Friday, June 20, 2014

Аннора Петрова

БРИЙ, ЭНИЙГ БИТГИЙ УСТГААРАЙ!

Чи намайг үзэн яддагийг би мэднээ, гэхдээ урьд өмнө бид их сайн найзууд байсан учраас үүнийг чамд уншуулмаар байна. Би бодохдоо, би их хүнд асуудалд орооцолдсон бололтой. Гэхдээ чи надад тусалж чадахгүй. Ямар ч байсан чамайг ойлгоосой гэсэндээ энэ захидлыг бичиж байгаа юм шүү.

Сонгон шалгаруулалтаас хойш бид өөр хоорондоо бараг л үг дуугараагүйг хэн хэн маань мэдэх байх. Бодоод байсан чинь их олон жил өнгөрсөн байна шүү, гэхдээ чамд тохиолдсон тэр осол миний буруу байгаагүй юм шүү. Ядаж л тэд бүгдээрээ цор ганц миний буруу байгаагүй гэдгийг хэлье. Яахав, хүн бүхэн л тэгж бодож байгаа байх, гэхдээ би хэзээ ч чамайг өвтгөх тийм муухай зүйлийг хийхгүй байсан шүү дээ.

Магадгүй энэ галзуу юм шиг сонсогдох байх, гэхдээ хэн нэгэн нь мэдээсэй гэж хүсч байгаа учраас би чамруу бичиж байна.

Энэ бүхэн биднийг 8-р ангид сурч байхад эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Кристал Классик тэмцээний өмнөх шөнө байлаа. Тэр шөнө би гэртээ байсан бөгөөд дараах өдрийн тэмцээнээс болоод нойр маань хулжсан тул унтаж ер чадахгүй байв. Тэгээд, би компьютер дээрээ суугаад, интернетээс элдвийн зүйлийг үзэж суулаа. Гэвч анхаарал маань төдийлөн сайн төвлөрч өгөхгүй л байв. Тэгээд, би тэнд сууж байхдаа сонирхолтой санагдахаар нь өөрийнхөө талаарх мэдээллийг Google-ээс хайж үзлээ.

Өө Брий, би үүнийг хийх хэрэггүй байсан юм. Эхэндээ мэдээж хэрэг миний талаарх байдаг л мэдээллүүд хайлтанд гарч ирсэнсэн. Гэвч нэр дээр бичигдсэн байсан Wikipedia-ын хуудас байхыг нь олж үзээд уншихгүй байж чадсангүй.

Эхэндээ уг хуудсыг миний аав эсвэл клубынхан маань л хийсэн байх гэж бодлоо. Миний амьдардаг хот, миний гулгалтын талаарх зарим нэг баримтууд гээд байдаг л зүйлс тэнд бичээстэй байв. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь гэвэл, тэнд, тэр жилийн Кристал Классик тэмцээнд намайг ялсан гэж бичсэн байсан явдал юм.

Хэн нэгэн нь намайг зоригжуулах зорилгоор, хэргээр ингэж бичсэн байх гэж бодоод миний инээд хүрэв. Тэгээд ааваасаа очиж асуутал тэр үгүйсгэлээ.

Удалгүй маргааш нь болж, тэмцээнд ялсныхаа дараагаар би үнэхээр баяртай байснаа санаж байна. Учир нь тэр бол миний түрүүлсэн анхны тэмцээн байсан бөгөөд надад маш сайхан санагдаж байлаа. Харин үүний дараагаар намайг яаж шаргуу бэлтгэж эхэлснийг чи санаж байна уу? Тэр үед эцэг эх хоёр маань намайг дасгалжуулахаар Сергейг ажилд авсан юм. Мөн ямар өндөр үнэтэй байсныг нь ч чи санаж байгаа байх.

Тэгээд би оролцох гэж буй тэмцээн болгоныхоо өмнө өөрийнхөө өнөөх цахим хуудсыг шалгадаг зуршилтай болов. Тэнд намайг хэддүгээр байранд орж, ямар үр дүн үзүүлэхийг бүгдийг нь бичсэн байдаг байв. Мөн намайг 15 насандаа бүсийн аварга болно хэмээн бичсэн байсан нь биеллээ олсон шүү. Үүний дараагаар Сергей эцэг эх хоёрт минь хандаж, намайг Олимп-д хүч сорих хэрэгтэй гэж зөвлөсөн учраас тэд намайг сургуулиас минь чөлөөлөв.

Би тэгээд өдөр бүр гулгаж байлаа. Аваргын тэмцээнд оролцохын тулд хичээх хэрэгтэй гэж Сергей надад хэлж байв. Би бүр маш их хичээж байсан бөгөөд сайн ч гулгаж байлаа. Гэвч энэ бүхэн Сергейн хувьд хангалттай сайн байсангүй.

Сонгон шалгаруулах тоглолт хаяанд ирлээ. Харин миний хувьд бодож санаж байсан цорын ганц зүйл бол зөвхөн ялалт байсан юм. Тэгээд би хийх ёсгүй зүйлээ хийж орхисондоо одоог хэр нь харамсаад, харамсаад барахгүй нь! Бүх л хүмүүс чамайг хамгийн шилдэг, хамгийн сайн нь хэмээн магтаж байсан тул өөрийгөө би тэр тэмцээнд альхэдийнээ ялагдсан мэтээр төсөөлж байлаа. Тэгээд би Wikipedia-д данс нээгээд өөрийнхөө хуудасруу орж өөрийгөө тэрхүү тэмцээний ялагч болсон мэтээр бичих гэж оролдсон юм.

Гэвч хуудасны мэдээллийг шинэчлэх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого маань бүтэлгүйтэж орхилоо. Намайг яаж ч өөрчлөх гэж оролдсон гэсэн, "Аннаро Петрова бол хувиа хичээсэн бяцхан өлөгчин. Тэр удахгүй хийсэн хэргийхээ хариуг эдлэх болно." гэсэн бичиг гарч ирээд огт арилсангүй.

Энэ бүхэн их аймшигтай санагдаж байсан шүү. Тийм л учраас би дараагийнх нь өдөр тун гонсгор царайтай харагдсан байх. Бас би чамайг хэрхэн бэлтгэлээ хийхийг чинь, мөн хэрхэн гулгаж байхыг чинь харж зогссоноо санаж байна. Харин миний мэдэх дараагийн зүйл гэвэл би газарт суугаад, мөсний хэлтэрхийнд оногдсоноос болж дух минь зүсэгдэж хамаг л нүүр маань улаан цусанд будагдсан байсныг санаж байна. Энэ бүхний бурууг тэд надруу чихсэн, учир нь тэшүүрийг би тэр өглөө нь хэрэглэсэн болохоор л тэр. Брий, би үнэхээр чиний тэшүүрийг оролдоогүй юм шүү - Би ялахыг маш их хүсч байсан, гэхдээ чамайг өвтгөх зүйл хэзээ ч хийхгүй байсан.

Тэд намайг дараагийн тэмцээн уралдаануудаас хасах шийдвэрийг гаргахад, хүн болгон л намайг зохих шангаа хүртсэн гэж байлаа. Хэн ч миний тайлбарыг сонсохыг хүсээгүй.

Үүний дараагаар Сергей намайг дасгалжуулахаа больсныг чи мэдэх байх. Тэр хэлэхдээ, өөрийг нь намайг хөөдсөн гэж хэлсэн. Хэн ч надтай ярилцахыг хүсэхгүй байлаа.

Хүн болгонд ад үзэгдэнэ гэдэг ямар байдгийг чи мэдэх үү? Би түүнээс хойш бараг л мөсөн дээр гарсангүй.

Удалгүй өнөөх хуудас улам дордож эхэллээ. Тэгээд хуудсыг шалгах бүрт, миний талаарх аймшигтай зүйлсийг тэнд бичсэн байдаг байв. Би чамд тэнд бичигдсэн зүйлсийг хэлж үнэхээр чадахгүй нь. Учир нь тэнд бичигдсэн байсан зүйлс үнэхээр ёс суртахуунгүй бас эрээ цээргүй байлаа. Тэднийг унших бүртээ би уйлдаг байсан ч гэлээ, бас би огт уншихгүй байж чаддаггүй байв.

Би тэгээд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдлээ. Ингээд Wikipedia-д гомдол мэдүүлсэн юм. Бүр утсаар хүртэл залгах гэж оролдсон шүү. Гэвч хэн ч уг хуудасны талаар мэдэхгүй гэж хариулав.

Баасан гаригийн үдэш байлаа. Би гэртээ ганцаараа сууж байсан бөгөөд өөрийн хуудсыг устгагдсан байна уу гэдгийг шалгахаар нээж үзтэл, тэнд "Аннаро Петрова бол хөгийн бяцхан өнчин охин" гэж бичсэн байв.

Би маш их айсан.  Ингээд анхааруулах зорилгоор аав ээж хоёрруугаа залгасан боловч, залгах болгонд утасны нөгөө үзүүрт хэн нэгэн нь хорлонтой нь аргагүй инээж байлаа. Би тэдэнрүү бараг зуун удаа залгасан байх, тэрхүү чимээг дахин тэвчиж чадахгүй болох хүртлээ.

Тэр шөнө цагдаагийн газраас осол болсон тухай аймшигт мэдээг надад дуулгаж, эцэг, эх хоёрын маань утсыг өгсөн юм. Гэвч тэнд надаас ямар ч дуудлага ирсэн тэмдэглэгээ байгаагүй гэсэн.

Энэ бүх явдлын дараагаар би маш их сэтгэлээр унаж эхэллээ. Тэгээд бүхий л анхаарлаа зөвхөн дасгал сургуулилтандаа төвлөрүүлэх болж, хэрхэн ганцаардаж байгаагаа ч анзаарах сөхөөгүйгээр биеэ дайчилж байсан юм. Мөн чамайг надтай холбоо тогтоох гэж оролдсоныг чинь би мэднэ, гэхдээ би маш их гутарч бас уурласан байсан учраас бүх хүмүүсээс холбоогоо тасалсан байв.

18 нас хүрснийхээ дараагаар би шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу мөнгөө авсан ба үүний дараахан Швейцарт хүрч ирсэн юм.

Учир нь би амьдралаа дахин эхлүүлж, өөрийгөө шинэчлэх хэрэгтэй байлаа. Миний мөсөн дээр гулгах хөг ч өнгөрсөн бололтой. Одоо бараг нэг жил өнгөржээ. Гэвч энэ бүхэн ердөө өчигдөрхөн л мэт санагдаж байх чинь.

Ийм л учраас би тэгж шунах хэрэггүй байсан юм, Брий.

Одоо би чамруу Прагийн гаднах нэгэн хуучин зочид буудлын өрөөнөөс бичиж байна. Маргааш би Мөсний Цирк-ийн сонгон шалгаруулалтанд орно. Бид энэ төрлийн зүйлийг шоолон инээлддэг байсныг санаж байна уу, гэхдээ би үнэхээр тэнд орохыг хүсэх боллоо. Бас би их сандарч байна. Мөн өөрийн хуудсыг зогсоо зайгүй шалгадаг болсон өнөөх зуршлаасаа ангижрахыг хичээж байна.

Гэвч, саяхан би өөрийгөө маргааш ажилд тэнцэж чадах эсэхийг шалгахаар орж үзтэл, "Аннаро Петрова ямар ч найз нөхөдгүйгээр, цор ганцаархнаа нас барсан юм." гэж бичсэн байв. Харин миний нас барсан он сар өдөр өнөөдөртэй таарсан байлаа.

Үүнийг уншаад би маш их уйлсан. Одоо бол арай ядан л бичиж сууна. Гэхдээ би чамайг үнэнийг мэдээсэй гэж хүссэн юм. Ердөө л тэр. Надад итгээрэй, Брий. Би чамд дэлгэцнийхээ зургийг явуулъя, тэгвэл чи надад итгэж магадгүй. Миний чамд хэлсэн бүхэн тэнд байгаа.

Одоо би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Би эндээс хэнийг ч танихгүй, бас Англиар ярьдаг хүн энд их цөөхөн юм. Гэхдээ би хуудсыг дахин дахин шинэчилж, мэдээллүүдийг шалгахаа зогсч чадахгүй нь.

Би тэгээд хэдэн удаа хуудас дахин ачааллах товчийг дарснаа хэлж мэдэхгүй нь, гэвч өөрчлөгдөж байгаа зүйл ер алга. Би зөвхөн шөнө дунд болохыг л хүлээж сууна, бас юу хийхээ мэдэхгүй өрөөн дотроо ганцаархнаа байна.

Одоо шөнө болоход ердөө хэдхэн минут үлджээ. Миний хийж чадах цорын ганц зүйл бол хуудсыг ахин дахин ачааллах. Би их ядарч байна, гэхдээ зогсч чадахгүй нь. Одоо надад юу тохиолдохыг мэдэж авах хүртлээ компьютерээсээ би салж чадахгүй нь.


Эх сурвалж: http://www.onepagewonder.com/atnight/alone/Annora 

Мэдээж хэрэг энэ түүх үнэн байж таарахгүй биз дээ. Тэгсэн мөртлөө бас үгүйсгэж болохгүй юм. Харин та компьютерийнхээ өмнөөс салахаа больсон дүү нартаа уг түүхийг ярьж өгч яагаад айлгаж болохгүй гэж? Гэхдээ .... юмыг яаж мэдэхэв, өөрийнхөө талаарх хуудсыг Wikipedia дээр нээгээд хэрэггүй байх.

Аан тийм. Нэг хачин зүйл гэвэл уг нийтлэлийн эхэнд байгаа жижигхэн зургийг аплоад хийх үед яагаад ч юм цагаан биш сааралдуу өнгөөр гарч ирээд байх юм. Би бүр гурван удаа сольж үзсэн.

1 comments:

  1. evgui yum be tehdee bi googled uuriiguu haij uzsen yum bna lol fb oldoj bsan n yaamaida

    ReplyDelete