Wednesday, August 28, 2013

Томас Эдисоны ярьдаг хүүхэлдэй.

Уг хүүхэлдэйн хувьд хэдий зохион бүтээгдэх хүртлээ сааргүй урт замыг туулсан ч гэлээ 1890 онд худалдаанд гарсан эхний хэдхэн долоо хоногтоо л зарагдсан гэдэг байна. Энэхүү бүтээлийн талаарх санаагаа Томас Эдисон тэртээх 1877 онд бодож олсон бөгөөд Виллъям В.Жакуис гэх өөр нэгэн зохион бүтээгч Эдисоны тугалган цаас бүхий понограф аппарат дээр суурилж хүүхэлдэйн анхны загварыг нь бүтээжээ. Удалгүй ноён Жакуис өөрийн түнш Ловелл Бриггстэй хамтраад 1887 онд Эдисоны зөвшөөрөлтэйгөөр компани байгуулсан ба 'Edison Phonograph Toy Manufacturing Company' гэж нэрлэжээ. Гэвч үйлдвэрлэлт эхлэхээс өмнөхөн нь Эдисон компанийг мэдэлдээ авахыг санаархаж эхэлсэн ба энэ бүхэнтэй холбоотой шүүх хуралалдаан их удаан үргэлжилсэн гэдэг. (Ер нь их янзын нөхөр байсан юм шиг байгаа юм :D)

Хэдий тийм ч Эдисоны ярьдаг хүүхэлдэй нь урьдчилж бичлэг хийсэн цилиндр бүхий энтертайнмент чиглэлээр ашиглах боломжтой анхны понограф гэдэг утгаараа понографын түүхэнд тодоор бичигдсэн юм. Хүүхэлдэйн хувьд 22'' өндөр бөгөөд ойролцоогоор 4 паунд жинтэй аж. Эх бие нь металиар бүтсэн уг хүүхэлдэйний гар хөлнүүдийг модоор хийсэн ба үсийг нь 'Simon and Halbig' хүүхэлдэйн үйлдвэрээс авсан байна (#719). Үнийн хувьд анхандаа $10-оор зарагдаж байсан ба хүүхэлдэйн хувцаснаас хамаарч $20-$25 болж нэмэгджээ. Энэ бол тэр үеийн дундаж иргэний хоёр долоо хоногийн цалинтай тэнцэхүйц маш их мөнгө байв. Хүүхэлдэйн дотор суурилуулсан понографын тухайд яривал хэмжээгээр маш жижиг бөгөөд цилинд эх биед нь залгасан бүрээг хүүхэлдэйн цээжний хөндий хэсэгт байрлуулсан байв. Цилиндрт пүршин мотор байгаагүй тул хөгжмийг тоглуулахдаа гараараа эргүүлэх хэрэгтэй байлаа. Мэдээж хэрэг энэ бол асуудал биш байсан нь тодорхой. Харин хөгжмийн хувьд "Twinkle Twinle Little Star" бүүвэйн дууг 6 секундын давтамжтайгаар бичиж хадгалсан байна. (Хожим нь Эдисон хэлэхдээ, "Энэ бяцхан чөтгөрүүдийн дуу их эвгүй сонсогдох юм", гэж өөрөө хэлсэн байдаг гэнэ.) Өөр нэгэн харамсалтай зүйл гэвэл уг хүүхэлдэйн доторх тус механизмууд нь дэндүү хэврэг байсан тул эдэлгээ даах чадвар маш муу байж л дээ.

Хамгийн анхны хүүхэлдэйг 1890 оны 4-р сарын 7-нд, Нью Йоркын Ленокс Лисеумд худалдаанд оруулсан байна. Түүнээс арай өмнө буюу 3-р сард гэхэд 2,500 хүүхэлдэй урьдчилсан захиалганд хамрагдсан бөгөөд тэдний 500 гаруй нь гүйцэт хөгжүүлэгдээгүй байсны улмаас худалдан авагсдын гараас буцаагдахад хүрч байжээ. Ингээд 5-р сар гэхэд хүүхэлдэйн худалаалалт бүрэн зогссон байна. Үйлдвэрлэлтээс үлдсэн бусад хүүхэлдэйнүүдийн тухайд бол доторх фонограф аппаратыг нь аваад дангаар нь мөн маш хямдаар зарж эхэлсэн гэдэг. Одоо бол Эдисоны хүүхэлдэйнүүд их ховор болжээ, харин понографын тухайд бол бүр ч ховор болсон нь мэдээж юм.

Эх сурвалж : http://www.edisontinfoil.com/doll.htm



Хүүхэлдэйн гаднах хайрцган дээр ашиглагдах гэж байсан шошго. Энэхүү шошгоны хувьд 1889 оны 10-р сарын 1-ний өдөр 'Edison Phonograph Toy Manufacturing Co.' компаний хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалд хавсаргасан байж.


                                              (зурган дээр дараад томруулж үзээрэй!)

Дээрх зургийг 1890 оны 5-р сарын 29-нд, Массачусетсийн Спрингфиелдэд өглөөний 4:30-д авсан байна! Улаан сумаар заасан хэсэгт хүүхэлдэйн сурталчилгааны самбарыг үзүүлсэн байна. Гэхдээ энэ үед үйлдвэрлэлт болон худалдаалалт альхэдийнээ зогсчихоод байсан үе юм.



Харин уг хүүхэлдэйн хөгжмийг сонсохыг хүсвэл :

2 comments: