Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

eBay дээрх сүнстэй зураг

2000 оны 2~р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Friday, January 3, 2020

Тарарегийн хачирхалтай амьдрал

     Өсвөр насандаа Тараре өөрийн жинтэй дүйцэхүйц үхрийн дөрөвний нэгийг өдрийн дотор өлхөн гэгч нь гөвж орхидог байлаа, бүр ганцаараа гээч. Хүсвэл тэр түүнээс ч илүүг идэж чадна. Ямар сайндаа л Тарарег хооллож хүчрэхээ больсон эцэг, эх хоёр нь түүнийг гэрээсээ хөөхөд хүрч байхав. Удалгүй Тараре хэсэг бүлэг хулгайч болон янхнуудын хамтаар Францыг хөндлөн гулд туулахдаа хоол гуйлгачилж, мөн хулгайлж явсаар явуулын циркчдийн багт элсэн орсон байдаг. Тэд Тарарег хамгийн эхний ээлжинд гаргадаг байсан нь учиртай. Тарарегийн хэрхэн үйсэн бөглөөнүүдийг, чулуунуудыг, амьд амьтдыг ... тийм ээ, чи зөв уншсан, тэгээд сагс дүүрэн алимнуудыг нэг нэгээр нь залгиж буй хачирхалтай үзүүлбэр үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй тайз руу татдаг байлаа.

     1788 онд Тараре гудамжинд үзүүлбэр үзүүлэхээр Парисыг зорьжээ. Эхэндээ бүх зүйл бүтэмжтэй байсан ч нэгэн үзүүлбэр нь буруугаар эргэсний хар гайгаар дотор эрхтнүүдийг нь гэмтээж орхино гэдгийг Тараре төсөөлж байсан болов уу? Үзүүлбэрийг нь үзэж зогссон хүмүүсийн зарим нь Тарарег дамжилж явсаар Hotel~Dieu эмнэлэгт хүргэсэн байна. Тэнд Тараре хэдэн өдрийн турш хүчтэй туулга ууж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд бие нь бүрэн тэнхрэхийн алдад М. Гирауд эмчид талархал илэрхийлээд үзүүлбэрээ сонирхуулахыг хүсчээ.  Тэгээд Гираудын халаасны цагийг нь гинжтэй нь хамт идэж үзүүлэх саналыг тавьсан байдаг. Мэдээж хэрэг, эмч юу гэж зөвшөөрөх билээ, хэрэв тэгэх юм бол Тарарегийн гэдсийг ухаж, цагаа гаргаж авна хэмээн сүрдүүлсэн байна.

     Удалгүй Европийн зарим орнууд Францын эсрэг дайн зарлахад Тараре Францын Хувьсгалт Армид элсэн оржээ. Харамсалтай нь армийн хоол хүнс түүний хэрэгцээг хангаж чадсангүй. Тараре бусад цэргүүдийн өмнөөс үүрэг даалгавруудыг нь биелүүлэн өгч, хариуд нь хоолоор наймаалцаж, мөн тэсэхээ байгаад бордоо болгохоор овоолсон амьтдын ялгадсан дундаас хүртэл хоол тэжээлийн үлдэгдэл эрж байлаа. Улмаар Тарарегийн бие нь сульдаж Soultz Haut Rhit~ийн эмнэлэгт хүргэгдсэн ба хоолны хэмжээг нь дөрөв дахин нэмэгдүүлсэн ч энэ нь хангалттай байсангүй. Тэгээд Тараре өлсөхийн эрхэнд эмнэлэгийн хог хаягдлыг ухаж, бусад өвчтөнүүдийн үлдээсэн хоолны үлдэгдлүүдийг түүн идэж эхэлсэн байна. Заримдаа няравын өрөөнд нууцаар нэвтэрч ороод халууны жингүүдийг хүртэл идэж орхино гээч. Армийн эмч нар Тарарегийн энэхүү ер бусын хоолны дуршлыг тайлбарлаж чадалгүй дэмий л зулайгаа маажиж зогссон юм. Тэгээд тэд түүнийг эмнэлэгээс гаргалгүй байлгаж, физиологийн сорилтуудыг хийхээр шийджээ.

     Доктор Корвиль, Барон Перси нар Тарарегийн ходоодны хэмжээг туршихаар болж бараг л 15 хүний порцоор хоол бэлтгүүлж эмнэлэгийн гадна хүргүүлжээ. Тараре эхлээд маш том хэмжээтэй хоёр бүтэн махан пирог, таваг дүүрэн шар тос, давс, бас 15 литр сүүг ууж орхиод унтсан байна. Энэ үед Корвиль Тарарегийн гэдэс яг л хийлсэн шаар шиг томорсон байгааг анзааржээ. Түүнчлэн, өөр нэгэн туршилтын үеэр Тараре амьд муурыг барьж аваад гэдсийг нь шүдээрээ ярж, цусыг нь ууж, улмаар арьс, ноосыг нь огиулан гаргахаасаа өмнө яснаас бусад бүх зүйлийг нь идсэн гэдэг юм. Үүний дараа түүнд могой, гүрвэл, гөлөг зэрэг амьтдыг санал болгоход Тараре мөн л бүгдийг нь амьдаар нь идсэн байна, бас нэгэн удаа бүр бүтэн цахилгаан могойн толгойг нь шүдээрээ бяцалж орхиод зажлалгүй залгижээ.

     Энэ мэт хэдэн сарын турш түүнийг туршилтын туулай болгосны эцэст залхсан армийн удирдлагууд түүнийг эргээд цэргийн албанд нь томилохыг шаардсан байна ... сайндаа ч биш тодорхой шалтгаанаар. Армийнхан түүний энэхүү онцгой чадварыг цэргийн зориулалтаар ашиглахаар шийджээ. Тэгээд генерал Бухарнейн тушаалаар тэд модон хайрцган дотор хийсэн бичиг баримтыг Тараред өгөхөд, тэр хайрцгийг амжилттай гэгч нь залгижээ. Үүнийх нь хариуд Тараред урамшуулал болгож нас бие гүйцсэн эр үхрийн 14 кг түүхий уушиг, болон элгийг өгөхөд Тараре тэр дор нь хуран цугласан генералуудын нүдэн дээр идэж орхисон байна.

     Ингээд сорилтыг давсан Тараре Райны Армийн албан ёсны тагнуулч болох нь тэр дээ. Эхний даалгавраа болгож Тараре Ньюштадын дэргэдэх Пруссын армид олзлогдсон Францын хурандаад зурвас илгээх үүргийг авсан байна. Хэдийгээр маш чухал бичиг баримт байгаа гэж генерал Бухарней Тараред хэлсэн боловч үнэндээ тэнд хурандааг зурвасыг хүлээж авснаа баталгаажуулж, Пруссын армийн хөдөлгөөнтэй холбоотой чухал мэдээлэл байвал эргээд бичээрэй гэсэн хүсэлт байсан юм.

     Тараре харуй бүрийгээр Пруссын фронтын шугамыг давахдаа энгийн Германы тариачны дүрд хувирсан боловч хэл ус мэдэхгүйн гайгаар орон нутгийн иргэдийн анхаарлыг өөр дээрээ багагүй татжээ. Удалгүй сэжиг авсан оршин суугчид Пруссын засаг захиргаанд мэдэгдсэнээр Тарарег Ландаугийн дэргэд баривчлагдахад хүргэжээ. Нэгжээд нэгжээд Тарарегаас юу ч гарч ирсэнгүй. Тэгээд ташуурын амтыг амсуулаад амсуулаад Тараре амаа хамхисан хэвээр л байлаа. Харин 24 цагийн дараа Тараре аргагүйн эрхэнд ам нээж, бүх төлөвлөгөөгөө дэлгэсэн байна. Үүний дараа тэд Тарарег жорлонгийн дэргэд дөнгөлж орхиод 30 цагийн өмнө залгисан модон хайрцгийг нь хүчээр гаргуулжээ. Хэй, яаж гэдгийг нь битгий асуугаарай. Харин Пруссын генерал Зоегли Тарарегийн хэлсэнчлэн чухал бичиг баримтыг олж чадаагүйдээ уурсан хилэгнэж, Тарарегийн хүзүүгээр олс уяад сүрдүүлж эхэлжээ. (Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, Тараре ухаан сийлж, Пруссчуудыг гар хүрэхээс өмнө өтгөнөө эргээд идчихсэн ч гэдэг юм) Харин эцсийн мөчид Зоегли бодлоо өөрчилж, Тарарег цаазын индэр дээрээс буулгасан байна. Тэгээд тэд түүнийг нүүр нүдгүй зодсоныхоо дараагаар Францын шугам руу тавьж явуулсан аж.

     Энэ явдлын дараагаар Тараре эмнэлэгт хүргэгдсэн ба дахин цэргийн албанд томилогдохоос халшрах болжээ. Мөн тэрбээр Перси эмчид хандаж, хоолны дуршлаа бууруулахын тулд байж болох бүх л эмчилгээг хийлгэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Перси түүнийг опийн хандаар эмчлэх гэж оролдсон боловч тусыг эс олов. Дараагаар нь цагаан цуу, бас тамхины үрлийг хэрэглэсэн ч нөлөө үзүүлсэнгүй. Тэгээд арга ядсан Перси түүнийг хоолны дэглэмд оруулахын тулд ихээхэн хэмжээний чанасан өндгийг идүүлсэн ч мөн л юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ мэт олон арга, туршилтууд бүтэлгүйтсээр, харин Тараре улам өлссөөр л. Өлсөхийн эрхэнд Тараре эмнэлэгээс нууцаар гарч махны дэлгүүрийн гадаах хогийн цэгээс гудамжны ноходтой зодолдон байж малын хаягдал мах, өөхийг түүж идэх болов. Мөн тэр хэд хэдэн удаа эмнэлэг доторх өвчтөнүүдийг сэлбэж байсан цусыг ууж, бас морг доторх цогцоснуудаас идэхийг завдсан байна. Бусад эмч нар Тарарег галзуу хүн байна гэж дүгнээд сэтгэцийн эмнэлэг рүү хүргүүлэхийг оролдож байсан ч Перси эмч туршилтаа үргэлжлүүлэхийг хүсч байлаа.

     Харин удалгүй 14 сартай нялх хүүхэд эмнэлэгээс алга болсон явдал гарсан ба мэдээж хэрэг, Тараре хамгийн эхний сэжигтэн нь болжээ. Ингээд арга буюу тэд түүнийг эмнэлэгээс хөөж гаргасан ба Тараре дахиж эргэж ирээгүй юм.

     Харин 4 жилийн дараа буюу 1798 онд Версалийн эмнэлэгийн эмч М. Тессей Перситэй холбоо барьж, түүнд үзүүлэх нэгэн өвчтөн байгаа талаар дуулгасан байна. Тийм ээ, энэ Тараре байлаа. Гэвч тэр урьд өмнөхөөсөө илүү ядарч бас өвдсөн харагдана. Тараре Персид хандаж, хоёр жилийн өмнө алтан сэрээ залгисан ба энэ нь түүний дотор тэвхдэн гацчихаад биеийг нь дордуулж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Тэр Персиг туслана гэдэгт найдаж байлаа. Харин Перси түүнийг уушигны сүрьетэй болсон хэмээн оношилжээ. Сарын дараа Тараре зогсолтгүй суулгаж эхэлсэн ба ... удалгүй нас барсан юм.

     Түүний цогцос нь маш эрчимтэй ялзарч байсан нь мэс засалч нарыг түүнд задлан хийхээс татгалзахад хүргэжээ. Тессей эмч харин Тарарегийн дотоод эрхтнүүдийг судлах хүсэлтэй байсны дээр сониуч зандаа хөтлөгдөж, үнэхээр алтан сэрээ түүний дотор гацсан эсэхийг мэдэхийг тэсч ядаж байсан юм. Ингээд задлан шинжилгээ хийж эхлэхэд Тарарегийн нарийн гэдэс ер бусын өргөн байсан нь ажиглагдсан ба эрүүг нь нээх үед эмч нарын өмнө Тарарегийн гэдэс рүү чиглэсэн том гэгч нь суваг нээгдэх шиг л болсон байна. Түүний дотоод эрхтнүүд нь идээ бээрээр дүүрсэн байсны дээр элэг болон цөсний хүүдий нь энгийн хүнийхээс илүү том байсан байна. Мэдээж хэрэг, гэдэс нь том байсан ба биенийх нь ихэнхи зайг эзэлж байсан юм.

     Ийм идэмхий хэр нь Тараре туранхай байсан нь хачирхалтай. 17 насандаа гэхэд л тэр ердөө 45 кг жинтэй байсан гээд бод доо! Тэр дундаж өндөртэйн дээр маш зөөлөн үстэй байсан юм. Бас том амтай, чулуужсан шүднүүдтэй, маш нимгэн уруултай, бараг л нүдэнд үл үзэгдэм. Хоол идээгүй байх үед нь арьснууд нь сул унжиж эхэлдэг байсан тул Тараре арьсаа өмднийхөө дотуур чихэж оруулдаг байж. Харин хоол идсэн үед нь хэвлийн арьс нь яг л хийлсэн шаар шиг томордог байсан байна. Хацарных нь арьс мөн үрчлээтэй, унжсан байдалтай байсан бөгөөд түүнийг сунгах үед арван хоёр өндөг ч аманд өлхөн багтахаар аж.

     Бие нь хүрэхэд маш халуун, бас маш их хөлөрдөг байлаа. Тийнхүү их хөлөрдгөөсөө болоод байнга шахуу өмхий үнэртэй явна. Ямар сайндаа л хорин алхмын цаанаас түүнийг ирж байгааг чи үнэрээр нь мэдэж болно. Тэгээд хоол идэх үед энэ үнэр нь бүр дордохыг яана. Мөн түүний сэтгэц эрүүл байсан нь сонирхолтой. Хамгийн гол нь ... Тарарегийнхтай дүйцэх шинж тэмдэг бүхий өвчин түүхэнд өөр тэмдэглэгдээгүй бөгөөд одоог хүртэл эмч нар учрыг нь олж чадаагүй юм.

     Харин алтан сэрээний тухайд гэвэл эмч нар түүнийг олж чадаагүй байна.

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Tarrare