үү?

Өдрийн Тэмдэглэл.

Таняд өдрийн тэмдэглэл байдаг байлаа. Том, зузаан гэгч нь уг дэвтэрт тэр дайнаас өмнөх үеийн өдөр тутмынхаа амьдралыг тэмдэглэн бичдэг байв. Харин бүслэлтийн эхний саруудад, зууханд гал ноцоох түлээ байгаагүйн улмаас гэрийнхэн нь дулаацахын эрхэнд тэмдэглэлийн дэвтрийг нь шатаажээ. Гэвч удалгүй Таня эгч Нинагаас нэгэн жижигхэн дэвтрийг авсан нь хожим нь түүнийг алдаршуулсан өдрийн тэмдэглэл нь болох байсныг тэр хэрхэн мэдэх билээ. Жижиг тулдаа галын дөлнөөс хэвтрүүлэгдсэн уг дэвтэрт Нинагийн завод дахь уурын тогооны ажиллагааны талаарх зааврууд бичээстэй байлаа. Орос цагаан толгойн үсэгнүүд бүхий уг тэмдэглэлийн дэвтрээс Таня Ж үсэгтэй хуудсыг сонгон авчээ.

Татьянагийн эхний тэмдэглэл 12~р сарын 28~нд бичигдсэн байдаг.

"Женя 1941 оны 12~р сарын 28~ний үд дундын 12 цагийн үед өнгөрлөө."

Зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан Зеня тэжээлийн дутагдлаас болж таалал төгссөн байна. Зеня гэрээсээ завод хүртэл өдөрт 7 км алхана. Заримдаа өдөрт 2 ээлжээр ажиллаж, тэсрэх бөмбөгний гэр хийнэ. Харин ажлын дараагаар тэр цусаа хандивладаг байлаа. Энэ үед Ленинград хотод нэг хүнд ноогдох хүнсний ноогдол хэмжээ улам багасч байсан ба мөстсөн Ладога нуурын дээрх Дорога Жизни буюу Амьдралын Зам хэмээх жимээр орж ирсэн хоол хүнсний нөөцөөс насанд хүрсэн хүн өдөрт 250 гр, харин хүүхэд болон хөгшчүүл түүний талтай тэнцэх хэмжээний хүнсийг хүртдэг байсан гэдэг. Харин Зенягийн хувьд ... энэ бүх ачааллыг давж чадаагүй ба Ленинградад сар тутамд өлбөрч үхэж байсан 100.000 иргэдийн нэг болох тавилантай байж.

Үүнээс хойш сарын дараа, Танягийн 12 насны төрсөн өдрөөс хойш хоёр хоногийн дараа ... эмээ нь өнгөрсөн байна. Энэ үедээ Евдокии Арсеньевой биеийнхээ жингийн 1/3 хэсгийг алдаад байсан бөгөөд ор хүрэлцээ муутайн улмаас эмнэлэгт очихоос татгалзжээ.

Энэ удаад Таня Б үсгийг сонгосон байна.

"Эмээ 1942 оны 1~р сарын 25~нд, 3 цагийн үед таалал төгслөө."

Тэд эмээгийнхээ хүнсний ноогдол картыг ашиглахын тулд түүний үхлийг сарын төгсгөл хүртэл нууцалжээ. Ийнхүү Евдокий нь 1942 оны 2~р сарын 1~нд амьсгал хураасан хэмээн албан ёсоор тэмдэглэгдсэн байдаг.

2~р сарын 28~нд Нина сураггүй алга боллоо. Энэ үед Ленинград хот артиллерийн хүчтэй бөмбөгдөлтөнд өртөж байсан үе тул түүнийг нас барсан гэж бүгд итгэцгээхээр шийдэв. Хэрэг дээрээ Нина Савичева гэрийнхэндээ хэлэлгүйгээр Ладога нууран дээрх Амьдралын Зам мөсөн жимээр гарч, Ленинградаас дүрвэсэн байна. Нинад гэрийнхэнтэйгээ холбоо тогтоох боломж гарсангүй. Түүний бие удалгүй хүндээр өвдөж, мөн хот руу буцаж чадалгүй явсаар 1945 онтой золгожээ. Харин Танягийн өдрийн тэмдэглэлийг олсон хүн нь Нина байсан юм.

Эмээгийнх нь үхлийг залгуулаад ах Лёка нь 3~р сард өөд болов. Тэр армид элсэхийг ихэд хүсч байсан ч хараа муутай гэх шалтгаанаар буцаагдсан байдаг. Лёка төдий л удалгүй өөрийгөө чадварлаг инженер болохоо харуулж эхэлсэн байна. Лёка мөн авъяаслаг хөгжимчин байлаа. Тэр 3~р сарын 17~нд боомтын эмнэлэгт таалал төгсөх хүртлээ Адмиралти боомтод шөнийн ээлжээр ажилладаг байсан юм.

Энэ удаад Таня Л үсгийг сонголоо.

"Лёка 1942 оны 3~р сарын 17~ны өглөөний 5 цагт нас барлаа."

4~р сарын 13~нд авга ах Вася нь 56 насандаа өөд болжээ. Дайнаас өмнө Савичевагийн гурван ч авга ах нь хамтдаа амьдардаг байсан төдийгүй дайн эхэлснээс хойш тэдэн дээр ирж хамт байх болсон байна. Вася Дэлхийн 1~р Дайнд оролцож байсан туршлагатай нэгэн байсан ч наснаасаа шалтгаалаад цэрэгт элсч чадаагүй юм. Вася, Таня хоёр хоорондоо маш ойр байсан. Таня Васягийн байранд очиж цагийг өнгөрүүлэх дуртай байсан нь тэнд маш олон ном байдаг байсантай холбоотой.

Энэ удаад Таня В үсгийг сонгов. Тэр дүрмийн алдаатай бичсэн байлаа.

"Авга ах Вася 1942 оны 4~р сарын 13~ний шөнийн 2 цагт таалал төгслөө."

Харин хамгийн том авга ах Лёша нь 5~р сард 71 насандаа тэжээлийн дутагдлаас болж нас барлаа. Мөн л армид элсэхийг хичээж байсан ч нас хэтэрхий өндөр гэх шалтгаанаар тэд саналыг нь түтгэлзсэн байна. Хэдийгээр хөгширсөн ч гэсэн тэрбээр өөрийн хувь нэмрийг чадах чинээгээрээ л нэмэрлэхийг хичээдэг байв.

Таня Л үсгийг сонгожээ. Гэвч "нас барсан" гэдэг үгийг бичээгүй байна.

"Авга ах Лёша 1942 оны 5~р сарын 10~ны оройн 4 цагт."

Эцэст нь 5~р сарын 13~ний өглөө Танягийн ээж нь нас барлаа. Марии Игнатьевна Савичева нь 1989 онд төрсөн, хөгжимд дуртай эмэгтэй байсан ба хүүхдүүдээ гэр бүлийн ансамбальд тоглохыг нь ихэд дэмждэг байсан гэдэг.

Таня М үсгийг сонголоо. Тэр дүрмийн алдаатай бичсэнээс гадна мөн л "нас барсан" гэдэг үгсийг бичээгүй байна.

"Ээж 1942 оны 5~р сарын 13~ний өглөөний 7:30 цагт."

Ээжийнхээ үхлээс хойш Таня бүх л итгэл найдвараа алджээ. Тэр С, У, болон О үсэгнүүд бүхий хуудаснууд дээр дараах үгсийг бичсэн байдаг:

« Савичевы умерли » / "Савичевүүд нас барцгаалаа."
« Умерли все » / "Бүгд үрэгдсэн."
« Осталась одна Таня » / "Ганцхан Таня л үлдлээ."




Ээжийгээ нас барсны удаах шөнө Таня хөршийндөө хоносон ба маргааш нь гэрт үлдсэн цөөн хэдэн зүйлсээ аваад авга эгч Дусягийнд очжээ. Харин авга эгч нь түүнийг эмнэлэгийн тусламж авна хэмээн найдаж, Смольный дахь өнчин хүүхдүүдийн 48~р нийтийн асрамжийн газарт хүргэж өглөө. Харин 1942 оны 8~р сард Таня Ленинградаас аврагдсан 140 хүүхдийн нэг болсон ба Красный Бор сууринд хүргэгдсэн юм. Асрамжийн газрын багш Анастасия Карпова Танягийн ах Михайл руу захидал бичсэн байдаг: "Таня амьд байна, гэхдээ тэр өвдсөн. Эмч түүнийг ойр ойрхон эргэж тойрч байгаа, тэгээд түүнийг их хүнд өвдсөн байна гэсэн. Түүнд амралт, хүнс тэжээл, хамгийн гол нь онцгой халамж анхаарал хэрэгтэй байна."

1944 оны 5~р сард Таня Шатки дахь эмнэлэгт хүргэгджээ. Тэгээд сарын дараа буюу 7~р сарын 1~нд сүрьеэ өвчний улмаас өөд болсон юм ...

Нина, Михайл хоёр Дэлхийн 2~р Дайны дараа Ленинградад эргэн ирсэн байдаг. 1944 онд хүнд шархадсны улмаас Михайлыг тэд Ленинград руу буцаасан нь энэ байлаа.

Танягийн тэмдэглэл одоо Ленинградын Түүхийн Музейд хадгалагдаж байгаа бөгөөд Пискарёвскын Оршуулгын Газарт дурсгалын цогцолбор хөшөө болгон олны өмнө толилуулсан байдаг.


Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Tanya_Savicheva

0 comments:

Post a Comment