Saturday, October 5, 2013

Шатаж буй охин.

1908 онд юм гэнээ. Энэ явдал Алабама мужийн Охидын Аж үйлдвэрийн Сургуульд болж өнгөрсөн юм. Харин уг сургуулийн дотуур байрны 4-р давхарт Конди Каннингхэм гэдэг охин амьдардаг байлаа.

Нэгэн шөнө Конди хэсэг найзуудынхаа хамтаар халуун шоколад хийх зорилгоор өрөөндөө нууцаар зуух авч орж л дээ. Мэдээж хэрэг энэ нь сургуулийн дотоод дүрмэнд харшилж байсан нь тодорхой. Охидууд цөм унтлагынхаа хувцастай байсан бөгөөд Кондигийн орон дээр тэд цуглаж суугаад шоколадаа хийж эхэлсэн байна. Гэвч энэ үед тэдний нэг нь санамсаргүйгээр тогоог хөмөрч орхижээ!

Тун удалгүй ор хөнжилд гал авалцаж эхэлсэн гэдэг ... Кондигийн унтлагын хувцсанд ч мөн адил. Айж сандарсандаа хөөрхий охин тусламж эрж, байдаг чадлаараа бархирсаар корридороор тэр гал улалзуулан гүйж гарчээ. Ийм тохиолдолд газарт өнхөрч галыг унтраах хэрэгтэй бөгөөд харин гүйх нь галыг улам илүү өрдөж орхидог гэнэ. Гэвч Конди охин үүнийг мэдсэнгүй.

Охин хашгираад л байлаа, бас гүйгээд л байлаа, гүйгээд л. Удалгүй хувцсанд нь ассан гал бүх биеийг нь бүрхэж эхэлсэн байна. Найзуудынх нь хувьд Кондиг хэрхэн шатаж байгааг, мөн хэрхэн аймшигтай үхлээр үхэж байгааг нь харж зогсохоос өөр арга байсангүй ...

Харин тэр цагаас хойш Конди охины сүнс төв байрны энэхүү 4-р давхарт хоргодож үлдсэн гэдэг. Шөнө оройн цагаар хэн нэгэн охины аймшигтайгаар орилон хашгирах дуу коридороос сонсогддог болохыг тэндхийн оюутан сурагчид бэлхнээ гэрчлэх биз. Мөн хэн ч байхгүй атал хэн нэгний гүйх хөлийн чимээ хонгилоос дуулддаг юм гэнэ. Зарим нэг нь бүр 'Надад туслаач.' гэж хэлэх Кондигийн үг яриаг хүртэл сонссон гэдэг байна.

Нэгэн шөнө Кондигийн хуучин өрөөнд байрлаж байсан охин хаалганых нь гадна ямар нэгэн чимээ гарахыг олж сонсжээ. Харин хаалгаа нээж үзээд тэр юуг олж харсан гэж санана, коридорт утаа униар татуулан эгээтэй л хүн бамбар гэлтэй хамаг бие нь дүрэлзэн шатах охины гүйж байхыг харсан байна. Айсандаа өнөөх охин түргэхэн гэгч нь хаалгаа хаагаад эргэж өрөөндөө орвол ор хөнжил нь мөн гал авалцан шатаж байсан гэдэг. Ингээд маргааш өглөө нь тэр охин их сургуулиас шилжсэн аж.



Энэ мэт олон хачирхалтай үзэгдэл уг байрны 4-р давхарт тохиолдох болсон бөгөөд энэ дундаас хамгийн хачин явдал бол Конди охины хуучин өрөөний хаалга байлаа. Кондиг нас барсны дараахан түүний найзууд нь Кондигийн царай хаалган дээр нь гарч ирсэн байсныг олж харсан байна!

Сургуулийн удирдлагын зүгээс уг өрөөний хаалгыг солиулсан боловч удалгүй шинэ хаалган дээр мөн л Кондигийн царай гарч ирсэн гэдэг. Түүнээс хойш хаалгыг удаа дараа солисон ч гэлээ охины царай төрх гарч ирсээр л байлаа.

Охидууд энэ хаалганаас маш их айцгаах болсон тул хаалгыг авч хаяахаас өөр арга байсангүй. Одоо эдгээр хаалганууд нь сургуулийн агуулахын өрөөнд хадгалагдаж байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар Монтевалло их сургуулийн ямар ч оюутан уг өрөөнд байрладаггүй төдийгүй 4 давхрын оюутан охид өрөөнийх нь хаалга үүд өөрсдөө нээгдэж бас хаагддаг болох тухай ам уралдуулан ярьцгаадаг гэнэ. Мөн Кондигийн сүнс ихэвчлэн угаалгын өрөө хавиар эргэлддэг гэх бөгөөд заримдаа түүний хашгирах дуу хоолойг хонгил коридороос сонсч болох гэнэ.

Эх сурвалж : http://www.scaryforkids.com/girl-on-fire/

2 comments:

  1. khuslen adminaa ene site deer chine yavdag aynii ner ni yu yum

    ReplyDelete
  2. Skyrim Music night 2 ene site deer yavjaga duunii ner

    ReplyDelete