Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

eBay дээрх сүнстэй зураг

2000 оны 2~р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Saturday, October 14, 2017

suicidemouse.avi

Тэгэхээр, энэ түүх домогт Уолт Диснэйн гол нэрийн хуудас болсон Микки Хулганатай холбоотой юм. Анх буюу 1930~аад оны үед гарч байсан Микки Хулганын тухай хамгийн эхний хувилбаруудыг үзэж байсан хүмүүс нэн ховор байх. Харин тухайн үед гарч байсан нэгэн бичлэгийг Уолт Диснейн уран бүтээлчид телевизээр гаргахаас эрс татгалзсанаар барахгүй нуун дарагдуулсан гэдэг ... Чухам ямар шалтгаанаас болоод тэр вэ? Хэдийгээр олон жил нууцлагдсан боловч хэдэн жилийн өмнө энэхүү бичлэг нь нийтэд ил тод болжээ. Одоо харин гол зүйл рүүгээ оръё ...

Та уг бичлэгийг хэсэг хугацаанд, тогтвортой гэгч нь ажиглах юм бол төд удалгүй Микки хулгана үйлдлээ ахин дахин давтаад байгааг, мөн Миккигийн цаагуур 6 төрлийн өөр барилга давтагдан өнгөрч буй зүй тогтлыг анзаарах болно. Үзэх тусам таагүй мэдрэмж улам бүр нэмэгдэж ирэх бөгөөд, уйтгартай нь аргагүй алхах Микки хулганы энэхүү эцэс төгсгөлгүй мэт үргэлжилэх дүрс бичлэгийг хөгжим гэж хэлэхэд бэрх төгөлдөр хуурын давтагдсан хэдхэн даралт л "чимж" өгсөн байна. Хөгжилтэй гэгээлэг аялгууны оронд чихэнд чимэггүй хөгжим эгшиглэж, баяр баясгалантай Микки хулгана бүжиглэх ч үгүй, дуулах ч үгүй, бүр инээмсэглэх ч үгүй уйтгарлан, гүн бодолд дарагдан алхана ... Хэдхэн жилийн өмнө Микки Хулганы тухай Алтан Цуглуулга бүхий DVD нь гарсан бөгөөд энэхүү ажлыг хийх явцдаа төсөл дээр ажиллаж байсан Leonard Martin гэгч эрхэм архиваас энэхүү бичлэгийг олжээ. Хальт үзсэнийхээ дараахан, Ноён Мартин энэхүү бичлэгийг цуглуулганд оруулахад хэтэрхий тохиромжгүй, бараг л энэ чинь хог байна шүү дээ хэмээн бодсон гэдэг. Гэвч устгаж зүрхэлсэнгүй, энэ чинь Уолт Диснейн бүтээл шүү дээ, түүхийн үнэт өв. Тиймээс хуулбарлан авсан байна. Тэгээд хуулсан дижитал хувилбарыг нь компьютер дээрээ хуулаад үзэж суухдаа нэг зүйлийг ажиглажээ. Бичлэгийн үргэлжлэх хугацаа 9 мин 4 сек байлаа.

Мартины тэмдэглэлээс: "Бичлэг эхэндээ нэгэн хэвийн басхүү уйтгартай, гэхдээ жихүүдэс хүргэм байдалтайгаар үргэлжилж байснаа гэв гэнэт харанхуй болж орхисон. Энэ байдал 6 дахь минут хүртэл үргэлжилээд, дүрс эргээд гарч эхэлсэн. Гэвч өнөөх хачин төгөлдөрийн хуурын даралт энэ удаад өөрчлөгдсөн байлаа. Эхэндээ яг л хэн нэгэн нь амантдаа бувтнаад байх шиг  сонсогдсон боловч энэ хүний яриа биш болох нь илэрхий болсон. Яг л хэн нэгэн нь уйлаад байгаа гэлтэй сонсогдож байв. Удалгүй минутын дараа дуу улам тод болж, хачирхалтай бичлэгийн дүрс бүр илүү хачин болж эхлэв. Гэнэт Микки хулганы нүүрэнд зэвүүнээр инээх инээмсэглэл тун богино хугацааны давтамжтайгаар тодорч эхэлсэн. Харин 7 дахь минутаас эхлээд өнөөх чимээ илүү тод болж яг л хэн нэгэн байдаг чадлаараа, үхэхийн өмнө хашгирч буй гэлтэй сонсоход эвгүй, мөн чихэнд чийртэй болж эхлэв! Үүнтэй зэрэгцээд дүрс эмх замбараагүй болж, өөрчлөгдөж эхэлсэн. Хамгийн хачин нь дэлгэцэнд улаан өнгийн туяа мэдэгдэхүйц тодорч эхэлсэн явдал байлаа."

Айж балмагдсан Мартин тэр дороо тасалгааг орхин гарсан бөгөөд нэгэнт дуусах шатандаа ороод байсан түүний ажлыг бусад ажилчид нь хариуцан авахад хүрчээ. Харин өнөөх нууцлаг хальс яасан бэ гэж үү? Түүнийг тэд хурдхан гэгч нь эргүүлж архивт нь аваачиж тавьсан байна. Бичлэгийн хувьд ахиад цааш минут гарам үргэлжлэх бөгөөд бичлэгийн сүүлд Микки хулганы нүүр юу ч үгүй болтлоо угаагдчихсан мэт алга болсныг та бүхэн харах боломжтой. Хөгжмийн хувьд яг л эвдэрсэн хөгжмийн хайрцагнаас дуугарч буй аялгуу гэлтэй хачин жигтэй сонсогдох болно. Энэхүү бичлэгийг үзэж байх явцад зэргэлдээх өрөөнд байсан хамгаалалтын ажилтанд ер бусын их зовлон шаналал мэдрэгдэж эхэлсэн гэх бөгөөд өөрийн эрхгүй гар буугаа ил гаргаад бариад зогсчихсон байснаа гэнэт анзаарсан гэнэ. Харин хамгийн сүүлд бичлэгийн төгсгөлд "Энэхүү бичлэг дээр үзэгдэх тамын үзэгдлүүдийг үзэж, чимээг сонссон хүмүүс лавтай тамд унах вий" хэмээсэн бичиг гарч иржээ. Аз болж хачин жигтэй тэрхүү үзэгдлийг гарахаас урьтаж Мартин монтажлан хасч амжсан байлаа, өөрөө ч мөн адил үзээгүй ажээ. Харин энэхүү засч янзалсан бичлэгийг студийн доторх хэд хэдэн ажилчид гадаад сайтууд дээр тавих гэж оролдсон бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас хожим хойно тэд бүгд халагдсан байна. Мөн Мартин хэлэхдээ, "Хэрвээ та интернэтэд suicidemouse.avi гэсэн файлтай таарах юм бол татаж авах гэсний хэрэггүй, бас хэзээ ч битгий үзээрэй. Тэгээд цаг алдалгүй надтай утсаар холбоо барьж, уг бичлэгийн талаар мэдэгдэх хэрэгтэй. Магадгүй Уолт Дисней үүнээс болж нас барсан ч байж болох юм шүү дээ" гэсэн байдаг.

PS: Юмыг яаж мэдэхэв, хэдий энэхүү мэдээлэл үнэн, худал эсэх нь тодорхой бус ч хэрвээ үнэн байвал хар энерги дагуулах нь лавтай. Дахин сануулахад энэ бол бичлэгийн цэвэр эх хувиас нь бичсэн дижитал хувилбар биш бөгөөд дахин засварласан дээр нь нэмж монтажилсан хувилбар тул хүмүүст нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага гэх. Гэхдээ л бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд толгой эргэх, гар салгалах, зүрх дэлсэх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд илэрсээр байгаа юм ...


Tuesday, September 26, 2017

Таня Савичевагийн Өдрийн Тэмдэглэл

Анна Франкын талаар бүгд мэддэг ч Татьяна Савичева охиныг мэддэг нэг нь нэн ховор. Энэ бяцхан охин Дэлхийн 2~р Дайны үед, бүхэл бүтэн 900 гаруй хоног үргэлжилсэн Ленинградын бүслэлтийг давж гарч чадсан юм! Ммхм, тэр ч бас тэмдэглэл хөтөлдөг байсан ...

1941 оны зуныг хөдөө нутагт амарч өнгөрүүлэх гэсэн Татьяанагийн гэр бүлийн төлөвлөгөөг нацистууд нурааж орхижээ (Германчууд ЗХУ~руу 1941 оны 6~р сарын 22~нд довтолсныг та мэднэ). Энэ үед ах Мишагаас бусад нь Ленинград хотдоо үлдсэн байлаа. Дайн ч эхэлж, мэдээж хэрэг Танягийн гэр бүлийнхэн армид өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулж эхэлсэн нь лавтай. Марии Игнатьевны Фёдоровой цэргийн дүрэмт хувцас оёж, Лёха Адмиралти~д онгоцны оператор хийж, Зеня зэвсгийн үйлдвэрт буу угсарч, Нина хотын бэхлэлтэнд зориулсан байгууламжууд дээр ажиллаж байсан бол авга ах нар болох Вася, Лёша нар нь агаарын довтолгооноос хамгаалах үүрэгт ажлуудыг хариуцан авсан байна. Татьяна эхээс 5~уулаа. Тэр ээжтэйгээ, өөрийн хоёр ах болох Миша болон Лёка, мөн хоёр эгч Зеня, Нина хоёртой хамт амьдардаг байлаа. Эцэг нь түүнийг 6 настай байхад өнгөрчээ. Харин дайн эхлэхэд Ленинградын гадна байсан Мишагийн хувь тавилан гэр бүлийнхнийх нь хувьд тодорхойгүй үлдсэн ба хамгийн сүүлд түүнийг партизанчуудтай нэгдсэн гэдэг хэл сургийг л тэд олж сонссон аж.

Аанха, Татьяна охин. Ердөө 11 настай байхдаа тэр окоп ухаж, галт бөмбөгнүүдийг салгах ажлыг хийж явсан гэвэл та итгэх үү?

Өдрийн Тэмдэглэл.

Таняд өдрийн тэмдэглэл байдаг байлаа. Том, зузаан гэгч нь уг дэвтэрт тэр дайнаас өмнөх үеийн өдөр тутмынхаа амьдралыг тэмдэглэн бичдэг байв. Харин бүслэлтийн эхний саруудад, зууханд гал ноцоох түлээ байгаагүйн улмаас гэрийнхэн нь дулаацахын эрхэнд тэмдэглэлийн дэвтрийг нь шатаажээ. Гэвч удалгүй Таня эгч Нинагаас нэгэн жижигхэн дэвтрийг авсан нь хожим нь түүнийг алдаршуулсан өдрийн тэмдэглэл нь болох байсныг тэр хэрхэн мэдэх билээ. Жижиг тулдаа галын дөлнөөс хэвтрүүлэгдсэн уг дэвтэрт Нинагийн завод дахь уурын тогооны ажиллагааны талаарх зааврууд бичээстэй байлаа. Орос цагаан толгойн үсэгнүүд бүхий уг тэмдэглэлийн дэвтрээс Таня Ж үсэгтэй хуудсыг сонгон авчээ.

Татьянагийн эхний тэмдэглэл 12~р сарын 28~нд бичигдсэн байдаг.

"Женя 1941 оны 12~р сарын 28~ний үд дундын 12 цагийн үед өнгөрлөө."

Зэвсгийн үйлдвэрт ажиллаж байсан Зеня тэжээлийн дутагдлаас болж таалал төгссөн байна. Зеня гэрээсээ завод хүртэл өдөрт 7 км алхана. Заримдаа өдөрт 2 ээлжээр ажиллаж, тэсрэх бөмбөгний гэр хийнэ. Харин ажлын дараагаар тэр цусаа хандивладаг байлаа. Энэ үед Ленинград хотод нэг хүнд ноогдох хүнсний ноогдол хэмжээ улам багасч байсан ба мөстсөн Ладога нуурын дээрх Дорога Жизни буюу Амьдралын Зам хэмээх жимээр орж ирсэн хоол хүнсний нөөцөөс насанд хүрсэн хүн өдөрт 250 гр, харин хүүхэд болон хөгшчүүл түүний талтай тэнцэх хэмжээний хүнсийг хүртдэг байсан гэдэг. Харин Зенягийн хувьд ... энэ бүх ачааллыг давж чадаагүй ба Ленинградад сар тутамд өлбөрч үхэж байсан 100.000 иргэдийн нэг болох тавилантай байж.

Үүнээс хойш сарын дараа, Танягийн 12 насны төрсөн өдрөөс хойш хоёр хоногийн дараа ... эмээ нь өнгөрсөн байна. Энэ үедээ Евдокии Арсеньевой биеийнхээ жингийн 1/3 хэсгийг алдаад байсан бөгөөд ор хүрэлцээ муутайн улмаас эмнэлэгт очихоос татгалзжээ.

Энэ удаад Таня Б үсгийг сонгосон байна.

"Эмээ 1942 оны 1~р сарын 25~нд, 3 цагийн үед таалал төгслөө."

Тэд эмээгийнхээ хүнсний ноогдол картыг ашиглахын тулд түүний үхлийг сарын төгсгөл хүртэл нууцалжээ. Ийнхүү Евдокий нь 1942 оны 2~р сарын 1~нд амьсгал хураасан хэмээн албан ёсоор тэмдэглэгдсэн байдаг.

2~р сарын 28~нд Нина сураггүй алга боллоо. Энэ үед Ленинград хот артиллерийн хүчтэй бөмбөгдөлтөнд өртөж байсан үе тул түүнийг нас барсан гэж бүгд итгэцгээхээр шийдэв. Хэрэг дээрээ Нина Савичева гэрийнхэндээ хэлэлгүйгээр Ладога нууран дээрх Амьдралын Зам мөсөн жимээр гарч, Ленинградаас дүрвэсэн байна. Нинад гэрийнхэнтэйгээ холбоо тогтоох боломж гарсангүй. Түүний бие удалгүй хүндээр өвдөж, мөн хот руу буцаж чадалгүй явсаар 1945 онтой золгожээ. Харин Танягийн өдрийн тэмдэглэлийг олсон хүн нь Нина байсан юм.

Эмээгийнх нь үхлийг залгуулаад ах Лёка нь 3~р сард өөд болов. Тэр армид элсэхийг ихэд хүсч байсан ч хараа муутай гэх шалтгаанаар буцаагдсан байдаг. Лёка төдий л удалгүй өөрийгөө чадварлаг инженер болохоо харуулж эхэлсэн байна. Лёка мөн авъяаслаг хөгжимчин байлаа. Тэр 3~р сарын 17~нд боомтын эмнэлэгт таалал төгсөх хүртлээ Адмиралти боомтод шөнийн ээлжээр ажилладаг байсан юм.

Энэ удаад Таня Л үсгийг сонголоо.

"Лёка 1942 оны 3~р сарын 17~ны өглөөний 5 цагт нас барлаа."

4~р сарын 13~нд авга ах Вася нь 56 насандаа өөд болжээ. Дайнаас өмнө Савичевагийн гурван ч авга ах нь хамтдаа амьдардаг байсан төдийгүй дайн эхэлснээс хойш тэдэн дээр ирж хамт байх болсон байна. Вася Дэлхийн 1~р Дайнд оролцож байсан туршлагатай нэгэн байсан ч наснаасаа шалтгаалаад цэрэгт элсч чадаагүй юм. Вася, Таня хоёр хоорондоо маш ойр байсан. Таня Васягийн байранд очиж цагийг өнгөрүүлэх дуртай байсан нь тэнд маш олон ном байдаг байсантай холбоотой.

Энэ удаад Таня В үсгийг сонгов. Тэр дүрмийн алдаатай бичсэн байлаа.

"Авга ах Вася 1942 оны 4~р сарын 13~ний шөнийн 2 цагт таалал төгслөө."

Харин хамгийн том авга ах Лёша нь 5~р сард 71 насандаа тэжээлийн дутагдлаас болж нас барлаа. Мөн л армид элсэхийг хичээж байсан ч нас хэтэрхий өндөр гэх шалтгаанаар тэд саналыг нь түтгэлзсэн байна. Хэдийгээр хөгширсөн ч гэсэн тэрбээр өөрийн хувь нэмрийг чадах чинээгээрээ л нэмэрлэхийг хичээдэг байв.

Таня Л үсгийг сонгожээ. Гэвч "нас барсан" гэдэг үгийг бичээгүй байна.

"Авга ах Лёша 1942 оны 5~р сарын 10~ны оройн 4 цагт."

Эцэст нь 5~р сарын 13~ний өглөө Танягийн ээж нь нас барлаа. Марии Игнатьевна Савичева нь 1989 онд төрсөн, хөгжимд дуртай эмэгтэй байсан ба хүүхдүүдээ гэр бүлийн ансамбальд тоглохыг нь ихэд дэмждэг байсан гэдэг.

Таня М үсгийг сонголоо. Тэр дүрмийн алдаатай бичсэнээс гадна мөн л "нас барсан" гэдэг үгсийг бичээгүй байна.

"Ээж 1942 оны 5~р сарын 13~ний өглөөний 7:30 цагт."

Ээжийнхээ үхлээс хойш Таня бүх л итгэл найдвараа алджээ. Тэр С, У, болон О үсэгнүүд бүхий хуудаснууд дээр дараах үгсийг бичсэн байдаг:

« Савичевы умерли » / "Савичевүүд нас барцгаалаа."
« Умерли все » / "Бүгд үрэгдсэн."
« Осталась одна Таня » / "Ганцхан Таня л үлдлээ."




Ээжийгээ нас барсны удаах шөнө Таня хөршийндөө хоносон ба маргааш нь гэрт үлдсэн цөөн хэдэн зүйлсээ аваад авга эгч Дусягийнд очжээ. Харин авга эгч нь түүнийг эмнэлэгийн тусламж авна хэмээн найдаж, Смольный дахь өнчин хүүхдүүдийн 48~р нийтийн асрамжийн газарт хүргэж өглөө. Харин 1942 оны 8~р сард Таня Ленинградаас аврагдсан 140 хүүхдийн нэг болсон ба Красный Бор сууринд хүргэгдсэн юм. Асрамжийн газрын багш Анастасия Карпова Танягийн ах Михайл руу захидал бичсэн байдаг: "Таня амьд байна, гэхдээ тэр өвдсөн. Эмч түүнийг ойр ойрхон эргэж тойрч байгаа, тэгээд түүнийг их хүнд өвдсөн байна гэсэн. Түүнд амралт, хүнс тэжээл, хамгийн гол нь онцгой халамж анхаарал хэрэгтэй байна."

1944 оны 5~р сард Таня Шатки дахь эмнэлэгт хүргэгджээ. Тэгээд сарын дараа буюу 7~р сарын 1~нд сүрьеэ өвчний улмаас өөд болсон юм ...

Нина, Михайл хоёр Дэлхийн 2~р Дайны дараа Ленинградад эргэн ирсэн байдаг. 1944 онд хүнд шархадсны улмаас Михайлыг тэд Ленинград руу буцаасан нь энэ байлаа.

Танягийн тэмдэглэл одоо Ленинградын Түүхийн Музейд хадгалагдаж байгаа бөгөөд Пискарёвскын Оршуулгын Газарт дурсгалын цогцолбор хөшөө болгон олны өмнө толилуулсан байдаг.


Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Tanya_Savicheva

Friday, September 22, 2017

Lucid толгой тасдалт

Кинон дээрээс бид олонтаа хардаг, тэд цаазаар авахуулсан ялтны толгойг үсдэж өргөөд, үзэгчдэд, харин зарим тохиолдолд өөрсдийнх нь амьгүй болсон бие рүү нь харуулан тавьдаг. Гэхдээ, энэ бол таны төсөөлж байгаагаас ч илүү харгис үйлдэл гэдгийг та энэхүү нийтлэлийг уншсаныхаа дараагаар ойлгох болно ...

Мянга, мянган жилийн туршид хүний толгойг хүчээр тасдан авах нь шийтгэлийн капитал буюу хамгийн дээд хэлбэрүүдийн нэг байсаар ирсэн. Капитал ... capital. Англи хэлэнд мөн хүний толгойг таслахыг decapitation гэдэг бөгөөд мэдээж хэрэг өмнөх өгүүлбэрт бичигдсэн capital хэмээх үгнээс үндэстэй. Харин capital нь caput гэх Латин үгнээс гаралтай ба утга нь "толгой" болно. Ок, одоо гол зүйл рүүгээ орцгооё ...

Хүний толгойг тасалсны дараагаар толгой чухам хэдий хэр хугацааны туршид lucid буюу сэргэг байдаг вэ гэдэг бол яах аргагүй маргаантай сэдвүүдийн нэг. Зарим нь толгойгоо тасдуулсан хүний тархин дахь цусны даралт огцом унаснаас болж, аль эсвэл толгой таслах төхөөрөмжийн хүчтэй цохилт, доргилтоос болж тэр дор нь ухаан санаагаа алддаг хэмээн үздэг. Гэвч түүхэнд үүнийг үгүйсгэсэн гэрч нарын мэдүүлгүүд цөөнгүй бий.

Харин хүний тасарсан толгой нь үхэх хүртлээ хэсэг хугацаанд сэргэг байж, өвдөлтийг мэдэрдэг хэмээн сэжиглэгдэж байсны улмаас энэ төрлийн шийтгэлийг оноохыг дэлхийн олон улс орнуудад хориглож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш энэ талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаанууд хийгдээгүй нь лавтай. Гэхдээ, толгойгоо таслуулсан амьтад дээр хийсэн ажиглалтууд нь бидний энэхүү хачирхалтай таамгийг улам баттай болгосоор байна.

Олон анекдот баримтууд дээр тасарсан толгой нь нүдээ цавчих, харцаа шилжүүлэх, мөн уруулаа хөдөлгөсөн талаар тэмдэглэгдсэн байдаг. Ер нь тасарсан мөч нервийн рефлексийн нөлөөгөөр татганан хөдлөх нь ховор үзэгдэл биш. Гэвч ... хүний нүүрэнд илэрсэн хувирлуудыг энэхүү нервийн рефлекстэй холбон тайларлах нь учир дутагдалтай. Зарим гэрч нарын мэдүүлэгт толгойгоо тасдуулсан хэрэгтнүүдийн нүүрэнд сүүлийн хэдэн хоромд нэг бус хувирал илэрсэн талаар дурьдагдсан байдаг ... өвдөлт, эргэлзээ, харуусал болон айдас гэх мэт!

1905 оны 6~р сарын 28~ий өглөөний 05:30 цагт цаазаар авахуулсан Languille гэгч эрхмийг Доктор Beaurieux судалсан байдаг. Ингээд, Archives d’Anthropologie Criminelle~д тэмдэглэгдсэн тус эмчийн дүгнэлтийг хүргье:

Түүний зовхи болон уруулны ажиллагаа нь 5 юм уу, 6 секундын хугацаанд жигд бус хэмнэлээр удааширч байсан ... мөн би нэмж хэдэн секунд хүлээсэн. Үүний дараагаар татганалах хөдөлгөөн нь зогссон. Нүүрний булчингууд суларч, зовхи нь нүдний болрыг хагас анисан ба зөвхөн нүдний салст бүрхэвчний цагаан хэсэг нь л харагдаж байлаа. Иймэрхүү дүр зураглалуудыг бид үхэж байгаа болон үхсэн хүмүүсээс өдөр бүр хардаг. Харин би тод бөгөөд хурц өнгөөр: 'Лангуилле!' гэж хэлэх үед, түүний зовхи нь удаанаар нээгдсэн ... дараа нь Лангуиллийн нүд нь намайг чиглэн харсан, энэ үедээ хоёр хүүхэн хараа нь нэг нэгэн дээрээ төвлөрч, солир харсан байлаа ... харин хэдэн секундын дараагаар, зовхи нь удаанаар анигдаж эхэлсэн, тун алгуур гэгч нь, тэгээд толгой түрүүний бичсэн байдал руу шилжсэн. Би дахиад түүний нэрийг дуудахад, зовхи нь татвалзахгүйгээр дахиад удаан гэгч нь нээгдэж, хоёр нүд нь намайг чиглэн харсан, солир хэвээр. Энэ удаад эхнийхээсээ илүү хурц байдлаар ширтэх шиг санагдсан. Ингээд зовхи нь дахин анигдаж эхэлсэн. Би түүний нэрийг гурав дахь удаагаа дуудах гэж оролдсон, гэвч энэ удаад ямар ч хөдөлгөөн ажиглагдсан, хоёр нүд нь яг л үхсэн хүмүүсийн адилаар гөлийсөн байлаа.

Би дөнгөж сая судалсан зүйлээ яг таг болж өнгөрсний дагуу сийрүүлэн бичлээ. Энэ бүхэн 25~с 30 секундэд үргэлжилсэн.

Мөн, Crucibles: The Story of Chemistry номонд Antoine Lavoisier гэгч химичийн цаазаар авахуулсан нэр нь үл мэдэгдэх зарцын талаар бичигдсэн байдаг. Зохиолчийн бичсэнээр бол, Lavoisier зарцынхаа толгойг тэр дор нь шүүрч аваад, хэрэв ойлгож байвал нүдээ цавчхыг сануулсан байдаг. Харин тэр нүдээ цавчжээ. Түүнчлэн Lavoisier~ийн 1794 онд өөр дээрээ хийсэн ийм төрлийн туршилтын талаарх яриа байдаг! Гэхдээ энэ нь түүний хувийн намтартай нь харшилдаг учраас итгэхэд бэрх ч түүний туслахын хэлснээр бол тэр толгойгоо тасдуулснаасаа хойш нүдээ аль болох олон цавчхыг оролдоно гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр 15~с 20 секунд орчим нүдээ цавчсан гэдэг.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдүүлгийг бүгдээрээ сонирхоцгооё. Энэ автомашины осолтой холбоотой хэрэг. 1989 оны 6~р сард, Солонгосын дайнд оролцож явсан Нэгдсэн Улсын нэгэн ахмад дайчин найзтайгаа хамт таксигаар явах үедээ ачааны тэрэгтэй мөргөлджээ. Найзынх нь эх бие нь сандал дээрээ бэхэлгээтэй хэвээр байсан ч толгой нь тасарсан байлаа.

Миний найзын толгой миний суусан өнцгөөс уруугаа харсан байдалтай харагдаж байсан. Эхлээд тэр амаа доод тал нь хоёр ч удаа нээж, бас хаасан. Нүүрэнд нь эхлээд цочрол юм уу, эргэлзээ, дараа нь айдас, харуусал тодрох шиг болсон. Тэр ийш тийшээ харж байсан гэж би тодорхой хэлж чадахгүй нь, гэхдээ яах аргагүй нүд нь надаас харцаа шилжүүлж өөрийнхөө биеийг харж, бас эргээд намайг харах шиг болсон. Тэгээд мэдээ алдах хүртлээ намайг ширтсээр байсан ... тэгээд л үхсэн дээ.

Энэ тал дээр хийсэн туршилтууд бүгд амжилттай болж байсангүй. 1836 онд Lacenaire гэгч эрхэм цаазаар авахуулсныхаа дараагаар нүдээ цавчих болно гэж зөвшөөрсөн байдаг. Гэвч тэр тэгээгүй юм. 1879 онд Prunier гэгч өөр нэгэн зандалчин мөн стимулд хариу үзүүлж чадаагүй байна. Үүнээс үзэхэд, зарим хүмүүс толгойгоо тасдуулсныхаа дараагаар тэр дороо амьсгал хураадаг гэж хэлж болох ч өвдөлт болон уй гашуудаа автсан тэд даалгаврыг гүйцэтгэж чадах нь туйлын эргэлзээтэй.

Одоо эцсийн асуулт. Үнэхээр хүний толгой биенээсээ тасарснаас хойш хэсэг хугацаанд ухаан сэргэг хэвээр байдаг уу? Хариулт нь тодорхой бус. Мөн цаашид шинжлэх ухааны үндэстэй судалгаанууд хийгдэх эсэх нь эргэлзээтэй. Тийм болохоор энэ асуулт ирээдүйд ч гэсэн тодорхой хариултгүй хэвээр хоцрох болно, хэдийгээр гэрч нарын олон арван мэдүүлгүүд гарч ирсээр байх боловч ...

Эх сурвалж: https://www.damninteresting.com/lucid-decapitation/

Tuesday, September 5, 2017

Дэлхийн хамгийн залхуу хvн

"Нэгэн удаа би Нэгдсэн Улсын армийн хөлөг онгоцонд байрлаж байх үедээ офицеруудын хоолны газарт өглөөний цайгаа ууж суулаа. Энэ үед тэнд нэгэн Operations Officer (OPS) орж ирсэн юм. Тэр залуу бол яахын аргагүй өглөөний хүн БИШ гэдгийн үнэнхүү тодорхойлолт болсон нэгэн байлаа; хагас унтаа байдалтай, нуухтсан нойрмог нүдтэй ... ерөнхийдөө бол цагирган боов барьсан зомби л гэсэн үг. Тэгээд тэр цагирган боовоо идэхээр миний эсрэг талд суусан ба амьтай голтой байна уу л гэлтэй харагдаж байсансан. Би нуруугаа цонх руу харуулан суусан байлаа. Удалгүй нарны алтан туяа хөлөг онгоцны цонхнуудын нэгнээр нэвтлэн орж ирэхтэй зэрэгцээд, том дугуй гэрэл бараг л ухаангүй шахуу түүний нүүрний арьсыг шарж эхэлдэг юм байна. Тэр хялайсаар, бас зажилсаар л, тэгээд өнөөдөр хэрхэн амьд байх вэ гэсэн аятай суух аж. Үнэндээ энэ бүгдийг харах нь надад үнэхээр зовиуртай байсныг нуух юун.

Удалгүй зомби ОПС зажлахаа зогсоолоо, тэгээд утсаа удаан гэгч нь аваад, хөлгийн удирдлагын төв рүү залгав. Яг л миний гадарлаж байсан шиг би~унтаа~хэвээрээ~л~байна гэсэн хоолойгоор, "Хэээээйй. ОПС байна. Чи ... өөрсдийн barpat~г хөдөлгөөд өгөөч ... тийм ээ, нэг зургаа тав. Баярлалаа." гэж хэлээд утсаа доош нь тавив. Тэгээд тэр тэндээ суусан хэвээр л байлаа. Хялайсаар, бас хүлээсээр.

Харин энэ үед би, цонхоор туссан нарны тод дугуй гэрэл зомбигийн царайнаас үл ялиг холдож, удалгүй түүний арын хана руу аажим аажмаар шилжиж байгааг анзаарсан юм. Хэсэг хугацааны дараагаар нарны гэрэл түүний нүүрнээс бүрэн холдсон ба тэр нүдээ хэд хэдэн удаа удаанаар цавчлаа. Энэ мөчид, миний дөнгөж саяхан гэрч болсон хосгүй үзэсгэлэнт зүйл альхэдийнэ хамаг биеийг маань бүрхэн авч эхлээд байв. Удирдлагын төвд хөлгийн хойд болон урд патролыг 15 хэмээр өөрчлөх тушаалыг өгснөөр, хөлгийн чиглэлийг үл ялиг өөрчилсөн нь өөрийнхөө нүүрэнд туссан нарны гэрлийг холдуулахад хангалттай байлаа. Товчхондоо бол тэр хэдэн мянган тонны жинтэй аварга том ган төмөр хөлөг онгоцны чиглэлийг, дээр нь сууж явсан зуу зуун хүний хамтаар өөрчилж орхисон юм, цагирган боовоо идэх зуураа нарны гэрлийг нүүрнээсээ холдуулахын тулд шүү дээ. Би бүр алмайрч орхисон.

Тэгээд тэр цагирган боовоо алгуур гэгч нь авлаа, энэ мөчид, түүний суу билэг түүнээс сарниад алга болчихов уу, үүнээс болж өөрийнхөө яруу алдарт залхууралд магадгүй тэр хэзээ ч талархахгүй байх вий гэсэн бодлууд маань намайг айлгаж байлаа (Яагаад гэвэл тэр дахиад хэдэн цаг сэрэхээргүй харагдаж байснаас хойш). Гэвч тэр дараагийнхаа хазалтан дээрээ түр зогсоод, над руу харсан юм. Тэгээд маш сул бөгөөд овжноор жуумалзаад, эргээд өөрийнхөө цагирган боовыг удаан гэгч нь хэмлэх ажилдаа орсон доо."

Энэ гайхалтай коммент 3 жилийн өмнө reddit~ийн /r/AskReddit буланд тавигдсан "Чиний амьдралдаа хийж байсан хамгийн залхуу зүйл юу вэ?" гэсэн асуултын дор бичигдсэн нь тухайн үедээ жинхэнэ цахиур хагалж чадсан!

Эх сурвалж: 
https://www.reddit.com/r/AskReddit/comments/1rgpdf/what_is_the_laziest_thing_youve_ever_done/cdnafqe/

Нэмэлт тайлбар: Barpat = Barrier Patrol


Saturday, September 2, 2017

Тамын Марафон

Тэгэхээр, энд 1904 онд зохиогдсон Сэйнт Лоуисын Олимпын Марафон Гүйлтийн талаар өгүүлэх болно. Харамсалтай нь энэ бол кино зохиол биш, харин энэ явдал үнэнгээсээ болж өнгөрсөн юм. Надад итгээрэй, тэнд үнэхээр ГАМШИГ болсон! Зүгээр л уншаад үз гэмээр байна ... Ок, ингээд нийтлэлээ олон долоон үггүйгээр шууд эхлүүлье.

Юун түрүүнд бүгдээрээ өөрсдийн эхний баатар болох Кубын шууданч Феликс Карвахальтай танилцацгаая. Хаа холын Кубаас АНУ~ын Сэйнт Лоуис хотыг зорин ирсэн тэрбээр замынхаа сүүлийн 650 милийг "явган" туулахад хүржээ. Тэр замын унаанд дайгдаж, галт тэргэнд хулгайгаар сууж, уул толгод өөд мацаж байлаа. Учир нь Сэйнт Лоуис руу ирэх замдаа ноён Карвахаль Нью Орлеанс хотоор дайрч өнгөрсөн ба тэнд хамаг байдаг мөнгөө мөрийтэй тоглоомонд алдаж орхисонтой холбоотой. Засгийн газрынх нь зүгээс түүнд дэмжлэг үзүүлээгүйн улмаас Олимпын тэмцээнд оролцох зардлаа тэр хандив цуглуулан байж босгосон юм шүү дээ, бүр Кубыг хөндлөн гулд туулж, нийтдээ 700 миль буюу 1126 орчим км газар гүйснийхээ ачаар!

Олимпын Марафон гүйлт ойролцоогоор 15:00 цагт эхэлсэн бөгөөд гадаа Фаренгейтийн 90 хэм буюу бидний хэмжээсээр бол 32 градус цельсийн халуун байлаа. Харин Бостоны Марафон гүйлтийн аварга Жон Лордан гараанаас гараад ердөө 2 блок газар гүйв үү, үгүй юу бөөлжиж эхэлжээ! Ер нь бол Марафон гүйлтэнд тохирсон стандарт температур гэж байдаг, мэдээж хэрэг. Энэ нь Фаренгейтийн 45~с 50 буюу 7~с 10 градус цельс байх ёстой аж. Тэгвэл дээд хязгаар нь 21 градус. Гэтэл тэнд 32 градус байсан шүү дээ ... зөвхөн сүүдэрлэгдсэн газруудад. Харин нартай хэсгүүдэд нь ойролцоогоор 37~с 40 байсан гээд бод доо! Ийнхүү гүйлтийн аваргыг наранд цохиулан унаж байх хооронд манай Кубын шууданч Карвахаль дэргэдүүр нь салхи татуулан гүйж одсон нь лавтай. Тийм ээ, тэр эцсийн мөчид энд ирж амжсан байлаа! Гэвч зориулалтын өмсгөл байгаагүйн улмаас өмдөө хайчилж, шорт шиг болгосон байна.

Бидний баатар Феликс Карвахаль гэгээн дүрээрээ.
Тэнд байсан цорын ганц асуудал температур байсангүй. Мөн усны нөөц байлаа. Марафоныг зохион байгуулагчдын зүгээс замын дунд хэсэгт буюу 12 дахь миль орчимд ердөө ганц л худгийг байрлуулсан байна. Тэгээд үлдсэн 13 милийг гүйгчид ямар ч усгүйгээр худаг хүртэл гүйж ирсэн шигээ адил дусал ч усгүйгээр туулахаас өөр арга байсангүй. Итгэж байна уу?! Тэнд ердөө ганцхан худаг л байсан ...

Харин замын 19 дэх миль хэсэгт Америкын гүйгч Виллъяам Гарсиа цусаар ханиалгаж эхэлжээ! Хэрэв дэргэдүүр нь машин явж өнгөрөөгүй бол тэр тэндээ хэвтсээр, удалгүй үхэхээр байсан юм! Наранд цохиулснаас, аль эсвэл шингэний дутагдалд орсноос болсонгүй. Тэгэхээр шалтгаан нь юу байсан байж таарах вэ? Гүйгчдийн гүйж явсан замаар тэдний дасгалжуулагчид болон Олимпын мэргэжилтнүүдийн сууж явсан машинууд давхилдаж байсан нь гүйгчдэд хангалттай хэмжээний орон зайг олгохгүй байсан гэдэг. Мөн машинаас үүдэлтэй боссон замын тоос шороонууд гүйгчдийн үзэгдэх орчныг халхалж байсан байна. Тэгэхээр ... үгүй ээ, энэ таны бодож байгаа шиг автомашины осол байгаагүй. Виллъяам Гарсиа асфальтан зам дээгүүр биш багадаа л гэхэд 1 инч орчим зузаан шороонд хучигдсан зам дээгүүр гүйж явсан ба түрүүн хэлсэн шиг машинуудын босгосон тоос шороог их хэмжээгээр амьсгалж байснаас болоод гэдэсний мембранууд нь гэмтэж, дотуур цус алдаж эхэлжээ.

Бас болоогүй, замын тоос тортоггүй хэсгүүд нь ихэнхидээ хайрга, чулуунуудаас бүтсэн байсан нь зарим нэг гүйгчдэд нэмэлт сорилт болж байв. Учир нь гүйлтэнд оролцсон бүх тамирчдыг гуталтай байсан гэж та бодож байна уу? Үгүй ээ. Цвана омгийн төлөөллүүд болох Лен Тауниане болон Жан Машиани нар нь Олимпын наадамд оролцсон анхны Африк гаралтай тамирчид байсан юм. Тэд гуталгүй байлаа. Гэхдээ, эхлээд тэдний талаар ярихаасаа өмнө өөр нэг зүйлийн талаар ярих хэрэгтэй ...

[Цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн дараах хэсгийг заавал уншихгүй байсан ч болно, магадгүй таныг уйдааж мэдэх юм ... ]

1904 оны Олимп уг нь Чикаго хотод зохиогдох ёстой байсан аж. Харин 1903 онд Лоуизиана мужийг Француудаас худалдаж авсны 100 жилийн ойн баяр тохиосон ба тэд үүнийг Олон Улсын Үзэсгэлэн Яармагтай хослуулан тэмдэглэхээр 1904 оныг хүртэл хойшлуулж л дээ. Тэгэхээр, Олимп, Олон Улсын Үзэсгэлэн Яармаг ... энэхүү хоёр арга хэмжээ нь нэгэн зэрэг, ойролцоох хотуудад зохиогдохоор болсон юм. Тийм учраас энэ нь үзэгчдийн тоог талцуулан хуваах эрсдэлтэй тулгарсан байна. Ингээд улстөрчдийг хахуульдсаны ачаар Сэйнт Лоуис хотынхон Олимпын наадмыг зохиох эрхийг Чикагочуудаас булааж дөнгөжээ. Гэвч тэд Олимпын наадмыг өөрсдийн World's Fair үзэсгэлэн яармагтай эн тэнцүү авч үзээгүй тул 1904 оны Олимпын наадам цар хүрээ муутай болж өнгөрсөн юм. Тэгээд ч тэр үед дэгдээд байсан Орос, Японы хоорондох дайны улмаас Европын ихэнхи улс орнууд өөрсдийн тамирчдаа илгээгүй байна. Мэдээж хэрэг Сэйнт Лоуисчууд өөрсдийнхөө баяр наадмыг илүү сүр дуулиантай тэмдэглэсэн нь лавтай. Ерөнхийдөө бол цэвэр империализм болон расизмыг хөхүүлэн дэмжсэн арга хэмжээ байсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ер нь л дэлхий нийтээр Сэйнт Лоуисын Олимпын наадмыг тийм ч их ойшоохгүй байсны дээр бүр Олимпын Хорооны ерөнхийлөгч нь хүртэл тэнд очоогүй гээд бод доо? Тэгээд ердөө 14 орон л Америк руу өөрсдийн тамирчдаа илгээжээ. Тиймээс тэдэнд оролцогчид юу юунаас илүү хэрэгтэй байлаа. Ингээд Хоёрдугаар Боерын Дайны ахмад дайчид болох Тауниане, Машиани нарыг тэд тэмцээнд оролцуулсан байна, шууд Үзэсгэлэн Яармаг дээрээс.

Тауниане 9~р байранд орсон бол Машиани 20~р байранд орсон байна. Хар арьстнууд хурдан гүйдэг шүү дээ гэж үү? Машианид ямар чөтгөр нь тохиолдсоныг мэдэхгүй ч Таунианег илүү өндөр амжилтыг үзүүлж чадах байсан гэдэгт би итгэдэг ... хэрэв гүйх замдаа зэрлэг нохдод хөөгдөж 2 миль замаасаа хазайсныг эс тооцвол шүү дээ, lol. Ингэхэд, түүнийг хөл нүцгэн байсан гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.


Тэгэхээр, тэнд чухам болж өнгөрөв? 40 градусын халуун, усны хангалтгүй нөөц, хүнийг бараг үхэлд хүргэх шахсан тоос шороо ихтэй замууд, зэрлэг ноход ... Гэхдээ, бүх зүйл ингээд дууссангүй ээ.

Одоо эргээд Кубын шууданч, хайрт Феликс Карвахалийнхаа талаар дахин ярихыг минь зөвшөөрвөл, түүнд урьд өмнө гүйлтийн тэмцээнд оролцож байсан туршлага үнэндээ байсангүй. Мөн тэмцээний үеэр замдаа орон нутгийн иргэдтэй танилцаж, машинаас нь тоор жимс хулгайлж идсэн нь хангалттай байсангүй. Учир нь тэр бараг л сүүлийн 48 цагийн туршид юм идээгүй явсан ба ходоод нь хонхолзохын эрхэнд замын дэргэдэх талбайгаас алим хулгайлж идсэн нь гай таарч, муудсан алим байж таарав. Мэдээж хэрэг гэдэс нь өвдсөн. Карвахаль тэгээд хэсэг зуур дуг хийчихжээ. Дараа нь нойрноосоо сэрээд, цааш үргэлжлүүлэн гүйсээр 4~р байранд орсон юм даа!

Одоо энэхүү артиклын маань хамгийн ГАЛЗУУ хэсэг нь эхлэх гэж байна!

Усны хангамж хангалттай байгаагүйн улмаас маш олон гүйгчдийн хөлийн булчин татаж байлаа. Фред Лорз тэдний нэг нь байсан юм. Тэр замын 9 дэх милиэс замын унаанд суучихжээ. Тэгээд гэртээ харихаар явсан байна. Хаха, итгэж байна уу? Харин энэ мөчид 16 дахь миль хэсэгт бидний хоёр дахь баатар Томас Хикс бусдаасаа илт тасран гүйж явлаа. Гэвч түүний хоолой ам нь хатаж, цааш гүйхэд улам хүндрэлтэй болж байсан ба доош гулдайн унахад юу юугүй бэлэн болоод байв. Мөн түүний ард дасгалжуулагч нарынх нь сууж явсан машин түүнийг дагаж явсан юм.

Томас Хикс ус өгөхийг хүссэн ч дасгалжуулагч Люкас нь татгалзсан хэвээр л байлаа. Тийм ээ, тэр жинхэнэ эргүү өгзөг байсан! Оронд нь парлонд шингээсэн уснаас аманд нь бага зэрэг хийж, толгой дээр нь шавшиж байв. Тэгээд тэр Хиксд өндөгний цагаан өгсөн бөгөөд араас нь ... хархны хор уулгасан юм!! Ммхм, та зөв уншсан. Хархны хор! Удалгүй 0.016 гран strychnine~ий сулфатыг өгсөн байна! Strychnine бол нитрогенийг агуулсан маш хүчтэй хор бүхий органик нэгдэл бөгөөд тунг нь хэтрүүлбэл үхэх аюулд хүргэдэг ч тохируулж хэрэглэвэл сэргээшийн үүргийг гүйцэтгэж болдог байх нь, гэхдээ л хүний биед хортой.

Харин энэ үед Фред Лорзын суусан машин альхэдийнэ 10 миль замыг туулаад байлаа. Гэвч машин нь замдаа эвдэрч орхижээ. Гадаа халуунд, тусламж ирэхийг хүлээж суух нь түүнд утгагүй хэрэг мэт санагдав. Тэгээд ч бие нь дээрдэж эхэлсэн тул эргээд тэмцээндээ оролцохоор шийдсэн байна.

Энэ үед 20 миль хэсэгт Томас Хикс маань бахардаж унасан байлаа. Дасгалжуулагч нь түүнд дахиад strychnine өгч, хэд хэдэн өндөг идүүлжээ. Бас болоогүй, Люкас дээр нь нэмээд түүнд Бренди дарс уулгасан байна. Хархны хор, түүхий өндөг, Бренди дарс ... заримдаа толгой дээр нь парлонтой ус асгаж байсан ч Хиксийг ус уухыг нь тэр зөвшөөрөөгүй юм! Хөөрхий Хикс гуйсаар л байлаа, амармаар байна гэж. Гэвч Люкас түүнийг цааш гүйхийг ятгасаар л байв. Энэ мөчид тэдний дэргэдүүр Фред Лорз чавхдаад өнгөрчээ. Үүнийг харсан Хикс бууж өгч, доош гулдайн уналаа. Харин Лорзыг булхайцсан гэдгийг дасгалжуулагч нар нь мэдэж байлаа. Энэ нь Хикст шинэ итгэл найдварыг төрүүлсэн юм. Гэвч Хиксийн царай нь цонхийн цайж, нүд нь сүүмэлзэж, гар нь биеийнхээ дэргэдүүр сул унжиж, хоёр хөлөө арай ядан өргөж байсан гэдэг. Харин хоёр доз strychnine~ий дараагаар Хикс хөл дээрээ босч дөнгөжээ! Түүнд уулгаж байсан Бренди лонхны ёроол нь гарсан тул тэд хөндлөнгийн үзэгчдээс дахиад нэг шил Бренди авсан байна. Хикс үнэхээр тэсэхээ больж эхэллээ! Удалгүй нүдэнд нь хий юм харагдаж эхэлсэн ба дасгалжуулагчаасаа хоол, болон ус өгөхийг хүссээр л байлаа. Мэдээж хэрэг тэд түүнд хүссэн юмыг нь өгсөнгүй ... муу эргүү өгзөгнүүд. Тэгээд Люкас, мөн өөр нэг дасгалжуулагч болох МкГратын хамтаар түүнийг түшиж явсан ба бариа руу дөхөж явахдаа тэд Олимпын хорооны мэргэжилтнүүдийг Фред Лорз~д цом гардуулахаар зэхэж байгааг олж харжээ!

Мэдээж хэрэг тэр үед радио, ТВ зэрэг зүйлс байсангүй. Үзэгчид стадионоос тамирчдыг гарч гүйхийг нь хараад, 3 цаг 30 минутын дараа тэднийг нөгөө талаас эргэж ирж, барианд орцгоохыг нь л харж сууцгаасан юм. Харин барианд орсон эхний хүн мэдээж хэрэг Фред Лорз байлаа. Түүнийг хараад үзэгчид бөөн баяр болсон нь тодорхой. Хиксийн багийнхныг стадионд ирэх хүртэл Лорз ялагчийн дүр эсгэж байсан юм. Бас нэгэн эргүү өгзөг! Тэгээд сая л нэг юм, булхайцсан тухайгаа хүлээн зөвшөөрчээ. Тэр үзэгчдийг дөнгөсөн байна. Энэ нь хөгжилтэй байх болно гэж тэр бодож л дээ. Лав л ингэж тайлбарласан байдаг, гэхдээ л хялбар аргаар ялагч болохыг хүсч байсан гэдэгт би эргэлзэхгүй байна ... хмм. Үүнээс болоод Лорз бүх насаараа гүйлтийн тэмцээнд оролцох эрхээ хасуулсан боловч хэдэн сарын дараагаар цуцлагдсан төдийгүй 1905 онд тэрбээр Бостоны Марафон Гүйлтийн ялагч болсон билээ.

Ингээд Олимпын хорооныхон ялагчийн цомыг бараг л үхэх дөхсөн, мөн хархны хор ууж, Бренди дарсанд согтож, тэгээд юу болоод байгааг ч мэдэлгүйгээр хагас солиорлын байдалтай гүйж явсан Хиксд гардуулахаар болжээ. Хөөрхий Томас Хикс, тэр барианы шугамыг давмагцаа л менежерийнхээ гар дээр бахардан унасан байна. Түүнд цомоо гардаж авах ч тэнхэл байсангүй. Тэд түүнийг машинд суулгаад, эмнэлэг рүү шууд хүргэжээ. Томас Хикс нийтдээ 3 цаг 28 минут, 53 секунд гүйх явцдаа 8 паунд буюу 3.6 кг жин хассан байдаг!

Томас Хикс дасгалжуулагч нарынхаа хамт.
Одоо артиклаа төгсгөхөөс өмнө түрүүн бичиж байсан цэвэр усны нөөцийн талаар нэг зүйлийг бичье. Ингэхэд, яагаад тэнд ердөө ганцхан усны нөөц байсныг мэдэж байна уу? Хожим нь АНУ~ын Олимпын Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Жэймс Эдвард Салливан, энэ эрхэм тэнд тамирчдыг усгүйгээр хэр хол замыг туулах чадвартайг нь судлахаар туршилт хийсэн байдаг ... үүнд итгэж байна уу?! Марафонд оролцсон тамирчид өөрсдийгөө лабораторийн харх болж байгаагаа ч мэдэлгүй гүйцгээж байсан юм ...

Өө тийм, манай Феликс Карвахаль яасан бол оо гэж үү? Засгийн газрынх нь зүгээс түүний энэ амжилтыг үнэлж, Грекийн Афин хотноо зохиогдсон дараагийн Марафон тэмцээнийг нь санхүүжүүлсэн байна. Гэвч тэрбээр Италид буумагцаа сураггүй алга болчихсон байна. Мэдээж хэрэг Олимпын тэмцээнд оролцоогүй. Куба орон даяар түүнийг үхсэн хэмээн бодож байлаа. Харин тэр жилийн дараа Хавана хотноо Испаний уурын хөлөг онгоцоор ирсэн байдаг, ичгүүргүйгээр. Тэгээд тэр мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн ба 1907 онд Америкын холын зайн гүйлтийн тамирчин Хенри В. Шелтонтой хийсэн 6 цагийн гүйлтийн тэмцээнд ялалт байгуулжээ.

Saturday, August 26, 2017

Поркогийн Хэрэг

Энэ бол миний уншиж байсан аллагуудын дотроос хамгийн хэрцгий, эмгэнэлтэй, тэгсэн мөртлөө инээдтэй ч юм шиг ... зүгээр л хачин гэе, хамгийн хачин нь байсан!

Анхааруулга: Энд хэргийн газраас авсан вээгүй зурагнууд цөөнгүй орсон байгаа шүү, мэдэлтэй үзээрэй.

Тэгэхээр, энэ бол Ноён ба Хатагтай Порко нарын хөрөг байна ... тэдний царай нь байрандаа байх үеийн зураг гэсэн үг ...


Харин 2004 оны 11~р сарын 15~ны үүрээр хүү Крис Порко нь тэдний унтлагын өрөө рүү сүх бариад оржээ. Мэдээж хэрэг тэд энэ үед унтацгааж байлаа.


Крис Порко ... тэдний хүү, коллежийн оюутан, мөн сүхт алуурчин.


Ноён Порко толгой руугаа нийтдээ 16 удаа сүхдүүлсэн байна. Үүнээс болж гавлын яс нь цуурч, эрүү нь толгойноосоо тасарч унажээ.


Харин энэхүү хүнд гэмтлийнхээ дараагаар Ноён Порког та юу хийсэн гэж санана? Тийм ээ, тэр амьд үлдсэн!

Энэ хатуу самар шууд үхсэнгүй, тэр өдрийг юу ч болоогүй юм шиг эхлүүлжээ. Шархнаас авсан шокноосоо болоод өвдөлтөө мэдрээгүй байна. Тэгээд цус алдан хэвтэж буй эхнэрээ орхиод орноосоо босжээ, яагаад гэвэл түүнд хийх өөр зүйлс байлаа.


Тэр эхлээд бие засах өрөө рүү явж орсон байна ...



Тэгээд угаалтуурын дэргэд хэсэг саатжээ. Сахлаа хуссан уу, эсвэл өөрийнхөө шинэ нүүрийг шалгасан уу, чөтгөр бүү мэд.


... мөн хана болоод хаалган дээр цустай гарны хээнүүд гарсан байгаагаас та түүнийг байшин дотуураа алхаж явсныг нь харж болно.


Удалгүй тэр доод давхар руу бууж, галт тогооныхоо өрөөнд орсон байна.


Цэвэр адреналин, мятрашгүй эр зоригийнхоо тусламжтайгаар гэрийн ажлуудаа хийж эхэлжээ. Тэр аяга, тавагнуудаа угааж, тавиурт өрж тавьсан байна. Дараа нь тэр амьдралынхаа сүүлийн хэдэн цагийг арай илүү догь зүйлсийг хийхэд зарцуулсан болов уу? Тухайлбал дотны хүмүүс рүүгээ захидал бичих, эсвэл 911~рүү залгах ч юм уу.


Гэтэл тэр тэгсэнгүй. Оронд нь үдийн цайгаа бэлтгэж, цүнхэндээ хийжээ. Тэгээд зогсоолын тасалбарын төлбөрийг төлөхөөр чек бичиж, гарын үсэг зурсан байна ... өөрийнхөө алуурчны зогсоолын төлбөрийг шүү дээ! Энэ мөчийг хүртэл түүний өдөр "хэвийн" үргэлжилсээр байлаа.


Түүнчлэн, Ноён Порко буюу Петерийг гадагш гарч сонин авч, мөн өөрийгөө байшингийнхаа хаалганы гадна түгжиж орхисныг илтгэх баримтууд олдсон юм. Тэгээд болоогүй, тэр гэрийнхээ нууц түлхүүрийг хаана байгааг санаж, ваартай цэцгэн дороос авч, хаалгаа онгойлгоод, эргээд гэртээ орох хүртэл түүний когнитив функцууд хэвийн ажилласан хэвээр байв.


Толгой нь эргэж эхэлсэн нь лавтай, тэр сандал дээр хэсэг суужээ.


Ингээд эцэст нь, үхэл түүнийг ялж, тэрбээр үхэтхийн шалан дээр гулдайн унажээ.

Та төсөөлөөд үз дээ, толгойдоо томоос ТОМ ангархайтай, амь орсон цогцос гэр дотуураа алхаж, өглөөний цай бэлтгэхийг хичээж байна гээд? :O Жинхэнэ хар дарсан зүүд!


Хөгжилтэй факт: Ээж нь тэндээс амьд мултарсан бөгөөд хүүгээ буруугүй хэмээн үзжээ. Бүхий л шүүх хурлын явцад Крис Порко ээжтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд ээжийгээ шүүхийн танхим руу хүргэж өгч байсан юм.

Friday, August 25, 2017

Агуй Судлаач Тед (10~р хэсэг: Хаалт)

2001 оны 5~р сарын 19~н.

Бидний сүүлийн аяллаас хойш 3 долоо хоног өнгөрчээ. Би өөрийнхөө нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөө болон өнгөрөгч хэдэн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын талаар бичихийг хүсч байна. Дуудлаганд чинь хариу өгөөгүйд уучлаарай. Гэхдээ би та бүгдийн мессежинд хариу бичиж байсан шүү. Би зүгээр л ярихыг хүсээгүй юм, уучлаарай. Стив, Марк, та хоёрын дуут мессежинд үлдээсэн халуун дулаан урмын үгэнд маш их баярласан! Та хоёрыг надад санаа тавьж явдгийг би мэднэ ээ. Та нар бол гайхалтай сайн найзууд. Марк, манайд удаа дараа ирснийг чинь би мэднэ, харин хаалгаа нээгээгүйд уучлаарай. Гэхдээ л чамайг ирсэнд би маш их баяртай байсан. Эгч ээ, надад дахиад битгий санаа зов, би зүгээр байна. Харин зээ дүү нарыг минь сайн харж хандаж байгаарай.

Сүүлийн гурван долоо хоногт их зүйл болж өнгөрлөө. Ингээд би аль болох бүгдийг нь багтаан бичихийг хичээе. Тэгэхээр, юуны түрүүнд хамгийн сүүлд орхисон газраасаа эхлэх хэрэгтэй байх гэж бодлоо. Тэмдэглэлийн сүүлийн бүлгийг бичихэд би нилээд хэдэн өдрийг зарцуулсан. Гэртээ эсэн мэнд ирсэн ч толгой дотроос минь тэнд болж өнгөрсөн зүйлс огт гарч өгөхгүй байлаа, дэмий л сууж, бүгдийг бодож эргэцүүлэхээс өөрийг хийж чадахгүй байсан юм. Тэгээд би ажлаасаа урт хугацааны чөлөө авсан. Тэр үйл явдлаас хойш би нэг их удалгүй ажилдаа очих гэж оролдсон ч дарга маань гэртээ харихыг санал болгосон юм. Би их таагүй харагдаж байснаас гадна анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсантай холбоотой. Мөн эмч дээр очих шаардлагатай болсон, гэхдээ түүнд юу ч хэлээгүй ээ, зүгээр л маш их стресст орсон гэсэн. Тэр надад сайн унтаж амрахыг зөвлөөд, тайвшрахад минь зориулаад хэдэн эм бичиж өгсөн. Ммммм! Сайн үйлчилгээтэй эмнүүд байсан шүү!

Агуйг орхих үедээ би бараг шокын байдалтай байсан. Ухаан санаа минь орж гараад, чухам юу болоод өнгөрснийг тунгаан бодоход, ойлгоход их хүндрэлтэй байлаа л даа. Би нойр, хоолондоо муудсан. Харин болсон үйл явдлуудыг сайн санаж байсан дээрээ тэмдэглэлдээ бичиж оруулсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд бичсэн зүйлээ эргээд уншиж байхад, би тэр өдөр тэнд болж өнгөрсөн зүйлсийн талаар зөв бичсэн юм шиг санагдсан тул өөрчлөх зүйлс бараг байгаагүй. Хэдийгээр ердөө гуравхан өдөр өнгөрөөд байсан ч тэднийг бичсэний дараагаар сэтгэл санаа минь багагүй онгойсныг хэлэх байна. Энэ нь нэгэн төрлийн терапия эмчилгээ болсон байх л даа, би тэгж бодож байна. Харамсалтай нь энэ нэг их удаагүй. Яг үнэнийг хэлэхэд, бүх зүйл түүнээс хойш улам дордож эхэлсэн.

В бид хоёр аяллаас хойш уулзалдгүй явсаар өчигдрийг хүрсэн. Би түүнтэй уулзах гэж хичээгээгүй, тэр ч надтай ярилцах хүсэлгүй байх шиг байсан. Мөн бидний хэн нь ч Жоетой холбоо барих гэж оролдоогүй. В аяллын дараагаар намайг гэрт маань буулгасан бөгөөд би дараах өдрүүдэд нь гэрээсээ хамраа ч цухуйлгалгүй өнжсөн. Юм идэх дуршил маань алга болсон байснаас гадна өөрийнхөө ухаан санааг сатааруулчих зүйлийг эрээд олоогүй. Энэ үед л би бичих хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Дээр хэлсэн шиг энэ нь надад багагүй тус болсон, гэхдээ тийм ч их удаагүй. Маргааш нь ажилдаа очсон, дарга маань харихыг зөвлөсөн. Харин дараах өдөр нь миний сэтгэл түгшиж, тун тогтворгүй болж эхэлсэн. Би сэтгэлээр унаж, бас эргэлзэж эхэлсэн ба сэтгэл доторхоо хуваалцчих хүн харамсалтай надад байсангүй. Яахав, янз бүрийн дуудлагууд ирж байсан л даа, гэхдээ би утсаа автомат хариулагч дээр нь тавьчихсан байсан. Сүүлдээ бүр өөрийгөө зүгээр байгаа гэж хүртэл хариулагчийн мессежийг өөрчилсөн шүү. Ингээд бараг долоо хоногийн турш иймэрхүү нөхцөл байдалтайгаар явсан. Үүний дараа бүх зүйл илүү хачин болж ирсэн.

Эхлээд би байшин дотроосоо элдэв янзын чимээнүүдийг сонсч эхэлсэн. Хөлийн чимээ, хаалга хяхтнан онгойх зэрэг гээд л аймшгийн кинонууд дээр гардаг өнөөх чимээнүүд. Ялгаа нь гэвэл их ойроос сонсогдож байсан. Тэгээд би сонссон гэж бодсон зүйлээ үнэхээр сонссон эсэхдээ эргэлзэж эхэлсэн. Юм идэж байгаад, аль эсвэл шүршүүрт орж байх үедээ хүртэл би ямар нэгэн зүйл сонссон гэж бодвол хийж байгаа зүйлээ зогсоогоод чимээ чагнадаг болсон. Гэхдээ чимээнүүд өөрсдийгөө давтдаггүй. Энэ нь намайг илүү их эргэлзүүлдэг боллоо. Гэхдээ л намайг хангалттай айлгаж дөнгөж байсан юм, яг л өнгөрсөн долоо хоногт аалзны торонд орооцолдсонтой адил бодит мэдрэмжийг төрүүлж байсан. Сэтгэл түгшил, айдас түгшүүр амьдралыг минь удалгүй дүүргэж эхэллээ. Дараа нь хий зүйлсийг харж эхэлсэн.

Яг л хий юм сонсохтой адил тэднийг хардаг болсон. Зүгээр л нүдний минь буланд ямар нэгэн зүйл торно. Тэгээд эргээд харахад, тэнд юу ч байхгүй байна. Үүнээс хойш гэрлээ асаалттай унтах болов. Одоо бол бүр бүх гэрлээ орой нар жаргахаас өглөө нар мандах хүртэл асаалттай байлгадаг болсон шүү. Би үргэлжлүүлэн хий юм харсаар л байлаа, үүнээс болоод буу худалдан авахад хүртэл хүрсэн. Зөвшөөрөл олгохыг хүлээхгүйн тулд сонингийн зар дээрээс харж байгаад л авчихсан. Удалгүй би эмч дээр очсон, гэхдээ нарийн тодорхой зүйлсийг яриагүй л дээ. Зүгээр л түүнд сайн амарч чадахгүй байна гэж хэлсэн, эмч надад эм бичиж өгсөн. Аз болоход, энэ үед миний ихэнхи шарх, шалбархайнууд эдгэрсэн байлаа. Нуруу маань гэхдээ бага зэрэг өвдсөн хэвээр л байв, тэгээд бага зэрэг эмчилгээ хийлгэсэн юм байна. Харин эмнүүдийг хэрэглэж эхлэх үед бие хөнгөрөөд их дажгүй болдог, гэхдээ би үлдсэн амьдралаа мансуурч өнгөрүүлэхийг хүсээгүй. Тийм болохоор зөвхөн хүнд өдрийн төгсгөлд л заримдаа хэрэглэж байх нь тэр дээр юм байна гэж бодсон. Харамсалтай нь хий зүйл харах минь улам дордсон, тиймээс дахиад нарийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.

Нүдний маань буланд юм гялсхийх нь үргэлжилсээр л байсан, тэгээд удалгүй дүрс болон сүүдрүүдийг харж эхэлсэн. Заримдаа шөнө цонхны маань гадна байх шиг үзэгддэг. Яг тодорхойлоод хэлчих боломжгүй тийм бүдэг бадаг зүйлс. Хий юм харахаа багасгахын тулд би хөшигнүүдээ үргэлж хаалттай байлгах боллоо. Ингэснээр бага зэрэг дээрдсэн ч амьдрал маань авах юмгүй хэвээр л байлаа. Миний өдөр хоногууд их хоосон өнгөрөх болсон. Заримдаа би их олон цагаар унтана, тэгсэн хэр нь ядарсан байдалтайгаар сэрнэ. Дараа нь усанд орж, юм идэхийг хичээнэ. Миний жин их хасагдсан. Тэгээд би бага зэрэг дасгал хийх гэж оролдоно, ядарсандаа дуг хийхийг хүснэ, болж л өгвөл. Өнгөрсөн хоёр долоо хоногт гэхэд л би гэрээсээ хэдхэн удаа л гарсан байх. Дэлгүүр орох гэж, эмч дээр очих гэж, бас буу худалдан авах гэж. Би бараг ТВ үзээгүй ээ, яагаад гэвэл төвлөрч өгөхгүй байсан юм чинь. Би интернетэд маш их цаг зарцуулсан. Ингэхдээ агуй болон агуйн нууцуудын талаар судалж байлаа. Энэ сэдвийн дагуу миний олсон цорын ганц артикл гэвэл Ходагийн талаарх агуйчдын явган яриа байсан. Ходаг гэдэг нь агуйд тэнүүлчилдэг нэгэн төрлийн амьтан юм билээ л дээ.

Агуйгаас гарснаас хойш 2 долоо хоногийн дараа буюу хий юм сонсч эхэлснээс хойш нэг долоо хоногийн дараа би хар дарж эхлэх болсон. Тун бодьтой зүүд. Ямар нэгэн тодорхой хэлчихээр зүйлс, үйл явдал байхгүй гэж хэлж болно. Зүгээр л сэтгэл түгшээмээр тийм зүүднүүд. Заримдаа би гэртээ сууж байна, тэгээд хэн нэг нь намайг барих гэж оролдоно. Харин би түүнээс зугатааж чадахгүй, надад хөл байхгүй учраас. Заримдаа би ваннан дотор сууж байна, энэ үед хэн нэгэн нь сироп шиг чихэрлэг маягийн шингэнийг дээрээс минь хийж, ванныг дүүргэхийг хичээнэ. Тэгээд л би сэрдэг. Дараагаар нь эргээд нойрсох хүртлээ нойр минь сэрвэлзэнэ. Хэцүүхэн хэмнэл шүү. Энэ хэмнэл цааш нилээд хэдэн өдөр үргэлжилсэн, 6 дахь өдөр (өчигдөр) дээд цэгтээ хүрэх хүртлээ. Зүүд маань үнэхээр бодит байсан учраас би зүүдэлж байна уу, сэрүүн байна уу гэдгээ хүртэл ялгахгүйд хүрсэн. Хамаг байдаг чадал тэнхээ минь шавхагдсан. Би оройхон зочдын өрөөнөөсөө унтлагын өрөө рүүгээ явж байхдаа корридорын төгсгөлд хар дүрс байхыг олж харсан. Би түүнийг хулгайч байна гэж бодсон, тэгээд аажим гэгч нь ухарсан. Тэр хөдөлсөнгүй. Энэ үед гэрэлнүүд анивчиж эхэлсэн. Биеийн маань бүх булчин чангарч, надад дороо зогсоод дэмий л түүнийг ширтэхээс өөр хийж чадах зүйл байсангүй. Яг энэ үед утас дуугарсан! Би цочсондоо сандал дээр эвхрэн унасан. Тэгээд би эргэж өндийгөөд хонгил руу харах үед тэнд юу ч харагдсангүй. Би түлхүүрээ аваад, байшингаас шалавхан гэгч нь гарсан. Тэгээд машиндаа суугаад, машинаа асаах гэж байх үед зүрх минь маш хүчтэй цохилж байсан! Би шөнийн хотыг харахаар Overlook~руу очихыг хүссэн. Яагаад тэнд очих хэрэгтэй байсныг би ойлгоогүй, гэхдээ л би тэнд очих ЁСТОЙ гэдгээ мэдэж байлаа. Ойртох тусам тэнд хүрэх хүсэл улам нэмэгдэж байлаа, яагаад ч юм. Харин намайг хавцал дээр очих үед, тэндээс олж харсан зүйл намайг үнэхээр цочоолоо, удалгүй тэр дүр зураг намайг тайвшруулах шиг болов. Энэ Жое байлаа! Тэр машинаасаа буучихсан, мөн л хотын гэрэлнүүдийг ажиглаад зогсч байв. Бид нэг нэгэн рүүгээ харцгаасан. Яг л надтай адилхан нөхцөл байдалд амьдарч байсан бололтой түүний царайнаас би түүнийг ямар их ядарсныг төвөггүй олж харсансан. Тэр ч мөн адил намайг хараад өөртэй нь адил зүйлтэй тулгарсныг хэлж болохоор байлаа. Бидний харилцан яриа итгэмээргүй товч байсан. "Чи эргэж ирээ юу?", хариултыг нь мэдсээр байж тэр ингэж асуусан. "Тийм ээ", "Бид буцах хэрэгтэй" гэж тэр хэлсэн, "Маргааш байвал яаж байна?" гэж би асуув. "Тэгье ээ, үдээс хойш", гэж хэлээд тэр машиндаа суусан, би ч мөн адил. Бас түүний үзэж харсан зүйлсийн талаар асуух сонирхол надад байсангүй. Тэр ч мөн адил минийхийг мэдэх сонирхолгүй байсан нь илт байв. Дараа нь би В~ийн гэр рүү явсан.

Түүнийг хаалгаа тайлах үед би В~г давгүй байдалтай байгаа юм байна гэж бодсон шүү, тэр бүр баяр хөөртэй байх шиг харагдсан. Харин над руу харах үед бүх зүйл өөрлөгдсөн. Бидний харилцан яриа ч мөн адил товч бөгөөд тодорхой болж өнгөрсөн. "Би Жоетой уулзсан, тэгээд маргааш үдээс хойш буцаж очихоор болцгоолоо." В над руу их л нухацтай харав. Тэр зүгээр л толгойгоо дохисон. Дараа нь би гэрт нь хонож болох уу гэж түүнээс асуухад тэр намайг дуртайяа оруулсан. Би сүүлд нь анзаарсан л даа, гэрт нь байсан бүх гэрэл асаалттай байсныг. Тэгээд тэр илүү өрөөндөө намайг орууллаа. "Өөртөө үйлчлээрэй", "Баярлалаа". Би угаалгын өрөөнөөс гарахдаа жаал эм хэрэглэсэн, тэгээд урьд шөнө ойрын үед унтаагүйгээрээ тавтай нойрссон. Өнөө өглөө би эртлэн боссон, тэгээд аялалдаа бэлтгэхээр гэртээ эрт ирээд байгаа минь энэ. Энэхүү тэмдэглэлийг оруулах юм бол хүмүүс надад юу болоод байгаа талаар гайхахгүй болно гэж бодсон юм. Гэхдээ та нарын ихэнхи нь намайг гэртээ эргэж ирсний дараа үүнийг унших байх л даа. Би ярих гайхалтай түүхийн хамт эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна! Одоо цаг өглөөний 10:00 болж байна, 19~ний Бямба гариг. Харин бид хоёр ойролцоогоор хоёр цагийн дараа агуй руу явах болно.

Энэхүү аялалд бэлтгэх нь өмнөх аяллуудынхаас нэг их ялгарахгүй. Гэхдээ анх удаагаа би агуй руу буу авч явах гэж байна. Бас хутга, тэгээд анхны тусламжийн хайрцаг, хангалттай хэмжээний хоол, ус, гол нь камер авч явна. Энэ удаад нилээд хэдэн гэрэл авч явахаа мартахгүй шүү, бас цаас, харандаа. В өөрийнхөө олсыг агуйд алдсан болохоор би өөрийнхөө олсыг авч явах шаардлагатай боллоо. Мөн Флойдын Бунханы цаана хэрэглэхийн тулд өөр нэг урт гэгч нь олс авч явах болно (Флойдын Бунхан ... гурван долоо хоногт анх удаа л энэ нэрийг хэлж байх шив. Бичихэд л надад айдас төрж байна.)

Өнөөдрийг хүртэл ирэхдээ хийж амжуулахыг хүссэн их олон зүйл надад байсан. Хүмүүсийн нүднээс далд орших уг жижигхэн гарцны талаарх олон арван хариултнуудыг олох нь жагсаалтны магадгүй эхэнд бичигдэж байгаа байх. Өнөөдрийг хүртэл болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудыг бодох тусам дотор минь эвгүйрхэж байна, одоо ч гэсэн. Энэ бүхэн бүгд зүгээр л хар дарсан зүүд байсан юм болов уу? Харамсалтай нь би сэрүүн байна, тэгээд бүр хэдхэн цагийн дараа эргээд хар дарсан зүүдтэйгээ учрах болно! Тэгээд гарц руу өөр хүний хамтаар явна гэсэн бодол минь айдсыг минь огтхон ч үргээсэнгүй. Бас өөрийнхөө хүүхэд шиг бодолд инээд ч хүрэх шиг: Хэн Бунхан руу түрүүлж орох вэ? Хэн харанхуйд замчилж, эхэнд нь явах вэ? Хэн хэзээ буцах цаг болсныг хэлэх вэ? Гэвч энэ олон асуултуудын дундаас нэг асуулт намайг өөрийн эрхгүй татна, миний орхисон видео камер. Энэ харанхуйд бичлэг хийх зориулалттай камер байсан. Маргаан байхгүй би түүнийг унтраалгүй орхисон. Бичлэг дээрээс бид юуг олох бол? Илүү ноцтой асуултнууд гарч ирлээ ~ Хэрэв камер алга болсон байвал яах уу? Хэрэв эвдэрсэн байвал яах вэ?

Хэдийгээр өөрийн энэхүү мотивацияд тохирсон нэр олоход хүндрэлтэй байгаа ч үүнийг би "Хаалт" гэж нэрлэсэн нь илүү тохирно гэж бодож байна. Агуйн талаар дахиад хэд хэдэн зүйлсийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Гол зүйл буюу, итгэнэ үү, байна уу өөрсдөө л мэд, би агуйн төгсгөлийг эрж олох болно! Би үнэхээр агуйн төгсгөлд очиж үзэхийг хүсч байна. Түүнчлэн, өөр бусад зүйлсийг тооцоолох хэрэгтэй. Хэрвээ би гарцны төгсгөлд тулж очлоо гэхэд, хэн нэгэн нь түүнийг чулуугаар таглаж орхисон байвал яана, тэгэх юм бол би хэзээ ч гарц руу, бас агуй руу эргэж очиж чадахгүйд хүрнэ. Хэзээ ч!

Магадгүй харанхуй руу хөтөлсөн давчуу нүх рүү толгойгоо шургуулна гэдэг энгийн зүйл биш байх л даа. Яг л зугаацахын тулд хадан цохио өөд авирах, эсвэл онгоцноос үсэрч агаарт хөвөхтэй л адил. Гэвч бидэн шиг хүмүүс эдгээр зүйлсийг адал явдлаар өлссөн өөрсдийн өлсгөлөнг дарахын тулд л хийцгээдэг. Далд ухамсарт орших энэхүү дур хүсэлдээ бид өөрсдийн гэсэн бяцхан Эверестийг эзэгнэхийг хүсцгээдэг. В~ийн хэлдэгчлэн, "Агуйд аялна гэдэг нь эгэл хүний нээлт хийх эцсийн боломж." гэдэг юм. Энэ үнэн. Хөдөө нутагт, хаашаа л бол хаашаа жаахан жолоодоход л судлаж болохуйц агуйтай та таарах болно. Тэрчлэн, тухайн агуй нь олонд бүрэн танигдсан газар байх ч тэнд адал явдал эрэлхийлж, анх удаагаа ирж буй нэгний хувьд давж гарах ёстой цоо шинэ сорилт болдог. Яагаад гэвэл үнэхээр л тийм юм чинь.

Та нарын олонхи нь агуйтай холбоотойгоор хийсэн сонголтуудтай минь санал нэгдэхгүй байгаа байх. Энэ хүмүүсээс хүлээн авсан мессежнүүдээс л тодорхой харагдаж байсан. Гэхдээ надад сонголт байхгүй хэмээн эмээж байна. Санаа амар, бөх гэгч нь нойрсдог болохын тулд, би буцах хэрэгтэй. Өөрийнхөө гэр дотор амар амгалан алхахын тулд, би буцах хэрэгтэй. Эгэл орчлон хорвоогоос тасарч, агуйн гүний нууц ертөнцөд дахин хөл тавихын тулд, би буцах хэрэгтэй. Надад өөр сонголт байхгүй. Би буцах ЁСТОЙ.

Үүнийг уншиж байгаа найз нөхөд болон гэр бүлийнхэндээ хандаж хэлэхэд, сайн сууцгааж байгаарай. Би энэ агуйг эзэгнэх болно. Тэгээд эргэж ирсэн даруйд сайтдаа шинэ тэмдэглэл оруулна аа. Өнөөдөр агуйд авах зурагнуудаасаа мөн оруулна. Хэрэв гэрээр минь зочилбол би тэнд хийсэн дүрс бичлэгнүүдээ сонирхуулж бас болох юм. Би өнөө шөнө гэртээ эргээд ирнэ ээ, үгүйдээ л гэхэд маргааш.

Удахгүй олон хариултуудын хамтаар уулзацгаая!
Тед.

Ок, энэ хүрээд Тедийн тэмдэглэл төгсгөл болж байна. Ямартай ч танд нэг асуулт гарч ирсэн гэдэгт итгэлтэй байна: Яагаад Тед гэнэтхэн эргээд явахаар болчихов? Яах аргагүй Тедийн ухаан санаа орон гаран болсонтой холбоотой, сүүлийн энэ тэмдэглэл дээрээс нь л бүх зүйл тод харагдаж байна шүү дээ. Хэн ч гэсэн тиймэрхүү зүйлтэй тулгарсны дараа PTSD буюу ослын дараах сэтгэлзүйн цочролд орох болно.

Мөн таны мэдэж байгаачлан, үүнээс хойш Тед сайтдаа нэмж нэг ч тэмдэглэл оруулаагүй юм ...

Бас та эргэлзэж байгаа байх. Тийм ээ, магадгүй энэ түүх зохиомол байж болно, аль эсвэл жинхэнэ байж мэднэ. Чухам ийм л учраас уг түүхийг улам илүү сонирхолтой болгож өгч байгаа юм!

Орчуулгыг маань уншсанд баярлалаа!
Khusley.

Агуй Судлаач Тед (9~р хэсэг: Тvнэр Харанхуй)

4~р сарын 28~н, 2001 он.

Энэ удаагийн тэмдэглэлдээ би B бид хоёрт яг энэ мөчид ямар санагдаж байгааг дэлгэрэнгүй бичмээр санагдаж байна. Мөн өөрсдийн дараагийн алхмыг төлөвлөж буй энэ үед би та бүхэнтэй өөрсдийн санаа бодлыг, басхүү өөрсөддөө төрж буй тэдгээр мэдрэмжүүдийн тухай хуваалцахаар шийдлээ. Ямартай ч ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй сайхан бичнэ байх гэж найдая. Эс бөгөөс, жирийн уншигчдын хувьд бид зүгээр л хийх юмаа олж чадсан тэнүүлчид, эсвэл гэнэн тэнэг хүмүүс шиг санагдана шүү дээ.

Ингээд нөгөө агуйнхаа талаарх сэдвийг дахин сөхөхөд, уг агуйд бидний олон долоо хоногийн хүнд хүчир хөдөлмөр, мөн бидний тэнд ажиллаж байх хугацаандаа мэдэрсэн бүхий л мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлүүд нэвт шингэсэн байгаа. Гайхшрал, догдлолоос эхлээд айдас, дарамтыг хүртэл.  Баяр хөөр, аз жаргалаас эхлээд өвдөлт, шаналалыг хүртэл. Цөхрөл бүтэлгүйтлээс эхлээд ер бусын нээлтийг хүртэл. Яг одоо бид маш том урам хугаралт, бүтэлгүйтэл, бүр гамшиг аль эсвэл хараахан мэдэгдэхгүй байгаа боловч биднийг хүлээх агуу үйл хэргийн тэг дунд нь ирчихээд байна. Мөн түүнтэй яг адил, бид нөхөж боломгүй гарз хохирол, аль эсвэл ямар нэгэн гайхалтай үйл явдал, аль алинийх нь гэрч хараахан болоогүй л байна. Зүйрлүүлж хэлбэл бид яг л зөрүүд хүүхдийн эцэг эх нь юм шиг л санагдаж байх чинь. Үл мэдэгдэх шалтгаанаас болоод, түүнээс айсан айдсаас болоод бид "хүүхэд"~ээ ер орхиогүй. Харин ч уг агуй альхэдийнээ бидний нэгэн хэсэг болсон л гэж мэд. Гэхдээ, одоо бид өөрсдийн аяллын төгсгөлд хүрч ургацаа хураах цаг нэгэнт болжээ. Мөн товчхон гэгч нь дүгнэж хэлэхэд, энэ бүхий л хугацаанд бидний дотроос өөрсдийн маань сониуч зан биднийг амьдаар нь идэцгээж байлаа! Түүнчлэн хачин жигтэй тэдгээр олон үйл явдлуудын дараагаар бид ЭРГЭЭД агуй руу очихоор шийдсэн юм. Учир нь бид асуултын хариуг олох ёстой байсан учраас тэр билээ. Чухам юу тэрхүү нүргээнт цуурайг гаргаад байв? Яг ямар гээчийн зүйл салхины урсгалыг өөрчлөөд байдаг билээ? ... Жоед тохиолдсон явдлыг хүртэлх энэ бүх асуултанд бид хариулах шаардлагатай байна. Ингэхэд түүнд юу тохиолдсон байж таарах вэ? Тэр юу харсан бэ? Эсвэл юутай тулгарав? Мөн бид өөрсдийн дараагийн алхам юу байж болох талаар их олон удаа ярилцаж үзлээ. Хэдий санал зөрөлдөх нь олон байсан ч тэр бүх ярианууд маань эцэстээ ганц л шийдвэрт хүргэж байсан нь: Бид агуй руу эргэн очих ёстой гэх сонголт байлаа. Агуйн гүнд байгаа тэдгээр олон оньсогын хариуг олох цорын ганц арга зам бол агуйг бид эзэгнэх явдал юм! Бид дахин нууцлаг агуй руу хүрч очих болно!

Жоетой хамт явсан аяллаас хойш даруй хоёр долоо хоног өнгөрсний дараагаар бид дахин агуйн зүг замдаа гарлаа. Ингээд уг аялалд бэлтгэхийн тулд бид орон нутгийн агуйд осолдсон хүмүүст туслах газартай холбоо тогтоож, тэдний зөвшөөрөлтэйгөөр бага хүчдэлийн хоёр замтай радио харилцуур утсыг авч явсан юм. Утасны тухайд бол маш урт бөгөөд зузаан кабелиар холбогдсон хүлээн авагчдаас бүрдэж байлаа. Тийм болохоор би агуйд явж байх үедээ цаг үргэлж B~тэй холбоотой байж чадна гэсэн үг. Мөн бид агуйн шинэ хэсэгт видео камер авч орох нь тун оновчтой санаа болно гэж үзлээ. Тиймээс би камераа агуйн тоос шорооноос хамгаалахын тулд гэр худалдан авлаа. Бас энэ нь хатуу, хурц үзүүртэй чулуунуудаас ч хамгаалж дөнгөх юм байна. B~д агуйн шинэ хэсгийг найдвартай харуулахын тулд би мөнгөндөө огт гар татсангүй.

Толгойны маань тухайд гэвэл зүгээр болсон байлаа. Гэхдээ мэдээж хэрэг сорви үлдэлгүй яахав, дээрээс нь одоог хүртэл үл ялиг хөндүүрлэсэн хэвээр л байна. Сүүлд хийсэн тэрхүү аяллын дараагаар би эмчид хандаагүй юм. Гэхдээ л яггүй өвтгөж байсан шүү. Мөн өнгөрсөн энэ өдрүүдэд, хэрвээ Жоетой хамт явсан бол чухам юу тохиолдох байсан бол гэх бодол толгойноос минь огт салж өгсөнгүй. Гарч ирэхдээ тэр огт өөр хүн болоод гараад ирсэн шүү дээ. Түүнээс хойш холбоо тогтоох гэж өдөр бүр гэр рүү нь утасдаж байсан боловч тэр харилцуураа ер авсангүй. Харин B ажлынх нь газар руу утас цохиход түүнийг хоёр долоо хоногийн өмнө чөлөө авснаасаа хойш үзэгдээгүй гэсэн байна. Жое өөрийнхөө даргад хандаж нэг хэсэгтээ ажил дээрээ ирж чадахгүй боллоо гэж хэлсэн гэнэ. Би бүр гэрийнх нь гадна явж очоод хаалгыг нь тогшиж үзлээ. Эхний удаад дотор нь хэн нэгэн байх шиг байсан боловч хэн ч хаалга тайлж өгсөнгүй. Хоёр дахь удаад явж очиход байшингийнх нь гэрэлнүүд унтраалттай байснаас гадна машин нь байхгүй байлаа. Мөн энэхүү аяллаасаа өмнө түүнтэй ярилцах гэж үзсэн боловч, харамсалтай нь бас л бүтэлтэй болсонгүй.

Харин агуй руу орохоор доош олсоор бууж байх үедээ би урьд өмнө тэндээс мэдэрч байгаагүй нэгэн зүйлийг мэдэрсэн юм. БИ АГУЙН ГҮН РҮҮ ЯВЖ ОРОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙЛАА! Энэ гэхдээ ямар нэгэн зөн совин байсангүй. Аль эсвэл ямар нэгэн мухар сүсгийн шинжтэй дохио ч биш байв. Би зүгээр л Нууцлаг Агуйн цаадах шинэ ертөнц рүү орох ямар ч хүсэл сонирхолгүй болчихсон байв. Ингээд өөрт төрсөн тэр мэдрэмжээ би тухайн үед B~тэй хуваалцсангүй. Агуйн шинэ хэсэг рүү орох ямар ч сонирхол надад төрөөгүй боловч бид тийш орох ЁСТОЙ гэдгийг би мэдэж байсан юм. Би тоног хэрэгслэлүүдээ давхар шалгаад, удалгүй ангалын ирмэгээс доош зүүгдэн буулаа.

Агуй руу явж орсон мөчөөс эхлээд л агуй биднийг тэнд байлгахыг хүсэхгүй байгаа нь илт байв. Үнэндээ тэнд ямар нэгэн асуудал үүсгээгүй зүйл гэж байсангүй. Бид олсоо зангидаж, дэгээгээ гогцоолдох зэрэг үйлдлүүдээ хоёр, гурван ч удаа хийж байж амжилттай болгож байлаа. Тиймээс бид доош буухынхаа өмнө бүр өөрсдийн тоног хэрэгслүүдийг ахин дахин шалгацгааж байв. Тэгээд доошлохдоо бид агуйн ханатай мөргөлдөн шүргэлцэж, газарт алхаж байхдаа хүртэл бүдэрч, аль эсвэл юмаа газарт алдан унагааж байв. Хэдий бид ачаа тээш багатай явж байсан ч нүх рүү хүрч очих гэж их л удаан явсан шүү. Яг л энэ бүхэн үүрд үргэлжлэх юм шиг л санагдаж байлаа. Тийнхүү явсаар эцэстээ бид нүхэн дээрээ хүрч ирэв.

Замдаа гэмтээгүй байгаа хэмээн бид хоёр камер болон утаснуудаа шалгаж үзэв. Ингээд бүгдийг шалгасныхаа дараагаар нүх рүү авч орох хэрэгслүүдээ бэлтгэж эхлэв. Цаг боллоо. Бид хоёр нэг нэгэн рүүгээ харцгаав, гэвч хоорондоо юу ч дуугарсангүй. Үүний дараа би нүх рүү орохоор эргэсэн юм. Тэгээд Бунхан руу орохоор өөрийн биеийг эргүүлж байх зуураа энэ давчуу хар дарсан зүүд рүү хамгийн сүүлийн удаагаа орж байна хэмээн найдаж байсан юм.

Флойдын Бунханаар дайрч өнгөрөхөд, ямар ч саад гарсангүй, сониноос. Харин В~г надад шаардлагатай хэрэгслүүдийг дамжуулж авахад хэдэн минутыг зарцуулав. Би хувцаслаж аваад, тоноглолуудаа бүгдийг нь шалгав (Хамаг ухаан санаа минь камер, утас хоёртоо явчихсан байсан болоод ч тэр үү би В~с нэмэлт гэрэл авахаа мартсан байсандаа хожим нь маш их харамссан!). Утас гайхалтай сайн ажиллаж байлаа. Би өөрийн гарч ирсэн нарийхан нүхийг, дараа нь шинэхэн гарцны үүд хэсгийг камертаа буулгалаа. Гарцны дараагийн хэсэгт зай багатайн улмаас бичлэгээ түр зогсооход хүрлээ. Энэ мэт явсаар, товчхондоо бол хаашаа орох гэж байгаагаа, тэгээд хаанаас гарч ирснээ л бичиж авч байсан хэрэг л дээ. Удалгүй сэтгэл санаа минь сэргэж ирдэг юм байна. Өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг В~д харуулах боломжтой болсондоо сэтгэл минь хангалуун болж байлаа. Харин мөлхөж байх зуураа гартаа камераа бариад, тэгээд утасны кабельнуудын орооцолдоог гаргаж явах нь төвөгтэй байсан шүү. Гэхдээ л ингэж явсны ашиг гарах нь дамжиггүй.

Тэнд байсан гэрлийн цорын ганц үүсгүүр нь миний каскан дээрх чийдэн байсан тул агуйн доторх зарим хэсгүүдийг камерт буулгахад хүндрэлтэй болж ирэв. Том хэмжээтэй байсных, харин кристал чулуун гадаргуунууд дажгүй бичигдсэн шүү. Тэгээд бичлэг хийх боломжгүй болсон үедээ би утсаа хэрэглэж байлаа. Агуйн энэ гүнзгий хэсэгт хэн нэгний хоолойг тод сонсох нь хань болно гэж жигтэйхэн. Би В~тэй хэсэг яриад утсаа тасаллаа, тэгээд цааш явахдаа бэлтгэв. Утасны хувьд жирийн гар утасны томруулсан хувилбар л гэсэн үг, хэмжээгээрээ. Ийм утаснуудыг та нар дайны сэдэвтэй кинонууд дээрээс лав олон үзсэн байх. Хэрэв В~тэй ярих шаардлагатай болбол би кабелийн үзүүр дэх холбогчийг харилцуурандаа залгахад л хангалттай, угаасаа цэнэг нь В~ийн талд байсан учраас үргэлж л асаалттай байх болно. Түүнчлэн яг л энгийн утсаар ярьж байгаа мэт тод сонсогдогдож байсан нь догь хэрэг байв.

Би их удаан явж байсан ч бүх зүйл хэвийн байсан, дугуй чулуунд хүрч очих хүртэл. Харин энэ үед л яг сүүлийн удаагийнхтай адил жигтэй мэдрэмж төрж билээ. Би эргэн тойрноо гярхай гэгч нь харсан боловч тэнд сэжигтэй зүйлс ер байсангүй. Удалгүй би камераа гаргаж ирээд дугуй чулууг бүх өнцгөөс нь бичиж эхлэв, мөн агуйн тасалгааны ханыг, адрыг, шалыг, бүгдийг нь. Мэдээж хэрэг ханан дахь дүрснүүдийг авахаа мартсангүй. Видео дээрээс чухамхүү юу байгааг нарийн тод харахад хүндрэлтэй байсан ч тэнд ямар нэгэн зүйл байгааг төвөггүй харж болно. Ингээд би бүгдийг ханатлаа бичиж авсны дараагаар тасалгааны төгсгөл рүү явлаа, шинэ газрыг нээхдээ бэлтгэхээр.

Том тасалгааны төгсгөлд түнэр харанхуй руу хөтөлсөн гарц байж таарав. Надаас нэг фут орчим нам бөгөөд бөхийж харвал энэ хэвээрээ цааш үргэлжлэх аж. Би тонгойгоод шинэ гарцыг сайтар ажиглав, яагаад ч юм хананууд нь агуйн бусад хэсгүүдээс илүү бараан байх шиг санагдлаа. Шалны хувьд бусад гарцнуудын адил бутарсан чулуунуудын хэлтэрхийнүүдээс тогтоно. Тааз нь Нууцлаг Агуйн хуучин секторууд дахь аркын адил бараг л төгс харагдаж байлаа. Би зөвхөн урдах 30 фит орчмын хэсгийг харж явсан ба удалгүй гарц баруун гар тийш эргэж эхэлснийг анзаарлаа. Харин энд би В~тэй ярилцах хэрэгтэй гэж үзэв.

Харилцуураа В тэр дор нь авсангүй, гэхдээ түүний хоолой урьдын адил тодхон сонсогдоно. Тэр зүүрмэглэж эхэлсэн бололтой (Ингэхэд би тийм удаан явсан гэж үү?). Тэр бүх юм зүгээр гэж хэлээд намайг яаралгүйгээр, тааваараа явахыг хүслээ. Би түүнд талархаад, харилцуураа таслав. Энэ бүх ажиллагааны туршид тэр үргэлж л тэвчээртэй загнасаар ирсэн. Намайг агуйн шинэ хэсгийг судлахаар явсан байх хооронд тэр багагүй цагийг намайг хүлээхэд зарцуулсан даа. Үүнд нь би маш их талархдаг. Тэгээд камераа гаргаж ирээд, шинэ гарцыг бичиж эхэлтэл нэг зүйл боллоо ...

Миний ард чимээ гарлаа! Тод. Бас ойрхон сонсогдов!! Энэ дөнгөж саяхан миний ардаа орхисон том тасалгааны зүгээс гарч байлаа! Айж цочсондоо ухаан минь самуурч, би өөрийн мэдэлгүй хоёр хөл дээр өндийн бослоо, маш хурдан. Ингэхдээ би каскаа хонгилын таазанд цохиж орхив. Чийдэн маань шатаж, намайг харанхуйд үлдээсэн ба толгойдоо авсан доргилт, өвдөлтийг ч анзаарах сөхөө үнэндээ над байсангүй. Дуулга толгойг минь хамгаалж дөнгөсөн ч хүзүү, нуруу хоёрыг маань хамгаалж чадсангүй, тэр тусмаа нуруундаа мэдэрдсэн өвдөлт тэсвэрлэхийн аргагүй байлаа! Харин нүдэнд минь од маналзаж эхлэх үед л би сая нэг сэхээ орж, аажуухан гэгч нь доошилсоор камераа газарт тавив. Айдас хүйдэс намайг бүрэн эзэмдэж, хоёр өвдөг минь хаймар шиг л сул болсон байв. Хачирхалтай чимээ ердөө секунд орчим л үргэлжилсэн байх, гэвч одоо би зөвхөн өөрийнхөө айдсаар дүүрэн амьсгааг түг түг хийн цохилох зүрхнийхээ хамтаар л олж сонсоно. Түнэр харанхуй намайг эрхшээлдээ оруулан дарангуйлж байсан шигээ адил эргэн тойрноос минь довтлох боломжийг олгож байлаа. Би ар талаа харахыг хүсч байв, би хажуу талаа шалгахыг оролдож байв, би өмнөхөө үзэхийг хичээж байв. Гэвч хаашаа л харна, бүх зүйл хав харанхуй! Эцэст нь би өөрт байгаа өөр гэрлийн үүсгүүрийг саналаа. Ингээд гараа сунгасаар каскан дээрх нэмэлт гэрлээ асаах үедээ би золтой л уйлчихсангүй! Шинэ баттерэй хийхээ мартсан байсны улмаас би ойрын хэдхэн фит газрыг л харж байв. Яагаад каскныхаа гэрлийг шатчихаж магадгүй гэж санаагүй юм бол оо? Гэхдээ л энэ юу ч үгүй байснаас дээр байсан нь мэдээж. Би том тасалгаа руу аль байдгаараа л гэрлийг тусгахыг оролдож, тэндээс ямар нэгэн хөдөлгөөн олж харахыг хичээж байлаа. Тэнд юу ч байсангүй.

Чухам юу хийхээ шийдэж ядан суухдаа би галзуу юм шиг л чичирч байснаа тод санаж байна. Ухаан санаа маань нэг орж, нэг гарч, огт тогтож өгөхгүй байсан ба би үнэхээр өөрийгөө тэнд үхэх нь л гэж бодож байсан шүү! Хэрэв надад тийм зүйл тохиолдсон бол В үүнийг хэрхэн мэдэх байсан бэ хэмээн бодож эхлэх үед нэг зүйл толгойд минь зурсхийн орж ирэв: УТАС! Ухаан санаа минь над дээр бага багаар эргэн ирж байлаа, учир нь би гэрэлтүүлэгч савааныхаа талаар бодож байв. Ингээд би том тасалгаанаас нүдээ огт салгалгүйгээр үүргэвч дотроосоо гэрэлнүүдийг хайж эхлэв. Утас болон камер авч явсан тул үүргэвчнээсээ аль болох олон зүйлийг чөлөөлөхийг хичээж байсан бөгөөд В~тэй хамт үлдээсэн эд зүйлсийн маань дотор каскны маань нэмэлт чийдэн үлдсэн байлаа. Харин одоо надад байгаа зүйл гэвэл ердөө гэрэлтүүлэгч саваанууд л байна. Би нэгийг олж авсан даруйдаа пакетнаас нь угзран гаргаж ирэв. Тэгээд асаах үед түүний гэрэл агуйн ханануудыг бүдэг ногоон өнгөөр гэрэлтүүлэх нь дотор жихүүцүүлж байлаа! Би зөвхөн өөрийн ардах гарцыг шалгахын тулд л том тасалгаанаас харцаа холдуулж байв. Саваа ганцхан ойр орчмын хэдхэн фит газрыг л гэрэлтүүлнэ. Дахин нэг гэрэлтүүлэгч савааг гаргаж ирэхээр цүнхээ уудалж зогсохдоо ч мөн адил тасалгаанаас харцаа би огт салгасангүй. Хоёр дахь савааг олж авмагцаа түүнийг ажиллаж байгаа эсэхийг нь шалгасныхаа дараагаар би тасалгаа руу шидлээ.

Шидэлт тун оновчтой болж, хэсэгхэн зуур ч гэлээ тасалгаагаар аялах савааны бүдэг ногоон гэрэлд би ойр орчныг ажиглаж амжив, тэнд юу ч байсангүй. Гэвч энэ намайг тайвшруулж дөнгөсөнгүй. Газарт ойсон саваанд тасалгааны нөгөө төгсгөлд байсан өнөөх том дугуй чулуу хальтхан үзэгдээд өнгөрөв. Удалгүй гэрэлт саваа чулууны цаагуур орж, орчныг гийгүүлэхээ болилоо. Энэ үед би салгалан чичирсэн хэвээр л байлаа, хэдийгээр юу ч олж хараагүй байсан ч гэсэн. Гэхдээ л тэнд чимээ гарахыг би сонссон шүү дээ ...

Гэрэлт савааны тусламжтайгаар би утсаа гэрэлтүүлж, чичирсэн хуруугаараа харилцуураа кабельтай холбохыг хичээж байлаа. Тэгээд харилцуурыг авч чихэндээ наагаад сонстол ... ЮУ Ч ДУУЛДСАНГҮЙ! Ядаж л хоёр харилцуур холбогдсоныг илтгэх "бип" хийх чимээ ч гарсангүй. Кабелийг салгаад, харилцуур руу дахин шургууллаа. Чимээгүй хэвээр. Шугам огт ажиллагаагүй болсон байв. Юу болох нь энэ вэ?! САЯХАН л би В~тэй ярилцсан шүү дээ! Айснаасаа болоод нүднээс минь нулимс бөмбөрч эхлэв. Тэндээс гарах цорын ганц гарц бол ирсэн замаараа буцах гэдгийг би мэдэж байлаа. Гэвч тэнд ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ байсан! В~тэй холбоо тогтоох гэсэн гурав дахь оролдлого маань мөн талаар болов. Би өөр төлөвлөгөөний талаар бодохыг хичнээн хичээв ч харанхуйгаас олж сонссон өнөөх чимээ бодлыг минь эзэмдсэн хэвээр байлаа. Амьсгаагаа дарж би агуйн ханыг налан хэсэг суув, энэ үедээ би яг л марафон гүйлтийг дуусгасан тамирчин шиг л амьсгаадаж байсан юм. Мэдээж хэрэг харанхуй том тасалгаанаас хараагаа огтхон ч салгасангүй. Мөр маань чулуун ханыг шүргэх үед л би нуруундаа авсан гэмтлээ санав. Өвдөлт, цөхрөл бас айдас.

Тэнд би хэр удаан суусныг хэлж мэдэхгүй нь, хөл маань, өвдөг маань бадайрч эхэллээ. Нурууны маань өвдөлт намдсан ч хүзүү минь өвдсөн хэвээр байв. Энэ ёрын газраас гарахаар зоригоо би бага багаар хурцалж суухдаа энд удах тусам өөрт байгаа багахан хэмжээний гэрлийг удахгүй алдана гэдгийг би мэдэж байсан юм. Тэгээд өндийх гэж оролдсон боловч тэнхээ маань хүрсэнгүй. Ингээд том тасалгааны адагт хүрэхээр би удаан гэгч нь мөлхөж гарав, энэ үедээ би нэг гартаа үүргэвчээ чирч явлаа. Агуйн ханыг ашиглан би аажим гэгч нь өндийлөө, гэхдээ нуруугаа эгцлэн зогсоход хүндрэлтэй байв. Би амьсгаадсаар, аажим аажим урагшилсаар л. Алхам тутамд маань хананд ойх гэрэл ондоо ондоо янзын сүүдэр үүсгэсээр харцыг маань завгүй байлгаж дөнгөж байв. Цавчилгүй удсанаас болоод нүд минь хорсон аргаж байлаа. Миний хөлийн чимээ, миний амьсгаа, бас дамрандаа эвхэгдэн орох кабель, өөр чимээ тэнд байсангүй. Алхам тутамд, би Бунхан руу ойртож байлаа. Мөн В~рүү, аюулгүй газар руу.

Тасалгаагаар хийсэн энэхүү богино аялал маань надад үүрдийн мэт санагдаж байсныг нуух юун. Өнөөх дүрснүүдийн дэргэдүүр өнгөрөх үед тэд гэрэлд ойн үзэгдлээ. Тэдгээр дүрснүүд чухам ямар учиртайг мэдэхгүй ч уг бичиг ч тэр, агуй ч тэр, бүхэлдээ тавгүй мэдрэмжийг төрүүлнэ, яг л намайг энд байлгахыг хүсэхгүй байгаа мэт. Удалгүй тасалгааны төгсгөлд өнөөх дугуй хэлбэрийн чулуу байгаа нь савааны бүдэг ногоон гэрэлд үзэгдэж эхэллээ. Гэвч нэг л зүйл биш байлаа, харин би юу гэдгийг нь хэлж мэдсэнгүй. Харин хэдэн фит ойртох үедээ л би юу нь өөр харагдаад байсаныг анзаарсан юм! Чулуу байрнаасаа хөдөлсөн байлаа! Миний сонссон чимээ тэгэхээр ЭНЭ байж таарлаа шүү!! Ахиад л айдас хүйдэс хамаг биеийг минь эзэмдлээ, учир нь би ямар нэгэн зүйлтэй ойр байж мэдэх юм! Гэвч надад урагш явахаас өөр зам байсангүй. Чичирсэн гараа урагш сунгаж, гэрэлтүүлэгч саваагаа аль болох дээш өргөхийг хичээж явлаа. Тэгээд утасныхаа кабелийг татах үедээ л би яагаад харилцаа тасарсныг мэдсэн юм, кабель маань дугуй чулууны доогуур орсон байв! Утсыг хөнгөхөн татах үед тасарч, миний гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц итгэл найдвар хоёр нүдний маань өмнө бөхөх нь тэр! Би урьд өмнө хэзээ ч ийм ганцаардмал бас яахаа мэдэхээ больж, цөхөрсөн байдалд орж үзсэнгүй. Газрын гүнд, яг л би өөрийнхөө булш руу уруудаж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.

Хэтэрхий их амьсгаадсанаасаа болж хоолой ам минь хатаж эхэллээ. Дугуй чулуунаас би харцаа салгахгүй байж чадсангүй. Чулууны эргэн тойрныг ажиглаж жаал зогслоо, чулууны дээгүүр би удалгүй өндийн харлаа, мөн л юу ч үзэгдсэнгүй. Тэгээд би чулууг өнгөрөх үедээ дахин айдаст автаж орхив. Харсан зүйлдээ би өөрөө ч итгэсэнгүй! Гарцны хажуухан талд, шалан дээр нүх гарсан байв! Чулуу энэхүү нүхийг таглаж байсан болж таарлаа. ГЭВЧ ОДОО ОНГОРХОЙ БОЛСОН БАЙНА! Чулуу өөрөө хөдөлнө гэж таарахгүй шүү дээ.

Айсандаа арагш алхам ухрах үедээ би нуруугаараа агуйн ханыг мөргөлөө, энэ үед нуруунд маань мэдрэгдсэн өвдөлтийг ч мэдрэх сөхөө байсангүй. Шинэхэн нээгдсэн гарц. Ойролцоогоор 45 хэмийн налуугаар цааш үргэлжилсэн байлаа. Надаас хэдхэн фитийн зайд миний түрүүн шидсэн гэрэлтүүлэгч саваа хэвтэж байсан ба түүний гэрэлд би шинэ гарцны ханан гадаргуу нь гөлгөр чулуулгуудаас тогтсон болохыг төвөггүй олж харж байв. Шал нь мөн адил харагдаж байснаас гадна, миний харснаар лав гарцын диаметр нь 3 фит байсан бөгөөд доторхыг нь судлахад огтхон ч саад болохооргүй мэт санагдана, хэрэв надад тийш орох хүсэл байсан бол шүү дээ. Харин одоо бол би зөвхөн агуйгаас гарч, нарны гэрлийг л харахыг юу юунаас илүүтэй ихээр хүсч байна! Би нүхнээс алгуур гэгч нь холдоод, В~г чиглэн явлаа. Энэ үедээ ч мөн адил харанхуй танхимаас харцаа огт салгасангүй. Тийнхүү явахдаа золтой л кабель дээрээ гишгээд бүдрээд уначихаагүй шүү. Удалгүй каскан дээрх жижигхэн гэрэл маань аажмаар бүдгэрч, намайг гэрэлтүүлэгч саваатай минь хамт үлдээж эхэлж буйг мэдлээ. Би хар хурдаараа Флойдын Бунхан руу гүйхийг хүсч байв. Зүгээр л хэн нэгэн хүний хоолойг сонсох нь л айдсыг маань үлэмж хэмжээгээр үргээнэ хэмээн найдаж байсан юм.

Харин дугуй чулуу болон шинэ нүхийг өнгөрөөд явах үед яг л Люсифер өөрийн биеэр, түнэр харанхуйд, харанхуй нүхний гүнээс, түмэн олон чөтгөрүүдийнхээ хамтаар ширтэж байх шиг санагдаж билээ. Юу юугүй л ямар нэгэн зүйл ар нуруунаас минь довтлох юм шиг л хүчтэй мэдрэмж төрж байлаа. Би арай илүү хурдтай алхаж эхэллээ. Би кристаллуудыг өнгөрлөө. Энгийн үед байсан бол миний гэрэлний ногоон туяанд солонгорох тэдгээр байгалийн үзэсгэлэнт бүтээлүүдийг би бишрэх байсан биз ээ. Чулуунаас зайлсхийхээр тонгойх болгонд нуруунд маань өвдөлт мэдрэгдэнэ. Удалгүй гарц дээр дөхөж ирэх үед би дөрвөн мөчөөрөө шалан дээр мөлхөх шаардлагатай тулгарав. Тэгээд гараараа шалан дээрээс тулах үед гараар минь цахилгаан цэнэг дамжиж, ар нуруу руу минь гүйх шиг л болов. Энэ хар дарсан зүүд шиг газарт орсноос хойш тэсэлгүй би анх удаагаа орь дуу тавин ёоллоо. Би доош сулбайн унаж, шалан дээр хэвтсэн ба амьсгаа авах тоолонд өвдөлтийн шинэ давалгаа бүхий л биеэр минь тархана. Хэдийгээр маш их айж, бас өвдөж байсан ч би агуй доторх чимээнүүдийг чих тавин чагнасаар л байлаа. Гэвч зөвхөн аниргүй байдал л тэнд ноёлно.

Би хамаг хүчээ дайчлан байж биеэ дээш өргөлөө, тэгээд цааш мөлхөж эхлэв. Би гартаа гэрэлтүүлэгч савааг барьсан хэвээр байв, гэвч ар талаа шалгах тэнхээ үнэндээ байсангүй. Би зөвхөн эгц урдахдаа л анхаарлаа төвлөрүүлж байсан юм. Удалгүй би В~рүү хашгирч болохуйц зайнд ойртон ирэв, гэвч хоолойноос минь олигтой дуу гарч өгсөнгүй. Би цааш явсаар Флойдын Бунханд тулж ирлээ. Тэгээд нүх рүү орох үедээ би В~г дуудав. Тэр хариу өглөө. Би түүнд явахад бэлтгээд байж байгаарай хэмээн хэллээ. Тэр намайг зүгээр эсэхийг асуув (Холбоо тасарсанд санаа зовсон нь илт байлаа.). Би түүнд үгүй гэж хэлээд, явахад зориулж юмнуудаа бэлтгэхийг хүслээ. Олсонд хүрмэгцээ би дуулгаа тайлан авч үүргэвчиндээ хийв. Яг энэ мөчид би КАМЕРАА МАРТСАНАА САНАЛАА! Гэвч надад эргэлзээ огт төрсөнгүй. Яг л живж буй Титаник хөлгийн зорчигчдод малгай болон хүрэм нь ямар санагдаж байсан, надад камер маань тэгж л санагдаж байсан юм чинь. Би хэрэгслүүдээ олсонд уяад татаж авахыг түүнд хэллээ. Тэгээд олсыг татаж авмагцаа дээш гадаргуу өөд буцаад яваарай гэж хэлэв. Түүнийг яагаад гэж асуухад нь би агуйд бидэнтэй хамт ямар нэгэн зүйл байх шиг байна гэж хариулав.

Хөдлөх тоолонд ууц нуруу маань хөндүүрлэн өвдөж байлаа. Гэвч энэ нь намайг нүхээр яаравчлан мөлхөхөд садаа болсонгүй, болох ч ёсгүй юм. Харин намайг нүх рүү шурган орсны дараахан салхины урсгал нэмэгдэж эхлэхийг би анзаарав. Энэ шинэ зүйл биш ч тэндээс гарах өмхий үнэр дотор муухай оргиулж байв. Би огиулж, цамцаараа хамраа таглахад хүрлээ. В ч мөн адил үнэртжээ. "ЮУН ҮНЭР ВЭ?" гэж тэр хашгиран асуув. Тэгээд намайг хурдан гарч ирэхийг хүслээ. Би очиж байна гэдгээ хэлээд цамцныхаа цаанаас гүнзгий гэгч нь амьсгаа авав. Харин ч эсрэгээрээ В~ийн ийнхүү тэвдэх нь миний айдас, сандралыг улам дэвэргэж орхилоо. Би түүнд дээшээ өгсч бай, эндээс гарахаараа араас чинь гүйцэж очъё гэж дахин хэллээ. Тэр ч зөвшөөрлөө. Тэгээд миний гэрэлтүүлэгч савааг нүхэн дотор байрлуулаад, гадаргуу өөд буцлаа.

Нүүр ам, чих, гар, дал мөр гээд л ураагүй газар үлдсэнгүй. Нүхэн доторх инч бүр миний биенд тоймгүй олон шалбархайг үлдээж байсан ч тэднийг анзаарах сөхөө хаанаас байхав. Өвдөлтөөсөө болоод нуруу маань сүүлдээ мэдээ алдах шиг санагдлаа. Эвгүй үнэр агаарын урсгалын хамтаар дахин хамар цоргих үед миний бөөлжис хүрэв. Удалгүй Флойдын Бунханы талд хүрээд би хэсэг зуур амьсгаа авч, амрахаар шийдлээ. Би маш их ядарч байлаа! Нүхний тааз нь хацартай минь адил зөөлөн мэдрэгдэж, харин шал нь нөгөө хацарны маань эсрэг яг л хагархай шил мэт нухна. Энэхэн мөчид би агуйн гүнээс ямар нэгэн чимээ гарахыг сонслоо! Энэхүү чимээ хэдэн секунд үргэлжлээд намдлаа. Би айсандаа өөрийн мэдэлгүй уйлж эхэллээ. Ийнхүү миний сэтгэл хөдлөл хяналтнаас гарах нь намайг улам айлгаж байсан юм. Сандарсандаа би гарцаар цааш хамаг чадлаа дайчлан мөлхөж эхлэв. Тэгээд Бунханы хамгийн том хэсэгт ирмэгцээ би хоёр гараа биеийнхээ дороос гаргаж ирээд, нүхний гарцыг чиглэн мөлхлөө. Дараа нь олсонд хүрмэгцээ байдаг чадлаараа татаж эхлэв. Харин хоёр мөр минь нүхэн дотор гацаж орхидог байна шүү! Би хөлөөрөө чулуунд тулаад, нуруугаа үл ялиг эргүүллээ, дараа нь бүтэн биеэ бага зэрэг мушгиад, дахин урагшлах гэж оролдлоо. Энэ удаад би биеийнхээ дээд хэсгийг амжилттай урагшлуулж чадлаа. Энгийн үед би нүхнээс сэрэмжтэй гардагсан, нүх шалнаас 3 фут орчим өндөрт байдгаас хойш. Харин би шууд л хөлөөрөө түлхэлт өгөөд, дараа нь гарнуудаа гаргаад, тэгээд ПЛОП, би Бунханаас гарч дөнгөлөө! Гэхдээ баруун мөрөөрөө газарт унаж орхив. Өвдөлтийг багасгахын тулд өнхрөхийг хичээсэн ч тус болсонгүй. Хачирхалтай нь өвдөлт нуруунд минь биш, зөвхөн мөрөнд маань л мэдрэгдэж байв.

Би газраас өндийж, хөлөн дээрээ босч зогслоо. Гарцны гадна өнөөх үнэр арай л сул үнэртэж байв. Би гэрэлтүүлэгч саваагаа аваад каскаа хайж эхэллээ. Тэгээд каскаа өмсч байх зуураа дээш өгсөх олсыг эрж байлаа. Тэгээд олсыг гараараа атгах үедээ би савааны гэрэлд өөрийнхөө гарыг харсан юм. Хоёр гар маань бүхэлдээ шарх, шалбархай болж, зарим нэгээс нь цус дусалж байлаа. Аз болоход, гүнзгий шархнууд байсангүй. Энэ мөчид агуйд аниргүй байдал эргээд ноёлсныг би анзаарлаа. Хойдох нүхнээс ч, дээрээс ч тэр, ямар ч чимээ дуулдсангүй. Эргээд ганцаардах мэдрэмж над дээр ирсэн ба энэ нь намайг дээш гарахад хангалттай урам зоригийг өгч байсан юм. Мэдээж хэрэг эхний жижиг тавцан өөд дээш мацаж гарах нь надад их хүндрэлтэй байв. Сандарсандаа B~ээс нэмэлт чийдэнгээ авахаа ч мартаж орхиж. Гэрэлт савааг цор ганц гэрлийн эх үүсвэр болгон ашиглах нь энэхүү бэрх сорилтыг улам хүнд болгож байсан билээ. Тийнхүү би тавцан өөд гармагцаа цааш В~тэй уулзахаар үргэлжлүүлэн авирч эхэллээ. В тун хурдан авирсан байсан нь намайг гайхшруулав.

Хэдийгээр би энд физик биенийхээ нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй бичээгүй ч, би маш их өвдөж байснаа хэлмээр байна! Алхах тоолонд хүзүү болон доод нуруугаар минь өвдөж байсан юм. Хоёр гар маань зулгарч, мөр маань гүнзгий гэгч нь зүсэгдсэн байв. Хэрэв тэр үед айдсыг мэдрээгүй бол надад дээш авирч гарах тэнхээ, зориг дутагдах байсан байх гэж айж байна. Тэр үед би зөвхөн адреналины хүчээр л алхаж байсан гэж хэлж болно. Аз дутахад, адреналин маань дуусах дөхөж байлаа.

Буултын багахан талбайд хүрч очих хүртлээ би В~г харж, бас сонссонгүй явлаа. Тэр олсоор дээш аль чадахаараа л хурдан гарахыг хичээж байв. Түүнийг хурдан, хурдан хөдлөхийг, мөн амьсгаадахыг нь би сонсч байлаа. Намайг дуудах үед давхийн цочсон бөгөөд энэ нь түүний айдсыг илтгэнэ. Тэр надаас олсноос бэхлээд, дээшээ авирахыг хүслээ. Ингэх нь аюултай бөгөөд энгийн үед хийхэд нийцтэй зүйл биш гэдгийг хэн хэн маань мэдэж байсан ч энэ тохиолдолд өөр хэрэг билээ. Би дөхөж очоод харанхуй өөд замхран алга болсон олсны дэргэд очлоо. В~г өгсөхийг дагаад олс агаар дээр бүжиж байсан юм. Хэдийгээр В харагдахгүй байгаа ч түүнийг ойрхон байгаа гэдгийг би мэдэж байлаа. Энэ олс намайг гадагш, гэрэл рүү, аюулгүй газар руу хөтлөх ганц зам минь болж байв. Харин миний ард үлдсэн зүйлс гэвэл түнэр харанхуй, айдас, бас үл мэдэгдэх нууц. Энэ үед кинонууд дээр гардаг зарим нэг хэсгүүд миний санаад орж байсан нь: жүжигчид мангасуудаас зугтсаар хараалтай байшингийн төв хаалганд хүрч очоод бариулнаас нь барина, яг энэ үед ард нь чимээ гарах бөгөөд тэгээд эргэж харах үед ...

Би гэрэлт саваагаа каскандаа байсан тор руу хавчуулж оруулаад, В~д дахиад дээш жаал авирах боломжийг олгохоор шийдлээ. Энэ хооронд би доош унжсан олсыг хумиж зогслоо, ингэснээр дараа нь бид хоёрыг агуйгаас гарах үед олсоо татаж авахад хялбар болох болно шүү дээ. Гар маань их өвдөж байсан тул олсыг гартаа ороож чадсангүй, зүгээр л би түүнийг газарт давхарлан хаяж байлаа. Дээрээс В~г "Чулуу!" гэж анхааруулах үед би ойролцоох налуу чулуун гадаргуугийн дор орж нуугдлаа. Бутархай жижиг чулуунууд хөлний маань дэргэд, шалан дээр унав. Би эргээд олсоо хумих ажилдаа орж, нийтдээ 50 орчим фитийг татаад байтал олс маань ямар нэгэн зүйлд тээглэж орхих нь тэр. Түүнийг доош явж суллах ямар ч хүсэл байсангүй, мэдээж хэрэг. Би олсыг хаяхаар шийдлээ. Ингээд би өөрийнхөө аюулгүйн тэлээг олсонд бэхлэж эхлэв. Харин бэхлэгээгээ чангалахаас өмнө ямар нэгэн жигтэй чимээ хөл доор минь гарахыг би олж сонслоо! Тэгсэн яасан гэж санана? Олс доош харанхуй руу замхарч байлаа! ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ОЛСЫГ АГУЙН ГҮНЭЭС ТАТАЖ БАЙСАН!!!

Би аюулгүйн бэхлэгээ бүхий бүсээ газарт хаяад шууд л олсноос зүүгдээд авирч эхлэхээр шийдлээ! Аз болоход, би өгсөгчөөс барьсан байсан юм. Би ямар ч хамгаалалтгүйгээр дээш авирч байлаа. Өмнө нь их олон удаа өгсөгч тоноглол ашиглалгүйгээр авирч байсан л даа, гэхдээ би өөрийгөө үргэлж олсноос тэлээгээрээ бэхэлдэг байлаа, юмыг яаж мэдэхэв гэж бодоод. Харин энэ удаад тэгэх боломж гарсангүй.

Би В~д хандаж, доороос ямар нэгэн зүйл олсыг татаж байгааг хашгиран хэлэхэд тэр хурдлахыг надад санууллаа. Маш их айж, сандарсан байсан учраас хананд гар, хөлөө шалбалж гарлаа. Ямар азаар гулгалгүйгээр, мөн доош уналгүйгээр дээш гарсан юм бол? Хэрэв би унасан бол шалан дээр унах хүртлээ агуйн ханануудад нэг бус удаа ойх байсан юм. Өөрөөр хэлбэл гэмтэл маань үхлийн байж болох байсан билээ. Замдаа саатаж өгсөгчийг дээш олс өөд гулгуулахгүйгээр би дээш гарч дөнгөлөө. Удалгүй дээрээс минь агуйн үүдээр нэвтэрсэн нарны туяа тусахыг би олж харлаа.

Бидний Re~Belay цэгийн доодох "тавцан" дээр би В~г гүйцэж очлоо. Цааш яваад байгаарай гэж түүнд хэлсэн. Ердөө хэдхэн минут л түүнд хангалттай байлаа. Гэвч түүнийг дээшлэхийг хүлээсэн секунд тутам миний хувьд тамлалт мэт санагдаж байсан юм. Хэзээ мөдгүй харанхуйгаас ямар нэгэн араатан амьтан гарч ирээд, намайг үдийн зоогоо болгох юм шиг л санагдаж байв. B дээш авирч, түүнийг дагаад агаарт нэгэн хэмнэлийн дагуу эргэлдэх олсыг ширтэх зуураа би ямар нэгэн хачирхалтай зүйл болох вий хэмээн доош харж суув. Миний зүрх энэ бүх стрессийг давж гарч чадсанд гайхаж байна, урьд өмнө би ямар нэгэн зүйлд ингэж их анхаарлаа төвлөрүүлж үзээгүй юм даг. Аль болох эрүүлээр сэтгэхийн тулд би хэрэндээ амрахыг хичээж байлаа, гэвч миний хөөрхий тархи ачааллаа хэтрүүлсэн бололтой. B~г хамгийн сүүлийн авиралтаа хийж, агуйн оройд гарсны дараа би өгсөгчөө альхэдийнэ олсонд бэхэлж, өөрийн өгзгийг тэндээс авч гарахад бэлэн болсон байв. Энэ үед би олс дахин эрчлэгдэж эхэлж байгааг анзаарлаа!! Хэн нэгэн нь олсыг дороос татаж байгаа нь илт байв! Гэхдээ хөдөлгөөнгүй байгаагаас үзвэл дээш авирч байгаа шинж тэмдэг ажиглагдсангүй. Гэсэн ч гэсэн тэндээс би аль болох хурдан гарахын хүслэн болж байлаа. В альхэдийнэ агуйн үүдийг чиглэн явсан байв. Хэдхэн фит замыг туулсны дараагаар би дээш гарлаа. Тэгээд өгсөгчийнхөө бэхэлгээг салгаж аваад, олсыг ардаа орхилоо.

Намайг агуйн үүдээр гарч ирэхэд, В олсыг анх зангуу болгон бэхэлсэн газарт хүрч байв. Би дээш гарахыг маш их хүсч байсан тул энэ удаад өгсөгчийг өөрт бэхлэлгүйгээр, бараг л чөлөөт авиралт хиймээр санагдаж байсан юм. В~г гарах дөхөж байгааг хараад би өөрийгөө сүүлчийн олсонд бэхэллээ. Үнэхээр ядарч туйлдсан байсан тул сүүлийн хэдэн фит дээр өөрт үлдсэн эцсийн хүчийг шавхах хүндхэн сорилт намайг хүлээж байлаа. Тэгээд олсноос зүүгдэж эхлэх үед олс эрчлэгдэн дуугарч эхэлсэн ба би дотроо тасарч болохгүй шүү, намайг доош битгий унагаарай хэмээн залбирч явсан юм. Ийнхүү явсаар оройд хүрмэгцээ би өгсөгчөө салгалаа. В модны дэргэд сөхрөн суусан байв, харин би түүн рүү ойртож очоод дэргэд нь сулбайн уналаа. Флойдын Бунхан руу сүүлд явж орсноос хойш бид хоёр нэг нэгнээ анх удаа харж байгаа нь энэ билээ. Бид хоёр бие биенээ зүгээр л харж байв, юу ч дуугаралгүйгээр. Би их муу харагдаж байгаагаа мэднэ, гэхдээ В~г ч мөн адил тааруу харагдаж байсныг мэдээгүй юм. Түүний бие нь ил гарсан бүх л хэсэгтээ шарх шалбархай болсон байлаа. Нүүр нь цайгаад, цонхигор цагаан болсон байна. Тэр амаа том гэгч нь ангайлгаад аахилж, уухилан сууж байлаа. Бидний нэг нэгнээсээ олж харсан цочрол В~ын модонд зангуу болгон хүлсэн олс дахин эрчлэгдэн чангарч эхлэх үед замхран алга болов! Биднийг айдас эзэмдлээ! В халааснаасаа хутга гаргаж ирээд олсыг огтолж гарав.

Хүний оюун ухаан гэдэг цаг хугацааны баримжааг хэрхэн өөрчилж чаддаг нь гайхалтай. Олсыг модноос огтлоход ердөө 4 юм уу, 5 секунд болсон гэдэгт итгэлтэй байна, гэвч энэ надад яг л нэг цаг шиг л урт санагдсан. Тасарсан олсны үзүүр газарт унамагцаа хавцлын ирмэг дээр байсан чулуунуудын завсраар чимээ гарган гулслаа. Харин В хутгаа доош хаяад, нуруугаараа газарт хэвтэв. Хавцлаас доош нисэх олс миний хувьд агуй дотор мэдэрсэн мэдрэмжүүдийг маань сануулж байсан юм. Би босоод машин руугаа алхлаа. Харин В тэнд хэвтсэн хэвээр, олс нүднээс алга болсон хэсэг рүү ширтсээр л. Намайг дуудах үед тэр сая нэг сөхөө оров бололтой, хурдхан гэгч нь босоод модноос холдлоо, бас агуйгаас, мөн хар дарсан зүүднээс. Буцах замдаа бид хоёр ямар ч үг солилцсонгүй.

Агуйд хийсэн уг аяллаас хойш 4 өдөр өнгөрч байна. Харин энэ бүгдийг тэмдэглэл болгон бичих гэж 4 өдрийг зарцууллаа. Бичиж эхлэх тоолонд тэнд мэдэрсэн таагүй дурсамжууд сэдрээд их хүндрэлтэй байсан шүү. Гэхдээ л энэ бүх деталиудыг санаж байгаа дээрээ би баримтжуулан бичих хэрэгтэй байсан тул өөрийгөө багагүй дайчилсан. Гэсэн ч одоог хэр нь би тэр бүх өвдөлтийг мэдэрсэн хэвээр байна. Бас муухай өмхий үнэр. Мөн тэр бүх айдас. Уг нь би дахиад илүүг бичмээр л байна, гэвч одоо бичиж чадахгүй нь. Яагаад гэвэл одоог хүртэл бүрэн тайвширч чадахгүй байна. Анхаарал маань ч сайн төвлөрч өгөхгүй юм. Одоохондоо энэ хүргээд зогсооё доо.