Sunday, June 15, 2014

Агуй Судлаач Тед (8~р хэсэг: Жое)

4~р сарын 14~н, 2001 он.

Бидэнтэй хамт явах хүсэлтэй хүнийг B олох хүртэл ердөө хэдхэн хоног хүлээхэд л хангалттай байлаа. Мөн тэрбээр өөр бусад, нилээд олон хүмүүстэй ярилцсан боловч тэдний олонхи нь ажил, амьдралын асуудлаасаа болоод явж чадахгүй нь хэмээн хариулцгаасан байна. Гэхдээ агуйн талаар, мөн аяллын тухай тэдэнд ярьж байхад туйлын ихээр сонирхон сонсч байсан гэдэг. Мэдээж хэрэг B тэдэнд агуйн байрлалын талаар нэг ч үг цухуйлгаагүй юм. Учир нь олон нийтэд ил болгохоосоо өмнө бид өөрсдөө эхлээд сэтгэлээ ханатал бүрэн гүйцэт судлах хэрэгтэй шүү дээ. Түүнээс гадна бидэнтэй хамт явахаар болсон өнөөх залуу маань хүртэл агуйд дөхөж очих хүртлээ уг агуйн талаар ямар ч мэдээлэлгүй явсан билээ. Мөн түүнээс ямар ч хүн амьтанд уг газрын талаарх байрлалыг хэлж болохгүй шүү хэмээн андгай тангараг авахаа ч бид хоёр мартсангүй. Түүний нэрийг би мөн л нууцалж байна, тиймээс зүгээр л "Жое" гэж нэрлье. Жое, B бид гурав өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өглөө үүрээр замдаа гарцгаасан юм. Ингээд агуйн үүдэнд хүрч очмогцоо бид түргэхэн гэгч нь тоног хэрэглэлүүдээ бэлтгэж аваад доош бууцгаалаа. Мөн бидний ихэнх багаж хэрэгсэл тэр доор, нүхний амсар дээр байсан тул бид ачаа багатай явсан бөгөөд энэ нь бидний аяллыг хөнгөвчилж өгч байлаа. Харин Жое бидний ажлыг хараад бүр биширч орхисон шүү. Ингээд бид ажилдаа эргэн орцгоохоор өөрсдийгөө бэлтгэж эхэллээ. Харин нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, нүхээр гарсан хүн нь би ганцаараа байсангүй!

Жоеийн хувьд олон жилийн туршлагатай агуйчин бөгөөд туранхай нэгэн байв. Мөн тэрээр өнөөх нүхийг хараад өөрийнх нь учирч байсан нүхнүүдийн дотроос хамгийн жижигхэн нүх байна гэсэн юм. Гэхдээ түүнд ер асуудал болсонгүй. Учир нь түүнийг надаас жижигхэн биетэй тул нүхээр гарч чадна гэдгийг нь би мэдэж байлаа. Мөн Жое яг л бид хоёр шиг агуйн шинэ хэсэг рүү нэвтрэн орно гэхээс байж ядаж байсан шүү. Магадгүй биднээс ч илүү догдолсон байж мэднэ. Тэгээд тэр бид хоёрыг мунгинаж байх хооронд альхэдийнээ тоног хэрэгслээ бэлтгэж аваад дараагийн алхам юу вэ хэмээн асууж зогссонсон. Нэгэнт түүнийг бэлэн болсон байсан учраас түрүүлж нүх рүү орох саналыг би түүнд тавилаа. Харин B~ын хувьд мэдээж хэрэг бидний хэрэгслийг ардаас маань явуулах бөгөөд бид хоёрыг нүхээр гармагц биднийг эргэн ирэх хүртэл хоёр цагийн хугацааг олгохоо мэдэгдсэн юм. Тэр тун халамжтай байсан нь бидний хувьд яг л хүүхэд асрагч шиг л санагдаж байлаа. Гэхдээ энэ бүх хугацааны туршид агуйд ганцаараа хүлээж сууна гэдэг түүний хувьд их л уйтгартай байх байх даа. Ингээд төлөвлөгөөгөө бид хэлэлцэж дуусмагцаа даруй нүх рүү явж орцгоосон юм.

Жоед бид хоёр агуйд байхдаа олж сонссон хачин этгээд чимээнүүдийн талаар дурьдаагүй нь жаахан зохисгүй хэрэг болсон гэж бодож байна. Гэхдээ түүнд яг юу гэж тайлбарлах байсан юм бэ? Тэгээд ч бид хоёр тэнд байхдаа ямар нэгэн аюул эрсдэлтэй нүүр тулгарсан бил үү? Хэрэв тэгсэн бол дахиж тийш нь очихгүй л байх байсан шүү дээ. Ингээд В бид хоёр амаа хамхихаар шийдэцгээсэн бөгөөд шаардлагатай гэж үзвэл Флоидын Бунханаас гарсныхаа дараагаар түүнд энэ тухай хэлье гэж бодож байлаа. Гэвч дэндүү оройтсон юм ...

Жоег нүхэн гарцаар хялбархан гэгч нь гарч орхиход би хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр хэлэхдээ давчуухан байсан гэсэн, гэхдээ түүнд тийм ч их саад болсонгүй гэнэ. Ингээд түүнийг агуйн нөгөө талд гарсны дараагаар бид хоёр түүнд тоног хэрэгслийг нь нүхээр дамжуулан өгөв. Миний хувьд гэвэл би түүгээр гарч чадна гэдгээ мэдэж байсан ч санасныг бодоход илүү их хугацааг зарцуулав. Нүхэн дотор мөлхөх тухайд бол хурдан урагшлах эсэх нь хөлийнхөө өлмийгөөр биеэ хэр зэрэг хүчтэй түлхэж өгөхөөс шалтгаалдаг. Тэгээд би мөлхөж явсаар нүхний хамгийн давчуу хэсэгт тулж ирэх үед Жое миний зургийг дарж орхив. Үүнийг би их сайн зураг болсон гэж бодож байна. Удалгүй намайг нүхээр гарч дөнгөмөгц B над руу хэрэгслүүдийг маань дамжуулж өглөө. Гэвч гай таарч зарим зүйлс маань нүхэн дотор гацаад үлдчихлээ. Ингээд би нүх рүү эргэн орж замын хагаст гацаж орхисон тэдгээр хэрэгслүүдээ авах шаардлагатай болсон юм даа. Нүх рүү орохын тулд мөн л өвдөг дээрээ сөхрөн суугаад, нуруугаа бөхийлгөж өгөх хэрэгтэй боллоо. Тэгээд би каск, чийдэн хоёроо авсныхаа дараагаар B~рүү олсны үзүүрийг дамжуулж өгөв. Харин тэнд байх үедээ толгойгоо би ганц сайн цохиод авсан шүү. Хүний гавал, хатуу чулууны эсрэг. Мэдээж хэрэг чулуу дийлэлгүй яахав. Намайг B!д толгойгоо цохисныг хэлэхэд тэр над руу түргэн тусламжийн цүнх дамжуулж өглөө. Миний толгойноос цус гарч байсан бөгөөд бие маань тийм ч сайн байсангүй. Тэгээд би толгойгоо боосныхоо дараагаар Жоед хандаж өөрийгөө үргэлжлүүлж чадахгүй болсныг дуулгахад тэр яг л Зул Сарыг цуцлуулсан жаалхүү мэт гомдолтой нь аргагүй харж зогссонсон. Хэдийгээр түүнийг надгүйгээр (Мэдээж хэрэг миний хувиа хичээсэн, шуналтай зангаас болоод л тэр.) агуйг судлахыг нь би дэмжихгүй байсан ч одоо яалтай билээ.

Ингээд түүнийг би хаа хол хүртэл явах ёстойг нь, мөн тийш явах болон ирэхэд хэдий хэр хугацаа зарцуулахыг нь хэлээд замд нь үдэж өглөө. Нүхний нөгөө төгсгөлд, B~ын эсрэг талд би ганцаараа сууж байхдаа Жоег хэрхэн харанхуй руу явж байхыг нь харж, түүнийг далд орсон ч гэлээ хэрхэн тор тор хийлгэн алхаж байгааг нь сонсч суусан юм. Ингээд эхний эргэлтийн дараагаар л түүний гар чийдэн харанхуйд замхран алга боллоо. Би нэг, хоёр орчим минут хэртэй амарсныхаа дараагаар эргээд нүх рүү явж орсон билээ. Хэрэг зориг гаргаж нүхний нөгөө талд гарчихаад аяллаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй болсондоо урам маань маш их хугарч байсан шүү. Мөн толгой маань өвдөж байсныг ч хэлэх үү, нүхээр би арай чамай мөлхөж гараад Жоег хүлээх зуураа B~тэй хамт элдэв зүйлийн талаар ярьж суув. Тэгээд би хэрэв дахиад нэг хоног өнжихийг зөвшөөрвөл буудлын мөнгийг чинь даая, тэгээд маргааш дахин энд ирж аяллаа үргэлжлүүлцгээе гэж түүнд хэллээ. Харин энэ үед толгойгоо чулуунд хүчтэй цохисноос болоод толгой маань эргэж, дотор минь муухайрч байв. Мэдээж хэрэг B зөвшөөрч, маргааш дахин нэг оролдлого хийе гэсэн санааг минь дэмжлээ. Ингэж тохиролцсоныхоо дараагаар бид хоёр нуруугаараа чулуун хана налж суугаад дэмий л харанхуй руу ширтэхээс өөр хийх зүйл үнэндээ байсангүй. Мөн нүхнээс ямар ч чимээ анир сонсогдсонгүй. Энэхүү ер бусын чимээ аниргүй байдал нь надад хамгийн сүүлд уг нүхээр гарч явахдаа олж сонссон тэрхүү чимээг сануулж байлаа. Гэхдээ энэ талаар би ам нээсэнгүй. Нэгэнт л тэр хачин шажигнах эсвэл маажиж байгаа юм шиг чимээг тайлбарлаж чадахгүйгээс хойш B~тэй энэ талаар ярихыг хүссэнгүй. Түүнчлэн салхины урсгалын өөрчлөлт, эсвэл нүргээний талаар, B~ийн олж сонссон гэх өнөөх айхтар хашгирааны талаар ч мөн адил. Харин удалгүй бид хоёрын хэн хэн маань Жоег тийш ганцааранг нь явуулсандаа харамсч эхэлсэн юм.

B нүх рүү толгойгоо хийж "Жое" хэмээн хашгирлаа. Хариу ирсэнгүй. Тэгээд ч үүнд гайхах зүйл байсангүй. Агуйн нөгөө хэсэгт хүний хоолойн чимээ огт хүрч чаддаггүй гэдгийг бүх агуйчид мэдэх хойно. Ингээд бид хоёр амьсгаа даран элдвийн чимээ анирыг чагнан чимээгүйхэн хүлээж суулаа (Мэдээж хэрэг сайн чимээ, Жоеийн хөлийн чимээг тэр шүү дээ.). Харин болзсон цаг маань өнгөрөөд хорин минут хэтэрсэн байна. Нүх рүү эргэн орох ямар ч хүсэл сонирхол надад байсангүй. Толгой маань эргэж байсан бөгөөд нүх урьд урьдынхаасаа илүү жижигхэн харагдаж байлаа. Гэхдээ Жоег аюулгүй байгаа эсэхийг нь мэдэх шаардлага надад байсан юм. Ингээд тоног хэрэгслээ бэлтгэж аваад би нүх рүү эргэн орохоор зэхэж байтал нүхний нөгөө талаас гэрэл гялсхийх нь тэр. "Жое?", гэж би түүнийг дуудлаа. Хариу алга. "Жое!". Бас л хариу ирсэнгүй. Гэвч гэрэл улам тодорсоор удалгүй нүхний цаанаас хэн нэгэн ойртож байгаа нь тодхон сонсогдов. "Чи зүгээр үү, Жое?" хэмээн түүнээс асуухад тэр маш сулханаар "Үгүй" гэж хариулсан юм. Ингээд Флоидын Бунханы нөгөө талд хүрч ирсэн Жое, бие нь базаахгүй байгаа талаараа хэллээ. Өөрийнх нь тоног хэрэгслэлийг бид олсоор татаж дуусаагүй байхад тэрбээр яг л ямар нэгэн амьтанд хөөгдсөн гэлтэй нүх рүү даруйхан шургаж орсон нь их л хачин санагдав. Мөн түүнийг тэнд чухам юу үзэж харсныг нь асуух сөхөө хэн хэнд маань байсангүй. Удалгүй Жоег нүхнээс мөлхөн гарч ирэхэд л сая нэг юм бид хоёр түүний царай төрхийг харах боломжтой болов. Тэгээд яасан гэж санана, тэр үнэхээр аймшигтай харагдаж байлаа! Хамаг арьс хөрс нь цайгаад яг л цусгүй мэт болсон байснаас гадна амьсгаагаа дарж чадалгүй бахардаж байсан юм. Давчуухан нүхний шал болон хананууд түүнд өөрийн ул мөрийг харамгүй үлдээжээ. Түүний хувцас болоод нүүр нь хэд хэдэн газраа шалбарч орхисон байна. Мөн айсандаа тэрээр хоёр нүдээ байдгаар нь нээсэн байлаа.

Жоег үг дуугүй гэгч нь бидний дэргэдүүр зөрж өнгөрөөд агуйгаас гарахаар алхаж эхлэх хооронд түүнийг уг агуй хэрхэн өөрчилснийг харах хугацаа B бид хоёрт үнэндээ байсангүй. Ингээд Жое, B хоёрыг агуйгаас гарахаар дээш явж байх зуур би тоног хэрэглэлээ бэлтгэж байлаа. Тэгээд юуг анзаарсан гээч. Нүхнээс юу ч дуулдахгүй байгааг сонссон юм. Өөрөөр хэлбэл салхины исгэрэх чимээг. БҮР ЮУ Ч МЭДРЭГДСЭНГҮЙ! Салхи зогссон байлаа! Энэ мөчид миний биеийн нэг хэсэг маань уг агуйгаас гарахыг учиргүй ихээр хүсч билээ. Гэвч миний өөр нэг хэсэг агуйн шинэ хэсэг рүү явж ороод чухам юу салхины чигийг өөрчлөөд байгааг нь олж мэдэхийг хүсч байлаа. Гэвч миний толгой эргэж, дотор маань муухайрч байсан юм. Удалгүй би Жое, B хоёрын хойно цор ганцаараа үлдсэн байснаа анзаарсан бөгөөд тэдэнтэй эргээд уулзах хүртэл нуруугаар минь хүйт дааж явлаа.

Дээш гарсныхаа дараагаар Жоегоос бид тэнд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдэж авна хэмээн найдаж байсан юм. Гэтэл тэр олсоо тайлмагцаа шууд машин руу явж очоод суучихдаг байна шүү. Гэвч өдрийн гэрэлд тэрбээр агуй дотор байснаасаа ч дор харагдаж байв. Ингээд B бид хоёр олсоо эвхэж аваад машиныг чиглэн алхав. Жоегийн бие нь тун муу байна гэсэн тул бид зочид буудал руу биш шулуухан гэр рүүгээ харьцгаахаар шийдлээ. Жоеийн хувьд, тэрбээр машин дотор, замын туршид юу ч хэлэлгүй гөлөрч явсан бөгөөд бид хоёр түүнээс ямар ч мэдээлэл олж авч чадсангүй. Ингэж явахдаа тэрбээр яг л навч шиг чичирч явсан ба биднийг асуухад тэр даараагүй гэж хэлсэн. Түүнчлэн биднийг юм асуухад Жое тун товчхон хариулт өгч байлаа. Түүнээс би ханан дээрх дүрс бичгийг үзэв үү гэтэл "Үгүй" гэж хариулав. Бидний хашгирч байхыг сонссон уу? "Үгүй". Дугуй чулууг харсан уу? "Үгүй". Хананд ургасан байсан кристал чулуунуудтай дайралдав уу? "Үгүй". Тэр мөн агуй руу явж ороод тийм ч их удалгүй бие нь эвгүйрхэж эхэлсэн гэж хэлсэн юм. Мэдээж хэрэг түүний хариултууд үнэн байх боломжгүй. Хэрэв тэр бидний дууг сонсч чадахгүй хэмжээнд агуй руу явж орсон юм бол кристал чулуунуудыг харсан л байх учиртайсан. Гэвч яагаад тэр худал хэлээд байна вэ?

Аяллын үлдсэн хагас хачин чимээгүй байдалтайгаар үргэлжлэв. Жое өөр юу ч хэлсэнгүй. Мөн бид хоёр агуйд тохиолдсон хачирхалтай явдлуудаасаа түүнд товчхон ярьж өглөө. Гэвч тэр хариу дуугарсангүй. Түүнийг гэрийнх нь гадна буулгах үедээ бид дахин агуй руу очих уу гэж асуутал тэр толгойгоо сэгсрээд байшинруугаа яваад орчихсон юм. Өдөр нь, бас маргааш нь би түүн рүү залгасан боловч зөвхөн түүний дуут мессежийг л хүлээн авч байлаа.

4 comments:

  1. Urgeljlel ene doloo honogt garna bzde

    ReplyDelete
  2. bayarlalaa daraagiin hesgiig tesen yadan huleej bgaa shuu

    ReplyDelete
  3. Bayarlaa Daraagiin heseg ni yasn bee Hurdan gargaarai :]

    ReplyDelete
  4. Sain uu bloguudaa urgeljluulehgui yumuu.Chinii tavidag medeenuud mani metiin yostoi l zagatnasan gazar maajdag bolohoor bolomjtoi bol urgeljluuleerei.Bayarlalaa.

    ReplyDelete