Thursday, January 16, 2014

Агуй Судлаач Тед (5~р хэсэг: Ажил Vргэлжилсээр)

Хоёрдугаар сарын 10. 2001 он.

Ажлаа эхлүүлснээс хойш бараг л хоёр долоо хоног өнгөржээ. Энэ хугацаанд уг нүхний цаана гарахын тулд үнэхээр их улайрч байснаа хүлээн зөвшөөрч байна. Магадгүй энэ нь агуйчин бидний амьдрал хичнээн сонирхолтой болохыг илтгэж байж ч болох юм. Мөн уг нүхний цаана ямар нэгэн агуу гайхамшигтай зүйл биднийг хүлээж байгаа гэдэгт бид хоёр анхнаасаа л найдаж байсангүй. Харин урьд өмнө хэний ч хөл хүрч байгаагүй онгон дагшин уг агуйд хөл тавих анхны хүмүүс болно гэхээс л байж ядаж байсан юм шүү дээ. Мөн түүнчлэн тэндээс нууцлагдсан эрдэнэс олбол бидэнд л сайн биз!

Бид ажлаа арай аажуухан эхэлж, бүрэнхий болсон хойно замдаа гарав. Шөнө дөл болсон байхад агуй руу явлаа гэж хэлбэл хүмүүс гайхах байх. Гэхдээ агуйд явж орсон л бол тэнд үргэлж л шөнө болж байдаг юм. Тэгээд Нууцлаг Агуй руу явж байх үедээ, бүхий л замын туршид бид хоёр өөрсдийн ажлыг хэрхэн хурдасгах талаар ярилцаж явлаа. Мөн B надад бусад агуйчин найз нараасаа олж дуулсан өнөөх нүргээний шалтгааныг тайлбарлаж явсан юм. Ингээд тэдний хэлж буйгаар бол энэ нь агуйн гүнд буй усны чимээнээс үүдэлтэй байж болох гэнэ. Тодруулж хэлбэл хүрхрээ. Гэхдээ ямар учраас тэрхүү дуу чимээ тодорхой хэмжээний давтамжтай байсныг нь тайлбарлаж чадаагүй гэсэн. Харин энэ нь миний хувьд урагш тэмүүлэх бас нэгэн шалтгаан болж байлаа. Мөн энэ агуйн нууцыг бид хамтдаа тайлах болно.

Энэ удаагийн аялалд бид B~ын нохой, Випыг хамт авч явсан юм. Жек Рассел Террьер үүлдрийн нохой л доо. Миний хувьд агуй руу нохой дагуулж явна гэдэг огтхон ч асуудал биш байлаа. Угаасаа урьд өмнө түүнийг дагуулаад явж байсан л юм чинь. Харин Вип байгалийн дуудлагаар биднийг агуй руу явж орохоос өмнө түрүүлж тийш орчихоод биднийг ирэхийг хүлээж суув. Бас агуй дотор тэр маш сайн зохицож байсан шүү. Түүнийг бид агуйн ёроол хүртэл тусгай олс дамжлагаар буулгасан ба тэндээс цааш Вип эргээд л биеэ даах боломжтой болов. Тэр ийш тийш нь хариалгаж, агуйг судлах үнэхээр дуртай байгаа нь илт байв. Гэхдээ бид түүний биенд ямар нэгэн гэрэл суурилуулаагүй байсан болохоор бидний нүднээс тэр огтхон ч холдсонгүй. Випийг авч явахаас татгалзаагүй өөр нэгэн шалтгаан гэвэл түүнийг өнөөх нүх рүү оруулаад хэр хол явахыг нь ажиглахаар бид хоёр тохиролцсон байсан юм. Энэ нь бидэнд нүхний цаана чухам юу байгааг мэдэхэд тус болох байлаа л даа. Хэрэв нүхний цаана ангархай том нүх байвал нохой маань цааш явалгүй эргээд ирэх болно гэдгийг бид хоёр мэдэж байсан. Уг нь бол нохойг тийш нь оруулах санааг гаргахаас хавьгүй өмнө ажлаа дуусгачихсан байна гэж бодож байсансан.

B-ын нохой Вип агуйн үүдний хэсэгт байгаа нь.
Шөнийн харанхуйг үл харгалзаад бид олс хэрэглэлээ бэлтгэж, доош нь их хурдан бууцгаалаа. Мөн сүүлийн удаагийнхыг бодвол тийм ч их багаж төхөөрөмжийг биедээ авч явсангүй. Ихэнхийг нь нүхний ойролцоо үлдээсэн байсан болохоор байнга тэднийг зөөвөрлөөд байх ч шалтгаан байсангүй. Бас би чулуу өрөмдөхөд зориулагдсан хэд хэдэн нэмэлт хошуунуудаас гадна мөн л өрмөндөө хийхээр дахиад хоёр ч баттерэйг нэмж авсан шүү. Ингээд нийтдээ дөрвөн зайтай болж байгаа юм. За тэгээд, хэдийгээр бид нохой дагуулж явсан ч гэлээ их л хурдан доош буугаад авав. Харин төд удалгүй хэлж тайлбарлахад хэцүүхэн зүйлс болж эхэлсэн юм даа.

Випийг олсноос суллав уу үгүй юу нохой ойр орчмоо судалж эхлэв. Гэхдээ биднийг тойрч, бидний хөлийг үнэрлэж явсан ба ер нь л биднээс нэг их холдсонгүй. Тэгээд ажлын бүс рүү явж байхад бид хоёрын нэгнээс нь нөгөөгийн маань дэргэд байн байн гүйж ирж байлаа. Удалгүй агуй дөрвөн зам болж хуваагддаг хэсэг дээр Вип бүр ч хачин аашилж эхлэв. Тэр B бид хоёроос алхам ч холдсонгүй. Мөн их догшин болсон байв. Яг л ямар нэгэн дургүй зүйлээ олж харсан гэлтэй. Харин биднийг нүхний өмнөх багахан хэмжээний чулуун ирмэгт тулж ирэхэд Вип байрнаасаа огт хөдөлсөнгүй шүү. Бид тэгээд түүнийг ятгаж байж арай гэж өөрсөдтэйгээ дагуулж явлаа. Мөн түүний хамаг байдаг үс нь боссон байлаа. Тэгж явсаар нүх хүртэл 20 фит газар үлдэв. Энэ хооронд Вип гийнан гиншиж B-ын ардуур нуугдаж байв. Сүүл нь хоёр хөлнийх нь дундуур орж,  айснаасаа болоод тэр бүр чичирж байлаа. Үнэхээр хачин хэрэг! Өөрөөсөө бараг л хоёр дахин том хэмжээтэй нохойнуудыг элдэн хөөж байхыг нь би харж байсан юмсан, гэтэл тэр одоо харанхуйн дундаас Сатаныг гэгээн дүрээр нь олж харсан гэлтэй хачин жигтэй аашилж эхлэв. Би бодохдоо агуйг гэрээ болгосон ямар нэгэн амьтан байгаад, түүний үнэрийг Вип авчээ гэж бодов. Бас түүнийг нүх рүү явж оруулах гэж байсан маань ч талаар болов.

Ингээд нэг маань ажиллах байх явцад нөгөөх маань Випийг дагуулаад нүхнээс нилээд хэдэн фитийн зайд амарч байхаар тохиролцлоо. Тэгээд ажлын хувьд өнөөх л дарааллаараа ажиллаж эхлэв, эхлээд өрөмдөнө, дараа нь алхаар нүднэ, гэх мэт. Илүү баттерэйтэй явсны хувьд өрөмдлөгийг бид санаа зовох зүйлгүйгээр хийж байлаа. Ингэлээ гээд бидний ажлыг хялбар болгосонгүй, гэхдээ бага зэрэг л хурдлуулсан байх. Ерөнхийдөө үйл явц маш УДААН байсан гэдгийг хэлэх байна. Гэхдээ яахав дээ, ийм зүйлийг тоохоо болиод удаж байна.

Миний тэмдэглэл цааш ажлын үйл явцын тухай тэмдэглэлээр үргэлжлэх болно. Биднийг ажиллаж байх тэр бүхий л хугацаанд Вип байрнаасаа ер хөдөлсөнгүй. Түүгээр үл барам олсны цүнхэн дээр хэвтээд чичирж байлаа. Бас гиншин гийнах нь огт тасарсангүй. Өөр нэгэн хачирхалтай зүйл нь гэвэл Вип өнөөх нүхнээс хараагаа огтхон ч салгаагүй явдал юм. Түүнд бидэнд байхгүй онцгой зөн совин байна уу, үнэнийг хэлэхэд бидэнд л тийм зөн совин хэрэгтэй байсан юм даа.

Хоёрдахь хачин жигтэй үйл явдал тохиолдох тэр үед бид альхэдийнээ дөрөвдэх баттерэйруугаа орсон байлаа. Энэ үед B ажиллаж байсан юм. Харин тэр өрөмдөж дуусаад, гарсан нүхэнд нь гадсаа шаагаад алхаар цохих гэж байснаа түр азнав. Тэгээд түүнийг нүхрүү анхааралтай гэгч нь харж суух хооронд би гэдэг хүн зүүрмэглэж байсан болохоор бараг B~рүү анхаарлаа хандуулсангүй. Мэдээж хэрэг гэрэл түүний талд байлаа. Тийм болохоор түүний нүүрэнд тодорсон айдсыг би харж болох байв. Гэнэтхэн тэр над руу эргэж хараад толгойгоо сэгсэрдэг юм байна. Харин би түүнээс юу болсныг асуухад тэр өнөөх нүхнээс ямар нэгэн чимээ гарсан гэж хэллээ. Яг л хоёр чулууг хооронд нь хавсарч байгаа юм шиг тийм чимээ дуулдсан гэсэн. Үрэлтийн чимээ. Түүнийг би өрөмнөөс болоод хий юм сонсжээ гэж бодож байлаа (Энэ аялалд тэрээр чихэвч авч яваагүй.). Харин B сонссон зүйлдээ итгэлтэй байгаагаа хэлсээр байсан юм. Надад өөр тайлбар байсангүй, удалгүй би эргээд л зүүрмэглэж эхлэв. B ажлаа дахин эхлэхээс өмнө нилээд хугацаанд чимээгүй суув. Тэгээд ажлаа эхэлснийхээ дараагаар чимээ чагнах гээд байн байн өрмөө зогсоож байсныг сайн санаж байна. Уг нь бол B их л буурь суурьтай нэгэн юмсан, төсөөллийн чимээний араас хөөцөлдөх хүн тэр биш дээ. Тэгээд би түүнд итгэж эхэллээ, гэсэн ч миний санаа тэгтлээ их зовнихгүй байсан юм. Миний хувьд гарцаар гарсныхаа дараагаар л чухам юу байсныг нь олж мэдэх болно хэмээн өөрийгөө тайвшруулж суулаа.

Сүүлчийн баттерэй дахиад нэг цаг тэслээ. Бид хоёр зэрэгцэж сууцгаагаад ажлынхаа явцын талаар ярилцаж байсан бөгөөд харин би толгойгоо өнөөх нүхрүү шургуулаад багтах эсэхийг нь шалгахаар болов. Толгой маань тийш амархан гэгч нь багтсан шүү, гэвч мөр маань орж өгсөнгүйэ. Тэгээд би өвдгөн дээрээ сөхрөн суугаад цаашид хэрхэх эсэхээ бодож байтал яг л B-ын адил ямар нэгэн зүйлийг анзаарав: Салхи салхилахаа больсон байлаа! Агуйд байсан бүхий л хугацааны туршид салхины урсгалыг би мэдэрч байсан шүү дээ.  Хамгийн сүүлд энд ажиллаж байхад салхи урьд урьдынхаасаа ч илүү хүчтэй салхилж байсансан. Мөн түрүүхэн л гэхэд салхи биднийг сэрүүцүүлж байсан биш бил үү. Харин одоо бол юу ч алга! B хэлэхдээ хэзээ салхины урсгал зогссоныг анзааргүй гэлээ. Бас өнөөх нүргээн дуулдсангүй. Үнэхээр ХАЧИН хэрэг!

Цаг мөч өнгөрөх тусам хөгшин энэ агуй улам л нууцлаг болоод байв. Тэгээд харанхуй уг агуйд бид их удаан ярилцаж суулаа. Мэдээж хэрэг эдгээр хачин үйл явдлууд чухам юунаас болоод байна вэ гэдгийг ярилцаж байсан юм. Одоо бодоод байхад бидэнд үнэхээр хөдлөх тэнхэл байхгүй байсан болохоор л тийнхүү харанхуйд удтал сууцгаасан байх. Агуйд яах аргагүй хачирхалтай зүйлс болоод байлаа. Ингээд хагас цаг орчим чимээгүй суусны эцэст бид чимээгүй гэгч нь эд хэрэглэлээ аваад газрын гадаргуу өөд явцгаасан юм. Випын хувьд дээш гарсандаа үнэхээр их баяртай байлаа. Мөн зарим нэг багаж хэрэгслүүдээ бид нүхэн дотор хийгээд агуйд үлдээв. Агуйг судлахаар хүмүүс тийм ч олон ирдэггүй тул санаа амар байж болно. Бас энэ талаар бодох сөхөөгүй болтлоо бид ядарсан байсан юм.

Бидний ажлын явц.

Тэмдэглэлийн үлдсэн хэсэгт би агуйгаас гарсан тухай, мөн дэн буудалд өрөө хөлсөлж унтсан тухай бичсэн байгаа. Бид үнэхээр их ядарсан байв!

Мөн одоо бодоод байхад агуйд тохиолдсон тэдгээр зүйлсэд бид үнэхээр тайван хандаж байсандаа итгэж чадахгүй нь. Гэхдээ тэр үед бид зөвхөн гарцаар цааш нэвтрэхийг л хүсч байсан билээ. Бас тэдгээр хачирхалтай зүйлсийг ердөө л анхаарал сарниулсан зүйлс мэтээр бодоцгоож байлаа. Саяхан л гэхэд би нүх рүү нэвтэрч ороод агуйн эдгээр механизмууд хэрхэн ажилладаг болохыг мэдэхийг хүсч байсансан (Салхи хаанаас ирдэг болох, мөн юунаас болж дуу чимээ гараад байгааг.). Харин одоо буюу тэр явдал болж өнгөрснөөс хойш нэг долоо хоног өнгөрөхөд, өөрсдийнхөө ямар их анзааргагүй бас гэнэн байсныг бодохоос хамаг бие маань зарсхийж сууна.

4 comments:

  1. ene ay bas uneheer gaihaltai yumaa

    ReplyDelete
  2. Улам л сонирхолтой болоод байх юм.Баярлалаа.

    ReplyDelete
  3. Үнэхээр Сонирхолтой болж байна. Дараагийн бүлэг хэзээ вэ?

    ReplyDelete