Thursday, January 23, 2014

Агуй Судлаач Тед (6~р хэсэг: Дуу Чимээ)

3~р сарын 3~4, 2001.

Нууцлаг Агуй руу эргэн очих хүртэл дахин гурван долоо хоног өнгөрлөө. Уг ажлыг анх эхлүүлж байсан үетэй харьцуулбал бидний хүсэл эрмэлзэл тодорхой хэмжээгээр буурсан байв. Анхандаа энэ бүгдийг зугаатай адал явдал мэтээр хүлээн авч байсныг яана, гэвч сүүлийн аяллаас хойш бид үүнд арай илүү нухацтай хандах болсон юм. Тийш дахин явж байхдаа бид хоёр, урьд өмнөх аяллуудыг бодвол нийт замын туршид олон зүйлийг ярьсангүй. Тэгээд ч сүүлийн аяллаас хойш бидэнд тухтай сайн ярилцах зав чөлөө гаралгүй байсаар өдийг хүрсэн билээ (Ямар нэгэн шалтгаан бол байхгүй шүү, харин ажил амьдралын асуудлаас болоод л тэр.). Тэгээд өнөөх гарцаар хэрхэн гарах вэ гэж хэлэлцэхийн оронд хамгийн сүүлд болж өнгөрсөн учир битүүлэг зүйлсийн талаар ярилцаж явав. Гэвч бид хоёрын хэн хэн маань үүнд тохирсон сайн тайлбарыг хийж чадаагүйгээр үл барам сүүлд хийсэн тэрхүү аяллынхаа талаар өөр хэн нэгэнд үг цухуйлгаагүй нь үнэхээр хачирхалтай хэрэг байсан гэж бодож байна. Уг нь бол бусад аяллын тухайд бол эсрэгээрээ байдагсан. Тийнхүү өөрт тохиолдсон зүйлсээ найзууддаа болон гэрийнхэндээ ярьж суух нь зугаатай байдаг байлаа. Нарийхан давчуу нүхээр гарч, урт жижигхэн хонгилыг алгасаад агуйн судлагдаагүй хэсэгт хөл тавих тухай бусдад ярих нь хичнээн хөгжилтэй байдаг гээч. Гэвч ихэнх хүмүүс сайн дурын саналаар бидэнтэй нэгдэж нарийхан нүх рүү орно гэхээс жийрхдэг байв. Миний ч хувьд мөн адил. Гэхдээ надад нүхний нөгөө талд гарна гэсэн зорилго байсан юм.

Замын ачааллаас холуур өнгөрөхийн тулд бид өглөө эрт замдаа гарлаа. Мөн яг хэдэн цагт агуйд хүрч очсоноо би сайн санахгүй байна. Бас дээр хэлсэн шиг, бидний уур амьсгал өөрчлөгдсөн байлаа. Ингээд бид багаж хэрэгслээ бэлтгэж аваад олсоор доош бууцгаасан юм. Мэдээж хэрэг B энэ удаад Випийг гэртээ үлдээсэн бөгөөд бидний хэрэглэж буй хэрэгслийн хувьд яг л өмнөхтэйгээ адилхан байв. Мөн замын ачаа тээшийг хөнгөлөхийн тулд зарим багаж хэрэгслээ тэр доор үлдээсэн гэдгийг та бүхэн мэдэх байх. Хэдий тийм ч бидний ачаа муугүй жин татаж байсан шүү, гэхдээ л бид доош нь хурдан гэгч нь бууж дөнгөв. Нэмж хэлэхэд, бидэнд дээш болон доош буух маш сайн систем, техник бий. Энэ аяллын хувьд тохиолдсон цорын ганц бүтэлгүй зүйл гэвэл B доош буухдаа гараа шалбалсан явдал байв. Аз болоход тийм ч муу биш л дээ. Өнгөц шарх байсан болохоор нүхний дэргэд очсон хойноо боож эмчлэхээр болов. Тэгээд тэнд очсон хойно, түүнийг шархаа боож байх хооронд би шулуухан гэгч нь ажилдаа орлоо. Энэ удаад нүхнээс агаарын урсгал мэдрэгдэж байснаас гадна газрын гүнээс өнөөх нүргээн сонсогдсон хэвээр байв. Урьдын адил 4 баттерэй авч очсон ба бүхэл бүтэн нэг өдрийг тэнд ажиллаж өнгөрүүлнэ гэдэгт би найдаж байсан юм. Харин ажил маань жаахан удаан эхэлсэн шүү. Хамгийн анх ажиллаж эхлэхэд нүхний зузаан 3 инч байсан бол нүхийг өргөсгөх тусам улам илүү зузаарч байлаа. Ийм л учраас ажлын үйл явц их удаашрах боллоо. Гэхдээ л бид өөрсдийн хүч энергийг ажилдаа бүрэн зарцуулж байсан юм. Нүхний амсар ч хавьгүй том болж ирж байсан бөгөөд хэмжээг нь харьцуулахын тулд би алх бас зургийн аппаратаа оруулаад Флоидын Бунхны зургийг авсан юм.

Эндээс хараад хэлэхэд хэцүү, гэхдээ нүхний хамгийн нарийн хэсэг нь 7 инчийн өндөртэй харагдаж байна. Өргөн нь ойролцоогоор 20~24 инч. Алхны тухайд бол 5 паундын жижигхэн алх байгаа. Мөн шалан дээр бутархай чулуунууд харагдаж байна.

Нүхний хэмжээ томорч, бутархай чулуунууд хөглөрч байхыг харахад үнэхээр таатай байсан. Мөн төдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд нүхээр цааш гарч дөнгөх юм байна гэдгийг бид бараг л тооцоолсон бөгөөд ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийсээр л байв. Ажлаа хийж байх явцдаа бид хоорондоо ярьдаггүй байлаа, тэртээ тэргүй өрөм алх гээд дуу чимээ ихтэй байдгаас хойш. Харин амралтынхаа үеэр бид толгойдоо орж ирсэн тэр бүх л сэдвийн дагуу элдвийн зүйлсийн талаар хөөрөлддөг байв. Мөн амралтын тухайд бол ажиллаж байгаа нэг нь хэзээ халаагаа өгнө тэр цагт л амралт эхлэх болно. Гэхдээ нэг ажиллаад эхэлсэн бол бид хоёрын хэн хэн маань нилээд хугацаанд өөрсдийгөө дайчилдаг байсан шүү. B~г бодвол би хүчээр арай илүү, хэдий тийм ч тэрбээр богино хугацаанд надаас дутахааргүй ажлыг амжуулж дөнгөдөг байв. Мөн багахан хэмжээний амжилтандаа баярлаж хамтдаа тэмдэглэдэг хэвээрээ л байлаа. Ялангуяа бутархай чулуунууд дээр ажиллах байх явцад баярлах шалтаг ер мундахгүй. Зарим ховор тохиолдолд алганы дайны чинээ чулуу ховхрон унахад агуйн хонгилоор нэг орилж хашгирч гарна. Эсрэг талд нь юу ч байдаг байлаа гэсэн ... тэр жижигхээн чулуу биднийг нүхний нөгөө хэсгээс зааглахаа больж байна шүү дээ. Бас би нүхний нөгөө тал руу нэвтрэн орох өөр нэгэн нууц гарц бий бөгөөд их олон жилийн өмнө Испаний нээлт хийгчид тэнд өөрсдийн алт эрдэнэсийг нуусан байх хэмээн мөрөөдсөн хэвээр л байна. Тэгээд биднийг олох хүртэл хэний ч гарт оролгүй, тэндээ л байж байсан бол яахав! B~ын хувьд хэдий тодорхой биш ч гэлээ илүү бодьтой таамаглалыг дэвшүүлдэг байв. Түүний үзэж буйгаар бол нүхний нөгөө хэсэгт зүгээр л өөр нэгэн агуйн хэсэг бий гэнэ. Гэхдээ хэнийх нь зөв байсныг удахгүй харна аа.

Энэ удаагийн аялалд бид арай илүү том өрөмний хошууг авч ирсэн тул бидний ажлын хурд ямар байх бол гэдгийг харахыг үнэхээр их хүсч байв. Би түүнийг техник хангамжийн дэлгүүрээс худалдаж авсан юм (Яггүй үнэтэй эд байсан шүү.). Зарим нь бусдаасаа илүү том диаметртэй байхад нөгөө нэг нь хэдий жижигхэн ч гэлээ урт байлаа. Харин том өрөмний хошууг бидэнд арай ахдах вий хэмээн таамаглаж байсан минь зөв болж таарлаа шүү. Түүнийг ашиглаж үзэхэд ажлын явц бүр удаан болж ирж байлаа. Бид байдаг хүчээрээ ажиллаад л байлаа, ажиллаад л байлаа, гэвч эцэстээ өөрсдийгөө дэмий л ядрааж орхив. Том хошууны хувьд бидний хүчрэхээргүй, хэрээс хэтэрсэн доргилтыг өгч байсан юм. Гэхдээ цохилттой алханд бол ашиглаж болохоор санагдаж байсан ч харамсалтай нь бидэнд тийм багаж байсангүй. Харин урт хошуу нь манай өрмөнд гайхалтай сайн зохицож байв. Чухамхүү уг хошууг хэрэглэсээр л бид өдийг хүрсэн хэрэг. Мөн өрөмний хошуу хугарч орхивол бид магадгүй хошуугүй болоод зогсохгүй, өрмөө эвдэлж, гараа авч мэдэхээр хэмжээнд өрмийг хэдхэн инчийн зайнд хүчтэй гэгч нь ханаруу дарж байлаа. Гэтэл хүссэн зүйл хүзүүгээр ороов гэгчээр гэнэтхэн өрөмний хошууг хугарах үед би золтой л өрмийг хананд цохиод эвдэлчихсэнгүй. Хэдийгээр хэдэн инчээр богиноссон ч гэлээ хошууг бид аваад эргээд өрмөндөө хийж үзэхэд давгүй сайн ажиллаж байх нь тэр. Ингээд энэ бүхний дараагаар бид алх, цүүцнийхээ ажилд орлоо. Дөрөв дэх баттерэй хүртэл бидний ажил урьдын л адил хэвийн үргэлжлэв.

Энэ үед би өвдөг дээрээ сөхөрч суугаад ханыг удаан гэгч нь өрөмдөж байв. Толгойдоо чихэвч өмсч, нүдэндээ шил зүүсэн байсан бөгөөд бодол санаа минь зөвхөн урдах ажил дээрээ л төвлөрч байв. Гэвч удалгүй би ханыг нүхлэх өрөмний дууны цаанаас өөр нэгэн чимээг олж сонссон юм.  Энэ чимээ үнэхээр тод дуулдаж байлаа. Хэдийгээр би чихэвч зүүж, өрөм ажиллуулж байсан ч түүнийг олж сонсохоор тийм тод байсан юм! Тэгээд эхэндээ би үүнийг өрөмнөөс гарсан чимээ гэж бодсон боловч нэг л өөр, нэг л тийм хяхтнаж бас шуухитнаж байгаа гэлтэй хачин жигтэй чимээ байв. Тийм ээ, нэг л өөр чимээ. Төд удалгүй би уг чимээг өрөмнөөс биш нүхнээс гарч байгаа гэдгийг анзаарав! Тэгээд чихэвчээ тайлж, өрмөө унтраах тэр мөчид урьд өмнө хэзээ ч сонсч байгаагүй аймшигтай чарлааныг олж сонссон юм даа!! Уг орилоон агуйгаар нэг цуурайтаж байлаа. Энэ үед би нүдээ том гэгч нь нээгээд нүх рүү цоо ширтэж байв. Бас хэсэг хугацаанд хөдөлж чадсангүй, бүр амьсгаагүй болоод хөшиж орхив. Би тэгээд B~рүү эргэж харлаа. Минутын өмнө тэр олсны цүнхээ дэрлээд дуг хийж байсныг санаж байна. Харин одоо бол тэр хоёр хөл дээрээ босч зогсоод, амаа ангайлган гайхширч зогсоно! Эргээд би нүх рүү харах үедээ тэндээс ямар нэгэн чөтгөрийн нүд намайг ширтэж байхвий гэхээс эмээж байлаа. Гэвч Флоидын Бунхны зүгээс юу ч харагдсангүй. Би нүдээ онийлгож ирээд гар чийдэнгийн тусгал хүрэх газрыг сайн гэгч нь ажиглав. Бас л тэндээс юу ч харагдсангүй, хав харанхуй байлаа. Аниргүйн дунд тийнхүү суухдаа би юу юунаас илүүтэй зүрхнийхээ цохилтыг мэдэрч байв. Агуйд өөр ямар ч чимээ гарсангүй. Харин удалгүй ард минь шажигнах чимээ гарахыг олж сонсоод би золтой л толгойгоороо чулуу мөргөчихсөнгүй. Энэ B байлаа, тэр гар чийдэнгээ асаасан нь энэ байв. Мөн B ам нээж ярих үед нь би дахин давхийн цочив. Ямар нэгэн чулуу олоод нүх рүү хийх хэрэгтэй гэж тэр шивнэлээ. Тэнд ямар ч амьтан байж мэдэх тул уг нүхээр гарч ирэхээс нь өмнө нүхийг бөглөх хэрэгтэй гэж нэмж хэлэв. Би түргэн гэгч нь томхон чулуу олоод өнөөх нүхрүү шургуулж орхилоо. Тэгээд лантуун алхны тусламжтайгаар тэдгээр чулуунуудыг аль болох цааш нь, бүр илүү цааш нь түлхэж байлаа. Нүх жижигхэн байсан тулдаа удалгүй бид өөрсдийгөө өнөөх нүхнээс зааглаж дөнгөв. Энэ бүхнийг хийж байх явцдаа би уг чимээг ямар нэгэн амьтнаас гарсан гэж бодохгүй л байв. Харин B үнэхээр уг чимээг амьтных гэдэгт итгэлтэй байсан уу, эсвэл өөрийгөө зүгээр л итгүүлж орхисон уу гэдгийг мэдэх юм алга. Би түүнд өөр юуг ч хэлсэнгүй.

Энэ явдал болж өнгөрснөөс хойш уг тэмдэглэлийг бичих хүртэлх хугацаанд (2 өдөр) уг чимээний эх сурвалжийг олохоор их л хичээв. Мөн чимээг дүрсэлж хэлбэл айсандаа болоод хүн чарлах юм уу, эсвэл өвдсөндөө болоод орилох зэрлэг муурны дуутай их төстэй байв. Хэрэв би буруу таагаагүй бол тэр чимээ өнөөх нүхнээс гарч байсан бөгөөд ойролцоогоор 100 фитийн цаанаас дуулдсан санагдана. Уг аймшигтай дуу агуйгаар цуурайтаж байсан шигээ одоог хүртэл чихэнд минь сонсогдсоор л байна. Харин B уг чимээг 8~10 секунд үргэлжилсэн гэлээ. Надад бол 5 секунд. (3 секундэд нь би өрөм ажиллуулж байсан, нэг болон 1/2 секундэд өрмийг би зогсоож чихэвчээ тайлсан, тэгээд 1/2 секундэд аймшигтай чимээг олж сонссон.) Үнэнийг хэлэхэд хугацааг нь барагцаалж хэлэхэд их хүндрэлтэй юм.

Нүхэн гарцыг чулуугаар чигжсэний дараагаар бид хоёр хэсэг хугацаанд чимээ чагнаж чимээгүй суув. Ердийн үеийнхийг бодвол амьсгаа маань түргэссэн байлаа. Бидний хэн хэн нь нэг хэсэгтээ л юу ч ярьсангүй. Харин удалгүй B ам нээж ажилдаа эргэж орцгооё, гэхдээ нүхнээс хараагаа салгахгүй байя гэж хэллээ. Ингээд бид хоёр нүхэнд чийдэнгээ байрлуулаад Флоидын Бунхныг нэвт гэрэлтүүлсэн юм. Мөн энэ үед л бид агаарын урсгал мэдрэгдэхээ больж алсаас дуулдах нүргээн чимээгүй болсныг анзаарсан юм даа. Яагаад ч юм миний санаа тэгтлээ их зовсонгүй. Бас би B~д хандаж юу ч хэлсэнгүй, тэр ч юуг ч ярьсангүй. Тэгээд бид өрөмдлөгийн ажилдаа эргэн орсон бөгөөд ажлын халааг B гардаж авав. Хэдийгээр би бүрэн гүйцэт тайвшраагүй байсан ч гэлээ нүхнээс холдохыг бас хүссэнгүй. B~ын хувьд байсхийгээд л өрмөө зогсоож чимээ чагнан сууж байлаа. Харин би гэрлээ асаагаад зүгээр л түүнийг хараад сууж байсан юм. Нүхнээс би нилээд зайтай сууж байсан ба миний ар нуруунаас буюу харанхуй цөөрмийн зүгээс хэн нэгэн ширтээд байх шиг хачин эвгүй мэдрэмж төрж байв. Гар чийдэнгийн гэрэлд агуйн бана чулуунууд элдвийн дүрстэй сүүдэр үүсгэн харагдах тоолонд зүрхний цохилт дагаад өсч байлаа. Айдас төсөөлөл минь намайг бүрэн эзэмджээ. Хачирхалтай нь B намайг бодвол харьцангуй тайван байсан шүү. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд, эргээд тэр урдах ажилдаа махарч эхэллээ. Миний хувьд мэдээж хэрэг өрөмнөөс гадна өөр бусад чимээ анирыг сонсч суусан юм. Гэвч танил дасал болсон өрөмдлөгийн дуунаас өөр юуг ч олж сонссонгүй. Агуйн өөр бусад замуудыг бодож суухдаа яагаад ч юм нүхэн гарцны цаана гарч үзэх гэсэн хүсэл минь дахин оволзож ирснийг анзаарлаа. Магадгүй энэ бүхэн ядаргаанаас болсон байх. Эсвэл ердөө л нүхний нөгөө талд ямар нэгэн гайхалтай зүйл бий гэсэн бодлоос минь болсон биз ээ.

B~г ам нээн үглэж эхлэх үед бодол санаа минь замхран одов. Тэр харааж бас зүхэж байлаа. Учир нь өөрийнх нь ажиллаж байсан чулууны хэлтэрхий хараахан хагараагүй байхад өрөмний баттерэй нь дууссан байж. Тэр тэгээд ажиллагаагүй болсон өрмийг холдуулж орхиод алх цүүц аваад ажлаа үргэлжлүүлж гарав. Арван минут хэртэй ноцолдсоны эцэст амьсгаадаж бас хөлөрсөн амьтан агуйн ханыг налаад амсхийв. Гадас нь хананд гарсан нүхэнд зоолттой үлджээ. B алхаараа над руу зангаж миний ээлж ирснийг сануулав. Харин би гараа хумхиад толгойгоо сэгсэрлээ. Уг агуйгаас гарахад би бэлэн байсан юм. Тэр ч миний санааг ойлгосон бололтой, мөн бид юу ч ярилгүйгээр багаж хэрэгслээ аваад агуйгаас гарахаар явцгаалаа. Мэдээж хэрэг бид зарим нэг багажийг нүхний дэргэд үлдээлгүй яахав. Би түрүүнд нь явж байсан ба B~г хүлээхээр үе үе дороо зогсох шаардлага гарч байлаа. Гэхдээ тэр удаан алхаж байсных биш харин би тэндээс гарахын хүслэн болж байсан тул тэр билээ. Ингээд удалгүй агуйгаас гарч шөнийн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалахад үнэхээр таатай байв.

Миний тэмдэглэл тэр үдэш болж өнгөрсөн бусад зүйлсийн талаар үргэлжлэх болно: Бидний оройн зоог, зочид буудалд хоноглосон тухай, мөн дараах өдөр нь дахин агуй руу буцаж очих болсон тухай. Мэдээж хэрэг өнөөх хачин чимээний талаар удаан гэгч нь ярилцаж суусан болоод бас нэгэн тавгүй шөнийн талаар бичигдсэн болно. Тэр явдлаас хойш тийм богино хугацаанд агуй руу дахин очихоор болсондоо би ҮНЭХЭЭР итгэж чадахгүй нь. B~ын хувьд аюул эрсдлийг төдийлөн ойшоохгүй байгаа нь илт байлаа. Үнэхээр энэ ямар нэгэн амьтан (Би хувьдаа итгээгүй л дээ, гэхдээ үүнээс сайн тайлбарыг олсонгүй.) байсан бол бид өөрсдийгөө аюулд оруулж байгаа юм биш биз? Мөн өөрсдийн бодол санааг ойлгоход их хүндрэлтэй болж ирж байлаа. Учир нь бид онгон агуйг нээх гэсэн хүсэлдээ хэтэрхий их автсан байсан юм. Одоо энэ бүхнийг бодоод байхад нэг үг толгойд орж ирж байна: тестостерон!

3~р сарын 13~н.

Өчүүхэн ч гэлээ амттай хоол, мөн сайн нойр хоёр хүний зан аашийг өөрчилж орхидог нь үнэхээр сонин хэрэг шүү. Хэдийгээр өнөөх хачирхалтай дуу чимээний талаарх таагүй дурсамж бидний ой тойнд сэргэг хэвээр байсан ч гэлээ итгэл найдварынхаа галыг бид дахин асаасан юм. Мөн нүхний нөгөө талд гарахад тийм ч хол юм шиг санагдахгүй байлаа. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд ахиад хэдэн өдөр ажиллах шаардлагатай болохыг бид гадарлаж байв. Ингээд бид ажлаа үргэлжлүүлэн хийхээр агуйг дахин зорив. Агуйн харанхуй гүн рүү нэвтрэх тусам урьд шөнийн аймшигтай дурсамжууд сэдэрч байв. Агуйн аргзгар чулуунууд бидний каскны гэрэлд харагдаад өнгөрөх ба агаар орчноос тоос шороо үнэртэж, дуу чимээ гарган бид урагш мөлхөж байлаа. Харин тийнхүү явсаар удалгүй Флоидын Бунхны үүдэнд явж очиход ахиад л өнөөх агуйн нууцлаг хэсэг рүү хөтлөх өөрсдийн замыг засахад бэлэн боллоо. Мөн бид алсаас дуулдах нүргээн хийгээд нүхнээс гарах салхины урсгалыг мэдэрсэн билээ.

Агуйн хананд бэлээхэн зоолттой байсан гадас биднийг ажлаа чухам хаанаас эхлэхийг бэлхэн хэлж өгч байв. Ингээд B өчигдөр зогссон газраасаа эхлээд ажлаа цааш үргэлжлүүлэв. Миний хувьд гэвэл хэдийгээр би хангалттай сайн амарч аваад ажиллахад бэлэн болсон байсан ч өчигдрийнхөө газарт үүрэглэн суух бөгөөд B~ын нүдэх алхны чимээ агуйгаар нэг цуурайтаж байлаа. Гэвч хоёр, гурван минут өнгөрөв үү үгүй юу, B баяр хөөр болоод явчихлаа шүү. Тэр эргэж хараад надад алганы дайны том хэмжээтэй чулууг үзүүлсэн юм. Тэр амьсгаадаж байлаа, гэвч нүүрэнд нь том гэгч нь инээмсэглэл тодорсон байна. Би ч мөн адил инээмсэглэв. Энэхэн мөчид өнөөх хачин дуу чимээ мартагдаж, харин түүний оронд амжилт баярхал биднийг эзэмдсэнсэн.

Нүхний хэмжээ ийм болсон байв.

Нүхний зүүн доод хэсгийн булан хэтэрхий зузаан байсан тул бидний хамаг л хүч тэнхээг барж байлаа. Зөвхөн энэ л буланг аваад хаячих юм бол бид нүхрүү багтаж чадна хэмээн бодож байсан юм. Харин одоо B тэр булангийн хэлтэрхийг гартаа бариад зогсож байна. Нүхийг судлах гэсэн бидний хүсэл зориг улам ихээр нэмэгдэж ирлээ. Миний ээлж ирж, би алх бариад нүхний ирмэгийг цохиж эхлэв. Тэрхүү буланг авч хаях бидний санаа үнэхээр байгаа оллоо шүү. Хэмжээ нь бүр яг байлаа! Одоо, хүсэн хүлээсэн мөч ирж байна.

Би Флоидын Бунхан руу анхааралтай гэгч нь харав. Тэгээд хамгийн сайн арга бол толгой дээгүүрээ нэг гараа оруулаад, харин толгойгоо хажуу тийш нь харуулаад удаан гэгч нь мөлхөж орвол дээр юм байна гэсэн шийдэлд хүрлээ. Гэвч харамсалтай нь энэ ажиллагаа маань бүтсэнгүй. Нүх ЖИЖИГХЭН байлаа. Гэхдээ нүхийг дахин өргөсгөхгүйгээр тийш оръё гэвэл хоёр гараа толгойноосоо урагш байрлуулаад, өөрөөр хэлбэл шумбах гэж буй байдалтайгаар толгойгоо хажуу тийш нь харуулаад бунхан руу мөлхөн орж болохоор юм шиг санагдаж байв. Нүхний өргөн нь хангалттай байсан ба харин өндөр нь бидэнд асуудал болж байлаа. Ингээд дээр дурьдсан байрлалаар мөлхөж ороход эхэндээ мөр их чилж байв, гэхдээ л тэр дотор овоо зайтай байсан шүү. Мөн энэ байрлалд хоёр хажуу тийш болон мөлхөхөд үнэхээр урамтай урагшилж байв.

Нүх рүү бүтэн биеэрээ явж орохын тулд би хөл дээрээ зогсч агуйн шалтай нэг хэмд доош бөхийх хэрэгтэй болов. Өвдөг маань нугарч, хөл дээрээ хагас суугаад хоёр гараа толгойныхоо урд байрлуулах нь үнэндээ тухгүй байлаа. Мөн цээжин биеийнхээ дээд хэсгийг зүүн тийш нь, цагийн зүүний эсрэг чигт эргүүлэн байрлуулж, нүхний өнцөг болоод хэмжээтэй дүйцүүлж байсан юм.

Хамгийн сүүлийн зурагнаас гарц ерөнхийдөө баруун талруугаа өндөр болж байгааг анзаараарай.

Нүх рүү эхэлж би гараа оруулахдаа нилээдгүй газарт нь арьсаа зулгалж орхив. Дараагаар нь толгойгоо орууллаа. Яг ийм байрлалаас эвтэйхэн байрлал эзлэхийн тулд биеэ бас мөрөө эргүүлэх хэрэгтэй болов. Ингээд нүх рүү мөр маань явж ороход удалгүй мөр болон цээжийг минь агуйн чулуунууд үрж эхэллээ. Биеийнхээ нилээдгүй хэсгийг шалбалсан боловч энэ нь намайг огтхон ч зогсоосонгүй. Би урагшилсаар л байлаа. Өвдөлтийн хувьд харьцангуй гайгүй байсан бөгөөд би үнэхээр уг нүх рүү яваад ОРЧИХСОН шүү! Яахав, зөвхөн биеийн маань дээд хэсэг нь л дээ. Гэхдээ л би бунханд ямар байх талаар төсөөлөлтэй болоод авлаа шүү дээ.

Энэ зурганд нүх рүү явж орсон байрлалыг харуулав. Мөн бидний ажиллаж байсан орчныг харж болно.
Ингээд бунханд явж орсны дараагаар биеэ хөдөлгөхөд ердөө надад хэдхэн инч зай л тэнд байсан юм. Нүхний хамгийн том хэсэг нь тэр байлаа. Өөрөөр хэлбэл цааш явах тусам завсар зай улам бүр давчуу болж ирж байсан юм. Гэхдээ Бунхан дотор байхдаа цааш нь мөлхөхөд чухамхүү ямар байх нь вэ гэдгийг судалж болохоор байв. Хэдийгээр миний орсон тэр хэсэг нүхний хамгийн том хэсэг нь байсан ч гэлээ хангалттай байсангүй. Толгойгоо би чөлөөтэй хөдөлгөж болж байсан ч хаашаагаа л харна хатуу чулуун хана нүүрэнд маань тулж байлаа. Тэгээд ярих үед яг л хайрцган дотор байгаа юм шиг дуу хоолой маань үнэхээр бөглүү сонсогдож байсан юм. Цээжээ нүхний шалан дээр байрлуулаад амрааж болох байсан ч арзгар чулуунууд дороос нухаад тухтай байсангүй. Толгойгоо өнгийлгөж урагшаа харъя гэвч өчигдрийн нүхэнд байрлуулсан чулуунаас болоод цаадах газрыг нь олигтой харж чадсангүй. Нүхний төгсгөл ойрхон харагдаж байсан шигээ цаашлах тусам улам нарийн болж ирж байлаа. Ингээд би цааш нь мөлхөж чадна гэдэгтээ эргэлзэж эхлэв. Гэхдээ л гарц тун ойрхон байгаа гэдгийг би мэдэж байсан юм. Мөн би цааш нь мөлхөхийг хүссэн. Эхлээд замыг минь хааж байсан сул чулуунуудыг холдууллаа. Нүхэн гарцны шалан дээрх чулуунуудын ихэнх нь сул биш агуйн шалтай залгаатай байсанд миний урам багагүй хугарав. Ердөө тэднийг би замаасаа түлхээд л холдуулчихна хэмээн санаж байсныг яана. Аз болоход гартаа алх барьж явсан тулдаа өчигдрийн чулуун ханыг цааш нь түлхэж орхив. Тэгээд замд садаа болсон жижигхэн чулуунуудыг буталж явлаа. Тэгээд алхаа нарийхан завсраар оруулаад хэмжээ авлаа, агуйн хамгийн нарийн хэсэг нь ойролцоогоор 7 инч болохоор аж. Ингээд нүхээр мөлхөж гарахаас өмнө дахиад жаахан ажиллах хэрэгтэй болсныг би ойлголоо. Энэ бүх хугацааны туршид миний толгой нүхэн дотор байсан ба ард үлдсэн B миний зааварчилгаа болон тайлбарыг нэгд нэгэнгүй сонсч суусан юм. Бас тэр дээр үзүүлсэн зургийг авсан юм. Баярлалаа B. Ямартай ч нүхний хэмжээ тэгтлээ их асуудал болсонгүй. Товчхонд нь дүгнэж хэлэхэд, би маш жижигхэн нүхэн дотор байлаа, гэхдээ биеийн маань ердөө дээд хэсэг л тийш орсон гэдгийг хэлэх байна. Мөн нүхний хамгийн том хэсэг нь гээд байгаа шүү, гэхдээ гар минь чөлөөтэй хөдөлж байсан бөгөөд би харьцангуй тайван байлаа. Ингээд урагшлах цаг болов.

Гартаа барьж явсан алхаа би аль болох өөрийн хүрэх хамгийн хол газарт сунгаж байв (Бие маань нүхний үүдийг тагласнаас хойш алхыг буцаах ямар ч арга байсангүй, гэхдээ хамт авч явахад үнэхээр их хэрэг болж байлаа.). Ташаагаа зөв өнцөгт тааруулан нүх рүү оруулахын тулд тохойгоороо нүхэн гарцны шалнаас тулж, нүхний гадна байсан хөлөөрөө би газраас түлхэж эхлэв. Ингээд аажуухан гэгч нь урагшилж эхэллээ. Ташаа маань бараг л багтчихлаа. Бүтэн бие маань нүх рүү явж орсны дараагаар би бага зэрэг амарч аваад цааш мөлхөхдөө бэлтгэж эхлэв. Тэгээд нэг гараараа тулж урагшлах техникийг ашиглаж эхэллээ. Урагшлах тусам биеэ хөдөлгөх, эргүүлэх зай завсар улам бүр хомс болсоор байв. Зөвхөн би толгойгоо л эргүүлэх боломжтой байсан юм. Нүх үнэхээр ДАВЧУУ болж ирлээ!

Гэхдээ санаж байсныг бодвол хавьгүй хялбар байсан шүү. Би нэг гараа ашиглаад (Миний зүүн гар) баруун гараараа түлхэж байв. Харин биеэрээ чулуунуудад хүрэхгүйн тулд аль болох л займчуулж явахыг хичээж байлаа. Толгойгоо баруун тийш нь эргүүлж үзэхээр шийдэв, ингэсэн нь илүү тухтай байв. Цаашлах тусмаа би шинэ шинэ зүйлсийг сурч байлаа. Хэрэв нэг гарт минь жижигхэн гар чийдэн байсан бол сайхан байхгүй юу. Тэгсэн бол урдах замаа сайн гэрэлтүүлж үзээд яг ямар газраар мөлхөх гэж байгаагаа мэдэх боломжтой байв. Гэхдээ толгойгоо эргүүлсэн байсан болохоор урагш хараад мөлхөнө гэдэг бас л амаргүй ажил байлаа. Ингээд эцэстээ нүхэн гарцны шалны хэсгээс ахиад хэдэн чулуу ховхлогүй л бол болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Хөдлөх бүртээ би энгэр заамаа чулуунд урж байлаа. Тэд хурц бөгөөд бас их өвтгөж байсныг хэлэх байна. Үнэнийг хэлэхэд, би өөрөө л чулуунуудад цээж шал хоёрын завсраар явж ороод биеийг маань нухах боломжийг олгож байлаа л даа. Тэднийг би гараараа, боломжгүй бол хацраараа замаасаа зайлуулж байв. Харин нүхнээс буцаж гарахдаа урд гараараа тулж бас түлхэлт өгч байлаа.

Миний энэ бяцхан аялал агуй судлалын карьерийн маань хувьд маш том тэмдэглэлт үйл явдал болсон гэхэд хилсдэхгүй шүү. Агуйд анх нэвтэрч байхад л нарийхан давчуу газар руу явж орох нь надад таатай санагдаж байсан гэж бодож байна уу. Агуйн эхэн хэсэгдэх жижигхэн зай завсар гэхэд л багагүй саад мэт санагдаж байлаа. Гэвч давчуухан нүхээр өөрийгөө хүчлэн урагш мөлхөж байх үедээ би өөрийгөө улам бүр тайвширч байгаагаа анзаарсан юм. Сонин хэрэг шүү. Мөн уг нүх надад үнэхээр сорилт болж байлаа, урьд өмнө би хэзээ ч ийм жижиг хэмжээний нүх рүү явж орж байсангүй. Каскаа тайлж авах тухай урьд өмнө санаанд маань бууж байсангүй. Уг гарц багтаж шингэхэд улам хэцүү болж байсан тул яая гэхэв. Зөвхөн каскаа тайлаад зогсохгүй толгойгоо хүртэл эвтэйхэн байрлуулж нүхэнд тааруулах хэрэгтэй болов.

Нүх рүү би дахин орсон ба Бунханд хийсэн аялал нэг иймэрхүү болж өнгөрсөн :

Ташаагаа нүх рүү оруулсны дараагаар би цааш хэрхэх тухайгаа бодож хэдэн минут саатсан юм. Хөлний маань ихэнх хэсэг нүхний гадна байлаа, гэхдээ газарт тулаагүй агаар дээр. Бунханы хувьд толгойгоо хөдөлгөж, гараа чөлөөтэй байрлуулж болох хэмжээний том байв. Хангалттай их биш ч гэлээ гарцны бусад хэсгийг бодвол хамаагүй том. Мөн энэ бүхнийг арай өөрөөр тайлбарлавал яг л толгойгоо хайрцган дотор хийсэн мэт мэдрэмж төрж байсан шүү. Хаашаагаа л харна нүүрнээс минь хэдхэн инчийн зайд чулуун хана тулж байсан юм. Миний амнаас гарсан дуу чимээ маш бөглүү сонсогдож байлаа. Гарцын хамгийн нарийн хэсэг нь 10 фит дээр таарч байсан бөгөөд миний хувьд 3 1/2 хэсэгт байв. Мөн 4 фут марк хэсэгт би өөртөө тухтай байрлалыг эзлэж болохоор байсан ба энэ янзаараа 12 фут марк хүртэл явна. Ингээд нүхний нөгөө талд гарах боломжтой болж байгаа юм.

Би зүүн гараа урдаа байрлуулаад, толгойгоо баруун тийш нь эргүүлсэн байрлалд мөлхөж байв. Энэ үедээ би B~ийн өгсөн гар чийдэнг зүүн гартаа барьсан байлаа. Мөн инч инчээр урагшилж байхдаа урдах чулуунуудыг зүүн гараараа холдуулж явав. Гэхдээ би үүнийг амжилттай байсан гэж хэлэхгүй ээ, зарим чулуунуудыг би алдаад өнгөрүүлж байсан бол нөгөө нэгнийг нь хөдөлгөж чадахгүй байлаа. Дээр хэлсэнчлэн гарцны эхэн хэсэгт сул зай ихтэй тул хурдан урагшилж байсан нь сайн хэрэг. Харин удалгүй чулуун хананууд намайг бүсэлж эхлэв. Эргэн тойронд минь хэд хэдэн инч зай байсан ч гарцны дээд хэсэг илүү нам болж ирлээ. 7 фут марк хэсэгт нүхний дээд хэсгийн чулуу ар нуруунаас минь нухаж байхыг мэдэрч эхлэв. Дахиад 1/2 фут марк газарт явахад би бараг л цааш хөдлөх боломжгүй болов. Ингээд хөлийн өлмий болоод урд гарныхаа тусламжтайгаар урагшлах гэж оролдоод ч явсангүй. Харин эндээс арагш ухарч гарч чадах эсэхээ шалгахад тун тохиромжтой үе байлаа. Буцаж гарахад бол санасныг бодвол илүү хялбар байсан шүү. Энэ нь надад маш их итгэлийг өгсөн юм. Мөн хөлд маань буцаж гарах үүднээс хэрэг болно гээд B~ын зангидсан олс дүүжлээстэй байж байв.

Нүх рүү явж орохын өмнөх зураг. Мөн миний хүсэлтийн дагуу B хөлөнд минь уяа уясан байгаа нь.

Хүзүү маань хөндүүрлэн чилж байлаа. Толгой маань цаг өнгөрөх бүрт хүндэрч байсан ба амраахын тулд бутархай чулуунууд дээр л байрлуулах хэрэгтэй болж байв. Мэдээж хэрэг иймэрхүү янзаар явахад их төвөгтэй байсан л даа, гэхдээ би амралтыг ойр ойрхон авч байсан тулдаа тэгтлээ их асуудал болсонгүй. Мөн би өөрийнхөө баруун талын ханыг ширтэж байв. Хананы тухайд нүүрнээс минь 4~5 инчийн зайд байсан юм. Гэхдээ би ихэнх цагийг хоосон хана ширтэж явсангүй.  Заримдаа би нүдээ аньж явав (Заримдаа би давчуу газар орохдоо ингэдэг). Бунхан дотор маш чимээгүй байсан бөгөөд өөрийн амьсгалаас өөр юуг ч би олж сонссонгүй. Урагшлах тусмаа би амьсгаадан аахилж бас уухилж байлаа. Харин урдаас минь үлээх салхинд талархснаа илэрхийлмээр байна, намайг сэрүүцүүлж байсанд нь. Тэгээд толгойгоо би байн байн өргөж, урдах гараараа нүхний таазнаас тэмтэрч явсан нь нүхэн гарцны хэмжээг авч явсных билээ. Яг л хашаанд гарсан ангархайгаар гарахдаа муур сахлаараа хэмжиж үздэг шиг гэх үү дээ. Ингээд 7 1/2 фут марк хэсэгт ирлээ, тэнд гарц үнэхээр нарийхан болж ирснийг би дээр бичсэн.

Газрын гүний харанхуй агуйд, давчуухан нүхэн гарцны дотор хэвтэж байхад толгойд их олон зүйл бодогддог юм билээ. Миний дээр газар бий бөгөөд тэнд бүхэл бүтэн уулс сүндэрлэж байна гээд бод доо. Газар өчүүхэн ч болов доргивол би тэндээс гарч чадахгүйд хүрч мэдэх юм. Хамгийн аймшигтай нь юу гэвэл яг л Флоид Коллинсын амссан шиг дэлхий ээжийн зүрхэн дотор хэдэн өдрөөр түгжигдэж, газрын гүний гяндангаас суллагдаж чадахгүй байсаар дуусвал яана.

Өөрсдийгөө та нар миний оронд төсөөлөөд үз л дээ: Чи гэдсэн дээрээ хэвтэх болно. Харин зүүн гараа толгой дээгүүрээ давуулсан байх хэрэгтэй.  Баруун гар чинь дэргэд чинь байна, гэхдээ ердөө хэдхэн инч л хөдлөх боломжтой. Хагархай чулуунуудаас болоод гар чинь, алга чинь зүсэгдэж бас урагдах болно. Бүхэл бие чинь чулуун дээр хэвтэнэ. Толгойг чинь авч явсаар хүзүү чинь хөшиж эхэлнэ, харин толгойгоо амраахын тулд чулуун дээр хацраа дэрлэн хэвтэнэ.  Ингээд урагшлах болбол хөлийн өлмийгөөрөө газраас тулж бүх биеэ урагш нь сунгах хэрэгтэй болно. Ердөө хэдхэн инч газар явахад л амьсгаадан ядарч, дахиад амрах шаардлагатай болно. Амьсгалах үедээ ар нуруунаас чинь нүхний дээд хэсгийн чулуунууд нухаж байгааг анзаарна. Дахин цааш мөлхөхөөсөө өмнө хэдэн минут амарч авахгүй бол болохгүй. Мөн бүхий л цагийн туршид чи тэнд хэвтэх ба толгойд чинь тэндээс хэрхэн гарах вэ гэсэн бодол л эргэлдэнэ. Хэрвээ чадахгүй бол ... ?

Ямартай ч тэнд ямар байснаа би дүрслэн бичлээ.

Нүхний талаарх зургийг одоо үзүүлэхэд илүү тохиромжтой байх аа. Доорх зурагны хувьд дараах аяллаас нь авсан зураг л даа, гэхдээ тэнд яг ямар хэмжээний давчуухан байсныг сайн харуулж чадна гэж бодож байна. Миний толгой хажуу талаараа (өөр сонголт байгаагүй) харсан байгааг харж байна уу, харин амрах болбол хацраараа чулуу дэрлээд хэвтэхээс өөр арга байхгүй.  Иймэрхүү байрлалтай урагшлахад ямар хэцүү болохыг мэдэж байна уу. Миний гар биенийхээ дагуу байрласан байна (дараагаар нь би ийм байрлалтай явбал дээр болов уу гэж бодсон юм) . За тэгээд миний нуруу чулуу хоёрын завсар ямар ч зай байхгүй байсан гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Үнэхээр ДАВЧУУ байгаа биз? Кластрофобия буюу давчуу газраас эмээдэг хүмүүс бол хараад ч хэрэггүй!

Флоидын Бунхан.
Удалгүй нүхний дээд хэсгийн чулуунууд ар нуруунаас минь нухаж эхлэв, ингээд би уг гарц цаашаагаа томрохгүй юм байна гэдгийг тэндээс хараад гүйцэт мэдлээ. Үнэндээ цааш мөлхөх аргагүй боллоо, мөн үүнийг би мэдэж байсан юм. Тэгсэн мөртлөө л дахиад ганцхан удаа урагш зүтгээдэхье гэсэн бодол толгойд минь эргэлдсэн хэвээр л. Хэрвээ жилийн өмнө байсан бол би ийм байрлалд гарцаа байхгүй зүрхний шигдээс болох байсан биз, харин өнөөдөр бол үгүй ээ! Би үнэхээр бэлтгэлтэй байлаа. Хэсэг хугацаанд амарч аваад би дахиад урагшлахаар шийдсэн юм. Би бараг л уушгин доторх бүх агаараа шахаж гаргахад хүрэв. Ахиад хэдхэн инч л урагшлахад цээжийг минь агуйн чулуунууд таглаж, хамаг байдаг амьсгалыг минь хаах байлаа. Намайг амьсгаадаж байх үед цээж минь шаланд шахагдаж, нуруу минь таазанд тулж байсан юм. Ийм байрлалд амьсгалахад удаан бөгөөд хүндрэлтэй байв. Үнэхээр итгэмээргүй юм, би дахиад л чадчихлаа! Урагшлаад бас амраад. Ахиад л, хэдхэн инч. Бас дахиад л. Энэхүү байрлалд би хэдэн минут ч болов амраад авахыг илүүд үзэв. Би үнэхээр уг жижигхэн нүх рүү чигжин орж байлаа. Хөөх, одоо бодоод байхад тэнд байхдаа би ямар тайван байсандаа итгэхгүй байх чинь. Ингээд би дахиад нэг удаа амьсгаагаа гаргаад урагш зүтгэв. Цааш явахад нуруу маань тулаад үнэхээр болж өгсөнгүй. Хэдий тийм байлаа ч би бууж өгсөнгүй. Гэхдээ оролдогоосоо буцах хүртэл тэнд би нилээд хэдэн минут хэвтэж амрав. Энэ бүх хугацааны туршид B намайг уухайлан дэмжиж байсан юм. Миний гутлыг нүхний гүн рүү улам бүр цаашлах тутамд баярлан хөөрч байсныг нь сонсоход хөгжилтэй байлаа.

Харин буцаж гарахад тийм ч хэцүү байсангүй, гэхдээ нилээд ажиллагаа шаардсан шүү. Учир нь энэ хүртэл явахдаа тулгарсан тэр бүх саадуудтай дахин тааралдсан юм. Бүсэлхийгээ нүхнээс гаргасны дараагаар мөрөө тэндээс гаргаж авахын тулд бас л их удав. Энэ удаад би хоёр гараа хоёуланг нь толгой дээгүүрээ давуулсан байсан юм. Хувцас хунар маань үрчийж урагдаад, мөр дал маань хурц чулуунд үрэгдэж байлаа. Ингээд сая л нэг юм тэндээс гарах давгүй байрлалыг оллоо шүү хө. Гэвч цамц маань урагдаж толгой дээгүүр минь гарч өнгөрсөн ба мөрөн дээрээ хэдэн дажгүй сорвитой болоод амжив, гэвч би тоосонгүй. Миний хувьд энэ аялал амжилт байсан юм. Боломжтой гэж бодоод би өөрийгөө урагш нь дайчлан түлхэж байсан юм. Нүхнээс гарсныхаа дараагаар би өвдөг дээрээ сөхрөн суугаад өөрийн дотор нь байсан өнөөх нүх рүү харж суулаа. Өнөөх урьд өдрийн байрлуулсан чулуун хана маань одоо 11 фут маркт очсон байна (гараараа би урагш нь түлхсэн). Харин нүхний хамгийн жижигхэн хэсэг нь 9 фут маркт байна. Бид үнэхээр ойрхон байна шүү. Хүнд ажил бас амжилтандаа хөөрснөөсөө болоод би их ядарчээ. Олсны цүнхэн дээрээ суугаад би амсхийхийн зэрэгцээ жуумалзаж байсан юм. Фьюв! Ямар гээчийн аялал байв аа!

Ерөнхий үйл явц.

Тэмдэглэлийн үлдсэн хэсэгт нь би: дээш авирч гарсан тухайгаа, мөн үдийн хоол, гэр хүртэл хийсэн аяны тэмдэглэл зэрэг зүйлсийн талаар бичсэн байгаа. Тийнхүү харьж явах замд бидний толгойд нэгэн шинэ санаа төрсөн юм. Энэ нь гарцыг тагласан том чулууг авч болохуйц багажны санаа байлаа. Уг аяллын тухайд гэвэл тэндээс гарахдаа бид хоёрын хэн хэн маань үнэхээр сэтгэл өөдрөг үлдсэн шүү. Миний хувьд агуйн гүнрүү мөлхсөндөө, B~ын хувьд агуйн үүд рүү авирч гарсандаа тэр билээ. Учир нь энэ удаад тэрбээр ямар нэгэн багаж мөн миний тусламжгүйгээр өөрөө гарч дөнгөсөн юм. Ослоос хойш гаргасан хамгийн том амжилт нь энэ байлаа. Муугүй шүү.

Мөн урьд өдрийн аймшигт дурсамжийг бид ор тас мартаж орхисондоо үнэхээр гайхацгааж байлаа. Тэрхүү хачин жигтэй чимээний тухайд гэвэл бидний ой тойнд, өөр бусад бодол хийгээд толгой эргүүлэм тайлбаруудын дунд замхран үгүй болсон билээ.

9 comments:

  1. Баярлалаа, Дараагын бүлгийг хүлээж байна шүү.

    ReplyDelete
  2. bur unshih ch sonirholgui bolchloo, yadaj tediid ediid ch geed helchihgui

    ReplyDelete
  3. tsaana ni yu bgaa bl doo

    ReplyDelete
  4. daraagiin heseg gej baigaaa yu hurdan tawij ogooch gej huye

    ReplyDelete
  5. daraagiin hesegiin hezee orchuulah we hariu

    ReplyDelete
  6. ene TED iin tuhai Kino zun garah yum baina le sht , Living in the dark . geed

    ReplyDelete
  7. Humuusee naad TED iin chine tuuh bodit bish Thomas Lera giin nomnii tuuhnees huulbarlaj avsan , bodit bolgohin tuld zarim zuiluudiin hassan , The Terror in Hupman cave - ene jinhene n , gehdee nom shu dee zohiomol.

    ReplyDelete