Saturday, January 11, 2014

Агуй Судлаач Тед (3~р хэсэг: Ажил Эхэллээ)

1~р сарын 27~28 . 2001

B бид хоёр хурдан гэгч нь агуй руу буцаж очоод, ярьж төлөвлөж байсан өнөөх ажлаа эхлүүлнэ гэхээс байж ядаж байлаа. Мөн би нүхний нөгөө талд гарах хүртэл 4 цагийг зарцуулна хэмээн тооцоолж байсан юм. Ингээд бид хоёр ДеВалт утасгүй өрмийг авч явахаар зэхлээ. Тэгээд чулуу өрөмдөхөд зориулагдсан тусгай хошууг өрмөндөө залгаж, хад чулууг бутлахын тулд хоёр ч лантуун алх, мөн хананд гаргасан нүхрүү шургуулах цүүц, чигжүүр, бас эцэст нь нэг их хэрэг болоогүй ч гэлээ бас бус багаж хэрэглэлүүдийг авч явсан юм. Харин тэдгээр багаж хэрэгслүүдийг доош нь буулгана гэдэг амаргүй ажил байсан шүү. Бид хоёрын хэн нэг нь түрүүлж доош буугаад амарч болохуйц чулуун ирмэгт хүрнэ, энэ хооронд нөгөөх нь багажнуудыг олсоор доош буулгана. Энэ мэт доошилсоор бид эцэстээ агуйн ёроолд хүрч очив. Тэгээд тэндээсээ өнөөх багажнуудаа нөгөө нүх рүүгээ зөөж аваачлаа. За тэгээд багаж хэрэгслээ бэлтгэж, ажлаа эхлэх хүртэл бараг л нэг цаг боллоо.

Эхлээд B маань ажилдаа орж ханыг нүхэлж эхлэв. Туйлдуулсан нэг цаг өнгөрөхөд, бид энэ бүхнийг ердөө нэг удаагийн оролдлогоор хийчих амар ажил биш юм байна гэдгийг ухаарцгаасан юм. Тэгээд бид хамаг байдаг хөлсөө урсгаж гарлаа шүү. Нэг маань ажиллаж байх хооронд нөгөөх нь ус болон хоол хүнсэнд явж, амсхийх зэргээр ээлжлэн ажиллаж байсан юм.

Ажлын хувьд нэг иймэрхүү болж өнгөрсөн:

Толгойгоо агуйн адарт цохихгүйн тулд өвдгөн дээрээ сөхөрч суухаас өөр арга байсангүй. Ингээд, яг ийм эвгүй байрлалд суугаад бид нүхний эргэн тойрондох ханыг өрөмдөж эхэллээ. Их хүнд ажил байсан шүү. Бид зогсолтгүй өрөмдөөд л байлаа, гэвч ажлын явц үнэхээр удаан байв. Тэгээд бид нүхрүү гадас шааж орхиод чулууг бутартал лантуугаар нүдэж байлаа. Энэ мэтээр бид эдгээр үйлдлүүдээ давтаж байсан юм. Ердөө хумсны толион дайны чулууг л бид ховхлож байсан ба эндээс бидний ажлын явц ямар удаан байсныг ойлгож байгаа биз дээ. Харин арай томоохон хэсгийг (гарын алганы 1/3-тай тэнцэх хэмжээтэй) ховхлоход л энэ нь бидний баярлах шалтгаан болж байв.

Нөгөөтэйгүүр бид цүүц болон 5 паундын алх хэрэглэж болох байсан л даа. Адилхан л удах байсан нь тодорхой. Гэхдээ тэнд алх далайх хэмжээний хангалттай орон зай байхгүй байсан юм.

Хэдийгээр бид агуй руу олон удаа явж, олон цагийг зарцуулсан боловч нүхийг өргөсгөх илүү дээр арга техникүүдийг олж ерөөсөө чадаагүй юмдаг. Тиймээс бидэнд өрөм/гадас/алх зэрэг багажнууд л нийцэж байлаа. Бас чулуунуудыг бутлах зөндөө олон галзуу санаануудыг бодож байсан шүү. Агуйн үүдэнд генератор байрлуулаад доош нь утас дамжуулж цохилттой алханд холбох гээд л ер нь л ТНТ (энэ талаар бол бодоод ч хэрэггүй)~ээс бусад бүх аргуудыг л бодож байсансан.

Ингээд нилээд хэдэн цаг өнгөрөхөд, бидний нөөц бололцоо шавхагдаж эхлэв. Бидний эхний баттерэй дууссан юм. Тэгээд хоёр дахь баттерэйгаараа солилоо. Энэ удаад бид алх цүүцийг арай түлхүү ашигласан болохоор хоёрдахь баттерэй маань цэнэгээ арай илүү удаан барьсан шүү. Дахиад гурван цаг өнгөрөхөд хоёр дахь зай маань дуусав, мөн орой ч боллоо. Фьюв! Ямартай ч өөрсдийгөө бид муугүй ажиллаа гэж хэлж болохоор болов, гэхдээ л үнэхээр хангалтгүй байсан юм. Ингээд агуйд ирснээсээ хойш бид хоёр анх удаагаа зэрэгцэж суугаад амарч авсан даа. Ямартай ч хүнд хөдөлмөрийнхөө үр дүнг харж суух сайхан байлаа. Тэгээд бас, бид хоёр нүхнээс гарах салхины урсгалыг мэдэрсэн юм. Харин урьд өмнөхөө бодвол арай илүү чанга дуугарч байсан шүү. Бас нөгөө талаасаа хүчтэй гэгч нь салхилж байхыг нь анзаарсан юм. Гэхдээ алсаас дуулдах үл ялиг нүргээний учрыг л бид хоёр олж чадсангүй. Мөн л арай илүү тод бөгөөд өмнөх үеээ бодвол илүү их давтамжтай болсон байв. Үүнийг ачааны тэрэгнүүдтэй холбож болох байсан ч агуйн дээгүүр явж өнгөрдөг зам тийм ч их ачаалалтай байдаггүй бөгөөд тэр тусмаа шөнийн энэ цагт хоосон байдаг нь эргэлзээ төрүүлж байв. Уг нүргээн бидэнд сонсогдсоор л байлаа. Мөн нүхний цаанаас, агуйн гүнээс дуулдаж байгаа нь илт байлаа. Харин B маань туршлагатай ахмад агуйчдаас уг чимээний учир шалтгааныг асуухаар болсон юм.

Хийсэн ажилдаа бид сэтгэл ханаж, удаан суусангүй. Багаж хэрэгслээ аваад, агуйгаас гарах хэрэгтэй болов. Мэдээж хэрэг заримыг нь үлдээлгүй яахав. Дээш нь гарна гэдэг бас л хүндхэн даваа байсан шүү. Дээр нь бид хоёр их ядарсан байсан тул бүр ч төвөгтэй байлаа. Бидний анх төлөвлөж байснаар бол өдийд бид ажлаа хийж дуусгасан байх ёстой, тэгээд дараагийн хэдэн өдрүүдэд агуйн бусад хэсгүүдийг, мөн энэ хавийн өөр агуйнуудыг судлахаар тохиролцсон байсан юм. Харин бид хоёр ойролцоох дэн буудалд хоноглохоор болсон ба өрөмний баттерэйгаа цэнэглэж аваад, дараах өдөр нь Нууцлаг Агуй~руу эргэж очихоор шийдэцгээсэн юм даа.

Эхний өдрийн үр дүн.

Миний тэмдэглэл дахиад цаашаагаа үргэлжлэх болно: агуйгаас гарсны дараах замын тэмдэглэл, буудалд өрөө захиалсан тухай, амттай оройн хоол, хэдийгээр ядарсан байсан ч тухтай сайхан амарч чадаагүй явдал, гэх мэт. Тэгээд бид хоёр дараах өглөө нь нилээд оройхон сэрсэн тул агуйд аажуухан явж очив. Хоёр дахь өдрийн тухайд гэвэл эхнийхтэй адилхан болж өнгөрсөн. Бид хоёр хоёулаа баттерэйнуудаа дуусах хүртэл нь ажилласан. Мөн нүхэнд багтахаар хангалттай хэмжээний нүх гаргахад ч өдий байлаа. Харин нүхнээс салхины урсгал мэдрэгдэж, алсаас дуулдах бөглүү нүргээн яг л өмнөх өдрийнхтэй адил сонсогдсон хэвээр л байв.

4 comments:

  1. Их сонирхолтой байна.Баярлалаа.

    ReplyDelete
  2. Янзтай шүү Хүслээ ахаа :p

    ReplyDelete
  3. Metrogoo oruulahaa bolitson yum uu

    ReplyDelete