Monday, June 9, 2014

Агуй Судлаач Тед (7~р хэсэг: Амжилт)

2001 оны 4~р сарын 7~н.

Дахин Нууцлаг Агуй руу очихоосоо өмнө бид бэлтгэлээ базааж нилээд хугацааг ардаа өнгөрүүлэв. Энэ хооронд бид хоёр нүхэнд багтахуйц хэмжээний модон хайрцгийг хийж бэлтгэсэн ба агуйн нүх рүү явж орохдоо тэрхүү хайрцагны тусламжтайгаар нүхний хэмжээг нарийн сайн авч чадсан юм. Тэндээс бид Флоидын Бунхан~с гарч нөгөө төгсгөлд нь хүрэхийн тулд нүхний хамгийн нарийхан газар болох 8 инчийн өндөртэй хэсгийг өнгөрөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл уг газраар бид шалнаас ердөө нэг инчийн зайнд мөлхөж явсаар уг хэсгийг өнгөрч чадна гэсэн үг. Мөн түүнчлэн гарцаар явах хамгийн сайн байрлал бол доош харж хэвтээд, хоёр гараа биеийнхээ дагуу байрлуулбал зохих юм байна гэдгийг тодорхойлоод байлаа. Мэдээж хэрэг толгойгоо би аль нэг тийш нь харуулж явахгүй бол болохгүй. Уг байрлал нь миний дал мөрийг нарийхан хэсгээр гарахад туслах болно. Харин биеэ урагш хойш хөдөлгөхийн тулд би хөлийн өлмийгөөрөө шалнаас түлхэлт өгөхөд л хангалттай. Төвөгтэй сонсогдож байгаа ч санасныг бодоход хялбар байсан шүү. Сүүлдээ харин ч эвтэйхэн болж ирсэн гээч.

Бидний бэлтгэсэн хоёр дахь зүйл гэвэл агуй доторх ажлыг маань хөнгөвчилж өгөх багаж хэрэгслийг угсрах явдал байв. Чамгүй урт бөгөөд ган төмөр хоолойноос бүтсэн уг хэрэглэлийг би анх сэдэж олсон бөгөөд үзүүрт нь өрмөө байрлуулснаар түүний тусламжтайгаар өөрсдийн гар хүрэхгүй хэсгийн чулуунуудыг бутлах юм л даа. Гэхдээ өрөмнөөс ирж буй чичиргээнийг тогтоож барихын тулд нилээдгүй хүч гаргах хэрэгтэй болж байв. Түүнчлэн бид өөр илүү хялбар аргуудыг боловсруулж байсан юм. B~ын хувьд тэгш өнцөгтэй төмрийг ашиглаад хусуурын дажгүй сайхан загварыг гаргаад авсан шүү. Удалгүй энэ нь чулуунуудыг ховхолж бас цэвэрлэхэд юутай ч харьцуулшгүй багаж болох нь практикаар нотлогдсон билээ. Тэгээд бид өөрсдийн хийсэн бүтээл бас нээлтээрээ бахархаж байлаа! Түүнчлэн би өөрсдийн төмөр хоолойнд өрмийг суурилуулах хэрэгслийг хийсэн боловч B~ын хусуур дэндүү үр дүнтэй байсан тул нэг их хэрэг болсонгүй.

Энд B өөрийн хийсэн багажаа бариад сууж байна. Гэхдээ түүний хувийн мэдээллийг нууцлахын тулд нүүрийг нь халхаллаа. Мөн энэ зургийг авч байх үедээ би Бунханы нүхний аман дээр сууж байсан бөгөөд B~ийн хувьд бидний унтахдаа дэвсгэр болгон ашигладаг байсан олсны цүнхэн дээр суусан байна. Харин түүний зүүн гар талд өнөөх тогтоол ус руу хүргэж өгдөг гарц харагдаж байгаа бол баруун талд нь гарцны өмнөх бидний буултын цэг байна. Бас бидний дээш өгсөж доош уруудахдаа хэрэглэдэг байсан улбар шар өнгийн олс харагдаж байгаа биз. 
Би өөртөө амлалт өгч, андгай тангараг тавьсан юм. Флоидын Бунханг эзэгнэж, уг гарцын цаана гарч үзэх хүртлээ энэ агуйг яасан ч орхихгүй гэж. Энэ удаагийн аялал бидний хүсэн хүлээж байсан тэр аялал болох ёстой байлаа. Мөн Нууцлаг Агуйг сүүлд орхиж гарснаас хойш нилээд хугацаа өнгөрчээ. Энэ бүх хугацаанд бид хоёр цагийг дэмий өнгөрүүлэлгүй өөрсдийн ярилцаж байсан өнөөх төхөөрөмжүүдийг угсарч дуусгаад байлаа. Тийнхүү шинээр багаж хэрэгсэл зохиох нь үнэхээр зугаатай байсан шүү. Түүнчлэн нүхэн доторх зайг нарийн сайн хэмжиж авахын тулд модон хайрцаг урлахаа ч мартсангүй. Гэхдээ ер нь бол нүхний нөгөө талд гарахын тулд чухам хэдий хэмжээний чулуунуудыг агуйн хананаас бутлах ёстойгоо бид хоёр бараг л тооцоолчихоод байсан даа.

Өөрсдийн ажлыг дуусгахаар агуй руу дахин явж байхдаа бид хоёр үнэхээр баяртай явав. Мөн олон багаж хэрэгсэл авч явсных, агуйгаар доош бууж ажлынхаа талбарт ирэх хүртэл нилээд хугацаа зарсан шүү. Ингээд тэнд хүрмэгцээ бид хоёр B~ын хийсэн хусуурыг миний зохиосон хоолойн хамтаар ашиглаж эхлэв. Тэд яг л захиалсан юм шиг л ажиллаж байлаа! Хоолойны нэг үзүүрт нь өрмөө залгаад, харин нөгөө төгсгөлд нь хусуураа хийж үзэв. Тэгээд дараагаар нь бутарсан чулуун хаягдлуудыг замаасаа холдуулж цааш нь түлхэнэ. Мөн нүхний хэмжээг шалгаж, хаягдал чулуунуудыг цэвэрлэхийн тулд хусууртай талаар нь эргүүлж хийнэ.

Ингээд намайг Бунхан руу явж орохоор шийдэх хүртэл бид хоёр цаг хиртэй ажиллаа. Эхний удаагийн оролдлогоороо л нүхний нөгөө талд амжилттай гарахын тулд би бэлэн байдлыг сайтар хангав. B дахин нэг удаа гарцны шал хэсгийг хусч, надад саад болж болохуйц дэл сул чулууныг цэвэрлэж өгөв. Харин өнөөх нүхийг таглаж орхисон том чулуун ханыг улам цааш нь түлхэж орхилоо. Миний хувьд гэвэл нүхэн дотор мөлхөж байх явцдаа футболкаа тайлчихгүйн тулд скочоор сайн гэгч нь нааж тогтоов. Хэдий гар маань биеийнхээ хажууд байрлаж явсан ч би гартаа гар чийдэн атгасан байв. Учир нь надад хэрэг болно гэдгийг би мэдэж байлаа. Мөн өөртөө итгэлтэй байсан тул хөлдөө би олс уясангүй ба уг нүхээр гарч чадна гэдэгтээ би бүрэн дүүрэн найдаж байсан юм. Ингээд эцэст нь би нүх рүү явж оров.

Энэ тэмдэглэлд дурьдахаа мартчихсан байна. Өнөөх салхины урсгал болон алсаас дуулдах бөглүү нүргээний хувьд бидний тэнд байх үед сонсогдож бас мэдрэгдсэн хэвээрээ л байв.

Ингээд нүх рүү явж орохдоо би урьдын л адил өөрийн дадаж сурсан арга техникээрээ шургаж оров. Цээжин хэсгээ оруулсны дараагаар би гар чийдэнгээ асааж урдах замаа харлаа. Сүүлд энд явж орсноос хойш нүх томорсон шинж огт алга, тэгээд ч бид ажлынхаа ихэнх хэсгийг нүхний хамгийн нарийхан хэсэгт нь хийсэн юм чинь. Удалгүй би хэсэг хугацаанд амсхийлээ, тэгээд хөлөөрөө газраасаа түлхэлт өгөөд биеийнхээ доод хэсгийг нүхрүү оруулж дөнгөв. Нүх улам нарийхан болсоор, харин би инч инчээр урагшилсаар л. Ингээд өнөөх төвөгтэй хэсэг рүү орохоосоо өмнө би хоёр гараа биеийнхээ дагуу байрлуулж, толгойгоо баруун тийш нь эргүүллээ. Тэгээд цааш нь аажим, аажмаар, инч инчээр аажуухан урагшилж эхлэв. Хөлийн маань өлмий агуй руу явж орсон даруйд урагш ахихад минь чухал хэрэгцээтэй түлхэлтүүдийг өгч эхлэв. Биеэ нүхний доторх хананд урж шалбалахгүйн тулд мөр, өвдөг болоод өлмийгөө би ашиглаж байсан юм. Мэдээж хэрэг мөлхөх үйл явц их удаан байсан нь тодорхой, гэхдээ л үр дүнтэй байсныг хэлэх байна. Үнэндээ надад энэ бүхэн огтхон ч асуудал биш байлаа. Өнөөх айхтар давчуухан хэсэг хүрэхэд нэг юм уу, хоёр фут марк зай үлдээд байхад би альхэдийнээ тэр хэсгийн нүх урьд өмнөхөө бодвол илүү томорсон байгааг мэдэрч эхлэв. Гэвч төдий л удсангүй нуруу маань нүхний таазыг шүргэж эхлэх нь тэр дээ. Гэсэн хэдий ч би урагшилсаар л. Ингээд би нүхний хамгийн нарийхан хэсэгт хүрч ирлээ. Хэдий дэл сул чулуунуудыг цэвэрлэсэн ч гэлээ хурц үзүүртэй хайрга чулуунууд цээжний минь дороос нухсан хэвээрээ байв.

Нуруу маань таазны чулуунд яг тулаад ирэнгүүт би амьсгаагаа шахаж гаргах өнөөх техник рүүгээ шилжив. Гэхдээ цааш урагшилж эхлэхээсээ өмнө тэнд хэсэг хугацаанд амсхийж хэвтсэнийг тэмдэглье. Ардаас тусгах B~ын гар чийдэнгийн тусгалыг би харж байлаа. Хамаг бие маань хөлөрч, духнаас минь гарсан хөлсөөр би сэрүүхэн салхины урсгалыг бас мэдэрч байв. Мөн биений арьс бүхэлдээ хэдэн мянган хурц өнцөг болоод ирмэгүүдийг мэдэрч байсныг бас хэлэх хэрэгтэй. Олон долоо хоногийн өмнө ярьж хэлэлцэж байсан өөрсдийн зорилгод хүрнэ гэхээс би маш их догдолж байсан юм. Зөвхөн энэ бодол минь дангаараа, нүхний хэмжээ яаж ч давчуу болж байсан хамаагүй урагш ахих асар их хүчийг надад өгч байсан юм. Тэнд би маш их амьсгаадаж байлаа.

Амьсгаагаа гаргаад.
Урагшилна.
Тэгээд зогсоод амьсгаагаа аажуухан авна.
Дахиад л эдгээр үйлдлүүдийг давтана.

Ахиад хэдэн инч урагшилсны дараагаар би толгойгоо шалнаас өндийлгөх боломжтой болж, гарц эргээд томорч эхэлж буйг анзаарлаа шүү! Энэ тухайгаа би B~д хэлсэн бөгөөд хэсэг хугацаанд бөөн баяр хөөр болж, энэхүү баярт үйл явдлыг бид хамтдаа тэмдэглэв! Ингээд бүхий л хугацааны туршид B надад урам зориг өгч, "Онгон гарц!", "Нэйл Армстронгийн газар нутаг!" гэх мэтчилэн элдвийн үгсийг амандаа давтаж байсан бөгөөд харин би хоёр чихээ хүртэл амаа том гэгч нь ярзайлгасаар мөлхөж явсан юм.

Гарц томорч эхэлж байсан ч урагшлах хурд ер нэмэгдсэнгүй. Хоёр гараа биен доороосоо гаргаж ирээд урдаа байрлуулах боломжтой болох хүртэл дахиад нэг тэгээд хагас фут марк газарт мөлхөх шаардлагатай болов. Энэ үед л би өөрсдийн маань аялал үнэндээ дуусгавар болж буйг мэдэрсэнсэн. Урагш би ахисаар, хэдэн аяллын өмнө тэнд байрлуулсан өнөөх чулуун ханыг цааш нь түлхсээр л. Гэхдээ тэр хана надад бас болгоомжтой байхыг давхар сануулж байлаа.

Би нүхээр гарч байгаагаа дуулгаж B~рүү хашхиран хэллээ! Тэгээд бид дор бүрнээ өөрсдийн амжилтыг тэмдэглэж эхэллээ. B магадгүй хэзээ ч над шиг өнөөх нүхээр багтан гарч, миний харсныг харж чадахгүй байсан биз ээ. Тиймээс би харсан үзсэн болгоноо түүнд дүрслэн хэлж байлаа. Гарт минь ердөө жижигхэн халаасны гар чийдэн байсан тул хол газрыг сайн гэрэлтүүлж чадсангүй. Гарцын төгсгөл бага зэрэг баруун тийш эргэж эхэлсэн ба цааш нь багагүй үргэлжилэх бололтойдог шүү. Харин надад чимээгүй гэгч нь дороо суухаас өөр хийх зүйл байсангүй. Флоидын Бунханы зүг түлхэж байсан тэр бүх бутархай чулуу хайрганууд одоо хөл доор минь хөглөрч байна. Мөн яг л таамаглаж байсан шиг хүний хөл хүрч байсан ул мөр эндээс үл үзэгдэнэ. Ингээд B~г над руу чийдэнтэй каскыг минь дамжуулах хүртэл би хүлээж суулаа. Тэгж гэмээнэ агуйн орчмыг сайн гэрэлтүүлж чадна шүү дээ.

B төмөр хоолойны тусламжтайгаар над руу олсны нэг үзүүрийг дөхүүлж өгөв. Ингээд би нарийхан нүхээр өөрийн хэрэгслүүдийг татаж авах боломжтой болсон юм. Эхлээд тэр над руу малгай бас чийдэнг минь илгээлээ. Би малгайгаа өмсч аваад, каскныхаа гэрлийг асаав. Одоо л нэг өөрсдийн нээсэн газрыг харж болох нь. БИДНИЙ ГАЗАР! Олон өдрийн туршид, олон арван цаг ажилласны үр дүнд өөрсдийн ажлын үр шимийг олж харна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг байв. Мөн уг шинэ агуйг бидэнд чухам ямар бэлэг бэлдсэн байгааг бид мэдэхгүй хэвээрээ л байлаа. Миний харж байсан цорын ганц зүйл гэвэл цааш үргэлжлэх намхан адартай нарийхан гарц байсан бөгөөд тийш явахад нуруугаа бөхийлгөн тонгойж явахыг эс тооцвол огтхон ч саад болох зүйл байсангүй. Тэгээд би дараагаар нь B~д үзүүлэхийн тулд гэрэл зурагнууд авч эхэллээ.

Шинэ гарцны эхний хэсэг. Мөн гарц жижигхэн байсан тул бараг л газарт хэвтээд байлаа. Хөлөө сунгаж урагш байрлуулсныг та бүхэн харж байгаа байх. Бас газарт хөглөрөх эвдэрхий чулуунуудыг сайн хараарай. Гарцны хувьд цааш үргэлжлэх замгүй мухар юм шиг харагдаж байгаа боловч тэнд гарц баруун тийш эргэсэн байгаа болно.
Шинэ агуйн гүн рүү хэр зэрэг хол явах вэ гэж би B~ээс асуув. Учир нь бидний хэн хэн маань болж өнгөрөөд удаагүй хачин жигтэй үйл явдлыг санаж байлаа. Агуйд орж ирснээс хойш тэр анх удаагаа дуугаа хурааж, зүрх зориг нь мохож эхлэв. Тэгээд тэр нарийхан нүхээр над руу төмөр хоолойг гулгуулж өгөөд, ямар нэгэн амьтантай таарвал зэвсэг болгон үүнийг хэрэглээрэй гэж хэлсэн юм. Мөн агуйн гүн рүү явахдаа харилцаа холбоотой байж, харж байгаа зүйлсээ тогтмол мэдээлж байхыг хүссэн билээ.

Хэдийгээр бид аюул эрсдлийн талаар урьдчилан тооцоолсон ч гэлээ, үнэхээр намайг эгзэгтэй асуудалд орооцолдож орхивол B надад туслаж чадахааргүй байрлалд байсан юм. Тусламж дуудсан ч гэсэн хэдэн цагийн туршид тэд над руу хүрч чадахгүй байсан биз ээ. Хэрвээ би шархдаж, хүндхэн хэмжээний бэртэл явах юм бол хэн ч над дээр хурдан хугацааны дотор ирж чадахгүй байлаа. Гэвч нийт аяллын туршид бид хоёр өөрсөддөө учирч болох осол аюул эрсдэлээс илүүтэй өөрсдийн судалгааны зорилгыг зүг чигээ болгон урагшилж байсан юм ...

Би бээлий өмсч, өвдгөвчөө хөлөндөө зүүлээ. Тэгээд дүрс бичлэгийн аппаратаа аваад аяллаа эхлүүлэхээр сэтгэл шулуудсан юм. Ингээд би дээрх зурганд үзүүлсэн гарцаар 20 фит газарт дахиад мөлхөж гарсан ба хонгилын төгсгөл намайг баруун гар тийш хөтөлж эхлэв. Дараагаар нь дээш өгсүүр хэсгээр нь бага зэрэг өгсөж гарсны дүнд хөл дээрээ босч зогсох боломжтой болохоор байв. Агуйн энэ хэсэг цааш 40 гаруй фит үргэлжилж байсан бөгөөд тааз болон хана нь миний түрүүнд нь мөлхөж гарсан хонгилоос илүү өргөн бөгөөд том байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Мөн энэхүү хоёр хонгилын аль аль нь шулуухан үргэлжилж байсныг мартаж бас болохгүй. Харин шалны тухайд бол мөн л жижиг чулуун бутархай хэсгүүдээс тогтож байснаас гадна хананы хувьд хүний гарт хөндөгдөж байгаагүй онгон дагшныг нь эс тооцвол яг л манай өнөөх Нууцлаг Агуйн ханатай адил харагдана. Надаас урьд өмнө хэн ч энд байгаагүй нь тодорхой байлаа. Тэгээд хананы гадаргууг би ойроос шинжиж үзсэний дүнд хоёр янзын бүтэцтэй байгааг нь олж анзаарсан. Эхний хэсэг нь яг л хооронд нь хольсон, үрсэн бяслаг шиг харагдах агаад үлдсэн хэсэг нь хүний үснээс арай бүдүүн гэмээр нарийн жижиг чулуун гадаргуунуудаас тогтох аж. Үнэхээр давгүй харагдаж байсан шүү. Мөн эдгээр чулуунуудын зургийг нь би бас авсан байгаа.

Агуйн дараагийн буюу хоёр дахь хэсэг рүү ороогүй байхад л B~ын хоолой хонгилын гүнээс бараг л сонсогдохоо больж эхлэв. Мөн агуйн энэ хэсгийн гарцнуудаар гарахад тийм ч эвтэй байсангүй. Харин би B~д хандаж хагас цагийн дараа эргээд ирнэ гэдгээ хашгиран хэлсэн бөгөөд тэр надад ойлголоо, болгоомжтой яваарай гэж хариулсан юм. Ингээд би цааш хөдлөхөд бэлэн боллоо. Тэгээд шинэ агуйн хоёр дахь хэсгээр төвөггүй гэгч нь гараад явчихдаг юм байна. Ингээд гурав дахь хэсгийн амсар дээр хүрч очиход хананы баруун хэсэг нь кристал~талстлаг чулуун хэсгүүдээс тогтсон байгаа нь тодхон харагдав. Яг л лааны тос эдгээр ханануудын дээрээс дээр дээрээсээ давхарлан урсаад шавж хатсан юм шиг л харагдаж байлаа.  Мөн тэнд хэд хэдэн газарт агуйн бана чулуунууд таазнаас унжсан байгаа нь үзэгдэх бөгөөд хамгийн урт нь гэхэд л 4 инч юм. Цаана нь хугараад уначихсаныг эс тооцвол бүр илүү урт бана чулуунууд байж болохоор байсан ба тэдний төгсгөл нь надад харагдсангүй.

Зурагны баруун дээд булангаас та бүхэн миний хэлсэн агуйн өнөөх кристал чулуун гадаргууг харж болно. Харин урагш ахихын тулд би урд харагдаж байгаа эдгээр чулуунуудын доогуур тонгойж гарах хэрэгтэй боллоо.
Уг гарц цаашаагаа агуйн арай том орон зайд гарч ирэх хүртлээ 100 гаруй фит үргэлжилсэн. Энэ бол агуйн шулуун хэсгүүдийн төгсгөл газар нь байсан юм. Хонгил цааш үргэлжилж зүүн тийшээ эргэсэн бөгөөд удалгүй задгай том орон зайтай нийлж эхлэв. Тэрхүү тасалгаа руу явж орох үед хананд налсан том дугуй чулуу намайг угтаж авлаа. Хачин харагдаж байсан ч гэлээ агуйн бүтцийг хэлж тааварлахын аргагүй байдаг тул тийм ч сонин содон зүйл энэ биш байлаа. Тэгээд би хэд хэдэн том чулуунуудын дээгүүр авирч гараад доош үсрэн буув. Ингээд тэдгээр том чулуунуудыг өнгөрсний дараагаар агуйн энэ хэсгийн өндрийг 15 фит орчим гэдгийг нь төвөггүй ажиглаж болохоор болсон юм. Агуйн уг хэсгийн өргөн нь мөн 15 фит бөгөөд урт нь ойролцоогоор 30 фит болох аж.  Харин тасалгааны төгсгөлд дараагийн тасалгаа руу нэвтрэх бас нэгэн гарц байж таарав.

Уг шинэ тасалгаа руу явж ороход надад их аймар санагдаж эхэлсэн шүү. Яг л хууччуулын хэлж байдаг шиг хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл намайг далдаас ажиглаад байх шиг хэлж ярихын аргагүй тийм мэдрэмж төрдөг юм билээ. Удалгүй агуйн шинэ тасалгаа миний сонирхлыг татахаа больж цааш ахих хүсэл маань намайг урагш нь хөтөлж эхэллээ. Яагаад ч юм тэнд байхдаа би маш их ГАНЦААРДАЛ~ыг мэдэрсэн! Мөн эндээс буцаж явахгүй бол B~д амласан цагаасаа хоцорч мэдэхээр болж ирэв. Ингээд би уг тасалгаанаас явахаасаа өмнө нилээд хэдэн зурагнуудыг авч амжлаа. Тэгээд би дараагийн тасалгаа руу нэвтрээд, тэндээс цааш явахад хэдий хэр хугацаа зарцуулах бол доо хэмээн тооцоолж зогстол анхаарлыг маань нэг зүйл татах нь тэр! Тасалгааны зүүн талын ханан дээр яг миний харааны түвшинд дүрс бичиг байж болохуйц зураг байхыг нь олж харав!! Ердөө дан ганц зураасуудаас бүтсэн уг зураг яг л чулуун хананы хээ угалзны нэгээхэн хэсэг мэт харагдаж байсан шүү. Гэхдээ яг л бүдүүн болхи байдлаар дүрсэлсэн хүний дүрс шиг харагдаж байсан нь үнэхээр их сонирхол татаж байв. Би бүр маш их сандарч бас догдолж байснаа нуугаад яахав!! Мөн энэ бүхэн нь юу гэсэн үг вэ гэвэл уг агуй руу ордог өөр нэгэн гарц байдаг болж таарах нь! Хэдий гарц нь тагларч, хаагдсан байж болох ч гэсэн хэрэв түүнийг нээж чадвал B~г агуй руу нэвтрүүлэх боломжтой болгоно гэсэн үг.  B~д зөв тодорхойлж хэлэхийн тулд би өнөөх зураг руу дахин нэг удаа сайн харав. Тэгээд хэд хэдэн зураг аваад B~рүү буцлаа.

Харин өнөөх давчуухан хонгилынхоо төгсгөл дээр би хүрч очоод өөрийн үзэж харсан зүйлээ B~д сэтгэл догдлуулан ярьж өгсөн юм. Тэр ч мөн адил өөрсдийн энэхүү шинэ нээлтийн талаар туйлын ихээр шимтэн сонсч байлаа. Ингээд өөрсдийн дараагийн алхмыг хэлэлцэх зуураа би багаж хэрэгслүүдээ нүхээр дамжуулан B~д өгч байсан ба дараагийн удаад хэн нэгэнтэй хамт явах хүсэлтэй байгаагаа би түүнд дуулгав, яахав ямар нэгэн золгүй зүйл тохиолдохыг үгүйсгэж болохгүй шүү дээ. Энэ тохиолдолд хэрэг болно. Харин би буцахын тулд эргээд Флоидын Бунхантай нүүр тулах яггүй ажилтай тулгарсан юм.

Тэрхүү гарцаар буцаж гарах тухайд бол, ер нь товчхонд нь гэж хэлэхэд тийшээ давчуу нүх рүү анх яг яаж орсон бэ, яг түүнийхээ эсрэгээр нь явах ёстой байдаг юм. Мөн ямар байрлалаар явж орсон, яг л тэр байрлалаараа эргээд гарна гэж мэд. Магадгүй практикын хувьд тийм ч оновчтой арга биш байж болох юм л даа. Гэхдээ Бунханы хувьд энэ аргыг би ашигласан. Үр дүнгээ ч өгсөн.

Эхлээд би толгойгоо явж оруулахаар шийдлээ. Эхэндээ би хөлөө оруулна гэж бодож байсан л даа. Гэвч энэ тохиолдолд нүхээр ухарч явах шаардлагатай болно. Хэрэв тэгж явбал маш их цаг идэхээс гадна тун их туйлдуулах нь ойлгомжтой. Ингээд би толгойгоо эхлээд орууллаа. Урьд нь биеэ огтхон ч хөдөлгөлгүйгээр урагш мөлхсөөр байгаад гарч ирсэн өнөөх нүх рүүгээ эргээд орлоо. Яахав, ийшээ гарч чадсан юм чинь дахиад явахад болж л таарна.

Удалгүй нүхний хамгийн давчуу хэсэгт нь би тулж ирэв. Харин тэндээс цааш урагшлахад их төвөгтэй болж ирсэн шүү. Ингээд би ташаагаа үл ялиг баруун тийш нь болголоо. Гэвч олигтой хөдөлж өгсөнгүй. Гарны маань хувьд биеийн дагуу байрласан байсан бөгөөд толгойгоо би баруун тийш нь эргүүлээд хөлийнхөө өлмийгөөр урагш нь өөрийн биеийг түлхэн өгч байв. Ингэж мөлхсөөр би урагш нь өөрийгөө хөдөлгөж дөнгөлөө. Буцаж гарах тухайд бол орохоосоо илүү туйлдуулахаар юм билээ. Магадгүй ядарч сульдсан байсан болохоор тэр биз.

Харин намайг замынхаа талд явж байх үед хачин жигтэй зүйл тохиолдсон юм. Амьсгал авч амрахаар хэвтэж байх үедээ би агуйн гүнээс чимээ гарахыг олж сонссон бөгөөд маш бүдэгхэн дуулдаж байсан тэрхүү чимээ яг л чулуун дээгүүр өөр чулуунууд гулгаж байх шиг л сонсогдож байв. Айсандаа хамаг цус маань урсахаа болиод царцах шиг л боллоо. Би огт хөдөлсөнгүй. Харин чимээ чагнаад чимээгүй гэгч нь тэнд хэвтэж байсан юм. Гэвч ахиад юу ч дуулдсангүй. Ингээд би урагшаагаа түргэн түргэн гэгч нь мөлхөж эхэллээ. Мөн энэ чимээний талаар би B~д огт хэлээгүй юм даг. Гэхдээ өмнөх аяллуудын маань нэгэнд B~г ямар нэгэн зүйл олж сонссон гэж хэлж байсныг нь би маш санаж байна.

Нүхээр гарах оролдлого маань анх үүгээр орсноос илүү төвөгтэй бас санаж байснаас бүр хэцүү болж ирсэн шүү. Би гараа толгой дээгүүрээ гаргаад мөрнийхөө тусламжтайгаар урагшилж байлаа. Тийнхүү явж байхдаа арьсаа урж, олон газраар нь шалбалж орхисноо ч анзаарах сөхөө байсангүй. Удалгүй нүхээр биеийнхээ дээд хэсгийг гаргамагц B надад гар сунган туслав. Дараагаар нь би биеийнхээ доод хэсгийг нүхнээс гаргалаа. Ахиад хэдхэн секунд өнгөрөхөд би нүхнээс гарч дөнгөлөө! Харин B бид хоёр гар барилцаад даруй өөрсдийн хэрэглэлийг авч явахдаа бэлтгэж эхлэв. Энэ хооронд би нүхнээс ирэх чимээг чих тавин сонсохыг хичээж байсан юм. Гэвч бид тоног хэрэгслэлээ хураахдаа дэндүү их чимээ гаргаж байсан учраас сайн сонсч чадсангүй. Тэгээд нүх рүү харах болгондоо би тэндээс гарч ирсэндээ тайвширч байгаагаа юу юунаас илүүтэй мэдэрч байлаа. Ерөнхийдөө агуйг би ингэж л мэдэрдэг. Би агуй руу орох дуртай. Харин тэндээс гарч ирэхдээ орохоосоо илүү баяртай байдаг гэх үү дээ.

Мөн шинэ агуйн хэсгүүдээс зураг авч байх үед зарим нэг хачин зүйлс надад тохиолдсон юм. Дараагийн тасалгаа руу хөтөлсөн гарцнуудын зураг зүв зүгээр угаагдсан юмсан. Гэвч тасалгаан дотор авсан зурагнуудын аль нь ч угаагдсангүй! Дугуй том чулуу, тэгээд ялангуяа миний харсан өнөөх дүрс бичигний зураг! Харин тэр тасалгаанд орохоос өмнөх, болон тэндээс гарсны дараа авсан зурагнууд бүгд хэвийн байлаа! Хачин хэрэг шүү. Гэхдээ би харсан зургаа сайн санаж байсан болохоор доор зурж үзүүлэв.

Их болхи зурсан байгаа шүү, гэхдээ л зөв дүрсэлсэн гэж бодож байна. Харин уг зургийг харах үед хамгийн түрүүнд толгойд минь 'Blair Witch Project' кино орж ирсэнсэн.  Түүнээс гадна гараа өргөсөн хүмүүсийн хэлбэр дүрс бүхий зурагнуудын яг голд нь энэ дүрс дүрслэгдсэн байсныг онцлон хэлье.
Дээр дурьдсан том тасалгаа руу орохоосоо өмнө авсан сүүлчийн зураг маань гэвэл энэ л байна. Харин гарцын төгсгөлд хагас сүүдэрлэгдсэн дугуй чулууг харж байна уу, тэр бол өнөөх чулуу маань.
Дугуй чулууг би тэмдэглэж үзүүллээ. Эндээс бараг харагдахгүй байгаа ч гэсэн дугуй чулууг авсан зураг үүнээс өөр байсангүй.

2 comments:

  1. unheer sonirholtoi zunduu huleelee daraagiihin hurdan orchuulaarai :]] bayarlaa amjilt

    ReplyDelete