Wednesday, January 15, 2014

Агуй Судлаач Тед (4~р хэсэг: Агуйн Тухайд)

Тэмдэглэлийнхээ дараагийн хэсгийг эхлүүлэхээс өмнө би уншигчдыг ойлгоход нь хэрэг болох болов уу гээд агуйн тухай, мөн агуй доторх уур амьсгалын талаар бичмээр санагдлаа. Учир нь тэмдэглэлээ эргээд уншиж байхад энд бичигдсэн үг хэллэг болоод зарим нэг тайлбарууд нь уншигчдын агуйн талаарх мэдлэгээс хол зөрж байсныг нь анзаарсан юм л даа. Угтаа бол энэ тэмдэглэлийг би зөвхөн ӨӨРТӨӨ л зориулан бичиж байгаа шүү дээ! Гэхдээ, ямар ч байсан уг агуйн талаар арай илүү дэлгэрэнгүй бичихээр шийдлээ. Тэгээд бас агуй дотор ажиллаж байхад яг ямар байсан талаараа мөн бичмээр байна. Харин энэ удаад өөрсдийн тухай, мөн өөрсөддөө төрж байсан мэдрэмж болон сэтгэгдлийн талаар нэг их зүйл бичихгүй ээ.

Уг агуйн тухайд гэвэл барилга байгууламжийн бүс агуйн ойролцоо босч эхлээгүй байх үед буюу их олон жилийн өмнө "нээгдсэн" газар юм. Тэр цагаас хойш агуй маань орон нутгийн иргэд болон хэрэгт дуртай агуйчдын ирж очдог газар нь болоод их удаж байна. Мөн агуй дотроос шар айрагны лаазнууд олноороо олдож байлаа, мэдээж хэрэг агуйн дээд хэсгээр нь л дээ. Тэгээд, хамгийн анх агуй руу явж ороход үнэхээр "үзэсгэлэнтэй" байсан гэдгийг хэлэх байна. Тоос шороо, графити зураг, соёлыг сүйтгэгчдийн үлдээсэн элдвийн ул мөрүүд, тагтаанууд, сангаснууд гээд л, ерөнхийдөө бол хамаг байдаг дур хүслийг маань унтрааж орхисон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ агуйд бусдын гарт хөндөгдөөгүй бөгөөд урьд өмнө ямар л байсан тэр төрхөөрөө хадгалагдан үлдсэн хэсгүүд бас байж байлаа.

Агуйн гүн рүү нэвтрэхийн тулд эхлээд та доош буух хэрэгтэй болно, энэ тохиолдолд чамгүй урт олс хэрэг болно гээч. Харин зэргэлдээх модны эх бие бидэнд сайн гэгч нь барьц тулгуур болж өгч байсан ба агуйн жижиг хавцгайгаас 20 фитийн зайд байрлах уг модноос бид олсоо уяж аваад 15 фитийн доорх өөр нэгэн чулуун ирмэг рүү бууцгаасан юм. Эндээс эргээд агуйн гарц руу эргэж буцахад тийм ч хол биш байлаа. Тэгээд агуйд нэвтэрсэн үед хамгийн түрүүнд гар чийдэн хэрэг болох болно. Харин миний чийдэнгийн хувьд гэвэл зайгаар ажилладаг байсан бөгөөд касканд суурилуулсан энгийн гэрэл байсан юм. T.A.G гэдэг нэрээр нь хүмүүс мэдэх байх. Тэгээд агуйд аюулгүй аялахын тулд заавал ч үгүй нэмэлт чийдэнг биедээ авч явах хэрэгтэй, ядаж л хоёрыг. Миний хувьд цүнхэнд маань ахиад нэг каскны гэрэл явж байлаа (Би үргэлж биедээ авч явдаг). Мөн би үргэлж гэрэлтдэг савааг авч явдаг. Эдгээр саваан дохиурнууд нь сайн гэрэл гаргадаггүй л дээ, гэхдээ л хоол унд идэх зэрэгт хэрэг болдог байлаа. Мөн гэрэлгүй болсон үед агуйгаас гарахад үнэхээр их ТУС болно шүү.

Ингээд том чулуунуудын дээгүүр авирч, хэсэг хугацаанд явсны дараагаар томоохон хэмжээний нүхэнд тулж ирэх болно. Тэгээд нүхний төгсгөлд хүрэхийн тулд ахиад л өмнөх шигээ олс хэрэглэнэ дээ. Доошоогоо сул дүүжлэгдэхгүйгээр 50 орчим фит газарт бууна. Өөрөөр хэлбэл эгц доошоогоо зөвхөн олсны тусламжтайгаар буух шаардлага гараагүй нь сайн хэрэг шүү. Ийнхүү доошлох явцдаа хурц ирмэгтэй чулуунуудыг ашиглан доош буух хэрэгтэй. Харин энэ нь эсрэгээрээ дээш авирахад илүү хүндрэлтэй болгож байгаа юм. Уг нүхний диаметр нь ойролцоогоор 10 фит бөгөөд зарим газраараа 3~4 фит болж байв. Хананууд нь эрдэнэ шиш гэгддэг хурц бөгөөд цагаан өнгөтэй чулуунуудаас тогтох аж. Гэхдээ өнө олон жилийн хугацаанд тоос шороонд дарагдаад ялгахын аргагүй болсон байснаас гадна нүхний ханыг дагаж буухад их өвтгөж байсныг хэлэх байна. Миний хувцас сонголтын тухайд бол Levi's жинс, футболка, бээлий болон өвдөгний хамгаалалттай явж байсан юм. Мэдээж хэрэг агуйгаас гарахдаа ганц хоёр шалбархай сорвитой гарах нь тодорхой л доо. За харин, олон жилийн туршид агуй маань өөрийн гэсэн тогтсон температуртай болжээ. Өвөлдөө дулаахан шигээ зундаа сэрүүхэн. Хэдийгээр бид өвлийн хүйтэн өдрүүдэд тийш очиж байсан ч, агуй руу нэвтэрсэн 10 фит орчим газраас эхлээд зузаан хүрэм өмсөх шаардлагагүй хэмжээний дулаахан болж ирж байлаа. Ямартай ч температурын хувьд биднийг ажиллахад огтхон ч саад болоогүй гэдгийг онцлъё.

Миний хувьд би "фигур~8" олсоор буух төхөөрөмжийг хэрэглэдэг. Харин дээш өгсөхдөө өөрийгөө би олстой Петзл өгсөгчтэй холбодог ч гэлээ ихэнх тохиолдолд ямар нэгэн багаж хэрэглэлгүйгээр өөрөө авирахыг илүүд үздэг. Хэрвээ тэгж яваад хальтарч орхивол надад хамгаалалтын хэрэгсэл бараг л байхгүй гэж хэлж болно. Мөн бусад агуйчдын хувьд ярих юм бол, тэдэнд дээш өгсөж бас уруудах өөр өөрсдийн гэсэн арга техникүүд бий. За ингээд доош явсаар агуйн ёроол хэсэгт очлоо гэж бодъё. Тэнд зай багатай, ойролцоогоор 6~г харьцах нь 6 фит хэмжээ бүхий тасалгаа бий тул цааш мөлхөж л явах хэрэгтэй болно доо. Мөн дээш гарах олс хэрэгслээ эндээ үлдээчихэж болно.

Ингээд уг 6х6 тасалгааг дайрч өнгөрсний дараагаар бусдыгаа гүйцэж ирэх хүртэл нь чулуун ирмэг дээр суугаад түр амсхийх боломжтой. Харин тэндээс цааш нилээд хэдэн фитийн өндөрт байрлах, нийт 10 орчим фит үргэлжилсэн урт нарийхан гарцаар явах хэрэгтэй болно доо. Энд л өвдөгний хамгаалалт их хэрэг болж байгаа юм. Агуйн шал нь зөөлөн шороо болон агуйн дээд хэсгээс ховхрон унасан бутархай чулуунуудаас тогтоно. Ийнхүү түүгээр дээш авираад төдий л удалгүй гарц хэвгий болж эхлэхийн алдад доош уруудах болно, гэхдээ энэ үед нимгэн шороон давхарга нь агуйчдын гар болон өвдгөнд тэгтлээ их саад болохгүй. Харин ч доош гулсахад илүү дөхөм болгож өгнө гээч. Ингээд энэ бүхний эцэст хөл болон эх биеэ нарийхан завсраар явж оруулах шаардлагатай болно. Энэ таны төсөөлж байгаа шиг тийм ч давчуухан газар биш, ердөө шороон дээгүүр жаахан гулгахад л хангалттай, удалгүй та нөгөө талд нь гарах болно.

Ингээд нарийхан ангархайгаар гараад нөгөө талд нь гарсан ч ахиад хөл дээрээ босч зогсох хэмжээний орон зайд гарах хүртлээ дахиад жаахан мөлхөж явах хэрэгтэй болно. Ерөнхийдөө бол уг агуйн ихэнх хэсэгт нь агуйчид хоёр хөл дээрээ явган явах боломжтой бөгөөд үгүй юм гэхэд үл ялиг бөхийж л явна. За тэгээд, яг энэ хэсгээс эхлээд агуй маань хэд хэдэн замуудад хуваагдаж байгаа юм. Хоёр зам нь чулуун хана болон ангалыг тойроод мухар төгсгөлд хүргэж өгөх бол нөгөө хоёр нь багахан хэмжээний усан цөөрөм рүү хөтөлнө. Энэхүү сүүлийн хоёр замын хувьд гэвэл алингээр нь ч явсан адилхан зугаатай. Мөн аль аль нь бараг л зуун фит урт үргэлжилсэн хэвгий налуу газарт хүргэж өгөх болно. Гэхдээ агуй доторх нийт гарц болоод хонгилуудын тухайд яривал ихэнхдээ л өгсч явах байх шүү. Тэгээд заримдаа том бул чулуун дээгүүр мацаж гарах юмуу, эсвэл тэдний доогуур өвдөг тохойгоо нийлүүлэн мөлхөж гарахаас өөр замгүй болох үе цөөнгүй.

Усны тархацын тухайд гэвэл агуй дотор харин элбэг байсан шүү. Тэгээд бүр уг агуйд орж үзсэн хамгийн анхны хүмүүсийн нэг гэгддэг нутгийн нэгэн уугуул оршин суугчаас би нэг сонин зүйл олж сонслоо. Түүний үеэл нь усанд сэлэгчийн СКУБА хувцас хэрэглэл өмсөөд агуйн доторх усан санруу шумбасан гэдэг юм билээ. Мөн түүний хэлж байгаагаар бол агуй маань усан доогуур дахиад хэдэн зуун фит үргэлжилдэг юм гэсэн. Тэдний найдаж, мөн хүлээж байсан зүйл нь гэвэл яг л биднийхтэй адил хаа нэгтээ рүү хөтлөх гарц, бас урьд өмнө хэний ч хөл хүрч байгаагүй агуйн нууцлаг хэсгүүдийг нээх байсан юм. Гэхдээ амжилт олоогүй нь тоогүй хэрэг.

Харамсалтай нь агуй доторх олон төрлийн чулуулгуудыг тайлбарлахад мэдлэг маань даанч хүрэхгүй юм даа. Ямартай ч ханан чулуун хадыг өрөмдөж байхад зарим нэг газар нь нөгөө нэг газраа бодвол өрөмдөхөд илүү хялбар байсан гэдгийг онцлох байна. Бас чулуулгууд нь хоорондоо харилцан адилгүй өнгөтэй байсан шүү (Агуй дотор авсан зурагнууд дээрээс сайн хараарай). Ингээд, агуйн доторх төрхийг тайлбарлахад нэг иймэрхүү.

Харин агуй маань дотроо дээр хэлсэн шиг дөрвөн замд хуваагдах болно. Хамгийн зүүн хэсгийн хоёр гарц нь мухар төгсгөлд аваачих бол эгц урагшаагаа болон баруун тийш хөтөлсөн замууд нь таныг усан цөөрөм рүү хүргэж өгнө. Баруун талын гарц руу орох хэсэг нь энэ дөрвөн орц дундаасаа л хамгийн том нь. Мөн анх тийш явж ороход агуйн тааз нь арк хэлбэр үүсгээд бараг л 10 фит өндөрт үргэлжилж байснаа төгсгөл хэсгээрээ агуйн шалнаас 6 фит хүртлээ намсч ирсэн юм. Тэгээд яг л энэ хэмжээгээрээ цааш, өнөөх л зүгтээ 40 гаруй фит үргэлжлэх болно. Бас агуйн энэ хэсэг яг л уурхайг санагдуулж байсан шүү. Арк хэлбэрийн адар нь бараг л өөгүй гэж хэлж болно, шал нь хавтгай бөгөөд тэгшхэн тул алхахад үнэхээр амар байлаа. Ийнхүү алхаж явахдаа төмөр зам дээгүүрх зэвэнд идэгдсэн уурхайн хуучин тэрэгнүүд, мөн ёотуу зээтүү барьсаар гар нь цэврүү үсэрч, хувцас хунар нь шороо тоосонд будагдсан уурхайчдыг төсөөлөхөд хялбар байв. Тийнхүү уг хиймэл уурхай маань цааш үргэлжилсээр төгсгөлтэй нь нүүр тулах үед ахиад л гар өвдөг маань агуйн шалтай золгох хэрэгтэй болно доо. Иймэрхүү янзтай дахиад 20 фит газар мөлхөнө. Тэгээд замын эхэн хагаст агуйн шал бага зэрэг уруу болж ирнэ, тийм болохоор хальтирч хөл алдахаас болгоомжлох хэрэгтэй. Чийрэг бие бялдартай агуйчид ч гэсэн болгоомжтой явахгүй бол болохгүй юм шиг санагдсан. B~тэй хамт явж байх үедээ би анх ийшээ бууж ирэхдээ ашигласан олсныхоо төгсгөлөөс барьж явсан юм. Мөн ихэнхдээ би түүнийг доош нь амжилттай буулгахын тулд эхний олсондоо өөр нэгэн богино хэмжээний олсыг зангиддаг байлаа. Тэгээд удалгүй өнөөх налуу газрын төгсгөлд хүрлээ гэж бодъё. Гэхдээ дахиад цааш нь тийм ч удаан мөлхөхгүй ээ. Дараагийн 10~12 фит замд аажим аажмаар өндийсөөр эцэст нь нэг юм хөл дээрээ босч зогсох боломжтой болж ирнэ.

Цөөнгүй хэдэн фит газар алхаж, мөн уруудсаны дараагаар жижиг хэмжээний орон зайд тулж ирэх ба эндээс цааш агуйн гарц зүүн гар тал руу хөтлөх болно. Тийнхүү цааш 75 фит үргэлжилж, багахан хэмжээний усан тогтоцуудыг дайрч өнгөрсөөр уг гарцын төгсгөлд сая нэг хүрч ирнэ. Баруун талд чулуун хана байрлана. Удалгүй хана гадагшаагаа 3 фит орчим болж өргөснө. Уг өргөссөн хананы ирмэг хэсэгт софтболл бөмбөгний дайны хэмжээтэй нүх байхыг та олж харах болно. Харин уг нүхний дэргэд очихын тулд агуйн шалнаас дээш хэдэн фит өргөгдсөн том чулууны доогуур тонгойж, сөхөрч суухаас өөр замгүй. Мэдээж хэрэг энэ хүртэл явж ирэхдээ агуйчин хөлөрч бас халууцсан байх тул хамгийн эхэнд нүхнээс үлээх сэрүүн агаарыг мэдрэх нь лавтай. За энэ чинь л миний уг тэмдэглэлийг хөтөлж буй гол шалтгаан, мөн агуйн судлагдаагүй бусад хэсгүүдэд хүргэж өгөх гарц хэмээн батлах гээд байгаа өнөөх нүх чинь шүү дээ.

Олон жил агуйд аялсны хувьд надад нэг төсөөлөл бий болсон билээ. Тэр нь юу вэ гэвэл агуйд аялагч групп агуй дотор аялсаар агуйн хамгийн гүн хэсэгт ирмэгц бүх гэрэл гэгээ сарнин алга болдог юм. Өөрөөр хэлбэл түнэр харанхуй таныг хучих болно. Мэдээж хэрэг энэ тохиолдолд агуйчин хүн нүднийхээ булчинг сунгаж, уг хиймэл шөнийн дундаас ямар нэгэн гэрлийн хэлтэрхийг олж харахын тулд анхаарлаа төвлөрүүлэх нь тодорхой. Ингээд ахиад хэсэг хугацаа өнгөрөхөд гэрлийн тусгалыг мартаж чимээ анирыг чагнаж эхэлнэ. Магадгүй ойр хавьд өөр агуйн аялагч байх ч юм бил үү, хэн мэдлээ, ямартай ч анхаарлаа төвлөрүүлж өөрийнх нь мэдрэмж өөр дээр нь эргэж ирэхийг хүлээх болно. Дуу чимээ, үнэр бас мэдрэмж энэ бүхэн уралдсаар агуйд аялагч дээр эргээд гайхалтай мэдээнүүдийн хамтаар эргэн ирнэ. Агуйн хүйтэн чулуун шалан дээр удтал сууснаас үүдэлтэй өвдөлтүүд. Тоос тортог, хөлс бас сангасны үнэр. Ээдрээтэй замд эвтэй байрлал олохын тулд эртний цагийн чулуун хаданд харших орчин үеийн метал төмөрний дуу чимээ. Мөн агуйд аялагч хүн бүрийн ой тойнд "Хэрвээ ингэвэл?" гэсэн бодол төрдөг байх. Хэрвээ агуйгаас хүн ямар ч гэрэлгүйгээр гарах ХЭРЭГТЭЙ болбол яах бол. Тэр чадах уу? Өөрийг нь энэ хүртэл дагуулж ирсэн эргэлт булан тохой бүрийг тэр олж чадах болов уу?  Хэрэв үгүй бол аврах багийнхан түүнийг олох хүртэл хэр удах бол?

Ийм тохиолдолд, өөрөөр хэлбэл дээр дурьдсан түнэр харанхуйг агуйн гаднаас олж мэдэрнэ гэдэг ховорхон л хэрэг болох болов уу. Анх удаагаа явж байгаа агуйчдын хувьд ахиад гэрэл гэгээтэй золгох хүртлээ, дахиад өөрсдийн гарыг харах боломжтой болох хүртэл гараа нүүрнээсээ 2 эсвэл 3 инч ч болов холдуулалгүй алхдаг гээч. Гэвч гэрэлгүй бол хүний нүд харанхуйд даанч тусгүй юм. Хэрэв тэд өөрсөд рүү нь ямар нэгэн зүйл гэтэн ирж буйг сонсохгүй эсвэл харахгүй юм гэхэд мэдэрч бол чадна. Ёроолгүй нүх шиг ТҮНЭР ХАРАНХУЙ~н дундаас! За, энэ бяцхан туршлага хүмүүст ямагт биедээ гар чийдэнгээ авч явж байх ёстойг сануулсан байх гэж бодож байна.

Агуйд ажиллаж эхлэхээсээ л өмнө бид хоёр тусгай систем боловсруулсан байсан бөгөөд тэдгээр амжилттай аяллуудын явцад бага зэрэг л өөрчлөлтүүдийг оруулсан билээ. Хамгийн анх B эхний ээлжийг хүлээн авч, нүхийг өргөсгөхөөр ажиллаж эхэлсэн юм. Ингээд хагас цагийн дараагаар түүнийг амрах шаарлагатай болох үед халааг нь би авна. Тэр чухам яаж ажиллавал дээр болохыг надад хэлж, би ч түүнийх нь дагуу ажиллаж байлаа. Бид цаг хугацаа өнгөрөх тусам шинэ зүйлсийг туршиж, шинэ хүчийг ашиглаж байсан ч гэлээ өмнөх арга техникээ өөрчилсөнгүй. Бид эхлээд чулуутай ноцолдож, хананд нүх гарах хүртэл, байдаг л чадлаараа өрмийг ажиллуулж байв. Мэдээж хэрэг аюулгүйн нүдний шил өмсч, тоос шорооноос хамгаалахын тулд маск зүүлгүй яахав. Тэгээд хананд гарсан шинэхэн нүх рүү гадас шааж оруулаад, дээрээс нь алхаар нүдэж, агуйн хананаас хэсэг хэсгээр нь ховхолж байв. Тэгээд бид ахиад л өөр газарт өрөмдөж эхлэх ба энэ үйл явц дахиад л давтагдана. Хэрэв өрөм маань чулууны зөөлөн хэсэгт нь таарч орхивол, өрөмдөх үйл явц хурдан дуусдаг байв. Бид ядарч, цааш нь үргэлжлүүлэх аргагүй болтлоо ажиллаж байсан юм. Мөн өөр хоорондоо солигдож, ажлаа ээлжлэн хийж байв.

Нэг маань ажиллаж байх хооронд нөгөөх нь харахуйд суугаад, хооллож, бас ундалж авах юм уу, эсвэл олсны цүнхээ дэрлээд агуйн шалан дээр хэсэг зуур нуруугаа амраадаг байв. Энэ мэтээр хэдэн ээлж ажилласны дараагаар өөрсдийн бяцхан амралтын үеэр дуг хийх хэмжээнд хүртлээ ядардаг байлаа. Ажлын явцад хэрэглэж байсан цорын ганц гэрэл гэвэл каскны гэрэл байсан ба зөвхөн ажил хийж байгаа нэг нь л өмсөнө. Мэдээж уг гэрэл зөвхөн ажлын хэсэг рүү л тусч байгаагаас хойш амарч байгаа нэг нь харанхуйд л суухаас өөр яахав. Харин ч амарч авахад илүү амар байдаг байв. Мөн ажиллаж байх явцад их халууцаж байлаа. Гэхдээ агуйн температур сэрүүхэн тул сэрүүцэх хүртэл удаан хүлээх шаардлагагүй. Аз болоход агуйн хэм биднийг илүү сайн ажиллуулж, тэгтлээ их халууцуулдаггүй байсан нь үнэхээр сайн хэрэг.

Нүх рүү харах болгондоо би "Хэй, энэ чинь хангалттай том болсон байна шүү дээ. Би үүгээр бараг багтчих байх аа!" гэж боддог байснаа санаж байна. Гэхдээ тэдгээр оролдлогууд урмыг маань хугалж байсан юм. Ямартай ч  эхний бүтэлгүй оролдогын дараагаар би уг нүх рүү багтдаг болох хүртлээ өргөсгөх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан юм. Мөн тэгэх хүртлээ маш олон цагийг зарцуулах болно гэдгийг ч би гадарлаж байсан. Энэ бүх бодлууд намайг бүр эзэмдэж эхлээд байлаа. Би агуй руу боломж гарвал л очиж, аль болох л чадлаараа ажиллахыг хичээж байв. Мөн уг гарц нь урьд өмнө хэний ч хөл хүрч байгаагүй өөр агуй руу биднийг хөтлөх байх хэмээн найдаж байсан юм. Миний доторх судлаач тэндээс шинэ газар, шинэ нээлт хийхийг хүсч байсан. B-ын хувьд мөн л надтай адилхан шуналтай агуйчин байсан тул бас л хүсэл зориг нь ер бөхөөгүй билээ. Гэвч бидний олсон зүйл бидний төсөөлсөн шиг байсангүй ...

1 comments:

  1. Үнэхээр сонирхолтой байна. Баярлалаа

    ReplyDelete