Friday, August 30, 2013

Мадхауз гэх нэгэн харш.

Mudhouse-ын харш. Уг байшин нь Охаёо мужийн Ланкастерт байрладаг бөгөөд орон нутгийн архивт хадгалагдан үлдсэн мэдээллийн дагуу иргэний дайны дараахан буюу 1800-аад оны үед засгийн газрын эрх нөлөө бүхий нэгэн эрхмийн захиалгаар баригдсан гэдэг. Хэдий хуулиар хориглогдсон ч гэлээ тэрбээр гэртээ боолчуудыг үргэлжлүүлэн ажиллуулж байсан төдийгүй тэднийг шөнө оройн цагаар оргохоос нь сэргийлж байшингийнхаа гаднах жижиг амбаарт түгждэг байж гэнэ.


Түүний боолууд маш муу нөхцөл байдалд амьдарч бас ажиллаж байсны дээр өлсч цангах зэргээс эхлээд тэдний эрх олон зүйлээр зөрчигддөг байж л дээ. Харин энэ бүгдийг тэсвэрлэж чадалгүй тэдний нэг нь газар доогуур нүх ухаж эхэлсэн байна. Мэдээж хэрэг эдлэн газрын эзэнг гэр бүлийнхээ хамтаар унтахаар хэвтэж, байшингийн бүх гэрэл унтарсан үед л өнөөх боол уг ажлаа үргэлжлүүлдэг байлаа. Тэгээд тэр бага багаар мөн уйгагүй гэгч нь ухсаар байгаад нэг л шөнө хананы нөгөө талд гарч чаджээ.

Ингээд харанхуй шөнөөр тэр харшруу гэтсэн байна. Тэгээд арын хаалганых нь түгжээг мулталж ороод, чимээгүй гэгч нь дээд давхарруу гарч тэнд унтаж байсан бүх хүнийг хөнөөжээ! Маргааш өглөө нь орон нутгийн иргэд аймшигт аллага болсон уг харшийн дэргэд олноороо цуглаж, тэр хавиар бөөн шуугиан дэгдэв гэнэ. Гэвч эдлэн газрын эзэн хууль зөрчиж байсныг мэдсэн цагдаа нар энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод тэр чигт нь орхисон төдийгүй оргосон боолчуудын араас хэн ч эрэл сурал болсонгүй.  

Харин хэдэн жилийн дараагаар эзэнгүй болсон уг байшингаас элдвийн хачин чимээ анир гарах боллоо хэмээн айл хөршүүд нь гомдоллох болж гэнэ. Удалгүй эдлэн газрын эзэн болоод түүний гэр бүлийнхний сүнс уг байшинд хоргодож үлдсэн гэх яриа салхи шуурга шиг тарж, хэн ч тийшээ ойртох нь бүү хэл дэргэдүүр нь өнгөрөхөөсөө хүртэл эмээх боллоо.

Тэгж явсаар 1892 онтой золгоход уг байшинг худалдан авах хүн гарч ирсэн байна. Эхнэр болон гурван хүүхдээ дагуулсаар шинэхэн хөрш нь ачаа тээшээ буулгаж, байшинд зөөн оруулж байхыг айл хөршүүд нь амьсгаа даран харж суулаа.

Гэтэл ... тэрнээс хойш хэн ч тэднийг олж харсангүй. Байшинд орсон цагаасаа хойш тэд ахин гарч ирээгүй байна. Тавын таван хүнтэй гэр бүлийн хувьд байшиндаа дотроо ийнхүү бүгэнэ гэдэг үнэхээр хачирхалтай хэрэг байлаа.

Удалгүй нэгэн хөрш нь унтлагын өрөөнийхөө цонхоор өнөөх байшинруу хараад золтой л ухаан алдаад уначихсангүй гэнэ. Мадхаузын байшингийн хоёр давхрын цонхоор цагаан даашинзтай нэгэн эмэгтэй хараад зогсч байсан байна! Тэр эмэгтэй хөдлөлгүй тэгээд тэндээ л зогсоод байж.

Маргааш нь дахиад л өнөөх хөрш эмэгтэй Мадхаузын байшинруу харахад өнөөх цагаан даашинзтай бүсгүй тэнд зогссон хэвээр л байлаа. Ингээд өдөр бүр хэрэг гаргаж тэрхүү байшингийн хоёр давхрын цонхруу харах бөгөөд өнөөх цагаан хувцастай бүсгүй зогссон хэвээрээ л байдаг байв.


Харин аравдахь өдрөө өнөөх эмэгтэй цагдаа нарыг дууджээ. Ингээд цагдаа нар байшингийн цоожийг эвдлэн ороод хоёр давхрын өнөөх өрөөнд явж очтол юуг харсан гэж санана!

Гэр бүлийн бүх 5 гишүүдийг таазнаас нь өлгөөд дүүжилсэн байсан гэнэ. Тэд бүгдээрээ цагаан өнгийн унтлагын хувцастайгаа байсан байна. Шинжээчид энэ бүгдийг судалж үзээд тэднийг амиа хорлцгоосон байна гэх дүгнэлтэд хүрэв. Харин өнөөх цонхны дэргэд зогсч байсан бүсгүй уг айлын эхнэр нь байсан төдийгүй арван хоног тийнхүү дүүжлэгдээд, хөршийнхөө байшинруу ширтэж байсан байх нь!

Тэр үйл явдлаас хойш уг байшингийн дэргэдээс бүх хөршүүд нь нүүж одсон бөгөөд одоог хүртэл уг газар эл хуль хэвээрээ байгаа аж. Мөн уг байшинг худалдаж авсан хүн өөрөө тэнд амьдардаггүй ба байшинг сонирхож очсон хүмүүст хандаж дотогш орохгүй байхыг сануулдаг гэсэн. Учир нь тийш ороод эргэж гарч ирэхгүй байхвий гэж эмээсэн хэрэг.

Орон нутгийн хүүхдүүд уг байшинг "Меригийн Байшин" гэж нэрлэжээ. Мөн тэрхүү газрын дэргэдүүр шөнө оройн цагаар явж өнгөрөхөд хоёр давхрынх нь цонхоор өнөөх цагаан даашинзтай бүсгүйн сүнс үзэгддэг гэх аж.

Эх сурвалж : http://www.scaryforkids.com/mudhouse/

Байшинг илүү сайн харахыг хүсвэл доорх бичлэгийг үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=TOGkSjgkWfI

2 comments: