Friday, January 10, 2014

Агуй Судлаач Тед (2~р хэсэг: Нээлт)

Хооронд нь ялгахын тулд би текстүүдийг хоёр өөр өнгөөр бичиж оруулах болно. Энэ өгүүлбэр шиг саарлаар бичигдсэн байвал энэ нь шууд миний аяллын тэмдэглэл дээрээс бичигдсэн гэсэн үг. Харин налуу, тэгээд цэнхэр өнгөөр бичигдсэн нь аяллын талаарх миний сэтгэгдэл байх болно. Мөн аяллын явцад өөрийн мэдэрч байсан мэдрэмжүүд, бодож байсан тэр бүх бодол санаануудыг би аль болох ойлгомжтой бөгөөд тодорхой хэлбэрээр оруулахыг хичээнэ ээ. Бас түрүүн хэлсэн шиг аялалд хамт явсан хүмүүсийн нэрийг би энд дурьдахгүй. Тэмдэглэлийн хувьд бүрэн эхээр нь оруулах бөгөөд зарим нэг хэрэгцээгүй жижиг сажиг хэсгүүдийг нь хассан байгаа. Тухайлбал агуйн аялалтай нэг их хамааралгүй зүйлс, аяны дараах үдийн цай, зам зуурын тэмдэглэл, шатахуун, хөнгөн зууш гэх мэтийн чухал хэрэгцээгүй зүйлс үүнд орсон байгаа. (Миний тэмдэглэл их дэлгэрэнгүй бичигдсэн байгаа шүү.) Мөн үндсэн тэмдэглэлээс хасагдсан эдгээр хэсгүүдийг би ердөө товч дурьдаад л өнгөрнө. Та бүхэнд аль болох үнэн бодьтой мэдээллийг хүргэхийн тулд дүрмийн алдаа засагчийг ашиглаж бичих болно. Та бүхэн алдаа дутагдал байвал мөн хэлж өгч туслаарай. Бас нэмэлт сэтгэгдэл, тэмдэглэгээнүүд маань аяллын тэмдэглэлийг ойлгоход тус дөхөм болгож өгөх юм шүү.

-------------------------------------------------------------------------------------------

Агуйн тэмдэглэл  12/30/2000

B бид хоёр шинэ он гарахаас өмнөхөн дахиад нэг удаа агуйн аялалд гарахаар шийдэцгээсэн юм. Тэгээд бид анхаарлаа Нууцлаг Агуйд хандууллаа. Тийм ч содон сонирхолтой агуй бол биш л дээ, гэхдээ хэн хэний маань хувьд агуйн аялал хийлгүй их удсан байсан болохоор ямар ч агуй бидэнд сонирхолтой санагдаж байлаа. Мөн энэ аялал маань ч үнэхээр сонирхолтой болж ирсэн шүү. Уг агуйн ёроол хэсэгт жижигхэн гарц байхыг бид урьд нь олж байсан юм. Тэгээд түүгээр цааш нэвтэрч болох нь уу, үгүй юу гээд шалгаж байснаа би санаж байна. Хэдийгээр бага хэмжээтэй байсан ч завсраар нь маш их салхи сийгэж байсан ба тэр нүх рүү мөлхөж ороход амсрынх нь хэмжээ дэндүү бага байсансан. Бас нүхний нөгөө талд юу байгааг би шалгаж байгаагүй юм байна. Ингээд өдрийн 03:00 цагийн үед бид багаж хэрэгслээ аваад замдаа гарцгаав. B хурдан давхих дуртайгаас хойш, удсан ч үгүй бид өнөөх агуйдаа хүрээд ирлээ. Бид тэгээд модноос дэгээгээр гогцоолдоод доош агуйруу олсоор бууж эхлэв. B-г бууж байх хооронд би түрүүлж буугаад эд хэрэгслээ цуглуулж байлаа.

B-г би олон удаа дурьдах болно. Бид хамтдаа агуйн аялал хийгээд олон сар болж байна. Хэдэн жилийн өмнө тэр агуй дотор явж байхдаа хүнд бэртэл авсан ба бараг л дахиад хөл дээрээ босохгүй хэмээн оношлуулж байсан юм. Гэвч хүнд шаргуу хөдөлмөрийн ачаар явдаг болоод зогсохгүй эргээд агуйн аялалд гардаг болсон шүү. Агуйн бартаа саад ихтэй амаргүй хэсгүүд нь түүнд садаа болдог ч, тэр давж гарч чаддаг. Мөн саадыг давж гарах хүртлээ тэр тэвчээртэй гэгч нь ажиллаж чаддаг.

Харин агуй доторх нөгөө жижиг ангархайн тухайд ярих юм бол, ер нь агуйчдын дунд хэлэгддэг нэг ийм үг байдаг юм : "Хэрэв үлээж байвал, явж болно" гэж. Тодруулж хэлбэл агаарын урсгал мэдрэгдэж байвал уг гарцыг шалгахад буруудах зүйл байхгүй ээ гэсэн үг.

Эхлээд бид хоёр бусад жирийн гарцуудыг шалгасны дараагаар доош бууж өнөөх нүхийг үзэхээр явсан юм. Нүхний хувьд гэвэл агуйн гүнд, нилээд доод хэсэгт байрлаж байлаа. Бүх талаараа агуйн ханаар хүрээлэгдсэн ба агуйн шалнаас дээш 3 фит өндөрт байсан юм. Нүхний доторхыг харахын тулд би өвдөг дээрээ сөхрөн сууж, нүхийг халхалсан чулууны доогуур харах хэрэгтэй болов.

Хэмжээг нь харьцуулахын тулд би бээлийгээ нүх рүү хийж үзүүлэв.

Ингээд би үүргэвчнээсээ гар чийдэнгээ гаргаж ирээд нүх рүү тусгаж үзлээ. Харин тэндээс олж харсан зүйл маань намайг гайхшруулсан шүү. 3~5 инчийн зузаан ханан гадаргуу бүхий тэр нүх урт хонгил маягийн гарц үүсгэж, ойролцоогоор 10~12 фит үргэлжилсэн байлаа. Харин нүхний нөгөө талд онгорхой орон зай байгаа нь харагдав! Нарийн сайн харагдахгүй байсан ч, тэнд онгорхой гарц бий гэдэгт бид итгэлтэй байсан юм. Магадгүй энэ онгон гарц байх. (Маргаан байхгүй энэ гарцаар урьд өмнө хэн ч гарч байгаагүй гэдэг нь тодорхой байлаа, гэхдээ уг гарц руу нөгөө талаас нь хөтөлж ирэх замууд байж бас мэдэх юм.) Ингээд уг гарцаар гарахын тулд тус нүхийг өргөсгөхөөс өөр арга бидэнд байсангүй. Одоохондоо ердөө миний бугуй багтах хэмжээний л дайтай байна. Гэхдээ энэ амсрын хэсгийг нь л өнгөрчихвөл цааш мөлхөж явсаар нөгөө талд нь гарч болохоор санагдсан. Бид хоёр хэсэг хугацаанд амсхийж, төлөвлөгөөгөө ярилцлаа. Тийнхүү биднийг харанхуйд сууж байхад нүхнээс гарах салхины чимээ тод гэгч нь дуулдсаар л байв. Гэхдээ, чанга биш сул бөгөөд бага зэрэг эвгүй сонсогдож байсныг нуух юун. Мөн хааяа хааяахан үл ялиг нүргээн сонсогдож байлаа. Энэ ч гэхдээ асуудал биш л дээ. Агуйн хувьд ачааны тэрэгнүүд их явж өнгөрдөг хурдны замын доор байрладаг байсан тул тэдгээр нүргээнүүд машинуудтай холбоотой байх.

Бид ярилцаж үзээд хамгийн сайн арга бол утасгүй дрилл авчирч, агуйн ханыг нүхлэх гэдэг дээр санал нэгдэв. Тэгээд жижигхэн нүх гаргаад лантуун алхны тусламжтайгаар чулууг буталж болох юм. Нүхэн гарцын хувьд ер нь бол шулуухан байсан гэж хэлж болно. Ердөө мөлхөж гарахад багтах хэмжээнд л томсгоход бид гарцны нөгөө талд гарч цаана нь юу байгааг үзэх боломжтой болох байлаа. Харин тэр багаж хэрэгслүүдийг энэ доор авчирна гэдэг амаргүй л ажил болох байх. Гэхдээ хэрэг болно гэдэгт бид найдаж байна. Мөн гарцыг би Флоид Коллинсыг дурсч Флоидын Бунхан гэж нэрлэсэн. Энэ нь яг л Флоидын дэлхий дээрх сүүлчийн золгүй өдрүүдээ өнгөрүүлсэн давчуу хонгил шиг харагдаж байсан юм.

Агуйн гарцыг зурж үзүүлэв.

Флоид Коллинс нь 1900~аад оны үед амьдарч байсан агуй судлаач байв. Тэгээд тэр давчуу нүхэнд хавчуулагдаад өөрийгөө суллаж чадахгүй байсаар нас барсан гэдэг. Энэ гайхмаар түүхийн талаар "Занганд орсон нь : Флоид Коллинсын түүх" номонд дэлгэрэнгүй бичсэн байдаг. (Гарчиг нь ийм байсан байх аа, харин зохиогчийг нь санахгүй байна.) Зөвхөн Флоидын дурсгалд зориулж Флоидын Бунхан гэж нэрлэсэн юм биш, харин нүхний хэмжээг нь санагалзаж тэгж нэрлэсэн билээ.

Ха Ха! Одоо бодоод байхад энийг их л амархан бүтчих юм шиг санаж байсныг яана. Ердөө хэдхэн цаг ажиллаад л ард нь гарчих юм шиг санагдаж байлаа. Хэрэв маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагдана гэдгийг анхнаасаа л мэдэж байсан бол энэ ажлыг эхлүүлэхдээ бид эргэлзэх л байсан байх. Тэглээ гээд тэр агуйд бид ямар зүйлтэй тулгарахаа мэдэж байсансан бол эргэж очихгүй л байх байсан.

Бид багаж хэрэгслээ үүрээд эргээд газрын гадаргуу өөд гарлаа. Ер нь бол энэ газарт эргэж ирэхийг би тийм ч их хүсч байгаагүй л дээ, угаасаа онц гойд зүйл байхгүйгээс хойш гээд. Гэвч одоо бол буцаж ирэхийн хүслэн болж байна. Бид агуйгаас гарч амжаагүй байхдаа л өөрсдийн дараагийн төлөвлөгөөг яриад эхэлчихсэн байлаа.

(Тэмдэглэлийн үлдсэн хэсэгт нь би агуйгаас гарсан тухай, мөн өөрсдийн оройн хоолны талаар, бас гэр рүүгээ буцаж явсан тухайгаа бичсэн байгаа.)

4 comments:

  1. Яая!!! Сонирхолтой байна шүү

    ReplyDelete
  2. arai naad 2 chine uhaj baigaad gats tsan yum bish biz??

    ReplyDelete
  3. Tegeed daraa ni yasan yu bolson haha dajgui yum bna.Urgeljluuleerei bayarlalaa.

    ReplyDelete
  4. Жоохон Spoiler хийхэд:
    Наадуул чинь ухаж байгаад орсныхоо дараа нэг сонин чимээ сонсоод бас нэг зурган дээр хачин дүрс гараад л тэгээд л нэг тиймэрхүү л юм болдог юм шиг байна лээ R.I.P ENGLISH

    ReplyDelete